| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03531/И |
| Дугаар | 182/ШШ2024/02669 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02669
2024 06 10 182/ШШ2024/02669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ............................. тоот хаягт байрлах, Г ББСБ ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А /РД:0000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б.А нь Г ББСБ ХХК-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022.01.12-ны өдөр 111990 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан. Б.А нь уг гэрээний үндсэн дээр 2022.01.12-ны өдөр 500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8,7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нь тухайн үед 89108432 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Г ББСБ ХХК нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж 2023.11.23-ны өдөр түүний зээл авахдаа оршин сууж байсан ............................ тоот хаягаар шүүхэд хандсан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.15-ны өдрийн 184/ШЗ2024/04198 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.
Иймд Б.Аыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.13-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,
-2024.03.28-ны өдрийн 24/345 тоот О.Б, М.С нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4х/,
-2022.01.12-ны өдрийн 111990 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-ийн 5-7 х/,
-Зээлийн график /хх-ийн 8 х/,
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.15-ны өдрийн 184/ШЗ2024/04198 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 9 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Аын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Цахим зээлийн эрх нээх гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Аын оршин суух хаягийг ............................ тоот гэж тодорхойлсны дагуу Г ББСБ ХХК нь гэрээний үүрэгт 1,615,340 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.15-ны өдрийн 184/ШЗ2024/04198 дугаартай шүүгчийн захирамжаар Б.А нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 9 х/,
Б.А нь Г ББСБ ХХК-тай 2022.01.12-ны өдөр 111990 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 5-7 х/,
Б.А нь Цахим зээлийн эрх нээх гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй.. болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.15-ны өдрийн 184/ШЗ2024/04198 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сгийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Аын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А /РД:0000000000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Аыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА