| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01564/И |
| Дугаар | 138/ШШ2017/00130 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2017/00130
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн ******* сумын ******* баг “*******” гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 2 сард Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд нормын ажилчнаар ажилд орсон. Уг нэгдэлдээ 1993 оны 8 сар хүртэл ажилласан. Үүнээс хойш би энд тэнд ажиллаж байсан. 2015 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 7 жил 5 сараар нөхөн тооцуулсан. Одоо би 52 настай 4 хүүхэдтэй тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул “*******” нэгдэлд болон “*******” ХК-д 1983 оноос 1993 оны 8 сар хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэл, болон “*******” ХК-д 1983 оны 2 сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд 1983 оны 2 сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 сарын 2-ны өдрийг хүртэл, “*******” ХК-д 1992 оны 3 сарын 2 өдрөөс 1993 оны 8 сарын 17-ны өдрийг хүртэл нормын ажилчин, ногоочин, талхчинаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдлийн даргын 1983 оны 2 сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 5 дугаар тушаал, “*******” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 6 сарын 07-ны өдрийн “1,******* бригадын 6-р сарын малын тайлан батлах тухай” 41 дүгээр тогтоол, “*******” нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 16-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 122 дугаар тушаал, 1986 оны 5 сарын 13-ны өдрийн “Цалинтай чөлөө олгох тухай” 41 дүгээр тушаал, 1987 оны 3 сарын 06-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох тухай” 19 дүгээр тушаал, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 152 дугаар тушаал, Дорнод аймгийн ******* сумын “*******” ХК-ийн бүх гишүүдийн ******* хурлын 1993 оны 8 сарын 17-ны өдрийн “Гишүүнээс чөлөөлөгдсөн буюу хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр тогтоол, ******* сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн түүүвэр, Дорнод аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн тодорхойлолт болон гэрч , нарын мэдүүлгээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ыг Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд 1983 оны 2 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 02-ны өдрийг хүртэл, “*******” ХК-д 1992 оны 3 сарын 02-ны өдрөөс 1993 оны 8 сарын 17-ны өдрийг хүртэл нормын ажилчин, ногоочин, талхчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ