Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 32

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 691 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 992 дугаар магадлалтай, Б.Г-т холбогдох 1708008800120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 13,303,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, мөн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сар хорих ял шийтгүүлсэн, Д овогт Б-гийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 06 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Б.Г 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн Х тоотод оршин суух С.А-ын гэрээс “Эм Эн Би Си” олон сувгийн антен, зэс аяга авсан талаараа мэдүүлсэн. Мөн тэрээр “намайг гэрт ороход гэрийн хаалга цоожгүй, гэрийн униуд унасан байсан” гэж мэдүүлсэн байдаг ба хэргийн газрын үзлэгийн фото зургаар ч түүний мэдүүлэг батлагддаг. Б.Г-ын гэрт очиж түүний барьж явсан шар өнгийн шуудайтай зүйлд нэгжлэг хийхэд “MNBC сансрын хүлээн авагч, антен, удирдлагын хамт зэс аяга” байсан. Мөрдөгч шар шуудайтай зүйлд нэгжлэг хийсэн боловч хохирогч С.А-ын гэрээс алдагдсан гэх “Самсунг маркийн гар утас, эмэгтэй савхин хүрэм, бүтэн хонины мах, хос монгол гутал” зэрэг нь Б.Г-ын авч явсан шар шуудайнд багтах боломжтой эсэхийг туршилт хийж нотлоогүй. Мөн гэрч Н.С “Б.Г ганцхан шуудайтай зүйл аваад явж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Б.Г “С.А-ын гэрээс авсан зэс аяга бол миний аяга” гэж мэдүүлсэн байх бөгөөд үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос асууж тодруулаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шалгаж хянаагүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хохирогч С.А-ын гэрээс алдагдсан гэх “Самсунг маркийн гар утас, эмэгтэй савхин хүрэм, бүтэн хонины мах, хос монгол гутал”-ыг хэн хулгайлсан болох нь нотлогдоогүй байхад шүүх Б.Г-ыг “иргэн С.А-ын гэрээс гар утас, эмэгтэй савхин хүрэм, бүтэн хонины мах, хос монгол гутал зэрэг эд зүйлүүд хулгайлсан” гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн гэм буруугаа хүлээгээгүй гэдэг үндэслэлээр хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Г-ын хохирогч С.А-ын гэрээс “Самсунг маркийн гар утас, эмэгтэй савхин хүрэм, бүтэн хонины мах, хос монгол гутал зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч “MNBC сансрын хүлээн авагч, антен, удирдлага, зэс аяга” хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Б.Г-г орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн Х тоотод оршин суух С.А-ын монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч “Эм Эн Би Си” олон сувгийн антень, Самсунг загварын гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлийг хулгайлсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, Б.Г-т оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан “Самсунг маркийн гар утас, эмэгтэй савхин хүрэм, бүтэн хонины мах, хос монгол гутал зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 691 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 992 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН