| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2017/0154/э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2017-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Хохирогч Г.У,
Хохирогчийн өмгөөлөгч З.АлтанЦ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Х
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Уыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй гэв,
Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...17 цагийн орчим гэртээ иртэл У гэртээ байгаагүй... орой 19 цагийн орчим Алтанговьд 4-5 хүнтэй архи уучихсан гараад явж байсан. Тэгэхээр нь би хойноос нь дуудтал тоохгүй цаашаа яваад өгсөн. Би араас нь очоод 2 алгадаад машинд суулгасан юм. Тэгтэл У хашгираад байсан ба гэрт оруулаад унтуулах гэтэл бархираад байхаар нь миний уур хүрээд цахилгааны утас байхаар нь Уын хөл рүү хэд хэдэн удаа шавхуурдаад авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 27-28 дугаар хуудас/,
Хохирогч Г.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой урьд нь хамт ажилладаг байсан ажлынхаа газрын Ц, Л хоёртой Алтанговь худалдааны төвд байдаг караокед нэг, нэг лаазтай пиво уугаад дуулж сууж байгаад гараад явж байтал манай ээжийн ах Х намайг дуудсан. Тэгээд машиндаа оруулаад нүүрэн тус газар 2-3 удаа алгадаад миний нүүр лүү хөлөөрөө өшиглөөд үснээс зулгаагаад зодсон. Тэгээд машинтайгаа гэрлүүгээ явж очоод хар өнгийн цахилгааны утсаар намайг ороолгож зодсон. Намайг гэрээсээ гаргахгүй зодоод байсан. Тэгтэл Х ахын эхнэр Ц боль гэтэл чамд хамаагүй гээд цахилгааны утсаар ороолгож байгаад би Х ахын гэрээс гарч зугтааж гудамжнаас такси барьж цагдаа дээр ирж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Ө.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Х дүүгээ дуудсан чинь цаашаа яваад байсан. Х машинаасаа буугаад араас нь очоод 2-3 удаа алгадаад аваад ирсэн дүү нь бархираад агсраад байсан машиндаа суулгаад ... Х уурлаад 2, 3 цохиод авсан тэгээд унтахгүй болохоор нь Х цахилгааны утсаар хөл рүү нь хэд хэд шавхрахаар нь би Хг болиулсан... Уын уруул, нүүр нь хавдчихсан байсан..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Шинжээчийн ... дугаартай: “...Г.Уын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөг, баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн иргэн Г.Уыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Г.У нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг 240 / хоёр зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Хд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА