Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул, даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03005 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.М-ийн хариуцагч Ё.Я-д холбогдуулан гаргасан 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ё.Я-тай байгуулсан гэрээний эхний хагас жилийн урьдчилгаа төлбөрт 7 800 000 төгрөг буюу сар бүрийн төлбөрөөс 1 300 000 төгрөгийг урьдчилан төлж үлдэгдэл 2 000 000 төгрөгийг сар бүр төлөхөөр гэрээ байгуулсан. Ё.Я-ын хүсэлтийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 6 000 000 төгрөг төлж, сар бүр 2 300 000 төгрөгийг төлөхөөр тохирсон. 2019 оны 6 дугаар сард Ё.Я- түрээсийн төлбөрийг сар бүрийн 4 500 000 төгрөг болгох санал тавьсан. Надад төлөх боломж байхгүй тул гэрээгээ цуцлах болсон. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байраас гарах мэдэгдлээ хариуцагч талд өгсөн. 8-10 дугаар сарын төлбөр болон барьцаа 1 000 000 төгрөгийг урьдчилан өгсөн байсан. Холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр түрээс-1 гэж 500 000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ё.Я-ын нөхөр н.Эрдэнэбат гэх хүний 5084179981 тоот дансанд 600 000 шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөгийг шилжүүлэн өгснийг нэхэмжлэл гаргахдаа дутуу тооцсон байсан. Хариуцагч хариу тайлбартаа 2 000 000 төгрөгийн засварын хандив өгсөн гэсэн байна. Би тухайн үед өөрийнхөө хийх ёстой зүйлийг өөрөө мөнгөө гаргаж хийсэн. Надад мөнгө өгч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага 1 000 000 төгрөгийн барьцаа, 3 500 000 төгрөгийн түрээсийн төлбөр, нийт 4 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээг 2 тал харилцан тохиролцож хугацаанаас өмнө цуцалсан. Гэрээ цуцалсантай холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө урьдчилан төлж байсан. Гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тул түрээслээгүй үлдсэн хугацааны төлбөрөө Ё.Я-аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байна. Хуульд заасны дагуу гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь үнэн. Түрээслээгүй үлдсэн хугацааны төлбөрөө нэхэмжлэх эрхтэй. Байрны засвартай холбоотой Ё.Я- 2 000 000 төгрөг өгсөн гэх баримт байхгүй. Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгийг барьцаанд өгөөгүй. Харин 1 000 000 төгрөгийн дэнчин тавьсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар дэнчинг буцаан төлөх үүрэгтэй. Гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч нөгөө тал өөр түрээслэгч олсон. Түрээслэгч эд хөрөнгөд засвар хийх үүрэгтэй. Түрээслэгчийн өмнөөс түрээслүүлэгч засвар үйлчилгээ хийх хууль байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Талууд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түрээсийн харилцаанд орж эхэлсэн. Хамгийн сүүлийн маргаан бүхий гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Уг гэрээ 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсан. Гэрээгээр нэг сарын түрээсийн төлбөр 3 300 000 төгрөгөөр тохирч урьдчилгаанд 7 800 000 төгрөгийг хүлээн авсан. Нэхэмжлэгч Ц.М- 2018 оны 7 дугаар сарын эхээр түрээслүүлэгч талд бие өвдсөн тул цаашид түрээслэх боломжгүй болсон гэх санал гаргасан. Харин манай талаас дараагийн түрээслэгч олох хүртэл хугацаа хэрэгтэй гэдгийг мэдэгдэж 8 дугаар сарын дундуур гарах санал тавьсан. Харин нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэж өгсөн. 1 000 000 төгрөгийн барьцааг анх гэрээ байгуулахдаа авсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн харилцаа 9 сарын турш үргэлжилсэн. Энэ хугацааны түрээсийн төлбөр 29 700 000 төгрөг болж байгаа. Үүнээс хариуцагч 31 600 000 төгрөг, 1 000 000 төгрөгийн барьцаа нийт 32 600 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан. Түрээсийн төлбөрт 1 900 000 төгрөгийн төлбөр илүү төлөгдсөн. Түрээслэгч өөрөө тухайн гэрээг түрээсийн жилдээ цуцлах ёсгүй байсан. Гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусах байсан. Түрээслэгч өөрөө бие өвдсөн гэх шалтгаанаар гэрээгээ цуцалсан. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт дараагийн түрээслэгчийг олох, цаашид гарах үр дагавартай холбоотой харилцааг зохицуулсан. Түрээслэгч байрнаас гарахдаа хананд наасан мод, дүүжин тааз зэргийг буулгаж авч явсан. Түрээслэгч түрээсийн эд хөрөнгийн гол шинж чанарт хохирол учруулж болохгүй. Нэхэмжлэгч 1 900 000 төгрөгийг илүү төлсөн гэдэг нь дансны хуулганаас харагдаж байгаа. Ц.М- 2019 оны 1-3 дугаар сарын хогны хураамж төлөөгүй байсныг Ё.Я- төлсөн. Мөн 2019 оны 7 дугаар сарын усны төлбөр 192 586 төгрөгийн төлсөн. Ц.М- цайны газар түрээсэлж байх хугацаандаа 2017, 2018 онд баталгаажуулсан тоолуурыг дур мэдэн 3 удаа авсан. Үүнээс болж 2018 оны 8 дугаар сарын 21-ний дахин тоолуур тавихад 18 400 төгрөгийн зардал гарсан. Барьцаанд өгсөн 1 000 000 төгрөгөөс Ё.Я-аас гарсан зардал 461 986 төгрөгийг хасаж үлдэгдэл 539 014 төгрөгийг Ц.М-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн илүү төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн байр нь цайны газрын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш түрээсийн гэрээ цуцлах хүртэл түрээсийн төлбөр 3 600 000 төгрөг байснаас Ц.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр 2 600 000 төгрөг болгож буулгасан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт зааснаар үр шимийг өөртөө авах эрхтэй, мөн хуулийн 318.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг дагана. Иймээс Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасан гэрээгээр тохирсон үүргийг түрээслэгч зөрчсөн. Мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн жилийн эцэс буюу гэрээ дууссанаас 1 сарын дотор цуцалж болно. Түрээсийн жил дуусаагүй байхад Ц.М- гэрээгээ цуцалсан. Мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн үүргээс чөлөөлөгдөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.Янжиндуламаас 4 139 014 /дөрвөн сая нэг зуун гучин есөн мянга арван дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэлээс 360 987 /гурван зуун жаран мянга есөн зуун наян долоо/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 81 174.2 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.А давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03005 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Түрээсийн гэрээний зүйл нь тухайн орон сууцанд цайны газрын үйл ажиллагаа явуулах эрх бөгөөд энэхүү эрх болоод орон сууцыг салгаж дүгнэх боломжгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч Ц.М- нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж түрээсийн гэрээг цуцлах саналыг 2019 оны 7 дугаар сард гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс дараагийн түрээслэгч олоход хугацаа орно, гарах хугацаагаа хойшлуулаач гэсэн саналыг Ц.М-д тавьсан. Энэ нь шууд утгаараа нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг цуцлах саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй.

Харин ч түрээслэгч Ц.М- нь түрээсийн гэрээг дур мэдэн ганцаар цуцалж, сайн дураар байрыг чөлөөлсөн байсан. Иймд бид байрыг хүлээлцэж аваагүй бөгөөд Ц.М- нь хананд шавардаж наасан мод, хананд бэхжүүлсэн гэрлийн унтраалга, таазны гэрэл, дүүжин тааз гэх мэт авч болох бүх зүйлийг авч явсан байсан. Хариуцагч тал нь шууд ашиглаж болохооргүй байр үлдээсэн. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь тохирсон хугацааг баримтлах үүрэг хүлээнэ. Мөн ямарваа нэгэн шалтгаанаар эд хөрөнгийг түрээслэх сонирхолгүй болсон бол эд хөрөнгийг түрээслэгчид буцаан өгч болох авч, гэрээний хугацааг дуустал төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд Ц.М- нь хариуцагч Ё.Я-аас түрээсийн гэрээний төлбөрт урьдчилан төлсөн гэх 3 500 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй.

Ц.М- нь түрээсийн байранд засвар хийхдээ энгийн шавар ханийг сэтлэн түүн дээр мод шавардаж наасан. Хананд ийнхүү мод наад талаар түрээслүүлэгчээс зөвшөөрөл аваагүй өөрөө хийсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар түрээслэгч нь урсгал засварыг хийхээр тохиролцсон бөгөөд энэхүү хүрээндээ хийсэн зүйлээ нураан авсан байсан ба тус байранд их хэмжээний засвар хийхээс нааш ашиглах боломжгүй байдалд үлдээсэн. Үүнээс үүдэн түрээслүүлэгч нь 8 000 000 төгрөгийн хохирол амссан болох нь дараагийн түрээслэгчтэй байгуулсан гэрээнээс харагдаж байгаа.

Анхан шатны шүүхээс “2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дараагийн түрээслэгчтэй гэрээ байгуулсан байна” гэж дүгнэсэн нь түрээслэгч сайн дураараа гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосноос үүссэн хохирлыг үгүйсгэхгүй. Түрээслэгч Ц.М- түрээсийн байрыг сулласан өдөр түрээслүүлэгч зар тавихад тэр өдрөө шинэ түрээслэгч олдсон.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах ба анхан шатны шүүх хариуцагч "Ё.Я-д"-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй байх бөгөөд энэ тохиолдолд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Ё.Я-д холбогдуулан 4 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлын байр түрээслэх” гэрээгээр түрээслүүлэгч Ё.Я- нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62 байр 18 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий цайны газрыг түрээслэгч Ц.М-д 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх, түрээслэгч Ц.М- нь нэг сарын 3 300 000 төгрөг, нэг жилийн нийт 39 600 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх үүргийг хүлээж, урьдчилгаа төлбөрт 7 800 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөгийг түрээслэгчид төлсөн үйл баримт тогтоогджээ.  

 

Нэхэмжлэгч буюу түрээслэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг 2019 оны 7 дугаар сард гаргасныг хариуцагч буюу түрээслүүлэгч хүлээн авч 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дараагийн түрээслэгчтэй гэрээ байгуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

 

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүх хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг талуудад үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

Түрээслүүлэгчийн түрээсийн төлбөр нэмэх саналыг хүлээн авалгүйгээр гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дараагийн хөлслөгчтэй гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон тул эд хөрөнгийг ашиглаагүй хугацааны урьдчилан төлсөн төлбөрийг барьцаа 1 000 000 төгрөгийн хамт нэхэмжлэгч шаардсаныг хангах нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Харин нэхэмжлэгч нь ахуйн зардалд 2019 оны 1, 2, 3 сарын хогны мөнгө 150 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын ус дулааны төлбөр 192 586 төгрөг, тоолуур баталгаажуулсан зардал 18 400 төгрөг, нийт 360 986 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний төлбөрт урьдчилан төлсөн 3 500 000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан барьцааны мөнгө 1 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгөөс хасаж тооцож, үлдэх 4 139 014 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч 2 000 000 төгрөг засвар үйлчилгээний зардалд гаргасан болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжилсэн дүнгээс хасаагүй нь үндэслэл бүхий болсон байна.

 

            Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Ё.Я-ын нэрийг Ё.Янжиндулам гэж алдаатай бичсэнийг зөвтгөх шаардлагатай.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “хариуцагч Ё.Янжиндуламаас” гэснийг “хариуцагч Ё.Я-аас” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

      ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ