Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00073/И |
Дугаар | 137/ШШ2024/00156 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 137/ШШ2024/00156
2024 07 01 ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танихимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... хотын ... дүүргийн ... дүгээр хороо .... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ш овогт Р-ийн Н /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг ... сум ... тоотод оршин суух, Ц овогтой Б-ны М /РД: .../-д холбогдох
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... аймаг ... сум ... тоотод оршин суух, ... ажилтай, Т овогт О-ийн Ү /утас:.../
... аймгийн .... сумын .... тоотод байрлах 54,24 мкв 2 өрөө орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлөүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,
Зохичгдын хооронд хийгдсэн Дорноговь, Замын-Үүд сумын ... өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 69,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Р.Н, түүний өмгөөлөгч Н.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү, гэрч Ё.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
2020 оны 10-р сард Б.М нь над руу залгаж байрыг чинь худалдаж авмаар байна, энэ түрээсийн хүнээ гаргачих би чиний байрны зээлийг 2 жилийн дотор бүрэн барагдуулж дуусгаад тухайн үеийн ханшаар зөрүүг нь төлөөд байрыг чинь худалдан авъя гэж тохиролцоод /тухайн үед байраа би Худалдаа хөгжлийн банкны Замын-Үүд салбарын захирал н.З-т сарын 550,000 төгрөгөөр түрээслэдэг байсан/ түрээслэгчээ хугацаанаас нь өмнө гаргаж, Б.М-аас 26,500,000 төгрөгийн урьдчилгаа авч байрандаа оруулсан. Одоогийн байдлаар 40 сар илүү хугацаанд миний байранд түрээс хэлбэрээр амьдарч байгаа ба 2022 оны 10 сар гэхэд байрны зээлийг бүрэн хаах ёстой байсан боловч тохирсон хугацаандаа төлж барагдуулаагүй ба хугацаа өнгөрснөөс хойш зээлээ хөөцөлд гэж хэлэхээр надад зээл гарахгүй байна, хөөцөлдөж байгаа гэж худлаа ярьсаар өдийг хүрлээ. Зарим тохиолдолд байрныхаа түрээсийг ч хугацаанд нь төлөхгүй хүндрэл учруулах тохиолдол байсан. Миний бие нь тухайн байраа 97,632,000 төгрөгөөр зарахаар өөр иргэнтэй тохиролцсон боловч байрыг минь чөлөөлж өгөхгүй хүндрэл учруулж байх тул нэхэмжлэгч миний өмчлөлийн Дорноговь аймаг Замын-үүд сум .... тоот 54,24 мк 2 өрөө /тус сумын Төрийн банканд байрны гэрчилгээ байрыг үүргээ гүйцэтгээгүй хариуцагч байгаа ба банкнаас шүүхэд гаргаж өгнө/ Б.М-аас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хувьд байраа чөлөөлүүлж авах шаардлагатай байгаа. Тохиролцох гэж хангалттай оролдсон. Би тохиролцох гэж оролдоогүй биш оролдсон. Миний хэлсэн тохиролцоонд хүрээгүй. Өөрийнхөө саналыг хүчээр тулгаж өнөөдрийг хүрлээ. Байраа чөлөөлүүлэхийг хүсэж байна. 2021 оноос хойш зээлээ хөөцөлдөж мөнгөө авъя гэж зөндөө хэллээ. Зээл гарахгүй байна гэж өнөөдрийг хүртэл явчихаад өнөөдөр хэргийн материалаас харахад зөндөө зээл авсан харагдах юм. Мөнхчулуун эхнэр бид хоёр дээр огт зээл гарахгүй байна гэдэг байсан. Мөнгөө төлөөгүй байж 23,000,000 төгрөгийн засвар хийсэн гэж яриад байх юм. 23,000,000 төгрөгийн засвар хийх боломжтой л байсан байгаа байхгүй юу. Бага хүүтэй, төлөлттэй миний нэр дээрх зээлийг төлөөд хэдэн жил ашиглъя гэсэн бодлоор л ингэсэн байгаа байхгүй юу. Улаан цайн өөрөө худлаа ярьчихаад байр чөлөөлж өг гэхээр чаддаг юм бол шүүхдээд ав би гарахгүй гэдэг. Өөрөө 40 сар амьдарсан гэж байна. Өнөөдрийн хугацаагаар бол 44 сар амьдарч байна. Сард 350,000-361,000 төгрөгийн хооронд банкны мөнгөө хийдэг байсан бол сүүлдээ хийхээ больсон. Би өөрөө төлж байгаа. Төлөлтийг нь би ялгаад гаргаж үзсэн. 360,000 төгрөгөөр 18 удаа, 330,000 төгрөгөөр 4 удаа гэх мэтээр миний данс руу шилжүүлж байсан. М-ны бүрдүүлж өгсөн баримтаар 10,388,000 төгрөгийн л баримт байгаа. Ийм мөнгө төлчихөөд одоо яана гээд байгааг нь ойлгохгүй байна. Банкинд үлдсэн мөнгийг өгөөд л авчихна гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл би өөрөө 47,000,000 төгрөгийн төлбөр хийчихээд энэ хүнд байраа анх өгч авалцъя гэж тохироо хийхдээ би өөрөө 7 жил гаран төлж амьдарсан учир энэ төлсөн мөнгөнийхөө хүүг нь хасаад зөвхөн үндсэн төлбөр болох 26,500,000 төгрөгийг тооцоод бусдыг нь өгч авалцахдаа тохирч болох юм байгаа биз дээ гэхэд болно гэсэн. Тэгвэл 26,500,000 төгрөгийнхөө урьдчилгаагаа өгчих тэгээд өөрөө ороод амьдарч бай. Харин чи 2 жилийн хугацаандаа чадах уу гэхэд ядах юу байх вэ гэсэн. Би чиний данс руу сар бүр 1,000,000 төгрөг хийж байя. Чи харин 360,000 төгрөгөөр нь сарынхаа зээлийг төлөөд үлдэгдлээр нь үндсэн зээлээсээ хасуулаад явж байгаарай гэж надад хэлсэн шүү дээ. Үндсэн зээлээсээ хасуулаад явж байх юм бол үндсэн зээл багасаад миний төлөх мөнгө багасана тэгээд сүүлд нь чи бид хоёр тохиролцоход хэн хэндээ ашигтай гэж ярьсан байхгүй юу. Хамгийн эхний төлөлтөө хийхдээ шууд 360,000 төгрөг л хийсэн. 360,000 төгрөг хийхээр нь би өөрөө мэдэж байгаа юм байлгүй дээ, тохирчихоод олон юм яриад яах вэ гээд тэсээд 1 жил явсан. Хамгийн ихдээ 361,000 төгрөг хийдэг. Аргаа бараад би залгасан чи ингээд л яваад байх юм уу гэхэд мөнгөний боломж хэцүү байна ковид гарчихаад мөнгө олдохгүй хэцүү байна шүү дээ гэхээр нь чи төрийн албан хаагч тогтмол цалинтай биз дээ гэж хэлсэн. Ковид гарчихаар төрийн албан хаагчид юу нь нөлөөлдөгийг би ойлгоогүй, төрийн албан хаагч төмөр аягатай, гаалийн байцаагч ган аягатай гэсэн үг байдаг биз дээ. Хэвийн ажлаа хийгээд л явж байсан шүү дээ. 2 дахь жил нь болсон. 2021 оны 03 сард нийслэлийн мэргэжлийн хяналт байхдаа ярьсан. Дахиад л нөгөөдөхөө ярьсан. Зээл гарахгүй байна хөөцөлдөөд л байна гэсэн. Чи сураг сонсохноо наанаа дэлгүүр ажиллуулдаг сурагтай байсан шүү дээ, эхнэр чинь Солонгос руу ирж очоод зүгээр суухгүй нэмэлт орлого чамд байнга орж ирж байгаа шүү дээ гэхэд тэр мөнгө чинь зээлэнд яваад дуусаад байна гэсэн. Яг ямар зээлэнд яваад байгааг би ойлгоогүй, өөрөө тайлбарлаж ч хэлээгүй. Миний хардаж байгаа үндэслэл. Энэ бол хувийн хардлага шүү. Миний бага хүүтэй, бага төлөлттэй зээлийг удааж байсны шалтгаан нь өөр газар хөрөнгө оруулалт хийгээд миний зээлийг байлгаад байна гэж хардаж байгаа гэв.
Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбартаа: Р.Н бид хамт сурч, ажиллаж амьдарч ирсэн дотны, найз нөхдийн харилцаатай. Энэ үндсэн дээр Р.Н нь Замын-Үүд суманд ажиллаж, амьдарч байгаад бүр мөсөн буцах болж ингээд буцахдаа өөрийн эзэмшлийн байрыг түрээслэсэн. Түрээслэгч нь мөн Замын-Үүд суманд томилолтоор ажилласан хугацаа нь дуусан мөн өөр орон нутагт шилжин ажиллах болсон тул байр түрээсийг цуцлах болсон. Энэ үед Р.Н нь байрыг зарахаар болсон. Урьдчилгаа төлбөрийг өгөөд зээлийг төлж авах хүн хайж байсан дагуу нь бид хоорондын хэлцэл эхэлсэн. Энэ үед миний бие өөрийн амьдарч байсан байрыг зарж байрны урьдчилгаа болох 26,500,000 төгрөгийг Р.Н-д өгсөн. Бид тохиролцохдоо тухай үеийн буюу 2020 оны 10-р сарын байрны ханш 1,200,000 төгрөгөөр м2-ийг нь тохиолцож 54.24 м2 байрыг 65,088,000 төгрөгөөр урьдчилгаа 26,500,000 төлж үлдэгдэл 38,588,000 төгрөгийг, түүний нэр дээрх орон сууцны зээлийг үргэжлүүлэн төлж, төлбөрийг дуусгах замаар тодорхой цаг хугацааны дараа байрны эзэмших эрхийг шилжүүлж авахаар буюу худалдах, худалдан авахаар хэлэлцэн тохирсон. Ингээд 2020 оны 11-р сараас эхлэн Р.Н-*ийн Төрийн банк дахь орон сууны зээлийн төлөлт сард 367,000 төгрөгийг сар бүр тус банкны ... тоот дансанд төлж ирсэн. Нийтдээ 14,400,000 гаруй төгрөгийг төлсөн. Орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон дараагаар буюу 2020 оны 10-р сард байранд 20,000,000 засварыг хийсэн бөгөөд уг засварыг гэр бүлийн гишүүний Голомт банкны цалингийн болон бизнесийн зээлээр санхүүжилтийг гаргасан. Улаанбаатар хотоос засварчин болон материалыг зөөвөрлөж, байрны хийцлэлт өөрчлөл оруулах замаар засвар хийгдсэн учир өртөг нь шингэсэн. Энэ дараагаар 2023 онд хананы тавилга, тагтны тавилга шууд хананд нь угсаруулж 3,000,000 төгрөгөөр хийлгэсэн гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулаад нэхэмжлэлд дурдаж байгаа асуудлыг бол хариуцагч тал зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч өөрөө асуудлаа сайн ойлгоогүй, эвлэрэх асуудал ярьсныг буруугаар ойлгоод яваад байсан байна. Буруу ойлголт өгсөн бол уучлалт гуйж байна. Байрны хэлцлийн хувьд бол тайлбарлаж өгсөн. Та хоёрын хэлцэл хууль зөрчсөн байна. Хууль зөрчихдөө Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлийг зөрчсөн байна. Нотариатаар гэрээгээ батлуулах ёстой, улсын бүртгэлийн газар гэрчилгээгээ аваачиж шилжүүлэх ёстой энэ зүйлүүд хийгдээгүй учир та хоёрын хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тайлбарлаж хэлсэн. Тэрийг дарамт гэдгээр ойлгосон юм байна. Байр чөлөөлөхтэй холбогдуулаад талуудын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулаад байртай холбоотой гарч ирж байгаа гарсан зардлуудаа хоёр тал өөр, өөрсдөдөө өгөөд байрыг чөлөөлж өгье гэж байгаа. Хоёр тал байрыг худалдах, худалдан авах талаар ярилцсан зүйл байгаа. Хамгийн гол нь хуульд заасан хэлбэрийг зөрчсөнөөс болоод өнөөдрийг хүртэл энэ дунд үүссэн асуудлыг зохицуулж чадаагүй байгаа. Тэгэхээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулаад, улмаар байрны урьдчилгаанд 26,500,000 төгрөг авсан. Энэ мөнгөө буцаагаад авъя гэж байгаа. Мөн байрны төлөлтөд 2020 оны 01 сараас эхлээд 17,000,000 төгрөгийн дансны хуулга гарч ирсэн. М-ны төлсөн төлбөр 14,680,000 төгрөг байгаа. Энэ мөнгөө буцаагаад авъя. Мөн байранд засвар хийсэн. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар байрны шударга эзэмшигч гэж ойлгоод засвар хийчихсэн. Энэ засварт нийт 23,000,000 төгрөг болсон. Энэ мөнгөө буцаагаад авъя гэж байгаа гэв.
Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Р.Н-оос тус шүүхэд хандан хариуцагч миний эзэмшлээс, бидний амьдран суух зориулалтаар худалдан авсан Замын-Үүд сумын ... тоот 2 өрөө байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчаас эс зөвшөөрч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр хариу тайлбарыг, нотлох баримтыг гаргаж, улмаар, сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Маргалдагч бид 2020 оны 10-р сард худалдах, худалдан авах хэлцлийг байгуулахдаа хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь заалтаар тодорхойлогдож байх тул шүүхэд хариуцагч Р.Н-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Бидний хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулах явцад манай гэр бүлээс Дорноговь, Замын-Үүд сумын ... тоот 2 өрөө байрыг 1 м2-ийг 1,200,000 төгрөг, нийт 65,088,000 төгрөгөөр авахаар тохирч, миний бие өөрийн амьдарч байсан байрыг зарсан мөнгөөр байрны урьдчилгаа болох 26,500,000 төгрөгийг Р.Н-д өгсөн. Байрны үлдэгдэл 38,588,000 төгрөгийг, түүний нэр дээрх орон сууцны зээлийг төлж, төлбөрийг дуусгах замаар байрны эзэмших эрхийг шилжүүлж авахаар тохирч, миний бие үүргээ биелүүлж 2020 оны 11-р сараас эхлэн Р.Н-ийн Төрийн банк дахь орон сууны зээлийн төлөлт 367,000, 370,000 төгрөгийн хооронд сар бүр тус банкны ... тоот дансанд төлж нийт 40 сарын төлөлт 14,680,000 төгрөг төлсөн. Байрны үнэлгээг өсгөж буй гол хүчин зүйл байранд хийсэн засвар, хана, тагтанд угсарсан салгаж үл болох тавилга нийлээд 23,000,000 төгрөг, байрны халаалт /цэвэр, бохир усны хэрэглээний төлбөр ороогүй/, СӨХолбоонд төлсөн нийт 4,640,000 төгрөг, байрны түрээсийн 2 сарын төлбөрийг Р.Н-оос буцааж өгөхөд нь төлсөн 1,000,000 төгрөг гээд нийт 69,820,000 төгрөг гарсан болно. Дээрх байдалд үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1.Б.М, Р.Н бидний хооронд хийгдсэн Замын-Үүд сумын ... тоот 2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2.Иргэний хуулийн 56.5, 56.6-д заасан дагуу Р.Н-оос 69,820,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл болгон өөрчилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулаад сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа. Талууд хооронд 2020 оны 10 сард худалдах худалдан авах хэлцлийг хийсэн. Энэ хэлцэл хийгдээд М-ны зүгээс тухайн Замын-Үүд сум ... тоот байрыг худалдан авч байна. Эзэмшил үүсэж байна гэж үзээд 26,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж өгсөн. Ингээд талууд тохиролцоод худалдах худалдан авах гэрээ хийгдлээ гэж үзээд улмаар үлдэгдэл 65,800,000 төгрөгөөс үлдэх төлбөрийг Н-ийн нэр дээрх тухайн үед 38,443,000 төгрөгийн зээлийг үргэлжлүүлэн төлөх замаар эзэмшлийг шилжүүлж авахаар талууд хоорондоо тохиролцсон. Ингээд тохиролцоод байраа хүлээлцээд, урьдчилгаа мөнгөө аваад явахдаа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээг заавал нотариатаар баталгаажуулж хийх ёстой, нотариатаар батлуулсан баталгааг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой хуульд заасан шаардлагыг хангаагүй хэлцлийг талууд хоорондоо хийгээд байрны мөнгийг авч эхэлсэн. Мөн байрны амьдрах эрхийг гаргаж өгсөн. Ингэснээрээ М шударга эзэмшигч, болж амьдарч ирсэн. Ингээд маргаан болсон. Нэхэмжлэл гаргасантай холбогдуулаад дүгнээд үзэх юм бол талууд хоорондын 2020 оны 10 сард хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулснаас үүдэж ийм маргаан гарсан байна. Иймд Н М нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн нэг дэх шаардлагыг гаргаж байгаа. Хүчин төгөлдөр бус хэлцлийг хийснээс үүдээд хариуцагчийн зүгээс зардлууд үүссэн. Үүнд байрны урьдчилгаанд 26,500,000 төгрөгийг төлсөн. Нийт 40 сарын хугацаанд байрны зээлийн төлөлтийг хийсэн. Үүнийг Төрийн банк дахь Н-ийн нэр дээрх орон сууцны зээлийг үргэлжлүүлэн төлж байна гэх ухагдахуунаар сард 370,000 төгрөгөөр төлөлтийг хийгээд нийт 14,680,000 төгрөг төлсөн байгаа. Хариуцагч энэ байрыг худалдаж авсан байна. Цаашид энэ зээлийг дуусгаад нэр дээрээ шилжүүлэх юм байна гэж ойлгоод байранд засвар хийсэн. Энэ засварыг 2020 оны 10 сард хийсэн. Засварыг 20,000,000 төгрөгөөр хийлгэсэн байгаа. Мөн хананд угсардаг тавилга хийгдсэн. Үүнийг хөрөнгийн үнэлгээ хийлгээд 3,000,000 төгрөгөөр үнэлсэн. Ингээд нийтдээ 23,000,000 төгрөгийн засварын ажлыг хийсэн. Өнөөдрийг хүртэл үнэ цэнэ чанар байдлаа алдаагүй байгаа учир 23,000,000 төгрөгөөр тооцож гаргуулахаар нэхэмжилж байна. Сууц өмчлөгчдийн холбоонд байрны дулааны төлбөрт 4,440,000 төгрөгийг төлсөн. Дулаан байрны зайлшгүй төлөгдөх төлбөр. Хэрэглээний цэвэр ус бохир, цахилгааны төлбөрийг тухайн байранд байгаа хүн хэрэглэсэн учир энэ төлбөр огт тооцогдоогүй. Зөвхөн 40 сарын дулааны төлбөр. Маргааны явцад гардаг. Байр түрээслэгдэж байсан. Түрээсэлж байсан хүн нь шилжиж ажиллахаар болоод 2 сарын байрны төлбөр 1,000,000 төгрөгийг буцааж өгөхөд М-аас гарсан учир гарсан зардалд тооцож оруулсан. Ингээд 69,820,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар Н-оос хэлцлээ хүчин төгөлдөр бусад тооцуулснаар гарсан зардалд болох 69,820,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн татгалзал тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоот 2 өрөө байрыг 1м2-ыг нь 1,200,000 төгрөгөөр авахаар тохиролцсон нь худал, учир нь би өөрөө тус байрыг захиалахдаа 250,000 төгрөгөөр захиалж авч байсан ба тухайн үед хариуцагч Б.М-аас авсан гэх 26,500,000 төгрөгийг тухайн байранд төлсөн байсан нийт мөнгөн дүнгээс бүх хүүг нь хасч тооцож авсан мөнгөн дүн ба өмнө нь амьдарч байх хугацаандаа миний тухайн байранд нийт төлсөн дүн 47,840,000 төгрөг ба хариуцагч Б.М-ыг дансанд нэг ч төгрөг шилжүүлэхээ больсоноос хойш сүүлд нэмж 1,440,000 төгрөг төлсөн болно. Тухайн үед хариуцагч Б.М урьдчилан өгч болох боломж нөхцөл ийм байгаа тул дараа үлдэгдэл тооцоогоо хийхдээ харилцан тохиролцох боломжтойгоор барахгүй би чиний дансанд сар бүр 1,000,000 төгрөг хийж байя гэж амаар тохиролцож байсан. Хэрэв хариуцагч Б.М нь тохиролцсоны дагуу мөнгөө шилжүүлж байсан бол нийт 40 сарын хугацаанд 40 сая төгрөг төлсөн байх ёстой. Хариуцагч Б.М-ны гэр бүлийг 4 жил шахуу байрандаа үнэгүй шахуу амьдруулчаад тэднийг боломжтой болох үед нь түүний хүссэн мөнгөн дүнгээр тохиролцож байраа шилжүүлж өгөх байсан гэсэн үг бололтой ба бидний дунд ямар ч ийм яриа болон тохироо байгаагүй. Мөн байрны үнэлгээг өсгөж засвар хийсэн гэсэн тайлбарыг эрс эсэргүүцэж байна. Учир нь би Б.М-д ямарч гэмтэлгүй бүрэн бүтэн шинэхэн байр хүлээлгэж өгсөн. Ялангуяа 2014 оны ханшаар хятадын OPPEIN брэндийн иж бүрэн гал тогооны тавилга 4 сая төгрөг, ус халаагч буюу бойлуур, тагтны хаалт 3 тал бүтэн вакум /зөвхөн нүүрэн тал нь 7м 09 см урттай байдаг/ зэргийг оруулж болно. Тухайн байр нь хувийн байшин биш бөгөөд нийтийн орон сууц гэсэн ангилалд байдаг тул эзэмшигчийн зөвшөөрөлгүй засвар өөрчлөлт хийх нь хуулиар хориглосон байдаг. Мөн их хэмжээний өөрчлөлт засварыг эзэмшигчээс гадна заавал мэргэжлийн байгууллагын зохих зөвшөөрөл авсан байх ёстой боловч тэгээгүй дур мэдэн их хэмжээний өөрчлөлт засварыг хийсэн /2 өрөөг холбох хаалгыг цонхон талд гаргахдаа тусгаарлах даацын ханыг нурааж шинээр гаргасан ба хуучин хаалганы зайг таглаагүй тухайн зайнд нь хөргөгч тавьж дүүргэсэн байсан/ зэрэг нь үйлдэл нь тухайн байрны нийт оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гэж бодож байна. Мөн хариуцагч Б.М-ны гаргасан нэхэмжлэлийн мөнгөн дүнд задаргаа хийвэл урьдчилгаа /26,500,000+14,680,000/ сар бүр дансанд хийсэн мөнгө, /+23,000,000/ засвар, /+464,000/ СӨХ, /+1,000,000/ надад өгсөн гэх 65,644,000 төгрөг болсон ба 69,820,000 төгрөгийг нэхэмжилснээс зөрүү болох 4,176,000 төгрөгийг хаанаас гаргаж ирсэнийг нь би олсонгүй. Иймд хариуцагч Б.М-ны нэхэмжилж буй 65,644,000 төгрөгнөөс засварын 23,000,000 төгрөг, СӨХ-ийн 464,000 төгрөг, Р.Н-д буцааж өгсөн гэх 1,000,000 төгрөгийг /надад биш тухайн үед түрээслэж байсан н.З-т хугацаанаас нь өмнө байрнаас нь гаргасан тул буцааж өгсөн/ нийт 24,464,000 ямарч үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй ба би өөрийн байрыг түүнд үнэгүй түрээслэх боломжгүй тул сарын түрээсийг 800,000 төгрөгөөр тооцож нийт 44 сарын 35,200,000 төгрөгийг суутгаж үүнээс үлдэгдэл 5,980,000 төгрөгийг байр чөлөөлж өгсөн тохиолдолд буцаан олгох боломжтой. Мөн шаардлагатай гэж үзвэл байранд дураараа засвар хийсэн хууль бус зохих байгууллагад нь шалгуулж байрыг анх хүлээж авахдаа ямар байсан тэр байдлаар нь буцааж хүлээж авахыг шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.
Гэрч Ё.О-д шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: М манай нөхөр гэв. Бид хоёр суугаад 20 жил болж байна. Ам бүл тавуулаа амьдардаг. Замын-Үүдэд ирээд 13 жил болж байна гэв. 2011 онд бид хоёр энд шилжиж ирээд бид хоёр ...-р байранд зээлээр байр аваад амьдарч байгаад тэрийгээ зараад түрээсийн байраар амьдарч байсан. Байраа томруулах зорилготой байж байтал 2020 оны 09 сард Н шилжиж байгаа юм байна тэдний байрыг авах боломжтой юм байна. Н-аас санал тавьж байна. Санхүүгийн хүндрэлгүйгээр сар сардаа миний зээлийг төлөөд явж болно урьдчилгаа тэдэн төгрөг өгөх юм байна гэж ярьж байсан. Бид хоёр тэр асуудлыг тийм хурдан шийдвэрлээгүй. Нилээн бодож, ярилцаж байгаад шийдвэрлэсэн. Санхүүгийн дарамтгүйгээр төлөөд болох юм байна гэж бодож энэ байрыг авъя гэж шийдвэрлэсэн. Тэр хугацаанд Худалдаа хөгжлийн банкны захирал гэрээ хийгээд орсон байсан. Гэрээ нь дуусаад одоо явах гэж байгаа гээд гэрээнээсээ өмнө гарах болоод Н-д төлсөн 2 сарын төлбөрийг бид хоёр Худалдаа хөгжлийн банкны дансанд хийж байсан. Тэгээд бид хоёр нүүж орохоор болоод огт засваргүй юм байна гээд бүрэн засвар хийсэн. Нарийн тооцоход засвар 20,000,000 төгрөгөөс илүү гарсан. Гэхдээ яах уу авсан зээлдээ тааруулаад 20,000,000 төгрөг гэж байгаа гэв. Байрыг тухайн үеийн ханшаар 1,250,000 төгрөгөөр бодож тооцоо хийж авч байсан. Тэгээд үлдэгдэл 38 сая гаран үлдэж байгаа юм байна тэрний зөрүүг надад өгчих гэхээр нь 26,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл нь банкны зээл л үлдчихэж байгаа байхгүй юу. Тэрийг сар сард нь хэдийг төлөх ёстой тэрүүгээр нь төлж байсан. 2024 оны 01 сарын зээлийг төлсөн. Нэг бол миний данснаас, нэг бол М-ны данснаас гарсан. 2024 он гараад 1 сард зээл аваад байрныхаа зээлийг хаагаад нэр дээрээ болгож авъя гээд Н руу ярьсан. Бүр зээлээ аваад дансандаа хийчихсэн байсан. Бүх мөнгө бэлэн болоод Н руу яриад банкныхаа зээлийг хаая гэснээс болоод зарахаа болилоо гэж хэлсэн. Тийм худалдаж авч байна гэж бодоод засвар хийсэн. Хүний байранд засвар хийж яах вэ дээ. Амьдарна гэсэн нөхцөлөөр л засвар хийнэ шүү дээ гэв.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар
-Тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 04/
-Нэхэмжлэгчийн Төрийн банкны зээлийн дансны харилцааны хуулга /хх-ийн 06-08/
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод байршилтай орон сууцны зориулалттай 54,24 мкв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ /хх-ийн 09/
-Р.Н-ийн Төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 68-74/
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох 2024 оны 04 сарын 10-ны өдрийн ... дугаартай Лэндс Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 85-94/
Хариуцагч талаас нотлох баримтаар
-Голомт банкны 2020 оны 10 сарын 13-ны өдрийн Зээлийн ... дугаартай гэрээ, эргэн төлөлтийн график /хх-ийн 27-29/
-Ё.О-ын Төрийн банкны зээлийн дансны харилцааны хуулга /хх-ийн 30-32/
-Б.М, Ё.О нарын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 34-65/
-Сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжинд 483,390 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл, 23,660 төгрөг төлсөн Төрийн банкны гүйлгээний баримт /хх-ийн 77, 147/
-Б.М-ны 2024 оны 01 сарын 05-ны өдрийн ... дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга /хх-ийн 78-81/
-2024 оны 07 сарын 01-ний өдрийн ... дугаартай итгэмжлэл /хх-ийн /
-Улаан элс ХХК-ны 2024 оны 06 сарын 24-ны өдрийн ... дугаартай албан тоот /хх-ийн /
-Ё.О-ын Хаан банкны 2020 оны 10 сараас 11 сар хүртэл хугацааны, 2021 оны 12 сарын 13-ны, 2023 оны 10 сарын 08-ны, 10 сарын 13-ны өдрийн хуулга /хх-ийн /
-Ё.О-ын Голомт банкны 2020 оны 10 сарын 03-наас 10 сарын 29-ний өдрийн, 2021 оны 11 сарын 22-ны өдрийн хуулга /хх-ийн /
-Дулааны станц ТӨҮГ-ын 2022 оны 01 сарын 01-нээс 2024 оны 06 сарын 30-ны өдрийн хуулга /хх-ийн /
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр
-Хаан банкны 2024 оны 05 сарын 15-ны өдрийн ... дугаартай албан тоот /хх-ийн 124/
-гэрч Г.М-ын мэдүүлэг “Замын-Үүд сум, ... тоот байрыг анх Н-ийг авсан цагаас нь хойш мэднэ. Р.Н ажлаасаа гараад хот руу шилжээд явсны дараа уг байрыг М авсан талаар мэднэ. Ямар байдлаар авсан талаар эхлээд мэддэггүй байсан сүүлд нь нарийн учрыг нь мэдсэн. Бид нар гэр бүлийн найзууд учраас гэр орноор нь орж гардаг байсан. Завсар хийсэн талаар мэднэ. Сүүлд энэ хоёр хоорондоо маргалдаад, мөнгө төгрөг өгсөн өгөөгүй талаар маргаан үүссэний дараа энэ байрны нарийн учрыг олж мэдсэн. Н-ийг явсны дараа М байрыг нь аваад лизинг нь төлж байгаад дуусгаад авна гэж ярьсныг сүүлд мэдсэн. 2020 оны 10 сараас 2023 оны эх хүртэл ипотекийг нь дуусгачихсан байх ёстой гэж хоорондоо аман гэрээ хийсэн юм шиг байна лээ. Найз нөхдийн хувьд энэ асуудлаа яриад дуусгачихаасай гэж ярилцаж байсан зүйл байгаа. Хоорондоо муудалцаад шүүхээр орохоор болсон юм байна лээ. Р.Н сүүлд нь Замын-Үүдэд ирээд бид нар уулзсан. Байраа буцааж аваад зарах хүнээ олсон байгаа. М-ыг байрнаасаа гар гэж хэлсэн. М байрны төлбөрийг төлөөгүй банкнаас ярьсан байсан. Найз нөхөд юм чинь ярилцаад шийдэж болохгүй юм уу, завсар хийгээд байранд орсон, 3 хүүхэдтэй юм чинь ярилцаад шийдэж болохгүй юмуу гэх саналыг найзуудаас нь тавьсан. Уг нь 2023 оны эхэн гэхэд зээлийг нь төлчихсөн байх байсан юм байна лээ. М-ны талаас эхлээд 10 сая, дараа нь 15 сая, сүүлдээ 20 сая төгрөг өгье гэсэн санал тавьсан. Энэ асуудлаа найз нөхдөөрөө дамжуулаад яриулсан асуудал байгаа. М-д ямар боломж байна гэдгийг С бид хоёроор хэлүүлсэн юм. Замын-Үүд суманд С, Ня бид гурав уулзсан. Дараагийн өдөр нь С, О, М, Н бид 5 уулзсан. Бид нар уулзаад зөвшилцөлд хүрээгүй Н хот руу явсан. Би 7 хоногийн дараа хүүхдээ эргэх гэж явахдаа Н-ийн гэрт очиж уулзсан. Очоод асуудлаа ярилцаад шийдвэл яасан юм бэ найз нөхөд хүмүүс чинь хэцүү байна гэж яриад буцсан. М өөрийн авсан байрандаа засвар хийж байгаа гэж ойлгосон. Байрны маргаан гарлаа гээд Н ирсэн юм. Тэр үед сонсоод энэ хоёрыг өр, авлагатай байна гэж мэдсэн.” /хх-ийн 130-132/
-Төрийн банкны 2024 оны 05 сарын 31-ний өдрийн... дугаартай албан тоот, байрны үнийн жагсаалт /хх-ийн 135-136/
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч тал нь хугацаандаа байрны түрээсээ төлөхгүй байгаа тул Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоот 54,24 мк 2 өрөө байрнаас Б.М-ыг албадан чөлөөлүүлэх шаардлагаа тодорхойлж, сөрөг нэхэмжлэлээс татгалзаж,
хариуцагч тал нь зохигчдын хооронд хийгдсэн Замын-Үүд сумын ... тоот 2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, Иргэний хуулийн 56.5, 56.6-д заасан дагуу нэхэмжлэгчээс 69,820,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Нэхэмжлэгч Р.Н, хариуцагч Б.М нар нь 2020 оны 10-р сард Замын-Үүд сумын ... тоотод байрлах 54,24 мкв 2 өрөө орон сууцыг 65,088,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаанд 26,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 38,588,000 төгрөгийг 2022 оны 10 сар гэхэд бүрэн төлөх талаар харилцан тохиролцсон, хариуцагч маргаан бүхий орон сууцыг хүлээн авсан, 2020 оны 11 сарын 15-наас эхлэн эхний төлөлтийг төлж, 2024 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл зээлийн төлөлтийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдыг энэхүү хэлцлийг хийх үед маргаан бүхий орон сууц нь 2013 онд Төрийн банк нэхэмжлэгч Р.Н нарын хооронд байгуулагдсан 50,000,000 төгрөгийн ипотекийн гэрээний барьцаанд барьцаалсан байсан, зээлийн үүрэг дуусгавар болоогүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 06/, нэхэмжлэгч Р.Н-ийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нь маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах үйлдэл хийх үедээ дээрх орон сууцыг ипотекийн зээлийн гэээний дагуу авч, банкны барьцаанд орон сууц байсан талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүний хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцэлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол хэлцэл хийсэн гэж заасан.
Хэдийгээр талууд хүсэл зоригоо илэрхийлэн нэг тал орон сууцыг худалдах, нөгөө тал үнийг тодорхой хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байх боловч энэхүү хэлцэл хүчин төгөлдөр байхыг шаардах юм.
Нэхэмжлэгч Р.Н, хариуцагч Б.М нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний агуулгыг тодорхойлох боловч мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т “...үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авахад гэрээ болон шаардагдах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж заасан. Үүнээс үзэхэд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад тусгай шаардлага үүснэ, мөн худалдах үйлдэл хийх үед гарч болох зардлыг хуваарилна гэж ойлгоно.
Зохигчид нь маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах үедээ холбогдох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангах үүрэгтэй. Талууд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 245 дугаар зүйлийн 245.2-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд буюу Төрийн банкинд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй гэж шүүх үзсэн. Төрийн банкинд хариуцагч нь очиж уулзаж байсан гэх боловч Төрийн банкнаас зөвшөөрөл олгосон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэж талуудын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод байрлах 54,24 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор шийдвэрлэв.
Хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцсон тул хариуцагч Б.М-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотоос албадан гаргаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах нь зүйтэй юм.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Б.М нь сөрөг нэхэмжлэлдээ хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, байрны урьдчилгаан төлсөн 26,500,000 төгрөг, 2020 оны 11 сараас 2024 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 14,680,000 төгрөг, байрны засвар, тавилга хийлгэхэд зарцуулсан 23,000,000 төгрөг, СӨХолбоонд төлсөн нийт 4,640,000 төгрөг, байрны түрээсийн 2 сарын төлбөрийг Р.Н-оос буцааж өгөхөд нь төлсөн 1,000,000 төгрөг гээд нийт 69,820,000 төгрөгийн нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.М-ны сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж буй 69,820,000 төгрөгөөс байрны урьдчилгаа болон 40 сарын зээлийн төлбөрт төлсөн /26,500,000+14,680,000/ нийт 41,180,000 төгрөгнөөс 1 сарын түрээсийг 800,000 төгрөгөөр тооцож нийт 44 сарын 35,200,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 5,980,000 төгрөгийг байр чөлөөлж өгсөн тохиолдолд буцаан олгох, бусад зардлыг үндэслэлгүй гэж үзэн татгалзсан.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд талуудын шүүх хуралдаанд гаргасан “банкны зөвшөөрөл ааваагүй, нотариатаар батлуулах шаардлага хангаагүй” гэдгийг ухамсарлан ойлгож байсан нь тогтоогддог тул нэхэмжлэгч үүнээс үүсэх эрсдлийг өөрөө хариуцах нь зүйтэй юм. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч орон сууцыг өөрийн эзэмшилд байлгасан хугацаанд орон сууцыг ашиглаж, амьдарсны төлбөр тооцох талаар аман хэлцэлд тусгагдаагүй, энэ талаар талууд тохиролцоогүй болно. Иймд нэхэмжлэгчийн 44 сарын түрээс гэж 1 сарыг 800,000 төгрөгөөр тооцож 35,200,000 төгрөгийг байрны урдчилгаа төлбөр болон орон сууцны зээлд төлсөн төлбөрөөс суутгаж тооцоно гэх тайлбар үндэслэлгүй юм.
Зохигчид нь орон сууцны урьдчилгаанд өгсөн 26,500,000 төгрөг дээр маргаагүй харин 40 сарын хугацаанд төлсөн гэх зээлийн төлбөрийн үнийн дүн дээр маргасан. Нэхэмжлэгч талаас 2020 оны 11 сарын 03-наас нийт 10,388,000 төгрөгийн зээлийн төлөлтийг хийсэн гэж, хариуцагч талаас 2020 оны 10 сараас 2024 оны 02 сар хүртэл хугацаанд сарын 370,000 төгрөгөөр тооцож 40 сарын хугацаанд нийт 14,680,000 төгрөгийг хийсэн гэж мэтгэлзсэн. Хэрэгт авагдсан Б.М, Ё.О нарын Төрийн банкны харилцагчийн хуулга /хх-ийн 34-65/-аар 32 удаа “bairnii mungu zeel”, “bairnii mungu”, “М зээл төлөв”, “байрны зээл” гэх утгатайгаар нийт 11,476,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Хариуцагч Б.М нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д зааснаар шууд эзэмшигч, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар орон сууцыг засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардлах эрхтэй боловч хариуцагч нь байранд хийсэн засвар, тавилга хийлгэхэд 23,000,000 төгрөгийг зарцуулсан, Сууц өмчлөгчдийн холбоонд болон дулааны төлбөрт 4,640,000 төгрөг, байрны түрээсийн 2 сарын төлбөрийг буцаалт 1,000,000 төгрөгийг Р.Н-д бэлнээр төлсөн гэх шаардлагаа нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй гэж үзлээ.
... ХХК-ийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн ... дугаартай албан бичгээр маргаан бүхий байранд 20,000,000 төгрөгийн засварыг хийсэн гэж тодорхойлсон боловч ямар төрлийн засварыг хийсэн, уг засварт хэдэн төгрөгийн бараа материал зарцуулсанаа баримтаар гаргаагүй болно. Гэрч Ё.О-ын шүүх хуралдаанд гаргасан өгсөн ХААН банкны болон Голомт банкны хуулгаар ..., ... гэх дансанд болон бусад агуулгаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг нь маргаан бүхий байрны засвар болон тавилга хийлгэсэн зардалтай хамааралтай болох нь, мөн гэрч Ё.О, Г.М нарын мэдүүлэгээр 23,000,000 төгрөгийн зарцуулалт тогтоогдохгүй байна.
СӨХ-ийн болон дулааны 4,640,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нь тухайн орон сууцанд амьдарч байх хугацаандаа төлсөн зардал болохоо мэдүүлсэн. Уг төлбөрийг тухайн орон сууцыг эзэмшиж байгаа оршин суугч төлөх үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор “...1. Айл өрхийн болон дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Н.Т, Барилга, хот байгуулалтын сайд Б.М, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.С, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэж заажээ. Хариуцагч нь 2020 оны 10 сараас хойш тухайн орон сууцанд амьдарсан. Дээрх тогтоол хэрэгжиж байх хугацаанд хариуцагч нь амьдарч байсан байх ба 4,640,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй болохыг нотлож чадаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс 37,976,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 31,844,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар Р.Н, Б.М нарын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот 54,24 мк 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Б.М-ыг маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар нэхэмжлэгч Р.Н-оос 37,976,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,844,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 507,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Р.Н-оос 347,730 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б