| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 110/2017/0041/З |
| Дугаар | 221/МА2017/0592 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2017/0592
А.Е-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Е-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Е-ын гаргасан ““Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх А.Е-ын нэхэмжлэлтэй, “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчид холбогдох төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй субьект нь Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийг цахилгаан хангамжийн мэргэжлээр амжилттай төгссөн, дээд боловсролтой, тухайн ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа этгээд юм. А.Е-ыг ажил олгогч анх мэргэжилтний ажилд томилоход Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэг, Монгол Улсын Авилгатай тэмцэх газрын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 05/1918 дугаар албан бичгийг үндэслэж ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ буюу туршилтын хугацаагаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл А.Е-ыг ажил олгогч анх “Цагааннуур” чөлөөт бүсийн дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр томилоход Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлаагүй байна. Гэтэл ажил олгогч нь А.Е-ыг үүрэгт ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус баримталсан нь тушаал хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Тухайлбал, ажил олгогч А.Е-ын үүрэгт ажлаас чөлөөлөхөд А.Е нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт заасныг баримталсан боловч А.Е нь цэргийн албыг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мөнгөн хэлбэрээр хаасан болох нь Баян-Өлгий аймгийн Цэргийн штабын дарга Г.Лхагвасүрэнгээс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан байдал” гэсэн бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Түүнчлэн ажил олгогч нь А.Е-ыг ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримталсан нь ажилтанд хамааралгүй асуудал гэж үзэж байна. Учир нь одоо хүртэл “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн албаны дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явагдаагүй байгаа нь тогтоогдсон юм. Тухайн ажлын сул байранд сонгон шалгаруулалт явуулж өгөхийг хүсэж, Төрийн албаны зөвлөлд ажлын байрны захилага өгөх, сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах асуудал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарч байгаа учраас анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А.Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу гэж үзэж байна.
Ажил олгогч А.Е-тай анх ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай гэрээг байгуулсан боловч уг хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан мөртлөө үүрэгт ажлаас чөлөөлөөгүй байна. Нөгөө талаас ажил олгогч нь 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А.Е-тай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж жилийн эцэст үр дүнгийн гэрээний биелэлтэд хангалттай гэсэн үнэлгээ өгсөн нөхцөл байдал тогтоогдсон юм. Дээр дурдсан нөхцөл байдалд А.Е-ыг үүрэгт ажлаас гэнэт чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
“Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар А.Е-ыг тус бүсийн Дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын туршилтын хугацаагаар түр томилж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Е-ыг төрийн албыг хууль бусаар хашиж байсан гэдэг нь байгууллагын баримт бичгийн шалгалтаар илэрсэн тул дээрх Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Өөрөөр хэлбэл, А.Е нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгүүлээгүй, төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй байхад “Цагааннуур” чөлөөт бүсийн дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон нь төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журмыг зөрчсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай нийцээгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч А.Е нь төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журмыг хангасны үндсэн дээр түүний уг албан тушаалыг эрхлэх эрх хамгаалагдах бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд томилохыг даалгах, энэ үндэслэлээр тушаалыг хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.
Түүнчлэн “Цагааннуур” чөлөөс бүсийн захирагчийн ажлын албаны дарга Ц.Итгэл нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл А.Е-тай үр дүнгийн гэрээ байгуулсан боловч түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэснээр түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хариуцагчид үүсэхгүй.
“Цагааннуур” чөлөөс бүсийн захирагч А.Е-ыг Дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр хууль зөрчин томилсон үйлдлээ маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар зөвтгөсөн нь үндэслэлтэй байна.
А.Е нь дээрх албан тушаалд түр томилогдсоны дараагаар цэргийн албыг мөнгөн хэлбэрээр хаасан болох нь Баян-Өлгий аймгийн Цэргийн штабын дарга Г.Лхагвасүрэнгийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон БЗ3911111611 дугаартай үнэмлэхээр тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасан шаардлагыг хангасан хэмээн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА