Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03232 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “П” ХХК-ийн хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 1 894 958 225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани “Т” ХХК-тай 2017 оноос хойш тус компанийн хэрэгцээнд шаардлагатай түлш шатахуунаар ханган ажиллаж ирсэн. Хоёр компанийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2018/А/37 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж тус гэрээ нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хугацаа дууссан, гэрээний хугацаа дуусахад “Т” ХХК нь манай компанид 2 133 907 050 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Энэхүү дүнг хоёр талаас тооцоо нийлж баталгаажуулсан. Уг төлбөр гэрээний дагуу 2019 оны 2 дугаар сарын 28-ны дотор төлөгдөх ёстой байсан боловч хугацаандаа төлөгдөөгүй. “Т” ХХК нь 2018 оны гэрээний төлбөрт 2019 оны 2 дугаар сард 289 569 900 төгрөг, 2019 оны 3 дугаар сард 91 200 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 105 700 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сард 234 500 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 216 700 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 52 000 000 төгрөгийг тус тус төлж, 2019 оны 2 дугаар сараас хойш нийт 1 089 669 900 төгрөгийг төлсөн. 2019 оны 8 дугаар сарын 21-ний байдлаар 2018 оны 2018/А/37 тоот гэрээний төлөгдөөгүй үндсэн дүн 1 044 237 150 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2018 оны гэрээний 2.7 дахь хэсэгт тухайн сард худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 30-ны дотор бүрэн төлнө, 5.1 дэх хэсэгт худалдан авагч гэрээний 2.7 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутам алданги тооцно гэж заасан. 2018 оны гэрээний дагуу тооцогдсон алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн тул, үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх 522 118 575 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Т” ХХК-аас ирүүлсэн 71 дугаартай гэрээ сунгах хүсэлтийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр буюу 2018 оны гэрээ дууссан өдөр дахин хоёр компани газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан манай компани “т” ХХК-д 2019 оны 2 дугаар сард 75 071 000 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 3 сард 452 599 000 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 4 дүгээр сард 224 475 000 төгрөгийн дизелийн түлш нийт 752 145 000 төгрөгийн дизелийн түлшийг нийлүүлсэн. 2019 оны 2 дугаар сард нийлүүлсэн дизелийн түлшний төлбөрийг гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар худалдан авагч бүтээгдэхүүн хүлээн авсан тухайн сарын сүүлийн ажлын өдөр тооцоо нийлж дараа сарын 30-ны дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 31-ний дотор төлөх ёстой байсан боловч төлөгдөөгүй, манай компанийн зүгээс “Т” ХХК-ийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан 2019 оны 4 дүгээр сард шатахуунаар хангасан боловч “Т” ХХК нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй, өмнөх гэрээний төлбөр удаашралтай байсан учир 2019 оны 5 дугаар сараас нийлүүлэлтээ бүрэн зогсоосон. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 5.1 дэх худалдан авагч нь энэхүү гэрээний 2.7 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутам алданги төлнө гэж заасны дагуу тооцогдсон алданги нь өнөөдрийн байдлаар гүйцэтгээгүй үнийн дүн 752 145 000 төгрөгийн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн байх тул бид үндсэн дүнгийн 50 хувьтай тэнцэх 376 072 500 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. “П” ХХК нь “Т” ХХК-тай сар бүрийн эцсээр шатахууны төлбөрийн үлдэгдлийг 2018 оны гэрээ, 2019 оны гэрээний нэгтгэсэн дүнгээр тооцоо нийлсэн баталгаажуулж байсан. Манай компанийн зүгээс “Т” ХХК-ийн удирдлагуудаас төлбөрөө төлөхийг байнга шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө бүрэн төлөхгүй манай компанийг хохироож байна. “Т” ХХК-ийн их хэмжээний төлбөр хугацаандаа төлөгдөхгүй удааширснаас үүдэн манай компани арилжааны банкны зээлийн хүү, валютын ханшны алдагдалд маш их хохирол амсаж байна. Хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш 799 615 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж одоо 1 894 958 225 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Э шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хандан “П” ХХК-аас гаргасан “Т” ХХК-д холбогдох шатахууны төлбөр 2 694 573 225 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Т” ХХК нь нийтийн тээврийн том оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ эрхэлдэг бөгөөд өдөр бүр Улаанбаатар хотын нийтийн тээврийн 8 чиглэлд стандарт шаардлага хангасан автобусаар үйлчилж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 23 хувийг бие даан гүйцэтгэж ирсэн манлай тээвэрлэгчдийн нэг юм. Манай компани “П” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2018/а/37 дугаартай гэрээ, мөн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан үйл ажиллагаанд шаардлагатай шатахууныг зээлээр худалдан авч байсан. Худалдан авсан шатахууны төлбөрийн үлдэгдлийг тухай бүр харилцан ойлголцож хоёр талаас тооцоо нийлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2018 оны шатахууны төлбөрийн үлдэгдэл, 2019 онд авсан нийт төлбөл зохих шатахууны төлбөр тооцоо 1 596 382 150 төгрөг болохыг тооцон баталгаажуулан, төлбөр төлөх хуваарийг баталсан. Түүнээс хойш манай компани 799 615 000 төгрөгийг “П” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байгаа. Тус төлбөрийн үлдэгдлийг баталсан хуваарийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч “П” ХХК нь тооцоо нийлж төлбөр төлөх хуваарь батлан үлдэгдэл төлбөрүүдийг хүлээн авсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. “П” ХХК нь “Тэнүүн Огоо” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу сар бүр алданги тооцох тухай нэхэмжлэх ирүүлж байгаагүй, сар бүр төлбөр болон алданги авах талаар нэхэмжлэл ирүүлээгүй, алданги бүхий дүнгээр тооцоо нийлж, төлбөр хүлээн авч байгаагүй, алданги авахгүй гэж тохиролцсон хэрнээ тухай бүр алданги тооцож байсан мэтээр хувийн тооцоо гарган шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийтийн тээвэр нь зах зээлийг чөлөөт эдийн засгийн зарчимд үндэслэдэггүй, төрөөс тогтоосон хатуу тариф бүхий зохицуулалттай үйлчилгээ бөгөөд өдөр тутмын валютын ханшны өсөлт, шатахуун тос тослох материалын үнийн өсөлт, ажиллах хүчний зардлын өсөлттэй уялдан үнээ өсгөх боломжгүй байдаг онцлогтой нийгмийн захиалгат үйлчилгээ юм. Төрөөс нийтийн тээврийн үнийг хатуу барьж, алдагдалтай тарифаар нийтэд үйлчилсний нөхөн төлбөр, зардлын санхүүжилтийг сар бүр олгох ёстой байдаг боловч хоцроох, дараа сард шилжүүлэх байдал байнга давтагддаг тул шатахууны төлбөр тооцоог тухай бүр, сар бүр төлөх бодит боломжгүй байдаг онцлогтой. Тиймдээ ч “П” ХХК болон бусад шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй шатахууны төлбөр тооцоог уян хатан харилцан ойлголцсон байдлаар гүйцэтгэж ирсэн. Мөн тус зээлийн гэрээнүүдээр авч буй шатахууны үнэ нь бэлнээр худалдаалж буй шатахууны үнээс ялгаатай тодруулбал, тухайн зээлийн гэрээний нийт хугацаанд харгалзах банкны хадгаламжийн хүүтэй харьцуулсан байдлаар тогтоосон өндөр үнээр худалдан авч байсан болно. Нэхэмжлэгч “П” ХХК-тай харилцан ойлголцон тухай бүр тооцоо нийлж явсан тул хуваарийн дагуу төлөх төлбөр болох 996 767 150 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 1 046 767 150 /нэг тэрбум дөчин зургаан сая долоон зуун жаран долоон мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 848 191 075 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 630 816 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5 391 786 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03232 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээг шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж багасгаж болно гэж заасан буюу шүүх тус хэрэгт хамааралтай нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргахаар хуульд заасан байтал “П” ХХК болон “Т” ХХК-ийн маргаанд хамааралгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн шалтгаанаар алдангийн хэмжээг илт их хэмжээгээр бууруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Нийгмийн даатгалын газар болон “Т” ХХК нарын хоорондох харилцаа нь иргэний эрх зүйн тусдаа харилцаа, тусдаа үүрэг бөгөөд энэ хэрэгт огт хамааралгүй юм.

“Төрөөс 2018 онд олгох санхүүжилтийг 2019 оны 2 сард олгосон” гэсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан биш бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зөвхөн 2018 оны гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 044 237 150 төгрөг байсан бөгөөд энэ нь төрөөс олгох санхүүжилт хойшилсон гэдэгтэй ямар ч холбоогүй харуулж байна. Хоёр талын байгуулсан гэрээнд ч төрөөс авах санхүүжилтээр зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг төлнө гэсэн заалт байхгүй. Мөн үндэслэх хэсэгт "... сар бүр тодорхой хэмжээгээр төлдөг" гэсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэсэн үг биш. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх зарчмыг тодорхой заасан.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн “...нэхэмжлэлээс 848 191 075 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг өөрчилж хариуцагчаас гэрээний үүргийн зөрчлийн алдангид 898 191 075 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 1 894 958 225 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 996 767 150 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч нь чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, уг бүтээгдэхүүнийг хариуцагч хүлээн авч үнийг төлөх үүрэг хүлээж, талууд үнэ төлөх хугацаа, журмыг харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн, гэрээний хүчин төгөлдөр эсэхээр зохигчид маргаагүй.

 

Талуудын тооцоо нийлснээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2018/А/37 тоот гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 1 044 237 150 төгрөг байсан, нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 799 615 000 төгрөг төлсөн асуудлаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн үлдэгдэл төлбөр 996 767 150 төгрөгт алданги тооцож, нийт 1 495 150 725 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч шүүх төрөөс 2018 онд олгох зардлын санхүүжилтийг 2019 оны 2 дугаар сард олгосон, нийгмийн даатгалын шимтгэлд 257 650 691 төгрөгийн өртэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгаж 50 000 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт 996 767 150 төгрөг, алдангид 50 000 000 төгрөг нийт 1 046 767 150 төгрөг гаргуулж, үлдэх 848 191 075 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 398 905.38 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

   А.ОТГОНЦЭЦЭГ