Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/905

 

З.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108000630024 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

З.Г, .................................. төрсөн, ................... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт, ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

Шүүгдэгч З.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 62 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ээж Б.Уийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Гг “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Гад 12 (арван хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гын цагдан хоригдсон 220 (хоёр зуун хорь) хоногийг түүний эдлэх хугацаанд оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Б.Уийн хүүхдүүд болох 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн У.Галмандах, 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн З.Гэрэлтуяа нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс надад хохирогчийн бие махбодид халдаж, амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж хүнийг алсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Учир нь, хохирогч Б.У миний төрсөн ээж учир сүүлийн үед архи ихээр хэтрүүлэн хэрэглээд байгаад санаа зовж, таслан зогсоох бодолтой маргаан үүсэж, маргааш нь эмнэлэгт хүргэгдэж 2021 оны 1 дүгээр сарын 5-наас 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад харамсалтайгаар нас барсан. Миний хувьд насанд хүрээгүй 2 дүүгийн хамт амьдардаг, гэр бүлээсээ би 1900-1950 гэх хүргэлтийн компанид дуудлагын жолоочийн ажил хийж, амьдралаа залгуулдаг байсан. Харин ээж гэрт үлдэж, 2 дүүг хардаг байсан болохоор архинд хэт их орчихвий гэж айсандаа маргалдаж золгүй явдал болсон. Надад төрсөн ээж болох хохирогч Б.Уийг шууд санаатай алах санаа зорилго огт байхгүй. Харин энэ болсон явдалд маш их харамсан гашуудаж, сэтгэл санааны хүнд байдалд байсаар байна. ...Мөн насанд хүрээгүй 2 дүү нарт маань асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь миний сэтгэл санаанд их хүнд дарамт давхар болж байна. Гэтэл надад ... хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан гэж үзээд 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосонд гомдолтой байгаа учир шүүх хуралдааны үед өмгөөлөгчийн үзэж байгаагаар Галбадрахын үйлдэлд алъя гэсэн санаа зорилготой байсан нь нотлогдож тогтоогдоогүй, мөн иргэдийн төлөөлөгчийн саналаар шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлүүлэх хүсэлтэй байна гэсэн санааг гаргасан байдаг. Иймд насанд хүрээгүй 2 дүү болон миний биеийн эрүүл мэндийн байдлыг, хэргийн үйл явц, санаа зорилгыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Амь хохирогч гэмтлийг авснаас хойш 17 хоногийн дараа нас барсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг “тархины гэмтэл болон уушгины хатгалгаанаас болж нас барсан байна” гэсэн байдаг. Шүүгдэгч З.Г нь тархины гэмтлийг учруулсан бөгөөд амь хохирогч 17 хоног эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан, хатгаа авсан, алах шууд санаа байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад шүүгдэгч З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Гын үйлдлийн улмаас Уранчимэгийн эрүүл мэндэд тархины битүү гэмтэл учирч, гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж нас барсан байдаг. Хэргийн үйл баримтаас харахад талийгаач 1 дүгээр сарын 4-ний өдөр Галбадрахад зодуулаад тархины хүнд гэмтэл авсан байдаг. Уг гэмтлийн улмаас Гэмтэл Согог судлалын үндэсний төвд ухаангүй байдалтай эмчлэгдэж байгаад нас барсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэх үедээ амь аврагдах боломж муутай байсан болохыг шинжээч эмч мэдүүлсэн байдаг. Эмчилгээ хийлгэсний дараа нас барсан нь зүйлчлэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаярын “...2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ байж байтал манай том эгч Б.Уийн том хүү болох Галбадрах над руу залгаад ээж цус харваад гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байна гэж хэлсэн. ...би эгч Б.Уийн гэрт хааяа очиход нүд нь хөхөрчихсөн байдаг байсан. ...манай зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 17, 20-21/, насанд хүрээгүй гэрч У.Галмандахын “...Галбадрах ах “чи муу хаашаа алга болчихоод ирж байгаа юм бэ” гээд ээжийг заамдаж аваад орны тийшээ шидчихсэн. Тэгсэн чинь ээж орны урд газарт унасан. Тэгээд ээж толгойгоороо газар унасан. Тэгсэн чинь Галбадрах ах ээжийн араас очиж нуруу руу нь өшиглөсөн чинь ээж эргээд харсан, Галбадрах ах ээжийн гэдэс рүү нь 2, 3 удаа өшиглөөд, тэгээд ээжийг өргөж босгож ирээд гараараа шанааруу нь нэг удаа цохьсон. Тэгээд ээжийн хамарнаас цус гоожоод ээжийг тавьсан чинь ээж газарт унаад өгсөн. Тэгээд ээжийг газар хэвтэж байхад нь толгой руу нь хөлөөрөө 3 удаа дэвссэн. Тэгсэн чинь ээжийн хамар амнаас нь цус гарсан. Тэгээд Галбадрах ах ээжийг ор руу өргөж шидчихээд өөрөө унтаад өгсөн. Тэрнээс хойш ээж босоогүй ба би унтаад өгсөн. Өглөө боссон чинь ээжийн амнаас аймаар их цус гарчихсан, ээж таталт өгөөд хөл нь татаад байсан. ...” /1хх 27/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилийн шалтгаан, уушигний үрэвслээр нас барсан. ...” /24хх/, шүүгдэгч З.Гын “...би ээжийн нүүрэнд гараараа хоёр удаа алгадсан, тэгээд дараа нь гараа зангидаж байгаад нүүрэнд нь зүүн шанаа орчим нь нэг удаа цохисон чинь намайг зайл гэж хэлэхээр нь дахин гараа зангидаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохьсон. Хамгийн сүүлд ээжийг цохиж авахад ээж баруун тал руугаа унаад өгсөн юм. ...” /1хх 99/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 545 дугаар шинжээчийн “...Б.Уийн биед зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 42-43/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 283 дугаар шинжээчийн “...Талийгаач Б.Уийн цогцост тархины зүүн тал бөмбөлөгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн хажуугийн ховдлын урд эврийн хананы тархины эд, тархины багана хэсгийн тархины эдийн цус харвалт, зөөлрөл, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй, талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсэн ба амь нас аврагдах боломж муутай байжээ. ...” /1хх 46-59/ хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 3-6/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 7, 9-12/ зэрэг нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлахад хэргийн үйл баримтыг зөвтгөн дүгнэж, улмаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл үүссэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргүүд нь гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байдгаараа төстэй боловч уг зүйлүүдийн өрсөлдөх хэм хэмжээний ялгаа, заагийг дүгнэн зүйлчлэлийг тогтоох нь хууль хэрэглээний хувьд чухал ач холбогдолтой.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд нь хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарласан, уг нөхцөл байдлыг хүсэж үйлдсэн, түүнчлэн санаатай үйлдлээр бие махбодид нь хүнд гэмтэл учруулан үхэлд хүргэсэн байдаг.

Харин гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл, түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой байдлуудыг харгалзан дүгнэлт хийсний эцэст хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодорхойлдог онцлогтой.

Шүүгдэгч З.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 62 тоотод төрсөн ээж Б.Утэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулснаас амь хохирогч 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад зогсонгишилын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар 27 хоногийн дараа нас баржээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 283 дугаар шинжээчийн “...Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй, талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ... гэсэн дүгнэлтээс үзэхэд, амь хохирогч нь шүүгдэгч З.Гын учруулсан санаатай хүнд гэмтлийн улмаас шууд амь насаа алдаагүй, харин талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар 27 хоногийн дараа нас барсан байх тул шүүгдэгч З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймээс прокуророос З.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэх нь зүйтэй байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгч З.Гад 10 жил хорих ял оногдуулав.

Шүүгдэгч З.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, ...хорих ялаас 2 жилийг хасна.” гэж заасан үндэслэлд хамаарагдаж байх тул түүнд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч З.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч З.Гын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос З.Гад холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Дархан шавь овогт Загдрагчаагийн Галбадрахыг “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Дархан шавь овогт Загдрагчаагийн Галбадрахыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Гад 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Гыг 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР