Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02674

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 10 182/ШШ2024/02674

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ............................ тоот хаягт байрлах, ЧХ /РД:0000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Д /РД:0000000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ЧХ-ийн дарга А.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ш.Д нь ахмад настанд аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2020.07.08-ны өдрийн 41 тоот гэрээгээр 3,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацаа нь 2022 оны 7 дугаар сард дуусахаар тусгасан бөгөөд 2,700,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь санхүүгийн дэмжлэг авах үедээ ................................... тоот хаягт оршин суудаг байсан ба тус хорооны Засаг даргын 2024.04.04-ний өдрийн 55 тоот албан бичгээр дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх тодорхойлолтоор хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Иймд Ш.Дийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-2024.02.27-ны өдрийн 1/8 тоот С.Бд олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-2024.04.04-ний өдрийн 55 тоот Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын Тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 5 х/,

-2020.07.08-ны өдрийн 41 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, түүний хавсралт /хх-ийн 6-8 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 9 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Дийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар ЧХ-ийн дарга А.С шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.07.08-ны өдрийн 41 тоот Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ болон иргэний үнэмлэхийн хуулбарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Дийн оршин суух хаягийг ................................... тоот гэж тодорхойлсны дагуу ЧХ нь хариуцагчийн хаягийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргад албан бичиг хүргүүлсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2024.04.04-ний өдрийн 55 тоот тодорхойлолтод Ш.Д нь дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэжээ. /хх-ийн 5 х/,

 

Ш.Д нь ЧХтэй 2020.07.08-ны өдөр 41 тоот Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ЧХ-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6-7 х/,

 

Ш.Д нь дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй.. болох нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ЧХ-ийн дарга А.Сийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ЧХ-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Дийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Д /РД:0000000000/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш.Дийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА