Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 122/ШШ2024/0003

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 ******* багийн иргэн Т.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч С.*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч С.*******ын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, миний мэдүүлсэн мэдүүлгийн дагуу нийт эзэмшил газрын 0.69 хувийг эзэлж байгаа мал бордох хашаа, 1.22 хувийг эзэлж байгаа хүлэмж, 0.57 хувийг эзэлж байгаа автомашины гараашийг тус тус улсын бүртгэлд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

            1.1. Нэхэмжлэгч Т.*******гээс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч С.*******т холбогдуулан “Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч С.*******ын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, миний мэдүүлсэн мэдүүлгийн дагуу нийт эзэмшил газрын 0.69 хувийг эзэлж байгаа мал бордох хашаа, 1.22 хувийг эзэлж байгаа хүлэмж, 0.57 хувийг эзэлж байгаа авто машины гараашийг тус тус улсын бүртгэлд бүртгэхийг даалгах”-аар маргаж байна.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Нэхэмжлэгчээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 ******* багийн нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын баазын зориулалттай өөрийн эзэмшлийн газар дээрээ барьсан 133 м.кв талбай бүхий хүлэмж, 76 м.кв талбай бүхий малын тэжээлийн цэг, 62 м.кв талбай бүхий автомашины гараашийг өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргажээ.

 

    1. Хариуцагч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч С.******* Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 ******* зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.3-т заасныг тус тус үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

 

    1. Нэхэмжлэгч Т.******* нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч С.*******ын “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”-ийг эс зөвшөөрч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад гомдол гаргаж, 2023 оны 11 ******* сарын 07-ны өдрийн 486 дугаартай албан бичгээр хариу авч, 2023 оны 11 ******* сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 ******* багийн иргэн Т.******* миний бие Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 ******* баг Ланз, Хөх толгой нэртэй газарт аялал жуулчлалын бааз байгуулах зорилгоор 2018 онд 10971 м.кв газрыг эзэмшлээр гэрээ байгуулан жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулж одоогоор 16 ортой 4 гэр, 1128 мод, хүүхдийн тоглоомын талбай, 26мх15м цутгамал талбай бүхий сагсны талбай, гар бөмбөгийн талбай, гүний худаг, 3 машины гарааш, хүлэмж, мал бордох цэг зэрэг 180 гаруй сая төгрөгийн материаллаг баазыг бүрдүүлээд байна.

Эдгээр барилга байгууламжуудаасаа 133 м.кв талбай бүхий хүлэмж, 76 м.кв талбай бүхий малын тэжээлийн цэг, 62 м.кв талбай бүхий авто гарааш дээрээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар хандсан боловч улсын бүртгэгч С.******* улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариу ирүүлжээ.

Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлдээ:

1. Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.3 “газар эзэмших” гэж газрын заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,

2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 ******* зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”,

3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1.5-т “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.3-т “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ” гэх үндэслэлийг дурджээ.

Миний бие нь аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар 10971 м.кв газар эзэмшсэн, тухайн газар дээр тийм барилга байгууламж барина, ийм барилга байгууламж барихгүй гэж гэрээ байгуулаагүй, үндсэн үйл ажиллагаагаа дэмжих зорилготой нийт эзэмшил газрын дөнгөж 2,48 хувьд хүлэмж, гарааш, мал бордох хашаа барьсан, газраа зориулалтын дагуу ашиглаж байна.

Үндсэн үйл ажиллагаагаа дэмжих зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм уу, газрын зориулалтыг өөрчилж үл хөдлөх хөрөнгө барьсан юм уу гэдгийг ялгаж салгахгүй татгалзах хариу өгснийг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.4-д заасныг үндэслэн Улсын бүртгэгч С.*******ын Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, миний мэдүүлсэн мэдүүлгийн дагуу нийт эзэмшил газрын 0,69 хувийг эзэлж байгаа мал бордох хашаа, нийт эзэмшил газрын 1,22 хувийг эзэлж байгаа хүлэмж, нийт эзэмшил газрын 0,57 хувийг эзэлж байгаа гараашийг Улсын бүртгэлд бүртгэхийг Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан өмчлөх эрхийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

3.2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Т.*******гийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг улсын бүртгэгч С.******* миний бие хүлээн авсан бөгөөд нотлох баримтын бүрдэлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2 дахь хэсэгт “нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, зориулалт, хаяг байршил “гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт нь “аялал жуулчлалын” зориулалтаар олгогдсон байхад хөдөө аж ахуйн зориулалттай “хүлэмж”, “мал бордох хашаа”, аж ахуйн үйлчилгээний зориулалттай “автомашины зориулалттай гарааш” зэрэг газрын зориулалт зөрчсөн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.3 дахь хэсэгт “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ.” гэж заасныг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” гэж заасан хуулийн заалтыг баримтлан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан болно.

Иргэн Т.******* нь дээрх мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч заавал мэдүүлэг өгнө гэсэн шаардлага тавьсан тул хүлээн авч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 22-31055, 22-31058, 22-31059 дугааруудтай мэдүүлгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ЕРRS системд бүртгэн хүлээн авч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлээ бичиж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохих журмын дагуу мэдүүлэг гаргагчид утсаар мэдэгдэн олгох цонхноос албан ёсоор буцсан мэдүүлгээ авах журамтайг мэдэгдэж бичгээр хариуг иргэн Т.*******д буюу гарт нь өгсөн болно.

Эрхийн улсын бүртгэлийн газрын өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргаж байгаа этгээдээс газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч аливаа этгээдэд олгогдсон газрыг зориулалтын дагуу тухайн нэгж талбарт газрын зориулалтад нийцэж баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэн, иргэний өмчлөх эрхийг баталгаажуулах ёстой тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 ******* зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэсэн бүртгэл үнэн зөв байх зарчмыг баримтлан тус хуулийн 19 ******* зүйлийн 19.4.3-т заасан заалтад “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтаар иргэн Т.*******гийн гаргасан мэдүүлгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж зааснаар мөн тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх гэсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчин, эзэмшиж байгаа газрынхаа зориулалтыг зөрчиж барьсан объектуудаа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн Т.*******гийн шүүхэд гаргасан хууль бус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие аялал жуулчлалын баазын зориулалтаар 10971 м.кв газар эзэмшдэг, тухайн газар дээрээ үндсэн үйл ажиллагаагаа дэмжих зорилготой нийт эзэмшил газрын 2,48 хувьд нь хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашаа барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч улсын бүртгэгч үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан ... ” гэж, хариуцагчаас “ ... Газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт нь аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон байхад хөдөө аж ахуйн зориулалттай хүлэмж, мал бордох хашаа, ахуйн үйлчилгээний зориулалттай автомашины гарааш зэрэг газрын зориулалт зөрчиж баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.3-д заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Нэхэмжлэгч Т.*******гээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 ******* баг, Ланз, Цагаан хаалганаас баруун хойно байрлалтай, аялал жуулчлалын баазын зориулалттай өөрийн эзэмшлийн газар дээр барьсан хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашааг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг гаргажээ.

 

4. Хариуцагч Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 ******* зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.  

 

5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:”, 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй;” 8.1.5-д “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй;”, 10 дугаар зүйлийн 10.5-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.” гэж “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.3-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ.” гэж тус тус заасан.

 

6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл улсын бүртгэгч нь газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь байрлаж байгаа газрынхаа эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу эсэхийг нягтлан шалгах, хэрэв бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө нь газрын зориулалтаас зөрүүтэй бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар байна.

 

7. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Т.******* нь Сүхбаатар сумын 4 ******* баг, Ланз, цагаан хаалганаас баруун тийш 10971 м.кв газрыг аялал жуулчлалын баазын зориулалтаар эзэмшдэг, тухайн газар дээрээ хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашаа барьж уг хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг “... бүртгүүлэх үл хөдлөх хөрөнгө нь газрын зориулалтаас зөрүүтэй ...” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын байцаагчийн татгалзал нь үндэслэлтэй, хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

 

8. “Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага MNS6043:2019”-ын 3.2-т “Жуулчны бааз гэж байгаль, түүх соёлын нөөцөд түшиглэсэн, байршуулах, хоол, ундны болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх байгууллагыг хэлнэ” гэж тодорхойлсон ба уг үйлчилгээг явуулах зориулалт бүхий газарт баригдсан хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашааг газрын зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй.

 

9. Хариуцагчаас шүүх хуралдаанд “ ... үл хөдлөх хөрөнгө байгаа газрынхаа зориулалтыг өөрчилж, хуульд заасны дагуу материалаа бүрдүүлж, дахин бүртгүүлэхээр хүсэлт гаргах боломжтой ... ” гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхээр нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгийг хянаад хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашааг хуульд заасан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 ******* зүйлийн 19.4.2, 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.5, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн “Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч С.*******ын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, миний мэдүүлсэн мэдүүлгийн дагуу нийт эзэмшил газрын 0.69 хувийг эзэлж байгаа мал бордох хашаа, 1.22 хувийг эзэлж байгаа хүлэмж, 0.57 хувийг эзэлж байгаа автомашины гараашийг тус тус улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 ******* зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 ******* зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНХАНД