| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03476/И |
| Дугаар | 182/ШШ2024/02668 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02668
2024 06 10 182/ШШ2024/02668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ............................ өөрийн байранд байрлах, Г ХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б /РД:0000000000/, Х.Г /РД:00000000000/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Г.Б, Х.Г нар нь 2020.10.26-ны өдөр Гтай ЗГ1105371472 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.03-ны өдрийн 101/ШЗ2024/09447 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нар нь зээл авахдаа оршин сууж байсан ........................... тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.
Иймд Г.Б, Х.Г нарыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан 2024.05.15-ны өдрийн 18/07-2455 тоот Г.Б, Г.С, Г.О нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 2 х/,
-Улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.14-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-2020.10.26-ны өдрийн ЗГ1105371472 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /хх-ийн 4 х/,
-Зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 5 х/,
-Иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх-ийн 6 х/,
-Хүү, тооцооллын хүснэгт /хх-ийн 7 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.03-ны өдрийн 101/ШЗ2024/09447 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-ийн 8 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 9 х/,
-2024.03.05-ны өдрийн 129 дугаартай Гны гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал /хх-ийн 10 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б, Х.Г нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээл болон барьцааны гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б, Х.Г нарын оршин суух хаягийг ........................... тоот гэж тодорхойлсны дагуу Г ХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,115,675.38 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.03-ны өдрийн 101/ШЗ2024/09447 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Б, Х.Г нар нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 8 х/,
Г.Б, Х.Г нар нь Г ХК-тай 2020.10.26-ны өдөр ЗГ1105371472 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 4 х/,
Г.Б, Х.Г нар нь зээл болон барьцааны гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.03-ны өдрийн 101/ШЗ2024/09447 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Эгийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б, Х.Г нарын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдгээрийн сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б /РД:0000000000/, Х.Г /РД:00000000000/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Б, Х.Г нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдгээрийн сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА