Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2023/0068

 

             Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Гомдол гаргагч: “Э” хувьцаат компани, захирал М.Т

              Гомдол гаргагч: “Ж” хязгаарлагдмал хариуцлагатай компани, захирал Х.Б

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч  Б.Ш,

              Гомдлын шаардлага: “Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0074991, 0074992 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгох” тухай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчид М.Т, А.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1.  Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан  гомдол гаргагч “Э” ХК  нь 2023 оны 10  дугаар сарын 09-ний өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0074991 дугаар шийтгэлийн хуудсыг, гомдол гаргагч “Ж” ХХК нь  мөн өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0074992 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус  хүчингүй болгох гомдлыг гаргасан.

 

            2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр  зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,  “Э” ХК-ийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0074991 дугаар шийтгэлийн хуудсаар “... баригдаж буй орон сууцны барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй”  үндэслэлээр, “Ж” ХХК-ийг 2023 оны 10  дугаар сарын 09-ний өдрийн  0074992 дугаар шийтгэлийн  хуудсаар “... зураг төсөл нь магадлалд ороогүй барилгад  барилга угсралтын ажиллагаа эрхэлсэн”  үндэслэлээр  буруутгаж, тус бүрийг  нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх буюу 10 000 000 төгрөгөөр торгосон байх ба гомдол гаргагчид дээрх торгох шийтгэлийг  эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр  сарын 07-ны өдөр шүүхэд  гомдол гаргасан.

            3. Гомдол гаргагч “Э” ХК-аас шүүхэд ирүүлсэн  болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ:

3.1. Манай “Э” ХК 2013 онд “К” нэртэй 648 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг барих төсөл хэрэгжүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж газрын асуудлаа шийдүүлж байсан. 2014 онд аймгийн ерөнхий архитектур Г.М барилга эхлүүлэх зөвшөөрөл авч 1 барилгын суурин ажлыг эхэлж 1 давхрыг барьж,  2014 оны сүүлээр санхүүгийн асуудлаас болж барилгын ажил зогссон. 2023 онд энэ ажлыг үргэлжлүүлэх тухай үүрэг аваад “Э” ХК 2014 онд экспертээр батлуулсан зураг төсвийн дагуу ажлаа эхэлсэн. Бид хуучны батлуулсан зурагтай байсан. Барилгын хэмжээг 18х24 м2 болгоод 1 блокийг барьж явж байгаад, ажил ерөнхийдөө зогссон. Тухайн үед Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас албанаас бичиг ирж, уг бичигт өмнөх хэмжээгээр буюу  18х50 м2 аар бариагүй, ажил эхлэх зөвшөөрөл аваагүй зөрчил гаргасан  гэж мэдэгдээд торгуулийн арга хэмжээ авсан. Дулааны шугам сүлжээ зураг төсөлд орж магадлалд орсон. Бид зургийн дагуу ажлаа эхлүүлсэн байгаа

            3.2. “Э” ХК нь  захиалагчийн хувьд  2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 386/2014 тоот дугаартай, Зураг төслийн магадлалын дүгнэлтийг гаргуулж, улмаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий архитекторын 2016 оны 05-р сарын 17-ны өдрийн 12 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр барих ажлыг эхлүүлсэн. Уг барилгыг барих ажлыг “Ж” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг компани нь холбогдох Барилгын хууль тогтоомж, норм, норматив, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж, барилгын угсралтын ажлыг хийж байна.

3.3. Нэхэмжлэгчийн зүгээс Барилгын тухай хуулийн дагуу орон сууцны барилгын ажлыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БЭЗ-83-12/21 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр сунгуулж, холбогдох хууль журмын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж байгааг дурдах нь зүйтэй. Уг орон сууцны төсөл нь Баян-Өлгий аймгийн хэмжээнд том төсөлд тооцогдох учраас хөрөнгө оруулалт, хөрөнгө санхүүгийн асуудал хөндөгдөж, барилгын ажил хэсэг хугацаанд зогссон ба энэ жилээс эхлэн хэвийн явагдаж байна.

3.4. Гэтэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш нь манай байгууллагыг “зураг төсөлд магадлал хийлгээгүй" гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтын дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

3.5. Барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй гэх зөрчилд субъектийг буруу тодорхойлж, шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д “зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж зааснаар зөрчлийг үйлдсэн субъектийг зөв тодорхойлох үүргийг эрх бүхий этгээд буюу улсын байцаагч нягтлах, тогтоол үүргийг хүлээдэг. Гэтэл, уг 648 айлын орон сууцыг барих газрын ерөнхий төлөвлөгөөнд оруулах, барилга байгууламж барих зөвшөөрөл авах, барилгын зураг төсөл батлуулж, магадлал хийлгэх ажлыг уг компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан Д.М нь захиалагчийн хувиар оролцож, холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг бүрдүүлж байсан, үүнээс хойш гүйцэтгэх захирал М.Т хариуцан гүйцэтгэж байгаа зэргээс үзвэл “Э” ХК нь зөрчлийг хариуцах субъект биш гүйцэтгэх захирал ажилтай этгээд хариуцлага хүлээх нь зөрчлийн субъектийг зөв тодорхойлж хариуцлага хүлээлгэх шаардлагад нийцэх юм. Гэвч, шийтгэлийн хуудсаар торгохдоо, “Э” ХК хариуцлага хүлээлгэх биш, захиалагчийн хувиар хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, эсхүл гүйцэтгэх захирал нь хариуцлага хүлээх нь хууль тогтоомжид нийцэхээр байна.

3.6. Дээрх зөрчилд оногдуулсан шийтгэл нь зөрчил үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй тухайд:

Хариуцагч нь “К” орон сууцны барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй гэх зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас нь зөрчил гаргасан нөхцөл байдалд тохироогүй гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгчийн хувьд 2014 оноос хойш уг барилгын ажлыг эхлүүлж, зураг төслийн магадлал хийлгэн, барилгын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд хэн нэгэн этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол байхгүй бөгөөд зураг төслийг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр батлуулан, барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан.

Уг барилга байгууламжийг барих явцад түүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох дулаан болон зуухны зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй компаниар батлуулж, “Ж” ХХК-ийн нэгж талбарын ....  дугаартай, .....  дугаар бүхий эзэмших эрхийн газарт барьсан байгаа юм.

Нэхэмжлэгчийн хувьд 648 айлын орон сууцны барилга байгууламжийн дулааны шугам, уурын зуухны зураг төсөл батлуулсан боловч магадлал хийлгээгүй байгаа нь уг барилгын үйл ажиллагааг бүхэлдээ хууль бус болохыг илтгэхгүй, аль нэг бүрэлдэхүүн хэсгийн зөрчлийг арилгах бүрэн боломжтой юм. Гэвч, дулааны шугам, уурын зуухыг барьсан нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт орсон учраас барилгын зураг төсөлд дахин магадлал хийлгэх шаардлагыг биелүүлээгүй гэж торгох шийтгэл оногдуулсан нь бодит нөхцөл байдалд тохирсон гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд улсын байцаагчийн бүрэн эрхийг заасан ба 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхийг заасан байдаг. Энэ дарааллын дагуу мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-д “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;” гэж заасны дагуу хариуцлагын хүнд хэлбэрийг хүлээлгэх эрхийг улсын байцаагчид олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн дулааны шугам, уурын зуухын барих зураг төсөлд магадлал хийлгээгүй зөрчилд зайлшгүй шалтгаанаар Зөрчлийн тухай хуулийн дагуу мөнгөн хөрөнгөөр торгох шийтгэл оногдуулахаас илүү үүрэг, даалгаврын биелэлтийг хангуулах байдлаар зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжийг хангах боломжтой байсан, шууд торгох шийтгэл оногдуулсан нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

3.7. Нэхэмжлэгчийн ямар зөрчилд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлагыг хангаагүй тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан “К” орон сууцны барилгын ажилтай холбоотой ямар зөрчилд хариуцлага хүлээлгэсэн болохыг шийтгэлийн хуудастаа тодорхой бичээгүй буюу эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна. Тодруулбал, хариуцагчаас оногдуулсан шийтгэлийн хуудаст “Өлгий сумын 8-р багт баригдаж буй орон сууцны барилгад зураг төсөлд магадлал хийлгээгүй /өмнө нь магадлалд орсон боловч үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт орсон/” гэх зөрчилд хариуцлага хүлээлгэсэн болохыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, барилгын үндсэн хийц, бүтээц өөрчлөгдсөн учраас уг өөрчлөгдсөн хэсэгт магадлал хийлгээгүй байгаа нь зөрчил гэж үзжээ.

Харин дээрх асуудалтай холбогдуулан хариуцагчаас тэмдэглэл үйлдэх, холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах, гэрч асуух, үзлэг хийх зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа, “Ж” ХХК-ийн эзэмшлийн газарт баригдсан дулааны шугам болон уурын зуухын барилга угсралтын ажлын зураг төсөлд магадлал хийлгээгүй, зохих зөвшөөрөл аваагүй гэх зөрчил тогтоогдсон болохыг дурдсан байдаг. Үүнээс үзвэл, хариуцагч шийтгэл оногдуулахдаа нэхэмжлэгчийн ямар зөрчилд хариуцлага хүлээлгэсэн болох нь хоорондоо зөрчилдөөнтэй байна.

Нэхэмжлэгч нь “К” 648 айлын орон сууцны барилгын захиалагчийн хувьд уг барилгын зураг төсөлд магадлалыг 2014 онд хийлгэсэн бөгөөд үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт ороогүй, зөвхөн дулааны шугам, уурын зуухад зураг төсөл батлуулсан байхад бүхэлдээ Барилгын үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт орсон тул зургийн магадлал дахин батлуулаагүй гэх зөрчлийн үндэслэл нь хуульд нийцэхгүй юм.

Нөгөөтээгүүр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн дагуу “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах нөхцөл байдал”-ыг бүрэн тогтоогоогүй. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан “Зөрчлийн шийтгэх хуудас”-т холбогдогчийг “Э” ХХК гэх боловч 9 дүгээр хэсэгт “Ж” ХХК-д гардуулахаар заасан зэргээс үзвэл шийтгэх хуудас хэлбэрийн алдаатай, “Э” ХК, эсхүл “Ж” ХХК-ийн хэн нь биелүүлэх үүрэгтэй болох нь тодорхой бус байна.

          3.8. Хоёр этгээдэд зэрэг зөрчлийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцээгүй тухайд:

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд, уг зүйлийн 37.1.10 дахь заалтад “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах;” гэж зааснаар захиалагч барилга байгууламжийн зураг төслийг хийлгэх үүрэг хүлээж байна. Харин хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих;” гэж, 40.1.17-д “барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах;” гэж тус тус заасны дагуу гүйцэтгэгч үүрэг хүлээдэг бөгөөд энэ тохиолдолд “Ж” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар зөрчлийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль тогтоомжид нийцээгүй байна. Угтаа бол Барилгын тухай хуулийн дагуу зураг төслийн магадлалыг хийлгэх этгээд нь захиалагч байх тул гүйцэтгэгч нь ямар ч хамааралгүй байна.

3.9. Эцэст нь дүгнэвэл, хариуцагч болох Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш нь “Э” ХК-д холбогдуулан зөрчлийн шийтгэх хуудас ногдуулахдаа, i) гаргасан зөрчлийг алдаатай дүгнэсэн /Барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй гэж/, ii) зөрчлийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй,iii) зөрчлийг арилгуулах боломжит арга хэмжээг аваагүй шууд торгох санкц хэрэглэсэн, iv) ийнхүү торгохдоо субъектийг зөв тодорхойлж чадаагүй, v) зөрчлийн шийтгэх хуудсыг агуулгын алдаатай гаргасан буюу зөрчлийн шийтгэх хуудаст тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй, vi) зөрчлийн шийтгэх хуудсыг давхардуулан захиалагч, гүйцэтгэгчид хэрэглэсэн нь хууль бус захиргааны актын шинжийг хангаж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0074991 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

4. “Ж” ХХК-аас шүүхэд ирүүлсэн гомдлын шаардлагын үндэслэлдээ:

            4.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш нь 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр маргаан бүхий актаар “Ж” ХХК-ийг “Зураг төсөл нь магадлалд ороогүй барилгад барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлсэн” зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10,000,000.00 төгрөгөөр торгосон байна.

            4.2. “‘Ж” ХХК нь “Э” ХК-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8- р баг нутаг дэвсгэрт бариулж буй “К” 648 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр оролцож, угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

            Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор “Ж” ХХК-ийг  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зөрчлийн 2313000554 дугаар хэрэг нээсэн байна.

            4.3. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл  оногдуулна” гэж, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага: ... хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй;” гэж тус тус заасан байна.

4.4. Хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаас үзвэл, зөрчил гаргасан этгээдэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу оногдуулах буюу зөрчил үйлдсэн этгээдийг тодорхойлох, зөрчлийн хэмжээг тогтоож үнэлэх, хариуцлагыг тодорхойлсны үндсэн дээр шийтгэл хүлээлгэх боломжтой байхаар зохицуулжээ. Дээрх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой хариуцлагыг зөрчил үйлдсэн этгээдэд хүлээлгэх боломжтой болох юм.

4.5. Гэтэл, хариуцагч нь манай компанид Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хуульд заасан нөхцөл, журамд нийцэхгүй байна.

Тодруулбал, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй” гээд, нийт 24 чиг үүргийг биелүүлэх үүрэг хүлээдэг боловч Барилгын зураг төсөлд магадлал хийлгэх үүргийг хүлээдэггүй, тус үүрэг нь захиалагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаардаг байтал Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй гэх нөхцөлөөр хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, манай компани “К” 648 айлын орон сууцны барилгад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх субъект биш юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0074992 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

 5.1. Миний бие хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад Өлгий сумын 8 дугаар багт баригдаж байгаа 648 айлын орон сууцны барилгад хяналт шалгалт хийсэн. 2014 онд магадлалд орсон зураг төслөөр барьж байгаа юм байна. Харин нягталж үзэхэд, магадлалд орсон зураг төсвийн дагуу ажил эхлэх зөвшөөрөл авахдаа барилгын хэмжээ нь одоо барьж байгаа хэмжээтэй таарахгүй байсан.

 Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ” гэж заасан. Тийм учраас 2014 онд батлуулсан зураг нь хүчингүй болж, шинээр магадлалд орно гэсэн үг.

5.2. Барилгын тухай хууль, журмыг зөрчсөн учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу захиалагч болон гүйцэтгэгч компаниудаас арга хэмжээ авч ажилласан. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг 10 мянга нэгжээр торгож, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлнэ гэж заасны дагуу ажилласан. Холбогдогч “Э” ХК-ийн захирлаас холбогдогчийн мэдүүлэг авахад “Ж” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр барилгын ажлаа хийж байгаа гэсэн. “Ж” ХХК барилга угсралтын чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн компани. Барилга хот байгуулалтын газраас тусгай зөвшөөрөл авсан компани учраас Барилгын тухай хуулийг сайн мэдэж байх ёстой. Барилгын тухай хуульд заасны дагуу захиалагч болон гүйцэтгэгч бичиг баримтын бүрдлийг хангаагүй, батлагдсан зураг төслийн дагуу барилга бариагүй гэдэг үндэслэлээр ийм шийдвэр гаргасан

 

5.3. Зөрчлийн  тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д заасны дагуу барилгад ажлын зөвшөөрөл, техникийн нөхцөл авахдаа “Э” ХК-аар авсан ба газрын гэрчилгээнд компанийн регистр тусгасан тул Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан заалтын дагуу захиалагчид тооцсон болно.

5.4. “Э” ХК 648 айлын орон сууцны барилгад магадлалын  дүгнэлт гаргуулсан нь үнэн. Гэвч 49.6Х18 м.кв харьцаатай барилгыг одоогийн байдлаар  24Х18 м.кв болгон  өөрчлөн барьсан болох нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.5-т, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан заалтуудыг  тус тус зөрчсөн  ба энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан захиалагчийн чиг үүргээ  биелүүлэх ёстой юм. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйл, 3.1 дүгээр 4 дэх хэсэгт заасан заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.9.8-д, 10.9.12-т заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд зөрчлийн үр дагаврыг арилгах даалгавар хүргүүлсэн.

5.5. Харин  батлагдсан зураг төсөлгүй дулааны шугам, уурын зуух барьсан зөрчилд торгуулийн  шийтгэл оногдуулаагүй бөгөөд өгөгдсөн албан даалгаварт энэ зөрчлийг  арилгах  талаар бичиг хүргүүлсэн, уг бичигт зөрчлийг арилгуулж зохих арга хэмжээ авах талаар  бичигдсэн болно.

5.6. Энэ барилга барьсан хэсэгт  баригдсан уурын зуух болон дулааны шугам барьсан зөрчилд “Ж” ХХК хамааралтай болохыг “Э” ХК-ийн захирлын холбогдогчийн өгсөн мэдүүлэгт мэдэгдсэн боловч 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр баталсан  34/2015 магадлалын дугаартай зураг төсөлд заасны дагуу шугам барьж, төв халаалтад буюу “Э” ХК-д холбох ёстой боловч шугамын  байршлыг  өөрчилж, олгогдсон газрын захирамжгүй, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 12.8-д заасан заалт, БНбД 30-01-04-ийн 9.8-д заасныг зөрчин уурын зуух барьсан зөрчил илэрсэн. “Э” ХК-ийн захирал нь “Ж” ХХК-д хувь эзэмшдэг тул “Э” ХК шугам татах зардлыг албаар хэмнэх зорилготой гэж үзэж энэ зөрчилд 2 компани 2-уулаа буруутай гэж үзэн зөрчлийг арилгах албан даалгавар хүргүүлсэн болно. Мөн энэ уурын зуух болон дулааны шугам барьсан зөрчилд торгуулийн шийтгэл аль аль компанид оногдуулаагүй болно.

5.7. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.2, 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн 2 компанид зэрэг торгуулийн шийтгэл оногдуулсан болно. Барилгын байгууламжид өөрчлөлт орох болон үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт орох хоёр өөр өөр ойлголт. Зураг төсөлд  өөрчлөлт орно гэдэг нь  барилгын зураг төсөл бүхэлд нь  өөрчлөгдөхгүй, хэсэг бүлэг газарт өөрчлөлт орж заавал магадлалд хамаарахгүй холбогдох норм нормативыг үндэслэн зураг төсөл зохиогчоор баталгаажуулах явцыг хэлэх ба энэ талаар зураг төсөл зохиогч байгууллага мэргэжлийн хариуцлага хүлээнэ. Харин үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт орвол энэ нь магадлалаар баталгаажсан тооцоо судалгаа алдагддаг учраас заавал магадлалд орно гэсэн хуулийн заалттай. Гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөл авсан барилгын чиглэлийн мэдлэгтэй мэргэжлийн байгууллага учраас мөн хуульд заасан хариуцлага хүлээх ёстой гэв.

6. Гомдол гаргагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч А.Серикжаны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

6.1. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгаас харахад, “К” нэртэй төслийн зураг төсөл нь 2014 онд үйлдэгдсэн бөгөөд 2015-2016 онд анхны орон сууцны барилгын суурь нь тавигдаад, 1 дүгээр давхар баригдаад дууссан үйл баримт тогтоогдож байна. Үүнийг хариуцагч өөрөө баталлаа. Хэрэв зөрчил гэж үзэх юм бол зөрчил нь 2014 он юм уу, 2015 онд гарсан байна.

6.2. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгчийн тайлбарын агуулгаас үзэхэд, 2016 он хүртэл барилгад баригдаад явж байгаа тодорхой нэг шалтгааны улмаас зогсоод 2023 онд үргэлжлүүлэн барьсан гэдэг тайлбар гаргасан.  2023 онд энэ барилга баригдаж байгаа үеийн нөхцөл байдлыг шалгалтын хуудас гэдэг баримтаар нотолсон гэх гэрэл зургаас харахад, тэр барилга мөн юм шиг байна. Зөрчил 2014-2015 онд үйлдэгдсэн дундаа завсарлаад 2023 онд “Э” ХК тухайн барилгыг барьж эхэлснээрээ энэ зөрчил үргэлжилсэн юм шиг харагдаж байна.

6.3. Зөрчлийн тухай  хууль өөрөө 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө Барилгын тухай хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль үйлчилж байсан. 2014-2015 он, магадгүй 2016 онд зөрчил үйлдэгдсэн гэх юм бол Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаараа хуулийг буцаан хэрэглээд тухайн онд үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу  “Э” ХК болон “Ж” ХХК-д хариуцлага хүлээлгэх боломж байсан. Мөн зөрчлийг таслан зогсоох боломж байсан. Манай аймгийн хувьд Барилга хот байгуулалтыг хариуцсан улсын байцаагчдын орон тоо цоо шинээр бий болсон орон тоо биш. Мэргэжлийн хяналтын газар татан буугдахаас өмнө Мэргэжлийн хяналтын газар гэж байсан. Мэргэжлийн хяналтын газар олон жил үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдсан байдаг. Энэ хугацаандаа ч Мэргэжлийн хяналтын газарт барилгын асуудал хариуцсан улсын байцаагч байсан. Эдгээр байцаагчид албан шаардлага өгөх ч юм уу, зөрчлийг арилгуулах боломж байсан.

6.4. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасныг баримтлаад, Захиргааны  хариуцлагын тухай хуулийн 381 дүгээр зүйлийн 1, мөн хүчингүй болсон Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу барилгын тухай хууль тогтоох зөрчсөнд зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж байгаа үүгээр хариуцлага хүлээлгэх боломжтой. Учир нь, 

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Хуулийг буцаан хэрэглээд хууль тогтоомжийн зохицуулалтуудаар үзэх юм бол хуулийн этгээдийг торгох санкц нь 1 сая төгрөг байгаа. Хүчингүй болсон Барилгын тухай хуулиас  харахад, хуулийн этгээдийг 2 сая төгрөгөөс, 4 сая төгрөг гэж байна.

6.5. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 381 дүгээр зүйлийн 1-д зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын болон барилгын зураг төсөл зохих ажил гүйцэтгэх зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг 50-250 мянган төгрөгөөр торгох, хүндрүүлэх нөхцөл нь 1500000 төгрөгөөр торгох санкцтай байсан. Үүнийг эрх бүхий албан тушаалтан анхаараагүй байна. Хэрэв энэ зөрчил үргэлжилсэн гэж үзэх юм бол “ Ж” ХХК-ийн ямар ч оролцоо байхгүй. Яагаад гэвэл, “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь сарын өмнө томилогдсон. Өмнө нь болж байсан процессыг мэдэхгүй. 2023 онд барилга баригдаад явж байсныг А.Б би  мэдээгүй гээд байгаа. 2014-2015 оны гүйцэтгэгч гэдэг утгаараа “Ж” ХХК энэ барилгыг барьсан бол барьсныг би мэдэхгүй, тухайн үед гүйцэтгэх удирдлага нь М.Т байсан. Зөрчлийн хэргийг шалгах явцад А.Б мэдүүлэг өгөөгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаараа өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн байна. “Ж” ХХК 2023 онд зөрчил гаргасан гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй.

6.6. Төрийн хянан шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн хянан шалгалтад бол төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хянан шалгалт гэж явагдах ёстой. Мөн гүйцэтгэлийн шалгалт гэдэг бас ойлголтууд байдаг. Тэгэхээр энэ төлөвлөгөөт юм уу, төлөвлөгөөт бус шалгалтын аль нь болох нь тодорхой бус. Хариуцагч тайлбарлахдаа би удирдамжийн дагуу энэ төрийн хянан шалгалтыг явуулаад зөрчлийг илрүүлсэн гээд байгаа. Тухайн удирдамж нь хэдэн оны ямар байгууллагын, ямар албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу энэ шалгалтыг явуулсан бэ. Шалгалтын хуудас гэдэг баримтаас харахад, ийм удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулахдаа ийм зөрчил илрүүлсэн гэдэг нэг ч өгүүлбэр байхгүй. Ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтнаас баталсан удирдамжийн дагуу энэ хяналт шалгалт явагдсан юм бэ гэдэг нь сонин байна. Хяналт шалгалтын тэмдэглэлээс харахад, тухайн компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг оролцуулаагүй. “Ж” ХХК энэ барилгыг барьж байсан гэдэг нь нотлогдохгүй байна. 2014-2015 онд байгуулагдсан гэрээний дагуу гэж хийсвэрээр ярьж болохгүй.

6.7. Гүйцэтгэгч болон захиалагч компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ гэж байх ёстой. Ажил гүйцэтгэх гэрээ гэж байхгүй, хэрэгт авагдаагүй. Нотлох баримт дутуу байхад 2 компанид зөрчлийн хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэл муутай байна. Энэ шийтгэлийн хуудас дээр байгаа бичвэрүүдийн агуулгаас харахад, “Э” ХК ямар зөрчил гаргасан, “Ж” ХХК ямар зөрчил гаргасан, үүнд оногдуулсан 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ нь оновчтой болсон уу, тухайн гаргасан зөрчилд нь тохирсон уу гэдэгт дүн шинжилгээ хийж үзэхэд, хэт ерөнхий  бичсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийтгэлийн хуудас үйлдэгдээгүй гэж дүгнэж  байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэвэр бичих аргачлалыг хуульчилсан. Үндэслэх, тодорхойлох хэсэг дээр Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн тийм заалтад заасан заалтыг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн тийм заалтад хамаарч байгаа гэж дүгнэлт хийх маягаар шийтгэвэр бичих ёстой. Журмын дагуу шийтгэвэр үйлдэгдээгүй гэж дүгнэж байна.

Дүгнэж хэлэхэд, Зөрчлийн тухай хууль батлагдахаасаа өмнө 2016 оны байдлаар энэ барилга аль хэдийн баригдаад эхэлсэн, барилгын талыг барьсан байдалтай байсан. Энэ нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар тогтоох ёстой. Шийтгэлийн хуудас зохих журмын дагуу үйлдэгдээгүй учраас нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлтэй гэж дүгнэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд, гомдлын шаардлагын зарим хэсэг болох “Ж” ХХК-д  ногдуулсан   Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн   2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0074992 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Э” ХК-д ногдуулсан  2023 оны 10  дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0074991 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

2. Гомдол  гаргагч “Э“ ХК нь  гомдлын шаардлагын үндэслэлээ “... барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй гэх зөрчилд субъектийг буруу тодорхойлсон, оногдуулсан шийтгэл нь зөрчил үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй, шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хоёр этгээдэд зэрэг зөрчлийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцээгүй,  маргаан бүхий барилгын зураг төсөлд магадлал хийлгэж, барилга барих зөвшөөрөл  авсан” гэж, өмгөөлөгчөөс “Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө буюу 2014 онд барилгыг барьж эхэлсэн тул хуулийг буцаан хэрэглэж, хүчингүй болсон Захиргааны хариуцлагын тухай хуулийн 381 дүгээр зүйлийн 1-т зааснаар хариуцлага хүлээлгэх ёстой”  гэж, “Ж” ХХК-нь  “...”К” 648 айлын орон сууцны барилга барьж байгаагийн хувьд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх субъект биш” гэж тус тус тодорхойлжээ.

 

3. Хариуцагчаас  гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа “... 648 айлын орон сууц барих  ажлын зөвшөөрөл, техникийн нөхцөлийг авахдаа   “Э” ХК нь захиалагчийн хувиар  авсан, анх орон сууцны барилгад магадлал дүгнэлт гаргуулахдаа 49.6х18 м2 харьцаатай барилга гэж тусгаад одоогийн байдлаар  24х18м2 барьж буйг барилгын бүтээцэд өөрчлөлт оруулж барьсан гэж үзэх үндэслэлтэй, уг өөрчлөлтөд хуулиар  дахин магадлал хийх үүрэгтэй, “Э” ХК нь уг үүргээ биелүүлээгүй, барилгын зураг төсөлд дахин магадлал хийлгээгүй, “Ж” ХХК нь зураг төсөлд  магадлал хийгээгүй  барилгыг барьж гүйцэтгэсэн зэрэг зөрчлийг гаргасан” гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан 2313000554 дугаартай зөрчлийн хэргээс  үзэхэд, Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  “К” орон сууцны хороололд баригдаж буй 648 айлын орон сууцны барилгыг  барих ажлын явцад урьдчилан сэргийлэх  хяналт шалгалт хийсэн барилгын техникийн хяналтын  улсын байцаагч нь  “... барилгын ажлын зохих зөвшөөрлийг аваагүй, зураг төсөл нь магадлалд ороогүй байхад барилга байгууламжийн угсралтын ажил эрхэлсэн” гэх зөрчлийг илрүүлж зөрчлийн хэрэг нээсэн[1] байх ба “Э“ ХХК нь анх уг барилгыг барихаас өмнө Барилга, хот байгуулалтын  яамны Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий  2014 оны 04 дүгээр сарын 23 өдрийн 386/2014 дугаар дүгнэлтийг[2] гаргуулсан нь, уг дүгнэлтэд барилгын хэмжээг 52.8х18.0 м гэж, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд[3]  барилгын хэмжээг 49.6х18 м2  гэж, 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаварт[4] барилгын хэмжээг 49.6х18 м2 гэж тус тус тусгасан нь, мөн эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр   барьж буй барилгад  үзлэг хийж, барилгын нийт талбайг  хэмжиж үзэхэд 24х18м2  хэмжээтэй болох нь   “Үзлэг хийсэн тухай” тэмдэглэл[5] зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байх бөгөөд  дээрх үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

 

5.  Хариуцагч нь “... барилгын   үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулж, барилгын хэмжээг анх тогтоосон хэмжээнээс багасгаж барьж буй барилгын зураг төсөлд дахин магадлал хийлгээгүй” гэж захиалагч “Э “ХК-ийг, “... зураг төсөл нь магадлалд ороогүй барилгын ажлыг гүйцэтгэсэн” үндэслэлээр “Ж” ХХК-ийг тус тус буруутган  тус бүрийг Зөрчлийн тухай  хуулийн  12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасныг баримтлан тус бүрийг 10 мянган нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгож шийтгэжээ.

6. Зөрчлийн тухай хуулийн  12.1 дүгээр зүйлийн 2-т  Аж ахуйн нэгж, байгууллага: 2.1-т “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” , 2.2-т “хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй;” 2.3-т зураг төслийн магадлалын татгалзсан дүгнэлт гарсан байхад олгосон барилгын ажлын зөвшөөрлөөр барилгын ажлыг эхлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ”, 25.2-т “Магадлалыг дараахь зураг төсөлд хийнэ”, 25.2.1-т “газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт”, 10 дугар зүйлийн 10.1.3-т “дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж;”, 25.5-т “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ”, захиалагчийн чиг үүргийг заасан хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.10-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах” гэж тус тус заасан.

7. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2-т заасан 3 үндэслэлд  хамаарах зөрчлийн аль нэгийг  гаргасан тохиолдолд уг зүйл заалтаар зөрчил гаргагчид хариуцлага ногдуулах ба хариуцагчаас гомдол гаргагсдад ногдуулсан шийтгэлийн үндэслэл болсон “... барилга, байгууламжийг барих явцад  барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол уг өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэх” үүргийг хуулиар зөвхөн захиалагчид ногдуулжээ.

8. Энэ зөрчлийн хэргийн хувьд, “Э” ХК-ийн захиалагчтай  648 айлын орон сууцны барилгын ажлыг  захиалагч нь анхны зураг төсөлд магадлал хийлгэж, барилгын ажил эхлүүлэх зохих зөвшөөрлийг авсан нь,   ажлаа 2016 онд эхэлж, 1 давхрыг барьж, улмаар санхүү, хөрөнгийн асуудлаас болж барилгын ажлыг  түр зогсоосон нь,  2023 онд үргэлжлүүлэн барьсан нь, барилгыг барих явцад барилгын хэмжээг багасгаж өөрчлөлт оруулсан нь,  өөрчлөлт оруулсан барилгын зураг төсөлд шинээр магадлал хийлгээгүй нь, уг барилгын угсралтын ажлыг “Ж” ХХК гүйцэтгэж байгаа нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.

9. Хариуцагчаас хэмжээг нь  багасгаж барьсан барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй үндэслэлээр  “Э” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасныг баримтлан   торгох шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй, захиалагчийн хувьд дунд төвөгшилтэй ангилалд хамаарах  барилгын үндсэн хийц, бүтээцэд  оруулсан өөрчлөлтийг тусгасан зураг төсөлд  дахин магадлал хийлгэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн хариуцлага ногдуулсан үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй, гаргасан зөрчилд нь ногдуулсан шийтгэл нь тохирсон гэж дүгнэлээ.

10. Харин хариуцагчаас “Ж” ХХК-ийг ”... зураг төсөлд нь магадлал хийлгээгүй барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн” үндэслэлээр  хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дах заалт нь зөвхөн захиалагчид хамааралтай заалт, тодруулбал, барилгын зураг төсөлд магадлал хийлгэх үүргийг Барилгын тухай хуулиар ажил гүйцэтгэгчид хүлээлгээгүй тул ажил гүйцэтгэгчийг дээрх хуулийн зүйл, заалтаар буруутган  шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”,   3.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэсэнтэй нийцээгүй, үүний улмаас  “Ж” ХХК-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн хариуцагчийн үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0074992 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

11. Харин “Э” ХК нь уг барилгын захиалагч мөн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл[6],  2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 3Х-2021/...дугаар “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт баригдах “Э” ХК-ийн “К” орон сууцны хотхоны барилгын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”[7] зэрэг нотлох баримтуудаар, мөн захиалагчид 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон  “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-д тусгасан 49.6х18 м2 барилгын хэмжээг   24х18 м2 болгон өөрчилж багасгасан барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй зөрчил нь Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болж, мөрдөгдсөнөөс хойш үргэлжлэн үйлдэгдсэн, барилга барих ажил одоо хүртэл үргэлжилж байгаа нь тус тус тогтоогдож байх тул “Э “ХХК-аас маргасан “... торгох субъектийг буруу тодорхойлсон, Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө барилгын ажил эхэлсэн тул  Захиргааны хариуцлагын тухай хуулийг баримтлах ёстой” гэх тайлбарууд  нь үндэслэлгүйгээс  гадна  нэгэнт “Э” ХК-ийн үйлдсэн зөрчил тогтоогдсон тул шийтгэлийн хуудсанд буй техникийн шинжтэй хэлбэрийн алдаа нь уг шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2.2, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 37 дугаар зүйлийн 37.1.10-т заасныг тус тус баримтлан  “Ж” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн   2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0074992 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох  “Э” ХК-ийн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан  “Э” ХК-д ногдуулсан  2023 оны 10  дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0074991 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар гомдол гаргагч “Э” ХК, “Ж” ХК-аас тус тус  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан “Ж” ХХК-д олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

 

 

[1] Хэргийн 30 дугаар тал

[2] Хэргийн 58 дугаар тал

[3][3] Хэргийн 67 дугаар тал

[4] Хэргийн 68 дугаар тал

[5] Хэргийн 36-38 дугаар тал

[6] Хэргийн 60 дугаар тал

[7] Хэргийн 69 дүгээр тал,