Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Р.Баярсайхан

Шүүгдэгч Э.Дагийсүрэн, М.Мөнхзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэн, Бага Тогшид овогт Мөнхцоодолын Мөнхзул нарт холбогдох эрүүгийн 1719000460034 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг Өвдөг гэх газар нутаглах, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэн / ЕВ93011811/,

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 , эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар баг Хоолойн бууц гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, Бага Тогшид овогт Мөнхцоодолын Мөнхзул, регистрийн дугаар ЕВ93022718

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Дагийсүрэн, М.Мөнхзул нар нь  2017 оны 08 дугаар сарын 07-08-ны шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Баярсайханы байшинд нэвтэрч 1 118 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ахынхаа автомашиныг унаад Даланжаргалан сум ороод Мөнхзултай таарсан. Манайхруу явж хонь аваад ирье гээд бүрэнхий болж байхад гарсан. Төөрч яваад аавынхаас урагшаа явсан байсан. Буцаж яваад талын хороо гэх газар очсон. Хүн байвал хаашаа явахаа асууя гээд орсон. Гэрт хүн байхгүй байшингийн голд  шуудайтай зүйл овоолоостой юм байсан. Тэр шуудайтай зүйл, жаазтай зургийг авсан. Шөнө нь аавынд ирээд өглөө нь хонь янзалж аваад Даланжаргалан суман дээр очиж саатуулагдсан. Хромон гутал байгаагүй. Би ахаасаа нуугаад өглөө юу байгааг нь харсан. Авсан зүйл нь цагдаа дээр хураагдан очсон гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Мөнхзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Даланжаргалан дээр Дагийсүрэнтэй таараад хөдөө явсан. Замдаа төөрөөд айлд очсон, хаалга нь онгорхой байсан. Шуудайтай зүйл жаазтай зураг зэргийг авсан. Маргааш нь хонио аваад төвд очоод саатуулагдсан, хромон гутал байгаагүй гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Р.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би урд орой нь бууцандаа очиж хөрзөнгөө ховхлох гээд очсон байсан. Тэндээсээ нэлээд орой явахдаа байшингаа янзалж, цоожлоод явсан. Маргааш нь очиход гадна хаалганы цоожийг юмаар цохиж хэмхлээд нээсэн байсан. Энэ 2, өмнө нь хулгай орсон байна гээд байсан ч би үгүй гэж бодож байгаа. Цагдаад хураалгасан эд зүйлийг бүгдийг нь буцааж авсан. Хромон гутлыг манай нөхөр ангийн уулзалтад өмсөж явна гээд гаргаад орхиж явсан байсан. Жаазтай зургууд цэнхэр хивсэн дээр хадаатай байсан. Манайх өвөлжөөнөөсөө 2-3 км зайтай байдаг. Гэртээ утасны сүлжээтэй учраас нөхрийн ангийнхан ирнэ гэж ярихаар нь өглөө 8 гэж байхад хонио эргүүлээд  байшингаасаа аяга авна гэж очсон. Тэгсэн үүд нь онгорхой, бүх юм голд нь овоолсон, ханын шавар наашаа ховхорсон, судар авах гэж байгаад аяга, таваг наашаа унагаасан бололтой, хагарсан байсан. Тэгээд сумын цагдаад хэлсэн. Энэ 2 хромон гутал аваагүй гэдэг ч би урьд өдөр хөрзөн авахад байсан юм чинь энэ хоёрыг авсан байх гэж бодож байгаа гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд явж байтал цагаан өнгийн машинаасаа буугаад тэр байшин руу очсон чинь хаалга нь онгорхой үүдний амбаарт нь улаан өнгийн мотоцикль байсан. Байшин руу ортол хүн байхгүй байсан ба тэр үед Дагийсүрэн араас ороод ирсэн. Тэгээд бид хоер хоорондоо ярьж байгаад жаазтай зураг 5 ширхэг, цэнхэр өнгийн хивс, цагаан өнгийн телевизор, 2 ширхэг бурханы судар, аяга, таваг зэрэг эд зүйлсийг нь хулгайлж Дагийсүрэнгийн унаж явсан машины ард хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 42-43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:    ... Мөнхзул намайг байж бай гээд машинаас буугаад тэр байшин руу яваад орохоор нь би араас нь дагаад орсон чинь хүнгүй байсан. Тэгээд би Мөнхзулаас хаалга нь онгорхой байсан юм уу, яаж орж ирсэн юм гэж асуусан чинь Мөнхзул онгорхой байсан зүгээр ороод ирлээ ш дээ гэж надад хэлсэн. Тэгээд би Мөнхзулыг гаръя гэсэн чинь ганц нэг юм авчихъя тэгээд машины чинь ард хийчихье гээд жаазтай зурагнууд, жижиг малчин телевизор, шуудайтай эд зүйл хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Хохирогч Р.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Даланжаргалан сум 3 дугаар баг Талын хороо гэх газар байдаг гэртээ ирсэн чинь байшинд хулгай ороод манай эд зүйлийг байшингийн голд овоолоод орхисон байсан. Гэрээс эрэгтэй хүний 41 размерын шинэ хромон гутал, 2*1,50 хэмжээний цэнхэр өнгийн хивс, малчин телевизор, Чингис, эмээлтэй 2 морь, жаргалын 8 морь, 6 насны морь, азарганы жаазтай оёмол зурагнууд, жижиг халтар манан хөөрөг, цэнхэр өнгийн дээлний гадар, пудр зэрэг эд зүйл ил байсан алга болсон байсан гэрийнхээ эд зүйлийг сайн бүртгээгүй байна... дахиж юмаа нягталж үзэхэд манан хөөрөг байсан, харин хромон гутал байгаагүй. Мөн өмнө нь манай гэрээс пудр, дээлний гадар нь өмнө алдагдсан юм билээ эдгээр зүйлсийг тусад нь өргөдөл өгч шалгуулах болно...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дагийсүрэн ...аав Амарбаатарын гэрлүү яваад ирье, эхнэр төрөх гэж байгаа, ааваас шөлний хонь аваад ирье гэж хэлээд миний эзэмшлийн Хюндай аванти маркийн 50-03 ДГА улсын дугаартай хар өнгийн автомашиныг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ДГО 671 дугаартай: “...Чингисийн зураг 150,000 төгрөг, 6 морины зураг 100,000 төгрөг, 2 морины зураг 70,000 төгрөг, морины толгойн зураг 40,000 төгрөг, 8 морины зура' 80,000 төгрөг, хивс 50,000 төгрөг, малчин зурагт 120,000, Алтангэрэл судар 30,000 төгрөг, Сандуйн жүд 50,000 төгрөг, шаазан аяга 4 2,000 төгрөг, шаазан таваг 1,000 төгрөг, хундаганы ком 25,000 төгрөг, нийт 718,000 төгрөг..." гэсэн үнэлгээ /хх-ий- 29-30 дугаар хуудас/,

 

           Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 8-9 дүгээр хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47-50 / зэргийг шинжлэн судлав.

         

 Шүүгдэгч Э.Дагийсүрэн, М.Мөнхзул нар нь  2017 оны 08 дугаар сарын 07-08-ны шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Баярсайханы байшинд нэвтэрч 718 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн байшингаас хулгайд алдагдсан эд зүйл дотор хромон гутал байсан нь нотлогдоогүй, шүүгдэгч нар нь хулгайлсан эд зүйлээ 50-03 ДГА улсын дугаартай авто машины багажид байлгаж байгаад хураалгасан ба хураан авсан эд зүйлийг фото зургаар бэхжүүлж, тэмдэглэл үйлдсэн, хромон гутал байсан талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хромон гутал байгаагүй гэж мэдүүлсэн атал энэ талаар шалгаагүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас хромон гутал хулгайлсан нь Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ДГО 687 дугаартай: “...Орос хромон гутал 1 хос 400,000 төгрөг...” гэсэн үнэлгээгээр тогтоогдсон гэх боловч энэ нь эд хөрөнгөнд үнэлгээ гаргасан болохоос уг хромон гуталыг хулгайлсан гэх нотлох баримт болохгүй бөгөөд үнэлгээ тогтоох эрх бүхий байгууллага нь гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох субьект биш юм.

 

Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ДГО 687 дугаартай: “...Орос хромон гутал 1 хос 400,000 төгрөг...” гэсэн үнэлгээ тогтоосон нь уг хромон гутлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоогоогүй, хохирогчид байсан, үгүй нь ч мэдэгдээгүй байхад юуг үндэслэн 400 000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй байна. Иймээс Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ДГО 687 дугаартай үнэлгээ тогтоосон дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

            Шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэн, Бага тогшид овогт Мөнхцоодолын Мөнхзул нарыг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж иргэнд 718 000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Э.Дагийсүрэн, М.Мөнхзул нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээг хөнгөрүүлэн ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хохирогч Р.Баярсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Э.Даваадоржийн эзэмшлийн  50-03 ДГА улсын дугаартай Хюьндай аванти маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/03 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэн, Бага Тогшид овогт Мөнхцоодолын Мөнхзул нарыг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дагийсүрэнд 1 / нэг/ жил хорих ял, М.Мөнхзулд 1 / нэг / жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дагийсүрэн, М.Мөнхзул нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

4. Шүүгдэгч Э.Дагийсүрэн, М.Мөнхзул нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Э.Даваадоржийн эзэмшлийн  50-03 ДГА улсын дугаартай Хюьндай аванти маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/03 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Э.Дагийсүрэн, М.Мөнхзул нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА