Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Хохирогч М.Б

Шүүгдэгч С.Г нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Г

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Г нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгйин 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн М.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлал гуйж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоо биеийн байдал сайжирсан хар багийн найзууд байгаа юм. Биеийн байдал сайжирсан, нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй гэв,

 

Шүүгдэгч С.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө үүрээр Ж .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон тухайн хоёр эмэгтэйг аймагт хүргэж өгөөд ирсэн. Жыг аймаг ороод ирсэний дараа би тээврийн хэрэгслийг жолоодон Сайхандулаан сум руу явж байгаад зам тээврийн осол гаргасан. Машин явж байгаад гэнэт шарвасан. Би тухайн машины арын дугуй хагарчихлаа гэж бодсон. Тэгтэл машин шарваж байгаад онхолдож осол гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хуудас/,

 

Гэрч О.Жын мөрдөн байцаалтанд өгсөн: “...цааш ажлын зүг Б жолоо бариад явсан. Зам зуур би зүүрмэглээд нэг харахад машин замаас гараад шарваж байсан. Энэ үед Г жолооны ард сууж байгаа харагдсан. Тэгээд машин онхолдсон. Би осол болсны дараа арын суудал дээр ухаан ороход Г Быг машины гадаа тэвэрсэн байдалтай байж байхаар нь очоод юу болсныг асуухад Г надад хандаж “би хүн алчихлаа, надад одоо амьдрал байхгүй, яаралтай эмнэлэг дуудаарай” гээд их айж сандарсан байдалтай хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын урд суудал дээр, Ж арын суудал дээр унтаж явсан. Г тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад машин гэнэт далбилзаад арын дугуй хагарчих шиг болсон. Тэгээд машин шарваж зам тээврийн осол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай ... нь хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөдөө ажилд явахдаа байгууллагын тээврийн хэрэгсэл болох .... гэсэн улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэдэг юм. 2017 оны 8 сард манай компани Дорноговь аймгийн Сайхандулаан суманд хайгуул хийх ажил аваад манай компаний геологич С.Г, Б, Ж нар 2017 оны 06 сарын 15-ны өдөр .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймаг яваад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осол гаргасан байсан...би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, 7943000 төгрөгийн үнэлгээ гарсан байсан. Уг үнэлгээ нь автомашины зөвхөн гадна талын эвдрэл гэмтлийг тусгасан үнэлгээ байсан. Дотор эд анги бүрэн бүтэн эсэхийг мэдэхгүй. Би С.Гаас ажил үйлчилгээ хэвийн явуулах тээврийн хэрэгсэл нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эм- Э.Аын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаартай “...2017 оны 08 дугаар сарын 22-ны Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн №4016 дугаартай өвчний түүхээс үзэхэд М.Бы биед цээжний хөндийн хий хуралт, зүүн эгэмний зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун өвдөг, зүүн мөрний шарх, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Бы биед учирсан биед цээжний хөндийн хий хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн эгэмний зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, баруун өвдөг, зүүн мөрний шарх, зүүн бугалганы зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ... дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Г гэж хаягласан цус хэмжээ хүрэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Г гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн ...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн70 дугаартай: “.... .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.Г нь Замын хөөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан согтууруулах уундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооодох”-ыг хориглоно, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна. .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зөрчиж явсан. О.Ж, М.Б нар нь ЗХД-ийн ямар зүйл, заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Ослын газрын схем зурагт тэмдэглэсэн А, А1, В хүртэлх зайг харьцуулан бодож .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол гарах үед хэдэн км цагийн хурдтай явсныг гаргах боломжгүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-12-17/,

           Хөрөнгө Эстимэйт ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3563 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 83 дугаар хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-119 / зэргийг шинжлэн судлав.

         

 Шүүгдэгч С.Г нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгйин 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн М.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.Гыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож онхолдсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болон иргэний нэхэмжлэгч С.Мын  шүүхэд ирүүлсэн С.Гын хохирол барагдуулахаар үүрэг хүлээсэн баримт бичиг үйлдсэнийг зөвшөөрч гарын үсэг зурж, ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж, эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бусад хохирлыг төлсөн, хохирогчоос шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулахыг шүүхээс хүссэн зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г нь осолд орсон .... улсын дугаартай автомашин Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа ба ...д өгсөн ... улсын дугаартай авто машин нь механик хөдөлгүүртэй тул .... машины дизел хөдөлгүүртэй моторыг сольж тавьж өгөхөөр тохирсон тул уг машиныг олгож өгнө үү гэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ...ний эзэмшлийн .... дугаартай авто машиныг битүүмжилсэн, хураан авсан тухай мөрдөгчийн эрхийн акт байхгүй, энэ талаар улсын яллагч шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй тул .... улсын дугаартай авто машиныг шүүгдэгч С.Гад буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Гыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож онхолдсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг /  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн  2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

6. Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа .... улсын дугаартай автомашиныг шүүгдэгч С.Гад буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  С.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА