Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0425

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгч Иргэний зориг ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Иргэний зориг ногоон намын Нийслэлийн намын хорооны төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Я.Б, Иргэний зориг ногоон намаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Ш.Б, Х.Ц, О.С, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.О нарыг оролцуулан Иргэний зориг ногоон нам, Иргэний зориг ногоон намын Нийслэлийн намын хороо, тус  намаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Ш.Б, Х.Ц, О.С, Ж.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох  “Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2016 оны 05  дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар “Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай”  тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Сонгуулийн хороонд Иргэний зориг Ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Иргэний зориг ногоон нам,

Нэхэмжлэгч: Иргэний зориг ногоон намын Нийслэлийн намын хороо,

Нэхэмжлэгч: Тус намаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Ш.Б, Х.Ц, О.С, Ж.А нар.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 20 дүгээр байрны өргөтгөл.

Хариуцагч: Нийслэлийн Сонгуулийн хороо.

 Хаяг: Чингэлтэй дүүрэг,  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Иргэний зориг ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Иргэний зориг ногоон намын Нийслэлийн намын хорооны төлөөлөгч Ц.Б, тус намаас нэр дэвшигч Б.Б, Ш.Б, Х.Ц, О.С, Ж.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн үндэслэл: Нийслэлийн Сонгуулийн хороо Иргэний Зориг Ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хавсралт байхгүй, нэр дэвшүүлэх ажиллагааны тэмдэглэл, нэр дэвшигчдийн жагсаалт  зөрүүтэй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 157 дугаар зүйлийн 157.2.1-д заасан шаардлагыг хангахгүй байх тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсугай гэж шийдвэрлэснийг хууль бус шийдвэр гэж үзэн дараах үндэслэлүүдээр уг тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Иргэний Зориг ногоон намын нийслэлийн намын хороо нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн намын хорооны бүгд хурлын гишүүдийн хурлаар дотоод ардчиллын журмаараа шийдвэр гаргасан Дугаар 05 "Иргэний Зориг Ногоон намын Нийслэлийн намын хорооны ээлжит бус бүгд хурлын тогтоол"-ыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Нийслэлийн Сонгуулийн хороо уг шийдвэрийг болон нэр дэвшүүлсэн хуралдааны тэмдэглэл, нийт нэр дэвшигчдийн жагсаалтыг хүлээн авсан тухай баримтыг үйлдсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 157.2.1-д нэр дэвшүүлэх шийдвэр нь хавсралттай байх эсэхийг хуульчлаагүй байхад нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хавсралт байхгүй гэж үзэн бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна. Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан хоёр дахь үндэслэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны тэмдэглэл, нэр дэвшигчдийн жагсаалт зөрүүтэй байна гэж үзжээ. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.2-т нэр дэвшигчдийн жагсаалтыг тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхийг хуульчилсан боловч нэр дэвшүүлэх ажиллагааны тэмдэглэлийг ирүүлэхийг хуульчлаагүй байна. Иргэний Зориг Ногоон намын нийслэлийн намын хороо нь дүрмийн дагуу бүгд хурлаараа 44 нэр дэвшигчийг дэвшүүлэх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэж олонхийн санал авсан 43 хүнийг нэр дэвшүүлэхээр шийдсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Иргэний Зориг Ногоон намын Нийслэлийн намын хороонд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн байдлаар нэр дэвших материалаа бүрдүүлэн өгсөн 18 хүний материалыг Нийслэлийн Сонгуулийн хороонд өгсөн. Мөн Нийслэлийн Сонгуулийн Хорооны материал ирүүлэх тухай 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 29 тоот албан бичгийн дагуу Иргэний Зориг Ногоон намын дүрэм, Нийслэлийн намын хорооны хурлын ирц, тооллогын комиссын тогтоол, дээр дурдагдсан 44 нэр дэвшигчээс 43 нэр дэвшигчийг дэвшүүлсэн санал хураалтын баримт зэргийг бүрдүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай дугаар 13 тогтоолд дурдагдсан Сонгуульд нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хавсралт байхгүй, нэр дэвшүүлэх ажиллагааны тэмдэглэл, нэр дэвшигчдийн жагсаалт зөрүүтэй гэж үзсэн үндэслэлүүд хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэл бүхий биш байна.

Нийслэлийн сонгуулийн хороо хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаагүй байна. Тухайлбал тухайн намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу манай баримтыг шалгах байснаас шийдвэр нь хавсралтгүй байсан, тэмдэглэл жагсаалт зөрүүтэй байсан гэж нэр дэвшигчдийг нь бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй юм. Иргэний зориг ногоон намын нийслэлийн намын хорооны бүгд хурлаар 44 хүнийг дэвшүүлэн 43 хүнийг сонгосноос нэр дэвших хүсэл зоригоо илэрхийлэн хуулийн хугацаанаас өмнө бүрдүүлэн өгсөн 18 нэр дэвшигчийн жагсаалтыг өгснийгөө бид хуулийн шаардлага зөрчсөн гэж үзэхгүй байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр материалаа өгсөн 18 хүний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхэд ийнхүү халдсан байна. Эдгээр нэр дэвшигчдийн материалыг огт шалгаж үзээгүй байна.

Иймд тус намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт болох Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож нэр дэвшигчдийн хөндөгдсөн эрхийг шүүхээс сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэний зориг ногоон намаас 2016 оны 05 дугаар  сарын 12-ны өдөр Нийслэлийн сонгуулийн хороонд нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан баримт бичгийг биечлэн ирүүлсэн.

Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүд баримт, бичгийг бүртгэн авч Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-т заасан хугацаанд нягтлан шалгаж Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Иргэний зориг ногоон намыг дараах үндэслэлээр бүртгэхээс татгалзсан болно. Үүнд:

Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн баримт бичигт нэр дэвшүүлсэн тухай шийдвэр дутуу ирсэн. Иргэний зориг ногоон намын хэвлэмэл хуудас, Хурлын С.Батбаатар гарын үсэг зурж тамга дарсан байдлаар баталгаажуулан "Иргэний зориг ногоон намын нийслэлийн намын хорооны ээлжит бус бүгд хурлын тогтоол, нэр
дэвшигчдийг сонгон баталсугай, нэрсийн жагсаалтыг хавсаргав" 1хуудас, хурлын тэмдэглэл 1 хуудас, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт 1 хуудас, нийт 3 хуудас баримт бичгийг ирүүлсэн. Нийслэлийн сонгуулийн хорооноос тухайн баримт бичгийг нягтлан шалгах явцад Иргэний зориг ногоон намын нийслэлийн намын хорооны ээлжит бус Бүгд хурлаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 тойрогт 44 хүнийг нэр дэвшүүлснээс 43 хүнийг сонгосон нь хурлын тэмдэглэлээр нотлогддог. Бүгд хурлын тогтоол болон хурлын тэмдэглэлийг тухайн хурлын дарга С.Батбаатар, тэргүүлэгч Ж.А нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Эдгээр 43 хүний нэр бүхий хүмүүсийг баталгаажуулах тогтоолын хавсралтгүй байгаа нь шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй болгосон.

Тодруулбал Иргэний зориг ногоон намын нийслэлийн намын хорооны дарга Ц.Бгийн гарын үсэг зурж ирүүлсэн 18 нэр дэвшигчийн нэрсийг т үзэх анхдагч үндсэн баримтыг тус намаас Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлээгүй.

Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т "нам нэр дэвшүүлэхдээ… хүнийг нэр зааж нэр дэвшүүлэн, нийт нэр дэвшигчдийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна" мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.5.5-д “нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт дараах зүйлийг нэг бүрчлэн тусгах”, 126.5.5.а-д “намын их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага, түүнчлэн эвслийг төлөөлөх байгууллагын гишүүдийн тоо; 126.5.5.б–д “нэр дэвшүүлэх хуралдаанд оролцсон гишүүдийн ирц”, 126.5.5.в-д “нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоо, хувь” гэж заасан байна.

Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн тогтоол заасан шаардлагыг хангаагүй нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болсон.

Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т "Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ." гэснийг зөрчсөн, мөн Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т “нам, эвслийн нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуульд заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалттай тул хуулийн дагуу гаргасан Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэний зориг ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн намын хорооны дарга Ц.Б, нэхэмжлэгч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Б Б, Ш Б, Х Ц, О С, Ж А нар Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн “Иргэний зориг ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б болон нэр дэвшигч Б.А*******, З.Б*******, Г.Ц******* нар Улсын Их хурлын сонгуульд нэр дэвших болсон тул орон нутгийн сонгуульд нэр дэвших нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан Б.Б холбогдох хэргийг тусгаарлан бусад нэр дэвшигч гурван иргэний холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэр бүхий иргэд, Иргэний зориг, ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар 2016 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тус намаас нэр дэвшин өрсөлдөхөөр хүргүүлсэн бүгд хурлын шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан нь нэр дэвшигч нэр бүхий 14 иргэний Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж маргажээ.

Шүүх Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 31 дүгээр зүйлийн 31.8, 155 дугаар зүйлийн 155.3, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хавсралт байхгүй, нэр дэвшүүлэх ажиллагааны тэмдэглэл, нэр дэвшигчдийн жагсаалт зөрүүтэй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 157 дугаар зүйлийн 157.2.1-д заасан шаардлагыг хангахгүй байх тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 13 дугаар “Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоол Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний зориг, ногоон намын Нийслэлийн намын хорооны ээлжит бус бүгд хурал 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэн 05 дугаар тогтоолоор нэр бүхий 43 нэр дэвшигчийг сонгон баталжээ.

Иргэний зориг, ногоон намын Нийслэлийн намын хорооны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит бус бүгд хурлын 05 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-д заасан “Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр” гэж үзэхээр байгаа бөгөөд Нийслэлийн сонгуулийн хорооноос тус шийдвэрийг хавсралттай байх бүрдүүлбэр шаардсан нь хуульд нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл 05 дугаар тогтоолын төгсгөлд “Нэрсийн жагсаалтыг хавсаргав” гэж бичиж түүнийг ирүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй, хуулийн энэ заалт нэр дэвшүүлсэн шийдвэр хавсралттай байхаар зохицуулаагүй байна.

Нөгөө талаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлэхдээ “2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр” гэж огноолсон нь тухайн өдөр нэр дэвшигчид хуулинд заасан шаардлагыг хангаж материалаа бүрдүүлж хүргүүлэх боломжгүйн дээр “...материал бүрдүүлэх ажиллагаа 3 хоногийн дотор хийгдэж 5 дугаар сарын 12-ний өдөр нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн, энэ бичигдсэн огноо техникийн алдаа гарсан байна.” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагчаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийн үндэслэл болгосон “Нэр дэвшигчдийн жагсаалт зөрүүтэй”, бүгд хурлын тогтоолоор 43 нэр дэвшигч сонгож баталсан боловч 18 нэр дэвшигч материалаа бүрдүүлж ирүүлсэн үлдсэн 25 нэр дэвшигчийн сонгогдох эрх хэрхэн хангагдсан нь тодорхойгүй, эргэлзээтэй гэсэн дүгнэлт  хууль зүйн үндэслэл муутай байна.

Өөрөөр хэлбэл материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгөөгүй 25 нэр дэвшигчийн үйлдлээс нэр бүхий нэхэмжлэгч 14 иргэний Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхийг хязгаарлах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч иргэд сонгох,сонгогдох эрхээ зөрчигдсөн гэж үзвэл холбогдох хуулийн хүрээнд эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй байна.

Түүнчлэн Иргэний зориг, ногоон намын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хурал Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан “...намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу явагдсан эсэх намын дотоод асуудлыг зохицуулах үүрэг Нийслэлийн сонгуулийн хороонд хуулиар олгогдоогүй байна.

Тодруулбал намын дүрэм, дотоод ардчиллын хүрээнд сонгуульд нэр дэвшин өрсөлдөх иргэний улс төрийн эрх нь хувь хүний, түүнчлэн энэ эрхийг хууль, намын дүрмийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх эрх зөвхөн Иргэний зориг, ногоон намын бүгд хуралд хадгалагдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт “,,,хурлын тогтоол бланк хэрэглээгүй, Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5.5 а, 126.5.5 б, 126.5.5 в-д заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;” гэж зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болсон   гэх тайлбар хууль бус байна.

Тодруулбал Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйл нь Улсын их хурлын сонгуулийн харилцааг зохицуулсан заалт байхад түүнийг орон нутгийн хурлын сонгуулийн зохицуулалтад хамааруулж хэрэглэх боломжгүйн дээр намын бүгд хурлын тогтоолыг хэлбэрийн хувьд шаардлага хангаагүй гэж үзэж нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэлгүй байна.

Түүнчлэн тус намын бүгд хурлыг хуралдуулах, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах, нэр дэвшүүлэх, бүртгүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хууль, намын дүрмийн хүрээнд явуулсан тухай нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч, гэрчүүдийн тайлбараар нотолж байгаа боловч сонгууль зохион байгуулах эрх бүхий субъект болох Нийслэлийн сонгуулийн хороонд бичиг хэргийн стандарт мөрдөөгүй, наад захын шаардлага хангаагүй  баримт бичгүүд ирүүлэх, ирүүлсэн материал нь хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй байх, хурлын тогтоолд бичих шаардлагагүй зүйл оруулах, нэрсийн жагсаалтын огноог буруу бичих зэргээр алдаатай, хариуцлагагүй хандсан хэдий ч дээрх зөрчлөөр иргэдийн үзэл бодлоор нэгдсэн улс төрийн намын улс орон даяар 4 жил тутам болдог ээлжит сонгуульд оролцох, тус намын гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Шүүх Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.”, мөн хуульд хориглосон заалт байхгүй байхад хэлбэрийн алдаатай захиргааны актыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхгүй байх замаар Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн Нийслэлийн сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг хүчингүй болгон  бидний сонгогдох эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчдийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг,Сонгуулийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 155 дугаар зүйлийн 155.3, 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож Х.Т Нийслэлийн сонгуулийн 1 дүгээр тойрогт, Ж.А 2 дугаар тойрогт, О.С 4 дүгээр тойрогт, Х.Ц 5 дугаар тойрогт, Б.М 8 дугаар тойрогт, С.Э 11 дүгээр тойрогт, Д.Д 17 дугаар тойрогт, Д.Д 26 дугаар тойрогт, Н.М 27 дугаар тойрогт, Я.П******* 33 дугаар тойрогт, Ш.Б******* 39 дүгээр тойрогт, П.Б******* 41 дүгээр тойрогт, Д.А******* 42 дугаар тойрогт, Д.Д******* 43 дугаар тойрогт тус тус нэр дэвшигчээр бүртгэхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэр дэвшигч Г.Ц*******, З.Б*******, Б.А******* нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд  43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн 2 дахь заалтад давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР