Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/00661 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2016/00661
“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/00321 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 682 дугаар магадлалтай,
“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Их номт” ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.930.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Их номт” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Монгол Улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисыг нийт 8.505.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, урьдчилгаа 2.551.500 төгрөг төлсөн. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн боловч төлөөгүй байна. Бодистой холбоотой гомдол санал манайд ирээгүй. Худалдан авсан бараагаа зарцуулах эсэх нь өөрсдийнх нь эрхийн асуудал. Бид урьдчилгаа төлбөр шилжүүлсний дараа бараагаа шилжүүлсэн. Урьдчилгаа өгөөгүй тохиолдолд бараа өгөхгүй бөгөөд төлбөр төлөлгүй 2 жил өнгөрсөн байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 1.953.500 төгрөг, алданги 976.750 төгрөг нийт 2.930.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Их номт” ХХК-ийн захирал Л.Баатар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талтай 33 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ургамал хамгааллын бодис худалдан авсан. Одоо үлдэгдэл үнийн дүн 1.953.500 төгрөг байгаа. Гэрээний 2.1 дэх хэсэгт нийлүүлэгч тал 2013 оны 6 дугаар сарын 27-ны дотор нийлүүлнэ гэсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бодис бидний шаардлагатай үед олгогдоогүй учраас уг бодисыг хэрэглэж чадаагүй. Хугацаа алдсанаас болоод бид нар боломжгүй болчихлоо гэж буцааж өгье гэсэн боловч зөвшөөрөхгүй мөнгөө авна гэсэн. Тухайн бодисын гол онцлог нь технологийн хугацаа маш чухал байдаг. Орлогын баримтаар мөнгөө төлсөн нь харагдаж байгаа. 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манайх бүтээгдэхүүн болох бодисыг хүлээж авсан. Ирсэн баримт нь орлогын баримт дээрээс харагдах ба урьдчилгаа мөнгөө төлсөн, дараа нь бараагаа авахдаа үлдэгдэл мөнгөө төлсөн. Энэ компаниас бараагаа аваад цацах гэтэл хэрэглэх хугацаа дууссан байсан. Технологийн хугацаа маш нарийн зүйл байдаг. Дараа жил ч ашиглах боломжгүй байдаг. Бүтээгдэхүүн хугацаандаа ирээгүй улмаас бид хэрэглэж чадаагүй. Гэрээ бол нэхэмжлэгч талын өөрсдийнх нь компанийн гаргасан гэрээний загвар. Энэ бодисыг хэрэглэж чадаагүй тул буцаагаад өгье гэсэн мэдэгдэл нэхэмжлэгчид өгсөн. Бид гэрээ хийсэн учраас үнийг төлье, харин алданги битгий тооцоорой гэсэн санал тавьсан. Бидний зүгээс тус бодисыг ашиглаж чадаагүй гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/00321 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч “Их номт” ХХК-иас 2.930.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.834 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 62.834 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 682 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 102/ШШ2016/00321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Их номт” ХХК-иас 1.953.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 976.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “… хариуцагчаас 62 834 төгрөг …” гэснийг “хариуцагчаас 46.206 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Их номт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 682 тоот магадлал нь хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хяналтын хэсэгт “...хариуцагч “Их номт” ХХК нь гэрээний үндсэн үүрэг болох үнийг төлөхөөс татгалзаагүй тул гэрээний үлдэгдэл төлбөр 1.953.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-нд олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ ...” гэж зөв
дүгнэсэн хэрнээ үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч “Шим” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ургамлын хорыг нийлүүлээгүйгээс ашиглах боломжгүй болсон гэх тайлбарыг хариуцагч талаас гаргагдагч тухайн ургамлын хорны чанар, ашиглах боломжгүй байдалд хүрсэн тухай “Шим” ХХК-нд өнөөдрийг хүртэл ямар байдлаар мэдэгдсэн талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хуулинд заасан Худалдах худалдан авах гэрээнд худалдан авагч тал тухайн эд хөрөнгийн шалгаж авах үүрэг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасны дагуу шаардлага гаргах эрхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “...худалдагч нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны дотор ургамал хамгааллын бодисыг нийлүүлнэ...” гэж заасан байх ба мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “...худалдан авсан барааг 2.1-т заасан хугацаанд өөрийн тээврээр татан авна ...” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Шим” ХХК нь хариуцагч Их номт ХХК-ийг худалдан авсан ургамлын хорыг хүлээн авах хүртэлх хугацаанд хадгалах үүргийг хүлээж байгаа нь дээрх гэрээний зохицуулалтаас харагдаж байна. Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3 дахь заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд Баянгол, Хан Уул, Сонгино Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/00321 тоот шийдвэрийг хэвээр үлдээж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 682 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
“Шим” ХХК нь “Их номт” ХХК-с ургамал хамгааллын бодисын үлдэгдэл үнэ 1.953.500 төгрөг, алданги 976.750 төгрөг нийт 2.930.250 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ. Хариуцагч алдангийг эс зөвшөөрөхдөө “...бодисыг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй” гэжээ.
Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу “Их номт” ХХК нь “Шим” ХХК-с 8.505.000 төгрөгийн үнэтэй ургамал хамгааллын бодисыг худалдан авснаас 1.953.500 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна /хавтаст хэргийн 3-6 дугаар тал/.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч төлбөр хийх хугацааг тухайлан заасан худалдах-худалдан авах гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэн, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.дэх заалтыг нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.
Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч бодис нийлүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй...” гэсэн үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээний холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Гэрээний “гурав”ын 1-т зааснаар хариуцагч худалдан авсан барааг гэрээнд заасан буюу 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн тээврээр татан авах үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчийг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 682 дугаар магадлалын нэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/00321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “Их номт” ХХК-с 2.930.250 /хоёр сая есөн зуун гучин мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Шим” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 28.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ