Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Хохирогч О.Жамбалдагва,

Шүүгдэгч М.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхтөрийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 201710000082 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дорноговь ХХК-д ажилладаг, ам бүл 5, өвөө, эмээ, эгч, дүү нарын  хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар баг, Зүүнбаянгийн Нефтьчид гудамж, 16 дугаар байрны 1 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Боржигон овогт Мөнхтөрийн Ууганбаяр / МА92020714 /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч М.Ууганбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 27-92 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Жамбалдагвын баруун хөлийг дайрч түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан,

мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө эхнэр Б.Нэргүйн бие махбодид хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв,  

Хохирогч О.Жамбалдагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.02.13-ны орой Мөнхбаатар гэдэг залуу намайг архи аваад өг гэсэн надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Би Мөнхбаатар гэдэг залуутай өмнө нь хот хоорондын таксинд хамт явж байсан. Дараа нь мөн дэлгүүрт таараад пиво аваад өгөөч гэж хэлэхээр нь авч өгч байсан удаатай. Тэр үед таараад надад архи аваад өг гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлэхэд надтай зууралдаад байсан. Хөл дайрчихлаа гэхэд Ууганбаяр бууж ирээд гүйцээчихье гэсэн. Эмнэлэг рүү ярьсан маргааш нь сонсоход 2 цагийн дараа ирсэн гэсэн. Манайх ойрхон байсан учраас гэрлүүгээ явсан. Араас Мөнхбаатар ирээд надтай уулзана гээд байрны харуултай 2 цаг ноцолдсон гэсэн. 2017 оны 02 дугаар сараас 08 дугаар сар хүртэл 1 000 000 төгрөг өгсөн. Хотод хөлөө 7 хоногт 2 удаа бариулдаг гэв,

Шүүгдэгч М.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 1 цагийн үед байх Билэгсайханы гудмаар гараад явж байх үед гудамжны үзүүрт нэг хүн алхаж байсан. Тэгсэн Мөнхбаатар манай хамт ажиллаж байсан залуу байна очиж уулзъя гэж хэлсэн. Тэгээд би яг хажууд нь очоод зогсох үедээ л тэр Жамбалдагва гэх залуугийн хөл дээр нь гарчихсан юм шиг байна лээ...”, “...Баттулгын эмээгийнд ирээд унтаж байтал манай эхнэр Нэргүй орж ирээд Баттулгын дүү Тогтохжаргалтай намайг хардаж тэрүүгээр баахан орилж чарлаад байсан. Тэгээд би тухайн үед Нэргүйг боль яв гэж хэлсэн боловч явахгүй байсан. Тэгэхээр нь би Нэргүйг явахгүй болохоор нь айлд ороод орилж чарлаад мөн хүүхэд хаяад явлаа гэж хэлээд нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 173-174, 177-178 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нөхөр Ууганбаярыг гэртээ ирэхгүй болохоор нь би шөнийн 02 цаг хүртэл хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Ууганбаярыг Тогтохжаргалын гэрт очсон байх гэж бодоод 3 цагийн орчим Тогтохжаргалын гэрт очтол байшингийн гадаа нь Ууганбаярын машин байхаар нь хаалгыг нь тогшиж ортол Ууганбаяр нь Тогтохжаргалын жижиг өрөөнд хоёулаа газар нэг хөнжилд орчихсон унтаж байсан. Би чи юу болж байгаа юм бэ? гээд Тогтохжаргалыг алгадсан чинь Ууганбаяр босож ирээд хөөе би гэртээ байна. Чи яваач миний хүүхдийг яачихаад явж байгаа юм бэ? гэж хэлээд намайг алгадсан. Хүүхдийг чинь эгч харж байгаа гэсэн чинь эгчийг чинь ална, чамайг очиж ална гэж хэлээд намайг орон дээр сууж байхад миний нүүр лүү өшиглөөд үүдэн дээд 1 шүд тэр доороо уначихсан. Би чи шүд унагачихлаа ш дээ гэсэн чинь чи ямар шүдтэй биш гээд хэл амаар доромжлоод байснаа намайг 2 удаа алгадаад гараад явчихсан.,.2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр намайг аймагт гэртээ байж байхад өглөө 10 цагийн орчим Ууганбаяр эрүүл орж ирэхээр нь би “чи урьд шөнө яагаад гэртээ ирж хоноогүй юм бэ? хүүхэд урьд шөнө өвдөөд байхад яагаад ирж хоноогүй юм бэ? гэсэн чинь эмнэлэг дээр хоноод ирлээ чи хүүхдээ харахгүй юм бол өөр хэн харах юм бэ? гэж хэлээд намайг 2 удаа алгадсан. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр найз Мөнх- Отгоны гэрт байж байхад Ууганбаяр эрүүл орж ирээд намайг харья гэхээр нь би явахгүй гэсэн чинь алгадаж, миний зүүн нүд рүү 1 удаа өшиглөчихөөд гараад явсан. 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Тогтохжаргалын гэрт очиход алгадаж, нүүр лүү өшиглөж 3 шүд хөдөлгөсөн. 1 үүдэн дээд шүд унасан ба үүдэн 2 дээд шүд хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.Жамбалдагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байх үед найз Сумъяасүрэнгийн найз охины гэрээс өөрийн ажлын байр луу харих гээд явж байтал нэг том ачааны машин гарч ирээд дотроос нь намайг дуудсан. Намайг дуудаад ганц юм аваад өгчих боломж байна уу гэж хэлсэн. Би тэгэхээр нь байхгүй, харих гэж байна гэж хэлсэн. Тэгсэн намайг Мөнхбаатар нь автомашин дотор сууж байх үед хүзүүдээд авсан. Тэгээд нөгөө хоёр залуудаа намайг таньдаг гэж хэлж байсан. Тэгсэн нөгөө автомашин хөдөлсөн. Тэгээд би газарт унасан. Тэгээд би хөл дайрчихлаа гэж хэлсэн. Тэгсэн тэр Мөнхбаатар нь гарч ирээд энийг дайрчихсан байна ш дээ гэж хэлсэн. Тэгсэн цаанаас Ууганбаяр нь гарч ирээд дайруулчихсан юм уу? Үхээгүй юм бол нэг мөсөн гүйцээчихье гэсэн утгатай үг хэлсэн. Тэгээд Ууганбаяр одоо гүйцээчихье гээд автомашиндаа суугаад асаасан. Тэгэнгүүт нь Мөнхбаатар намайг босгож ирээд эмнэлэг рүү дуудлага өгөх шиг болсон. Тэгээд намайг Мөнхбаатар хавирч унагааж дээр гараад суучихсан байх үед Амарсанаа гээд залуу нь гарч ирээд салгасан. Тэгээд Ууганбаяр намайг Доншенд хэзээ ирсэн юм, пиздаа минь гээд дарамтлаад байсан. Тэгээд Амарсанаа боль боль гээд аваад автомашиндаа аваад орсон. Тэгээд тэр Амарсанаа, Ууганбаяр хоёр нь автомашинтайгаа яваад өгсөн. Харин Мөнхбаатар бид хоёр үлдээд намайг дарамтлаад байсан. Тэгээд Мөнхбаатар намайг газар хавирч унагаад нэг бол заамдаж босгож ирээд байсан. Тэгээд Мөнхбаатар цүнхээ унагачихаад авах гэж байх үед нь би хойгуур нь зугтаагаад байр луугаа явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Б.Амарсанаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгээд Ууганбаяр, Мөнхбаатар хоёр орж ирсэн. Тэгээд автомашинд орж ирэх үед тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тэр айлын гаднаас хөдлөөд явж байх үед нэг залуу явж байсан. Тэгсэн Мөнхбаатар нь Ууганбаярыг энд зогсчих манай таньдаг найз байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Ууганбаяр тэр залуугийн хажууд очоод зогсох гэтэл Мөнхбаатар нь түрүүлж хаалга нээгээд тэр залуугийн /Жамбалдагва/ гараас нь татсан. Тэгээд тэр хоёр залуу юм ярьж байснаа нөгөө залуу нь ёо хөл гээд газар уначихсан. Би тэгээд хүний хөл дайрчихаж байгаа юм уу гэж Ууганбаяр, Мөнхбаатар хоёрт хэлээд буусан. Тэгээд нөгөө залуу /Жамбалдагва/ нь зүгээр зүгээр гээд босоод ирсэн. Тэгээд Мөнхбаатар нөгөө залуутай /Жамбалдагва/ буугаад юм яриад байсан. Би тэгээд зүгээр гэж хэлэхээр нь автомашинд ороод суучихсан. Тэгээд автомашины дотроос харахад нөгөө залууг /Жамбалдагва/ Мөнхбаатар доороо хийчихсэн сууж байсан. Тэгээд Ууганбаяр бид хоёр салгасан. Тэгсэн тэр Мөнхбаатар гээд залуу энийг нэг мөсөн дайрчихья гэж хэлсэн...би тэрнээс Мөнхбаатар Жамбалдагвыг зодож цохисон асуудлын талаар бол хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Гэрч С.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгээд тэндээс гараад явж байтал Жамбалдагватай таарсан. Тухайн үед харин автомашиныг Ууганбаяр жолоодож явсан. Харин Санаа суугаад явж байсан. Тэгээд би Жамбалдагвыг явж байхаар нь таньдаг хүн байна зогсчих гэж Ууганбаярт хэлсэн. Тэгээд Ууганбаяр хажууд нь очоод зогссон. Би харин тухайн үед Жамбаа гэж дуудаад бууж очоод уулзах гэтэл Жамбалдагва миний хөл дээгүүр гарчихлаа гээд сууж байсан. Би тэгэхээр нь хөл дээгүүр чинь гарчихсан юм бол эмнэлэг дуудья гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар саарын 13-ны өдөр орой болсон байх үед Мөнхбааатар, Ууганбаяр хоёр ирсэн. Мөнхбаатар, Ууганбаяр хоёр адуу ачиж яваа чиргүүлтэй автомашинтай явж байсан. Тэгээд Мөнхбаатар, Ууганбаяр хоёр манай гэрт орж ирээд цай ууж хүйтэн хоол идчихээд ах ганц юм уух уу? гээд нэг шил 500 граммын Ерөөл нэртэй архи гаргаж ирсэн. Тэр Ерөөл нэртэй архийг Мөнхбаатар, Ууганбаяр бид гурав хувааж уучихаад би гэрт байсан 1.500 гр нэрмэл /монгол/ архи гаргаж ирсэн. Тэр нэрмэл архийг Мөнхбаатар, Ууганбаяр бид гурав хувааж уучихаад Мөнхбаатар, Ууганбаяр хоёр явлаа гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Б.Тогтохжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...жижиг өрөөнд газраар хүүхэдтэйгээ хоёулаа унтаж байхад миний хажуугаар Ууганбаяр орж ирээд хувцасаа тайлаад унтсан. Шөнө 4 цагийн орчим гэрийн хаалга цонхыг хүчтэй балбаад байхаар нь Баттулга ах онгойлгож өгтөл Ууганбаярын эхнэр Нэргүй орж ирээд намайг хэвтэж байхад 1 удаа алгадсан чинь Ууганбаяр сэрээд хувцасаа өмсөөд эхнэр Нэргүйг явъя гэсэн чинь Нэргүй намайг янхан гэж доромжилсон. Тэр үед Нэргүйг жижиг өрөөний орон дээр сууж байхад Ууганбаяр Нэргүйгийн нүүр лүү 1 удаа өшиглөчихөөд гараад машинаа жолоодоод явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн орчим намайг Баттулга ахын жижиг өрөөнд унтаж байхад Ууганбаярын эхнэр Нэргүй хаалга, цонх балбаад байхаар нь Баттулга ах хаалга нээж өгсөн чинь Нэргүй орж ирээд жижиг өрөөний гэрэл асааж Тогтохжаргал эгчийг газар унтаж байхад алгадсан. Тэр үед Ууганбаяр гадуур хувцастайгаа гутлаа тайлчихсан орны хажууд газар унтаж байсан. Ууганбаяр босч ирээд Нэргүйг гаръя гэсэн чинь Нэргүй өөдөөс нь элдвээр хэлж салаавч гаргасан чинь Ууганбаяр уурлаад Нэргүйг алгадсан чинь Нэргүй Ууганбаяр, Тогтохжаргал хоёрыг янхан гэж элдвээр доромжилсон. Тэгээд Нэргүйг орон дээр сууж байхад нь Ууганбаяр нүүр лүү нь 1 удаа өшиглөчихөөд гутлаа өмсөөд гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт: О.Жамбалдагвын биед баруун тавхайн 4-р хурууны 4-р шивнүүрийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 65 дугаар хуудас/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч Б.Батцэвэрийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт: Киа Хино маркийн 27-92 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан М.Ууганбаяр нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч М.Ууганбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын 742103 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Явган зорчигч О.Жамбалдагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрийн заалтыг зөрчөөгүй гэж үзэв. Осол гарсан зам нь нийтийн хэрэгцээний зам мөн бөгөөд уурхай үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуй нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай хашаа талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй гэжээ. /хх-ийн 67 дугаар хуудас/,

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаартай дүгнэлтэнд: Б.Нэргүйн биед дээд үүдэн 3 шүдний булгаралт, доод уруулын дотор талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийн үүдэн 3 шүдний булгарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.51.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 10%-иар гэмтлийн хөнгөн зэрэгт, доод уруулын дотор талын шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдсан байна гэжээ /хх-ийн 76 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59 / зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         

Шүүгдэгч М.Ууганбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 27-92 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Жамбалдагвын баруун хөлийг дайрч түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө эхнэр Б.Нэргүйн бие махбодид хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан, энэ хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэхь хэсэгт нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн хэргийн ангилалд тооцогдож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч М.Ууганбаярыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үндэслэлээр аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэг болгон өөрчилөх нь зүйтэй гэж үзлээ.

 

 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул шүүгдэгч М.Ууганбаярыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Боржигон овогт Мөнхтөрийн Ууганбаярыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ууганбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй ба хохирогч О.Жамбалдагвад эмчилгээний төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн, үлдсэн хохирол болох 1 568 249 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Ууганбаяр нь 33 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ууганбаярт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул шүүгдэгч М.Ууганбаярыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Боржигон овогт Мөнхтөрийн Ууганбаярыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ууганбаярт гэмт хэргийн улмаас хохирогч О.Жамбалдагвын эрүүл мэндэд учирсан хохирол 1 568 249 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч М.Ууганбаяр нь 33 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА