Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0038

 

 

 

    2024         01           09                                     128/ШШ2024/0038

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Х*******, ” ХК (РД: ),

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О, Б.М,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х нарын хоорондын шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.М, хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

    1. Гомдол гаргагчаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Од холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Оы үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудсыг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.О нь “Х*******, ” ХК-д холбогдуулан үүсгэсэн 230 дугаартай зөрчлийн хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаартай шийтгэлийн хуудсаар Х*******, анд 9,000,000 (есөн сая) төгрөгийн торгох шийтгэл оногдуулж “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавар өгснийг Х*******, ны зүгээс эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу доор дурдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Улсын ахлах байцаагч нь 000 дугаар шийтгэлийн хуудсаар “Х******* ” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй” зөрчил гаргасан буюу “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” МNS 6366:2013 Монгол Улсын стандартын 6.2.3-т “Автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсан. Улмаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавраар хэрэглэгч банкны мэдээллийн ажилтантай холбогдох хүртэлх хугацаанд буюу автомат хариу өгөгч ажиллаж байх хугацаанд төлбөр тооцохгүй байхаар техникийн тохируулга хийж, зөрчлийг арилгахыг Х*******, анд даалгасан болно.

Нэг. Эрх бүхий албан тушаалтан захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй тухай:

Х*******, болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Тусгай дугаарт ярианы шугам ашиглуулах үйлчилгээний гэрээ”-ний 4 1 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК нь Х*******, ны тусгай дугаарт шугам ашиглуулах дугаарыг өөрийн сүлжээнд үүсгэн, үүрэн телефоны оператор компаниудын хэрэглэгчийн дуудлагыг тухайн тусгай дугаарт холбох, холболт тогтсоноос эхлэн хэрэглэгчээс төлбөр тооцох техникийн тохиргоог хариуцдаг этгээд юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч банкны 1900- тусгай дугаарт холбогдсон үеэс буюу тусгай дугаарын автомат хариу өгөгч ажиллаж байх хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар тохируулах техникийн боломж байгаа эсэх асуудлыг зөвхөн “М” ХХК шийдвэрлэх боломжтой.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авах ажиллагааг хийх үүрэгтэй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан нь ийнхүү мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарын автомат хариу өгөгч ажиллаж байх хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байх программ хангамж, техникийн боломж байгаа эсэх, цаашлаад Монгол Улсад тусгай дугаараар мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлж буй нийт этгээдүүдийн төлбөр тооцох алхам, түүний дараалал, үйл явцын талаар энэхүү асуудлыг хариуцсан мэргэжлийн этгээд болох “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй. Ийнхүү, эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “Х*******, ” ХК-д шийтгэл ногдуулах үндэслэл болсон “автомат хариу өгөгчид холбогдох үед төлбөр тооцохгүй байх” талаарх стандартын шаардлагыг хангах техникийн боломж байгаа эсэхийг тус асуудлыг хариуцсан мэргэжлийн этгээдээс тодруулахгүйгээр зөвхөн үүрэн телефоны оператор компаниудын хууль ёсны төлөөлөгчдийн мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргасан нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалган тогтоогоогүй буюу үндэслэлгүй байна.

Хоёр. Захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тухай:

“Х*******, ” ХК-ийн эзэмшиж буй 1900- тусгай дугаарт бусад үүрэн телефоны оператор компаниудын хэрэглэгчийн дуудлагыг холбох, холболт үүссэнээс хойш төлбөр тооцохтой холбоотой техникийн тохиргоог “М” ХХК хариуцдаг бөгөөд Х*******, ны зүгээс хэрэглэгч банкны 1900- тусгай дугаарын автомат хариу өгөгчид холбогдсон байх хугацаанд төлбөр тооцохгүй байх техникийн боломж байгаа эсэхийг “М” ХХК-иас тодруулахад “Автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй байх” техникийн боломж байхгүй тухай хариуг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/901 тоот албан бичгээр ирүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад заасны дагуу захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол тухайн захиргааны акт гарсан цагаасаа эхлэн илт хууль бус болох эрх зүйн үр дагавартай. Дээр дурдсанчлан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байх тул энэхүү даалгавар нь “илт хууль бус” захиргааны актад хамаарч байна.

Гурав. Мэдээлэл, лавлах үйлчилгээний зориулалтаар тусгай дугаар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан журам болон стандарт хоорондоо зөрчилдөж байгаа тухай:

Харилцаа, холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 5.3.2 дахь заалтад “Нэмүү өртөгт тусгай дугаар эзэмшигч нь холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохион байгуулж, цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэж заасан. Тодруулбал, хэрэглэгч мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарт чиглэсэн дуудлагыг эхлүүлсэн тохиолдолд тусгай дугаар эзэмшигч нь “холболт тогтож” үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид танилцуулж энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохицуулах шаардлагатай бөгөөд журмын тус зохицуулалт нь “холболт тогтсон”-оос хойш төлбөр тооцож эхлэх агуулгатай байна.

Харин, “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” МNS 6366:2013 Монгол Улсын стандартын 6.2.3-т “Автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй” гэж заасан нь дээрх журмын зохицуулалттай зөрчилдөж байна. Учир нь М, Ю, С, Ж зэрэг үүрэн телефоны операторуудын хэрэглэгч мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарт холбогдохоор дуудлага эхлүүлснээр “М” ХХК нь тухайн дуудлагыг Х*******, ны систем рүү чиглүүлж өгдөг. “М” ХХК нь хэрэглэгчийн дуудлагыг банкны тусгай дугаарт холбох хүртэлх хугацаанд “М” ХХК-ийн систем дээр тохируулсан “хэрэглэгчид тусгай дугаарын үйлчилгээний үнэ тарифыг танилцуулдаг” автомат хариу өгөгч ажилладаг бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцдоггүй.

Улмаар, “М” ХХК нь хэрэглэгчийн дуудлагыг Х*******, ны 1900- тусгай дугаарт амжилттай холбосноор буюу хэрэглэгчийн дуудлага тусгай дугаар эзэмшигчийн автомат хариу өгөгчид холбогдсон үеэс эхлэн холболт амжилттай тогтдог. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн дуудлага тусгай дугаар эзэмшигчийн автомат хариу өгөгчид холбогдсон үеэс эхлэн төлбөр тооцож эхлэх боломжтой байхаар Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журамд заасан хэдий ч тусгай дугаар эзэмшигчийн автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй байхаар “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага МNS 6366:2013 Монгол Улсын стандарт”-д заасан нь хоорондоо зөрчилдөж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” болон “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага МNS 6366:2013 Монгол Улсын стандарт” нь мэдээлэл, лавлах үйлчилгээний зориулалтаар тусгай дугаар эзэмшихтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ тул эдгээр хэм хэмжээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд сүүлд хүчин төгөлдөр болсон хэм хэмжээ давуу эрэмбэтэй үйлчилнэ. Цаг хугацааны хувьд сүүлд хүчин төгөлдөр болсон хэм хэмжээ болох Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам нь стандартаас давуу эрэмбэтэй үйлчлэх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан нь дээрх стандартын заалтыг үндэслэн Х*******, анд шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Х******* ХК нь 1900- болон 1800- дугааруудаар хэрэглэгчдэд өөрийн үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 1800- дугаараар харилцагчид банкны үндсэн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг, 1900- дугаараар банкны үндсэн үйлчилгээнээс бусад нэмэлт үйлчилгээ болон түүнтэй холбоотой мэдээллийг хүргэж ажилладаг. 1900- дугаар нь нэмүү өртөг бүхий тусгай дугаар бөгөөд тус дугаарт холбогдсон үед автомат хариу өгөгчөөр үнэ тарифын мэдээллийг танилцуулж, үйлчилгээний зориулалтыг банкны албан ёсны ******* цахим хуудсанд нээлттэй байршуулдаг.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хянан шалгагч, улсын ахлах байцаагч Х.Оы үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг илт хууль бус болохыг тогтоож, 00 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэглэгч дуудлага эхлүүлээд мийн систем дээр тохируулсан автомат хариу өгөгчөөр хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифын талаар мэдээлэл өгнө гэж журамдаа заачихсан байгаа. Энэхүү үйлчилгээнийхээ үнэ тарифын талаар мэдээлэл өгөх хугацаандаа төлбөр тооцохгүй гэсэн журамтай байгаа. Х-ны 1900 дугаарт харилцан хэрэглэгч дуудлага хийх үед үйлчилгээний үнэ тарифын талаар танилцуулдаг. Тухайн хугацаанд төлбөр тооцдоггүй. 8 секунд нь холболт тогтсоноос хойш бодогдож байгаа секундийн алхмууд байгаа. Гэрээнийх заалтыг харах юм бол төлбөр нь дараах байна. Гэхдээ холболт тогтсоноос хойш дараах байдлаар бодогдоно гэж байгаа. Холболт тогтохоос өмнө хэрэглэгчийн үйлчилгээний үнэ тарифын талаар танилцуулаад тэр хугацаанд төлбөр тооцохгүй байгаа. Мээс холболтыг амжилттай тогтоосон буюу хэрэглэгчийн дуудлагыг банкны 1900 тусгай дугаарт шилжүүлснээр холболт тогтсон гэж үзээд тэр хугацаанаас хойшоо төлбөр бодогдож байгаа.

 Хоёрдугаарт Х-ны нийтэд нээлттэй цахим хуудсан дээр 1900 болон 1800 тусгай дугаарын ялгааг нь маш тодорхой оруулаад өгчихсөн байгаа. Яагаад 1900 тусгай дугаар нь нэмүү өртөгтэй ийм дугаар ашиглаж байгаа юм бэ гэхээр 1800 тусгай дугаарт холбогдох үед яг автомат хариу өгч ажиллаад маш олон салаалж хэрэглэгч удаж байж хүссэн үйлчилгээгээ авах боломжтой байдаг. 1900 болохоороо хэрэглэгч арай хурдан байдлаар банкны мэдээллийн ажилтантай холбогдоод хүссэн үйлчилгээгээ авах зорилготой дугаар. Ийм 2 ялгаатай юм. Тийм учраас 1900 нь нэмүү өртөгтэй байгаа, энэ дугаар өөрөө нэмүү өртөгтэй юм шүү, та энэ дугаарт холбогдсоноороо ийм нэмүү өртөг төлнө гэдэг нь харилцагчид мэдээлчхэж байгаа. Тэрийг сонсоод харилцагч дуудлагаа үргэлжлүүлж байна гэдэг чинь өөрөө тэр нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд үргэлжлүүлж байгаа нэг хэлбэр юм. 1900 тусгай дугаарт маш олон хэрэглэгч хандаад үйлчилгээгээ авдаг. Энэ дугаарын үйлчилгээтэй холбоотой даалгавар бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй даалгавар өгсний улмаас дугаарын үйлчилгээгээ зогсох нөхцөл байдал үүсэх гэх юм бол эсрэгээрээ өөрөө 1900 тусгай дугаарыг ашиглаад үйлчилгээ авдаг тэр олон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал бас үүсчхээд байгаа юм.

 М болон М компани нь 2 тусдаа хуулийн этгээд. Хамаарал бүхий этгээд байна уу үгүй юү хамаагүй Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд өөрийнхөө нэрээр эрх олж үүрэг хүлээж эрх зүйн харилцаанд эрх барих байгууллага буюу гүйцэтгэх удирдлага түүнээс томилсон этгээдээрээ дамжуулж оролцож байгаа. Зөрчлийн хэргийн материалд М компанийн тусдаа итгэмжлэл олгосон бичиг, М компанийн М*******эд тусдаа олгосон итгэмжлэл байгаа. Гэтэл яг Мын төлөөлөгч Боос мэдүүлэг аваад тэр нь хэтэрхий нэг талыг барьчихсан зөвхөн М болон Х-ны хоорондын асуудлын талаар тайлбар өгчихсөн байдаг. Гэтэл яг техникийн тохиргоог хариуцдаг этгээд нь м компани юм гэдгийг бүх үүрэн телефоны операторууд нь мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Гэтэл М компанийн хууль ёсны төлөөлөгч М*******ээс өөрөөс нь мэдүүлэг аваад өөрөөр нь гарын үсэг зуруулсан тийм баримт хэрэгт байхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр яагаад гол техникийн тохиргоог нь хариуцдаг компанийн төлөөлөгчөөс мэдүүлэг аваад үнэхээр автомат хариу өгч холбогдсон үед төлбөр тооцохгүй байхаар тохируулга хийх боломжтой юм уу үгүй юү гэдгийг нь нэг удаа асуугаад  ийм ажиллагаа хийчхэж болоогүй юм бэ гэдэгт л банк гомдоод байгаа юм. Өөр яг М, Ю, С, Ж гээд бүгдээс нь нэг бүрчлэн тайлбар авчхаад яагаад М*******ээс аваагүй юм бэ. Хэрэгт М*******ийн өөрөө гарын үсэг зураад мэдүүлэг өгсөн баримт байхгүй. Нотлох баримт шинжлэн судлахад бас харагдсан. Хэрэглэгч нэг талд хохироод байна гэж үзэж байгаа боловч хэрэглэгч өөрөө зөвшөөрөөд тэр үйлчилгээг авч байгаа юм. Тийм учраас яг хэрэглэгчийг хохирсон гэж үзэх үү үгүй юү гэдэг нь бас нэг асуудал. Тэгэнгүүт тэр хэрэглэгчээс бодогдож байгаа төлбөр шууд Х авдаггүй хэрэглэгчийн нэгжээс хасагдлаа үүрэн телефоны оператор буюу М, Ю, С, Жын дансанд ордог. Яг бодит байдал дээр төлбөр аваад байгаа этгээд нь үүрэн телефоны операторууд байхад яагаад ганцхан Х-ийг ингэж буруутай этгээд гэж үзэж байгаа юм бэ? Тийм ч учраас энэ этгээдүүдээс тайлбар авхуулъя шүүх дээр гуравдагч этгээдээр оролцуулъя гэсэн хүсэлтийг банкнаас гаргасан байгаа. Сүүлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн. Тэр үзлэгээрээ төлбөрийн талаар мэдээлэл хүргүүлж байх хугацаа нь бодогдсон уу үгүй юү яг хэд дэх секундээс эхэлж бодогдож байгаа юм холболт хэзээ тогтоод байгаа юм бэ гэдэг нь яг нарийвчлан тогтоосон юм ерөөсөө байхгүй. Дээр нь нэмээд хэрэгт авагдчихсан байгаа н.Пэ*******ынх гээд таны дансанд тэдэн төгрөг байна гэсэн эдгээр баримтууд нь бол скрийншотын зураг юм уу? Эд нар өөрсдөө бүгдээрээ ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй. Энийг хэн ч эвлүүлээд  зургийн дараад авчхаж болно. Эх хувиар үзлэг хийж тогтоосон бичмэл нотлох баримтаар нотариатыг гэрчлүүлсэн юм байхгүй бүгд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байгаа. Эрх бүхий албан тушаалтан хэлж байна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 1950 нэмүү өртөгтэй мэдээлэл лавлах үйлчилгээ үзүүлэгч нь өөрөөр төлбөрийн системээ тогтоогоод хэрэглэгчийг хохироохгүй яваад байдаг гэсэн. Бас энэ талаар хийсэн ямар ч ажиллагаа хийгээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад банк дотооддоо болон өөрсдөө олж авсан мэдээллээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх 1900-тэй нэмүү өртөг тусгай дугаараар мэдээлэл лавлах үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүд яг адилхан зарчмаар явагддаг. Магадгүй хэрэглэгчийн дуудлагыг тусгай дугаар эзэмшигчийн систем рүү шилжүүлж өгч байгаа компаниуд нь өөр буюу мээс өөр компани байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ зарчмын хувьд өөрөө холболт тогтлоо бол тэр нь төлбөрт тооцогдоод явж байгаа ийм системээр ажиллаж байгаа юм.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Х*******, " ХК-иас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гомдол гаргасантай холбогдуулан уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Тус газарт иргэн У.Пэ*******аас “Х*******, ны лавлах 1900- тусгай дугаарт залгахад мэдээллийн ажилтан /оператор/-тай холбогдоогүй, шаардлагатай үйлчилгээг авч чадаагүй боловч хэрэглэгчийн дугаараас төлбөр тооцож авч байгаа нь шударга бус, хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна” гэх гомдол ирүүлсний дагуу Х*******, ны 1900- тусгай дугаараар хэрэглэгчид үзүүлж буй мэдээлэл, лавлах үйлчилгээ нь холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг зөрчсөн байж болзошгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн 230 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “Х*******, ” ХК-ийн мэдээлэл, лавлагааны 1900- нэмүү өртөгт тусгай дугаарын үйлчилгээ нь “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.3.1, 5.3.2, 5.3.3, 5.3.5, 5.3.7, 5.3.12 дахь заалтууд, “Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” МNS 6366:2013 Монгол Улсын стандартын 6.2 дахь хэсгийн 1, 2; 10 дахь хэсгийн 5-д заасан шаардлагад нийцэхгүй байна. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчиж байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч “Х*******, ” ХК-д 9,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагад “Эрх бүхий албан тушаалтан захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй бөгөөд мөн тусгай дугаарын төлбөр тооцох алхам, түүний дараалал, үйл явцыг хариуцдаг мэргэжлийн этгээд болох “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй” гэсэн тухайд,

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “Монголын цахилгаан холбоо” ХК болон үүрэн холбооны оператор компаниуд болох “М ”, “Ю”, “С”, “Ж” ХХК-иудаас тус тус холбогдогчийн мэдүүлэг авсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 28, мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд “М ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б овогтой Б, “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б овогтой М*******э нараас зөрчил гарсан байдлыг тодруулах зорилгоор тус тус мэдүүлэг авсан. Тус мэдүүлэгт ““М” ХХК нь тусгай дугаар эзэмшигч /******* ХК/-ийн 1900- дугаарыг өөрийн системд байршуулаад бусад оператор компаниудын хэрэглэгч 1900- тусгай дугаарт холбогдох боломжоор хангаж өгч байгаа. Холболт тогтсоноос хойш явагдаж байгаа IVR буюу автомат хариулагчийн үйлдэл нь Х*******, ны өөрсдийн дуудлагын төвийн систем дээр хийгддэг тохиргоо учраас “М ” ХХК болон “М” ХХК-ийн аль аль нь тухайн системийг хянах, тохируулах боломжгүй бөгөөд хэрэглэгчийн гомдоод байгаа хэсэг буюу автомат хариулагч ажиллаад байгаа хэсэг нь Х*******, ны хариуцаж байгаа үйл ажиллагаа учраас М, М аль аль нь шийдвэрлэх техникийн болоод эрх зүйн боломжгүй” талаар дурдсан байдаг.

Түүнчлэн “Х*******, ” ХК-ийн “М” ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Тусгай дугаарт ярианы шугам ашиглуулах үйлчилгээний гэрээ”-ний 4-т нийлүүлэгч /М ХХК/ нь тусгай дугаарт шугам ашиглуулах дугаарыг өөрийн сүлжээнд үүсгэн, орох дуудлагыг хүлээн авах боломжоор хангах, шугамын хэвийн үйл ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэг үүрэг хүлээхээр тусгасан байх бөгөөд харин хэрэглэгчээс төлбөр тооцох техникийн тохиргоог хариуцах үүрэг хүлээхээр тус гэрээнд тусгагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн талын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Эрх бүхий албан тушаалтан захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй” нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагад “Мэдээлэл, лавлах үйлчилгээний зориулалтаар тусгай дугаар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан журам болон стандарт хоорондоо зөрчилдөж байна” гэсэн тухайд,

Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус газрын 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03-03/1219 дугаартай албан бичгээр холбогдох журам, стандартын заалтуудыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар тайлбар, тодруулга авахад тус хорооноос ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05/1280 дугаартай албан бичигт холбогдох журам, стандартын заалтуудыг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

  1. “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.3.1-д “Тусгай дугаарт ярианы үйлчилгээний төлбөрийг эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар тооцож, тарифжуулах асуудлыг цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тодорхой тусгана” гэх заалтад “ ... ярианы үйлчилгээний төлбөрийг ...” гэсэн нь тухайн тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг авахаар дуудлага эхлүүлж, холболт тогтоож, үйлчилгээ авсан хэрэглэгчийн авсан үйлчилгээний нийт хугацаанд суурилан тооцогдож гарах төлбөр буюу үйлчилгээ авсан хэрэглэгчийн төлөх нийт төлбөр гэж ойлгоно” гэж, 5.3.2-т “Нэмүү өртөгт тусгай дугаар эзэмшигч нь холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохион байгуулж, цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тусгана.” гэх заалтад “ ... холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө ... ” гэдэгт хэрэглэгч дуудлага эхлүүлж, холболт тогтох хүртэлх хугацааг холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнөх хугацаа гэж ойлгоно.” гэж,
  2. “Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” МNS 6366:2013 Монгол Улсын стандартын 6.2-т төлбөр тооцооны системд тавих шаардлага хэсгийн 2-т “Автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй” гэсний “ ... автомат хариу өгөгч ...” гэснийг хэрэглэгчээс дуудлага эхлүүлэх үед станцын хариу дохио /ringtone/-ны дараа тусгай дугаарт үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийг мэдээллийн ажилтантай холбох хүртэл өөрийн үйл ажиллагааны талаар урьдчилан бичигдсэн мэдээллээр хангах үйл ажиллагаа гэж ойлгохоор тусгагдсан байна” гэсэн талаар тус тус тайлбарласан байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалгаад тогтоогдсон зарим нөхцөл байдлуудаас дурдахад тухайлбал,

Нэг. Хууль тогтоомжийн хүрээнд:

Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт 1900**** тусгай дугаар болон 1800**** тусгай дугаарын үйлчилгээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 74 тоот тушаалаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”, “Тусгай дугаар ашиглах гэрээ” болон “Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага" МNS 6366:2013 Монгол Улсын стандартыг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.3.1-д “Тусгай дугаарт ярианы үйлчилгээний төлбөрийг эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар тооцож, тарифжуулах асуудлыг цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тодорхой тусгана” гэж, 5.3.2-т “Нэмүү өртөгт тусгай дугаар эзэмшигч нь холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохион байгуулж, цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэж, 5.3.5-д “Олон нийтэд үйлчилгээний зориулалт, үнэ тариф, төлбөрийн алхмыг ойлгомжтой хэлбэрээр тогтмол сурталчилна” гэж, мөн “Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага MNS 6366:2013 Монгол Улсын стандарт”-ын 6.2 дахь хэсэгт “Дуудлагын төв рүү холбогдох хэрэглэгчийн төлбөр тооцооны систем нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 2-т “Автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй”” гэж “тусгай дугаараар мэдээлэл, лавлах үйлчилгээ эрхлэгч”-дэд тавигдах нөхцөл шаардлагуудыг тус тус заасан байна.

Хоёр. “Х*******, ” ХК-ийн мэдээлэл лавлах үйлчилгээний 1900- нэмүү өртөгт тусгай дугаар, 1800- тусгай дугааруудын ажиллах үйл явц:

“Х*******, ” ХК нь тухайн хэрэглэгчийн ашиглаж буй үүрэн холбооны операторын үндсэн тариф дээр нэмэгдэл төлбөртэй 1900- нэмүү өртөгт тусгай дугаараас “банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт гаргах, шийдвэрлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ”-ний мэдээллийг хэрэглэгч мэдээллийн ажилтан /оператор/-тай шууд холбогдож авахаар, харин үүрэн холбооны операторын энгийн тарифтай 1800- тусгай дугаараас “салбарын болон АТМ-ын байршил, цагийн хуваарь, карт, ПОС машины мэдээлэл, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, бусад мэдээллийг” хэрэглэгч автомат хариулагчаас тус тус авах боломжтой гэх мэдээллийг өөрийн ******* цахим хуудсанд олон нийтэд нээлттэйгээр байршуулсан байна. Гэвч бодит байдал дээр хэрэглэгч энгийн тарифтай 1800- тусгай дугаарын автомат хариулагчаас авах боломжтой дээрх мэдээллүүдийг 1900- нэмүү өртөгт тусгай дугаарын автомат хариулагчаас 1 минут нь 150-165 төгрөгийн төлбөртэйгөөр ижил төрлийн мэдээллийг авахаар зохицуулалт хийсэн байгаа нь нэмэлт төлбөртэй тусгай дугаарын лавлах үйлчилгээ нь “мэдээллийн ажилтантай шууд холбогдож нэмэлт мэдээлэл авах” зорилгодоо нийцээгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, үнэн бодит мэдээллээр хангаагүй үйлдэл гэж үзэхээр байна.

Тухайлбал, Х*******, ны 1900- тусгай дугаарт дуудлага хийхэд “автомат хариу өгөгч”-өөр төлбөрийн мэдээлэл өгсний дараа хэрэглэгч 1 гэсэн товчлуур дарахад салбар, АТМ-ын байршлын мэдээллийг автомат хариулагчаас авах /уг товчлуурыг дарахад дахин 1 гэсэн товч дарснаар нэмэлт 3 товчлуураас дахин сонгож дээрх мэдээллүүдийг автомат хариулагчаас авахаар/, 2 гэсэн товчлуур дарахад автомат хариу өгөгч ажилласны дараагаар мэдээллийн ажилтантай холбогдох зэрэг мэдээллүүдийг хэрэглэгчид өгөхөөр “автомат хариу өгөгч”-ийн тохиргоог банкны серверт тохируулсан байх бөгөөд харин “автомат хариу өгөгч" ажиллаж байх энэ хугацаанд хэрэглэгчийн дугаараас төлбөр тооцохгүй байхаар холбогдох журам, стандартаар зохицуулсан байна.

Гурав. Банкны лавлах 1900- тусгай дугаарын үйлчилгээний талаар хэрэглэгчээс ирүүлсэн гомдол:

Гомдол гаргагч иргэн У.Пэ******* нь тус банкны мэдээллийн ажилтантай холбогдож санал, хүсэлт гаргах зорилгоор 1900- тусгай дугаарт 2023 оны 6 дугаар сарын 02-28-ны өдрүүдэд өөрийн эзэмшдэг мын 9 дугаараас 8 удаагийн дуудлага, Юийн 88 дугаараас 6 удаагийн дуудлага нийт 14 удаагийн дуудлагыг хийсэн байх бөгөөд хэрэглэгч нь мэдээллийн ажилтантай холболт эхлээгүй ямар нэгэн үйлчилгээ аваагүй байхад хэрэглэгчийн дээрх дугааруудаас хийсэн дуудлага бүрт төлбөр тооцогдсон, өөрөөр хэлбэл, иргэний юийн 88, мын 9 дугааруудаас 1900- тусгай дугаарт залгасан чанаргүй дуудлага /оператортой холболт эхлээгүй/-уудын төлбөрийг хянаж үзэхэд тусгай дугаар эзэмшигч /Х ХК/ нь “М ”, “Ю” ХХК-иудтай байгуулсан “Тусгай дугаарын үйлчилгээнд зориулсан сүлжээ ашиглуулах тухай гэрээ”-нд заасан минут, секундийн алхмаар буюу 1 минутыг 130-165 төгрөгөөр, 1 секундийг 2,17-2,75 төгрөгөөр тус тус тооцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

“Х*******, ” ХК-ийн мэдээлэл, лавлагааны 1900- нэмүү өртөгт тусгай дугаарын үйлчилгээ нь “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” болон “Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага MNS 6366:2013 Монгол Улсын стандарт”-ын холбогдох заалтуудтай нийцэхгүй байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “... гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь ... заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчиж байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар журам, стандартын шаардлага хангаагүй зөрчилд холбогдогч “Х*******, ” ХК-д торгуулийн шийтгэл оногдуулах үндэслэл болсон. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000 тоот шийтгэлийн хуудас болон улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгавар үндэслэлтэй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу “Х*******, ” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Гомдол гаргагч улсын ахлах байцаагчийг бодит нөхцөлийг тогтоох ийм арга хэмжээг аваагүй энэ м компаниас мэдүүлэг тайлбар аваагүй гээд үзээд байх шиг байна. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа явцад М компанийн 2023 оны 9 сарын 27-ны өдрийн энэ 23/815 дугаартай албан бичгээр тус компаниас Б.М*******э гэсэн албан тушаалтныгаа хууль ёсны төлөөлөгчөөр томилж явуулсан байдаг. Мөн М компанийн 9 сарын 27-ны өдрийн 1/7600 дугаараас Б, Б гэсэн этгээдүүдийг мөн хууль ёсны төлөөлөгчөөр томилж явуулсан. М компани нь өөрөө М корпорац ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компани учраас хууль ёсны төлөөлөгчид нь цугтаа сууж байгаад зөрчил шалгах ажиллагаанд мэдүүлэг тайлбараа өгөөд толгой компанийн хувьд М компанийн төлөөлөгч Б тайлбар мэдүүлэг өгсөн тэмдэглэл дээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. ШӨХТГ-ын улсын байцаагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хяналтын прокурор хяналт тавьж хууль тогтоомжийн хүрээнд энэ зөрчиж шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх дээр хяналт тавьж ажилладаг. Бид журам хуулийнхаа дагуу прокурорын хяналт дор үйл ажиллагаагаа явуулсан гэж үзэж байна. Тиймээс гомдол гаргагчийн гаргаад байгаа эхний шаардлага буюу хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар мэдүүлэг авч бодит нөхцөл байдлыг тогтоох энэ ажиллагааг хийгээгүй үүргээ биелүүлээгүй гэж үзээд байгааг нь үндэслэл бүхий байж чадахгүй байна гэж үзэж байна.

 Журам биш стандарт бариад бид нарыг торгочхоод байна гэсэн. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1-д заавал мөрдөх стандартын шаардлага болон техникийн шаардлагыг хангаагүй бараа ажил үйлчилгээг хэрэглэгчид нийлүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулна гээд заасан байгаа. Журмыг нь бариад торгочихсон бол бараг хүлээн зөвшөөрөх юм шиг ийм тайлбарыг өгөөд байх шиг байна. Хууль дээр стандартыг зөрчсөн бол гэж байна. Гэтэл өнөөдөр энэ үндэсний стандартыг сонгон хэрэглэх байдаг. ХХЗХ-ны 2021 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээ, бүртгэхтэй холбоотой журам гэж байгаа. Энэ журмын 5.3.12-д мэдээлэл лавлах үйлчилгээ эрхлэгч нь мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага, 63662013 Монгол Улсын стандартыг мөрдөж ажиллана гэж заасан байгаа. Ийм учраас 63662013 стандартыг заавал мөрдөх стандарттай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эрх бүхий байгууллага нь өөрийнхөө журам дээр энэ стандартыг заавал мөрдөнө гээд тусгачихсан учраас тухайн үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд маань өөрөө стандартынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулаад ирэх юм бол цаана нь хэрэглэгч хохирохгүй гэж үзэж байгаа учраас бид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны байгууллагын хувьд энэ стандартыг зөрчсөн гэж үзээд шийтгэлээ оногдуулж байгаа улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэр маань хууль ёсны хууль ёсных бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа.

 Х өөрсдийн хэрэглэгчдэд мэдээллийг үнэн бодитойгоор өгөх ёстой өгсөн мэдээллийнхээ хүрээнд хэрэглэгчдэд мэдээлэл өгч байгаа веб сайт дээрээ байгаа мэдээллээрээ эдний компани 2 тусгай дугаартай. Гэтэл 1800 буюу яг тухайн оператор компаниудын яг энгийн ярианы тарифаар үйлчилдэг энэ дугаар дээрээ веб сайт дээрээ байгаа мэдээллээр автомат хариулагчаас мэдээлэл авах шаардлагатай бол та 1800 руу холбогдож болно. Энгийн тарифтай тусгай үүргийн дугаар буюу 1900 гэсэн энэ дугаар луу хүн илүү төлбөр төлөөд залгаж байгаа бол шууд үйлчилгээний ажилтантай холбогдох боломжтой гэсэн ийм мэдээллийг сайт дээрээ байрлуулсан хэрнээ холбогдоод залгахаар 1800-той нь яг ижилхэн автомат хариулагч бүхий ийм мэдээлэл явж байдаг. Гэтэл тэр автомат хариулагчаас мэдээлэл иргэн авах биш үйлчилгээний ажилтантай холбогдох гэж нөгөө нэмэн өртөгтөө өндөр төлбөртэй ярианы тарифтай дугаар луу нь холбогдохоор 1800-тайгаа адилхан үйлчилгээгээ үзүүлчхээд хэрэглэгчид бүрэн мэдээлэл өгөхгүй байна. Тэгээд дээрээс нь өндөр төлбөрөө гаргаад байна. Тэгсэн хэрнээ эргээд 1800 гэсэн лавлах утсаа ердөөсөө авахгүй хэрэглэгчид нь мэдээлэл өгөхгүй ийм асуудал гаргаад байна гэдэг тайлбар мэдээллийг гомдол гаргагч маань өөрөө зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааныхаа явцад гаргасан байдаг. Тэгэхээр зэрэг энэ 2 дугаар маань өөрөө хоёулаа хоорондоо ялгаатай. Өнөөдөр 1900 хэрэглэгчид автомат хариулагчаар мэдээлэл өгөх үүрэгтэй дугаар биш болж таараад байгаа. Гэтэл өнөөдөр эд нар тэр үйлчилгээг үзүүлээд байна. Энэ чинь өөрөө стандартдаа заасан үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байна. Нөгөө журмаараа хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэх бүрэн боломжтой болж байгаа юм. Улсын улсын ахлах байцаагчийн албан даалгаврын хувьд түр түдгэлзүүлчихсэн байгаа учраас энэ удаад тайлбар өгөхгүй гэж үзэж байна.

Бичгээр гаргаж өгсөн тайлбар дээрээ албан даалгавраа ч гэсэн хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Үр дагавар нь их өндөр цар хүрээтэй байгаа юм. Ганцхан н.Пэ******* иргэний гомдлын хүрээнд биш цаашид нийт хэрэглэгчдэд үзүүлж байгаа энэ тусгай дугаарын үйлчилгээ авч нэмүү өртөгтэй тусгай дугаарын үйлчилгээ өөрөө яг энэ стандартад нийцэхгүй байна гэж үзэж байгаа учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа явцад хэрэв хууль тогтоомж зөрчсөн байна гээд үзэгдэх юм бол энэ цаашдаа албан даалгаврын маань ач холбогдол өнгөрөөд явчих учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ бичгээр өгсөн.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Х******* ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Од холбогдуулан “2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг илт хууль бус болохыг тогтоох” тухай гомдол гаргаж гомдлын үндэслэлээ,

- зөрчлийн бүрэлдэхүүнгүй байхад шийтгэл ногдуулсан,

- бодит нөхцөл байдлыг буюу техникийн боломж байгаа эсэхийг тодруулаагүй,

- Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан журам болон MNS 6366:2013 стандарт нь хоорондоо зөрчилдөж байхад давуу эрхийн хэм хэмжээг тодорхойлж шийдвэр гаргах ёстой байсан(стандарт нь сонгон хэрэглэх баримт бичиг) байхад журмын зохицуулалтыг хэрэглээгүй.

- албан даалгаврыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байхад уг даалгаврыг гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт болно гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад,

3.1. Иргэн У.П*******аас гаргасан “банкны оператортой холбогдож шаардлагатай мэдээллээ авч чадаагүй байхад төлбөр тооцогдсон” тухай гомдол гаргасан байх ба түүний 9 дугаарын утаснаас нийт 2947.25 төгрөгийн төлбөр тооцогдсон болох нь түүний гаргаж өгсөн баримтаар,

3.2. Хариуцагч захиргааны байгууллагын 26 дугаарын утаснаас мөн тусгай дугаарт дуудлага хийж оператортой холбогдоогүй байхад төлбөр тооцогдсон болох нь эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн үзлэг, “Монголын цахилгаан холбоо” ХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэхээр тус тус тогтоогдсон байна.

4. Мөн шүүх хуралдааны явцад хийсэн туршилтаар “Х******* ” ХК-ийн 1900- тусгай дугаарын утсанд Мын хэрэглэгчийн утаснаас холбогдоход оператороос дуудлагыг аваагүй эхний 8 хүртэлх секундэд 88 төгрөг, 10 секундэд 143 төгрөг, 20 секундэд 143 төгрөгийг, оператороос дуудлагыг авч холбогдсон 60 секундэд 145.39 нэгж зарцуулагдаж байгаа нь тогтоогдов.

5. Дээрхээс үзвэл, хариуцагч улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих” гэсэн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь ... заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь:

6. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байх”-аар заажээ.

7. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам(цаашид журам гэх)”-ын 2.1.2-т “Яаралтай тусламж, мэдээлэл лавлах үйлчилгээ, олон улсын интернет телефон ярианы үйлчилгээнд ашиглагдах олон улсын картын ярианы үйлчилгээнд ашиглагдах "1"-ээр эхэлсэн, 3-8 оронтой цифрээс бүрдсэн тусгай дугаар”, 3.1.2-т “Яаралтай тусламж, мэдээлэл лавлах үйлчилгээ, олон улсын интернет телефон ярианы үйлчилгээнд ашиглагдах олон улсын картын ярианы үйлчилгээнд ашиглагдах "1"-ээр эхэлсэн, 3-8 оронтой цифрээс бүрдсэн тусгай дугаар”-ыг тус тус ашиглахаар зохицуулсны зэрэгцээ тусгай дугаарын төлбөрийг мөн журмын 5.3.1-т “Тусгай дугаарт ярианы үйлчилгээний төлбөрийг эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар  тооцож, тарифжуулах асуудлыг цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тодорхой тусгана”, 5.3.2-т “Нэмүү өртөгт тусгай дугаар эзэмшигч нь холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохион байгуулж, цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэж заажээ.

8. Дээрх “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс мөрдөгдсөн байх ба мөрдөгдсөн өдөр захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 5660 дугаарт бүртгэгдсэн болох нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд тэмдэглэгдсэн (https://legalinfo.mn/mn/law?page=law&cate=186&active=1&page=1&sort=title&page=1), уг журмын 5.3.12-т “Мэдээлэл лавлах үйлчилгээ эрхлэгч нь "Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага" MNS 6366:2013 Монгол Улсын стандартыг мөрдөнө” гэж заажээ.

7. Энэ тохиолдолд дээрх журам болон стандартын аль аль нь заавал мөрдөх зохицуулалтад хамаарах ба үүний дагуу тусгай дугаар эзэмшигч нь заавал мөрдөх хэм хэмжээгээр тогтоосон шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй атал “Х******* ” ХХК нь дээрх журам болон стандартын “холболт эхэлснээс хойш төлбөр тооцож эхлэх”, “автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй байх” зохицуулалтуудыг зөрчсөн байх тул хуульд заасан хариуцлага хүлээх, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...автомат хариулагч ажиллаж байхад төлбөр тооцож байгаа нь буруу” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй, харин гомдол гаргагчийн “зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй, давуу эрэмбийн хэм хэмжээ журмын зохицуулалтын хэрэглээгүй, зөвлөмжийн шинжтэй стандартын зохицуулалтыг үндэслэл болгосон” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хэдийд холболт эхэлсэн гэж үзэх нь ойлгомжгүй, журам болон стандартад төлбөр тооцох өөр нөхцөлүүдийг заасан” зэргээр тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

8.1. “Холболт хийгдлээ” гэдэг дохиог тусгай дугаар эзэмшигчийн дуудлагын төвөөс үүрэн холбооны оператор луу автоматаар мэдэгдэх тохиргоог дугаар эзэмшигч өөрийн IVR(автомат хариулагчийн систем)  систем дээр тохируулах боломжтойг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад,

8.1.1. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Н*******гаас “... Манай сүлжээний хэрэглэгчид 1900- тусгай дугаарт залгахад эхний 6-8 секундийн төлбөрийг 1 дуудлага бүрийн ярианы төлбөрөөс чөлөөлдөг. Өөрийн сүлжээний хэрэглэгчээс станц хүртэлх шугамын асуудлыг хариуцдаг бөгөөд дуудлагын сигнал хийгдэх үед, автомат хариу өгөгч ажиллах үе, гэдэгт манайх оролцдоггүй, Х******* хариуцдаг..., тусгай дугаарт дуудлага хийхэд МЦХ компани тухайн дуудлагыг шууд банкны тусгай дугаарт шилжүүлдэг бөгөөд энэ үед банкны IVR систем дуудлагыг шууд хүлээн авч холболт амжилттай тогтдог учраас ярианы төлбөр гарсан байна. Өөрөөр хэлбэл, оператор хариу өгснөөс үл хамаарч төлбөр гарсан гэсэн үг..., тусгай дугаарыг эзэмшигч “Х******* ” ХК нь өөрийн IVR системийн зохицуулалтыг хийж ажиллах ёстой...” гэж,

8.1.2. “М ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Боос “...Х******* наас тариф тогтоож ирүүлсэн хүсэлтийн дагуу холболт үүссэнээс хойш эхний 8 секундэд 80 төгрөг, 9-60 дахь секундэд 130 төгрөг, 61 дэх секундээс 1 секунд нь 2,17 төгрөгөөр тооцдог. “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.3.1 дэх заалтын дагуу төлбөрийн алхмыг тогтоосон ...” гэж,

8.1.3. “Ю” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.С*******аас “...Манай хэрэглэгч 1900- тусгай дугаарт залгахад манайхаас тухайн хэрэглэгчийн төлбөр төлөх боломжтой буюу нэгжтэй эсэхийг шалгаад “М” ХХК-ийн систем рүү шилжүүлнэ. Энэ үеэс хойших үйл явцыг “М” ХХК хариуцдаг.Өөрөөр хэлбэл автомат хариулагч ажиллуулах эсхүл шууд оператортой холбогдож байгаа болон төлбөр тооцоо хэрхэн бодогдож байгаа нь мийн системээр зохицуулагдана. Манай зүгээс тус системийн хэрхэн ажиллаж байгаа талаар мэдэх боломжгүй. Учир нь харилцан холболтын зааглах цэгээс давж нөгөө талын системд нэвтэрсэн учраас манай тал хянах боломжгүй юм ...” гэж,

8.1.4. “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д*******гаас “...1900- тусгай дугаартай холболт тогтсон үеэс эхлэн манай хэрэглэгчээс төлбөр тооцогдоно. Холболт тогтоно гэдэг нь Х******* ны системээс “холболт амжилттай боллоо” гэсэн хариу сигнал манай системд ирдэг. Үүнийг  холболт тогтоно гэж үзнэ ...” гэж тус тус мэдүүлжээ.

8.1.5. Мөн “Ж*******” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1989 тоот албан бичгээр “1900- дугаарын эхний бүрэн бус минутыг холболт эхэлснээс хойш тооцож байгаа ба энэ хугацаанд үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг хэрэглэгчид мэдээлж, төлбөр бодогдохгүй. Үйлчилгээний үнэ тарифыг эхний 70 секундэд хэрэглэгчид мэдэгдэж, энэ хугацаанд төлбөр бодогдохгүй тохиргоо хийгдсэн” гэжээ.

8.1.6. Түүнчлэн “М” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тайлбарт “...Холболт хийгдсэнээс хойш төлбөр тооцогдоно, ...хэрэглэгч автомат хариулагчтай холбогдсон хугацаанд нэгж унаж буй тохиолдолд Мын сүлжээнд нэгэнт холболт үүссэн учраас төлбөр тооцогдох юм. Тухайн автомат хариулагчийн тохиргоо нь Х******* ны серверт тохируулагддаг тул автомат хариулагч чиглүүлэх үеийн тохиргоог тусгай дугаар эзэмшигч өөрөө тохируулдаг...”, “Ю” ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/967 тоот албан бичигт “... манай талаас холболт хийгдэн IVR явж эхэлснээс хойш төлбөрийн мэдээлэл явж дууссаны дараа холболт тогтлоо гэсэн мэдээллийн манай систем рүү илгээсэн тохиолдолд төлбөр бодогдохгүй байх ёстой бөгөөд одоогийн тохиргоо нь холболт хийгдсэн даруйд шууд төлбөр тооцох байдлаар хийгдсэн байна” гэжээ.

8.2. Гэтэл 1900- тусгай дугаар эзэмшигч нь автомат хариулагч ажиллах бүхий л хугацаанд тэр дундаа IVR системээс төлбөрийн мэдээлэл өгч байх хугацаанд ч төлбөр тооцогдохоор тохируулга хийсэн болох нь дээрх 3, 4, 8 дахь хэсгүүдэд дурьдсан баримтуудаар тогтоогдож байх ба энэхүү “холболт хийгдлээ” гэдэг хариу дохиог холбооны оператор компаниуд руу “Х******* ” ХХК-ийн IVR системээс илгээдэг болох нь дээрх 8.1.1-8.1.6-д дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

8.3. Ердийн тохиолдолд аль нэг хэрэглэгчээс бусад хэрэглэгч рүү дуудлага хийхэд дуудлагыг хүлээн авах товчийг дарснаар холболт эхэлж төлбөр тооцогддог бол “Х******* ” ХХК-ийн 1900- тусгай дугаар нь оператор бус IVR ухаалаг системтэй холбогдсоноор шууд төлбөр тооцогдож байгаа нь дээрх 7 дахь хэсэгт дурьдсан журам болон стандартын зохицуулалтад нийцэхгүй, улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд тооцогдоно.

8.4. “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.3.1-т “...ярианы үйлчилгээний төлбөрийг эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар  тооцож” гэж, MNS 6366:2013 Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага" стандартын 6.2 зүйлийн 2-т “6 секунд, 30 секундийн алхамтайгаар хэрэглэгчийн төлбөрийг тооцдог байх” гэж заасан нь холболт хийгдсэнээс хойш тооцох төлбөрийн хэмжээг зохицуулсан байх ба маргаан бүхий шийтгэлийн хуудас нь төлбөрийн хэмжээнд бус автомат хариулагч (IVR систем) ажиллаж байхад төлбөр тооцсон зөрчилд шийтгэл ногдуулсан, хариу төлбөрийн хэмжээг зөв буруу тооцсонд шийтгэл ногдуулсан агуулгагүй байх тул “журам болон стандартад төлбөр тооцох өөр нөхцөлүүдийг заасан, төлбөрийн тодорхой хувийн М компани авч байгааг харгалзаагүй” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

9. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““М” ХХК-иас автомат хариулагчид тохиргоо хийх боломжгүй гэсэн тул маргаан бүхий албан даалгаврыг нь бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй” зэргээр тайлбарлаж маргасан.

9.1. “М” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/901 дугаартай албан бичигт “автомат хариулагчид холбогдсон үед төлбөр тооцохгүй байх техникийн боломж байхгүй” гэсэн байх боловч энэ нь тус компаниудын хоорондын гэрээгээр зохицуулагдах харилцаа байхын зэрэгцээ тус компаниас өөрийн IVR системд тохируулга хийх эсэх нь “Х******* ” ХХК-ийн өөрийн хүсэл зоригт хамаарах тул гомдол гаргагч хуулийн этгээдээс журам болон стандартаар хүлээсэн “автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй байх” үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

9.2. Нөгөө талаас, “Х******* ” ХХК-ийн IVR систем нь холболтыг шууд эхлүүлээд автомат хариулагч ажиллаж байгаа нь 1900- тусгай дугаарын зорилгод нийцэхгүй байна. Тодруулбал,

9.2.1 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлэгдсэн “Х******* ” ХХК-ийн 1900-, 1800- тусгай дугааруудын ялгааг илэрхийлсэн мэдээлэлд “1900- дугаар нь мэдээллийн ажилтантай шууд холбоно” гэсэн байх боловч бодит байдал дээр ажилтантай шууд холбогдохгүй автомат хариулагчтай холбогдож байсан нь тогтоогдсон байна.

9.2.2. Түүнчлэн журмын 3.1.2-т заасанчлан яаралтай тусламж, мэдээлэл лавлах үйлчилгээнд хэрэглэгдэх төлбөртэй үйлчилгээ зориулалт бүхий 1-900-хххх тусгай дугаар нь (Premium  Rate Service) энгийн тарифын жишгээс өндөр төлбөртэй, өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээнд буюу хэрэглэгчид тодорхой төлбөртэйгөөр төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээний зориулалттай байхад гомдол гаргагчийн 1900- дугаар нь хэрэглэгчийн ажилтантай шууд холбохгүй автомат хариулагчтай холбож байгаа нь тухайн тухайн үйлчилгээний зорилгод нийцэхгүй байна.

 

10. Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төлбөрийн мэдээллийг холболт үүсмэгц мэдэгдэж байгаа, хэрэглэгч өөрөө хүсэж холболтоо үргэлжлүүлж байгаа” гэж тайлбарлан маргаж байгааг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

11. Учир нь тус тусгай дугаарын утсанд холбогдоход “сайн байна уу. та Х******* ны 1 минут нь 150 төгрөгийг төлбөртэй лавлах утсанд холбогдлоо” гэж автомат хариулагчаас төлбөрийн мэдээллийг өгч байх ба үүний дараа холболтоо үргэлжлүүлэх эсэх сонголтыг хэрэглэгчид олгохгүйгээр шууд 1, 2, 3, зэрэг тоогоор үйлчилгээний төрлийг сонгох сонголт өгөгдөж байгаа нь хэрэглэгчид төлбөртэй үйлчилгээ авах эсэхээ шийдвэрлэх боломж олгохгүй байна.

12. “М” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23/815 тоот албан бичгээр Бын М*******эд “М” ХХК-ийг төлөөлөн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож, тайлбар, мэдүүлэг өгөх эрх олгосон байх боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.О нь “М” ХХК-ийн Б.М*******ийг тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, түүнээс мэдүүлэг авалгүйгээр зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь буруу байна.

13. Гэвч дээрх нөхцөл байдал нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон “автомат хариулагч ажиллаж байх хугацаанд төлбөр тооцохгүй байх” зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохооргүй, зөрчил нь бусад баримтуудаар, тухайлбал, цахилгаан болон үүрэн холбооны оператор компаниудын төлөөлөгчдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, туршилт, гомдол гаргагчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул процессын энэхүү зөрчил нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.

14. Дээрх дурьдсан үндэслэлүүдээр “Х******* ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д  заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х******* ” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Од холбогдуулан гаргасан “2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг илт хууль бус болохыг тогтоох” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ