Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02666

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 10 182/ШШ2024/02666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ................. тоот хаягт оршин суух, О.Б /РД:00000000000/-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.М /РД:00000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...О.Б нь БНХАУ-ын Шанхай хотын бизнесийн сургуульд зуучлуулан суралцуулахаар өөрийн хамаатны ахаар дамжуулан хариуцагч Ө.Мтай /түүний гүйцэтгэх захирлаар ажилладаг А ХХК/ анх холбогдсон. Ө.М нь БНХАУ-ын Шанхай хотын бизнесийн сургуульд зуучлуулан суралцуулж өгнө гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн төрсөн эгч О.Бямбасүрэнгээр дамжуулан зуучлалын төлбөрт 3,500 ам.долларыг төлсөн. Нөгөөтэйгөөр Ө.М /түүний гүйцэтгэх захирлаар ажилладаг А ХХК/ нь О.Быг БНХАУ-ын Шанхай хотын бизнесийн сургуульд зуучилж суралцуулаагүй, мөн БНХАУлс нь гадаадаас оюутан хүлээж авахгүй байгаа тул зуучлалын төлбөрт төлсөн төлбөрөө буцаан авъя гэхэд 2022.06.17-ны өдөр 800,000 төгрөгийг хятад улс буцаалт гэсэн утгаар шилжүүлсэн мөн 2022.09.05-ны өдөр 5,000,000 төгрөгийг төрсөн эгч О.Бямбасүрэнгийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг 2022 оны 10 сарын эхээр өгнө гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг, сонирхлыг хохироосоор байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 183/Ш32024/07937 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ө.М /түүний гүйцэтгэх захирлаар ажилладаг А ХХК/ нь ............................. тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

Иймд А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.Мыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.20-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.08-ны өдрийн 183/ШЗ2024/07937 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-ийн 4 х/,

-2024.03.06-ны өдрийн 0270 дугаартай Б.Тт олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 6 х/,

-Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 7-8 х/,

-Мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 9 х/,

-2024.04.29-ний өдрийн 347 дугаартай Чингэлтэй дүүргийн 18 хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 10 х/,

-2022.11.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл гардуулсан баримт /хх-ийн 11 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 12 х/, зэрэг баримтуудыг,

 

Шүүхийн журмаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18-21 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.Мын оршин /байрлах/ суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэл гардуулсан тухай баримт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.Мын оршин /байрлах/ суух хаягийг .............................. тоот гэж тодорхойлсны дагуу О.Б нь 6,018,170 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.08-ны өдрийн 183/ШЗ2024/07937 дугаартай шүүгчийн захирамжаар А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.М нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин /байрладаггүй/ суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 4 х/

 

А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.М нь зуучлалын төлбөр авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү төлбөрийн маргаантай холбоотой нэхэмжлэл гаргах О.Бын шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6-9 х/,

 

А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.М нь дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин /байрладаггүй/ суудаггүй... болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.08-ны өдрийн 183/ШЗ2024/07937 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин /байрлах/ суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд О.Бын хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.Мын оршин /байрлах/ суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин /байрлаж/ сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.М /РД:00000000000/-ыг тус тус эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ө.Мыг эрэн сурвалжлах, оршин /байрлах/ суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин /байрлаж/ сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА