Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1338

 

 

     2020          10            20                                        2020/ДШМ/1338

 

 

НКТхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Ш.Саранчимэг, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

иргэний хариуцагч Х.Сарангэрэл,

шүүгдэгч НКТ-ийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/723 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч НКТхолбогдох эрүүгийн 1903014270062 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 5ы өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч НКТ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Өгөөж ХХК-ийн баруун урд замын уулзварт Mitsubishi Lancer маркийн 56-42 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ш.Саранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: НКТ-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч НКТ-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар НКТ-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч НКТ-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч НКТ, иргэний хариуцагч Х.Сарангэрэл нараас нийт 9.244.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Саранчимэгт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.Саранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.323.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, НКТ баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангиллын 928083 дугаартай үнэмлэхийг НКТ-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НКТ-ийг гэм буруутайд тооцсон 2020/ШЦТ/723 дугаартай тогтоолыг гардан аваад тухайн тогтоолын тодорхойлох хэсгийн “...Шүүх хуралдаанд хохирогч Ш.Саранчимэг нь цаашид гарах эмчилгээний зайлшгүй зардал буюу баруун нүдний ухархайн хугаралд хагалгаа хийлгэхэд гарах 4.391.000 төгрөг, баруун мөрний үеийн нээлттэй хагалгаа хийлгэхэд 4.833.000 төгрөг зэргийг болон өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийхэд төлсөн хураамжийн төлбөр 20.000 төгрөг, бусад гарсан зардалд 323.400 төгрөг, нийт 10.567.400 төгрөгийг нэмж нэхэмжилсэн.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед “баруун, зүүн нүдний ухархайн хугарал, далны тогооны уруулын урагдал, тархины няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, өвдөг шилбэний арьсны зулгаралт” бүхий гэмтлүүд учирсан ба хохирогчоос шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн буюу дээрх гэмтлийн улмаас “Эм Би Жи” Гэмтэл согогийн эмнэлгийн хохирогч Ш.Саранчимэгийн баруун нүдний ухархайн хугаралд хагалгаа хийхэд 4.391.000 төгрөг төлбөртэй тухай нэхэмжлэх, “Мөнгөн гүүр” эмнэлэгт хохирогчийн баруун мөрний үеийн нээлттэй хагалгаа хийхэд 4.833.000 төгрөгийн төлбөртэй тухай нэхэмжлэх ирүүлснийг үндэслэн зайлшгүй гарах зардал гэж шүүх үзэж, мөн гарсан зардал болох “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийхэд төлсөн хураамжийн төлбөр 20.000 төгрөг, нийт 9.244.000 төгрөгийг шүүгдэгч НКТ, иргэний хариуцагч Х.Сарангэрэл нараас тус тус гаргуулан хохирогч Ш.Саранчимэгт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс болон бусад зардалд нэхэмжилсэн 1.343.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гээд тогтоох хэсгийн 4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  НКТ, иргэний хариуцагч Х.Сарангэрэл нараас нийт 9.244.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Саранчимэгт олгосугай” гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас уг гомдлыг гаргаж байна.

Хохирогчийн зүгээс тус шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн буюу дээрх гэмтлийн улмаас “Эм Би Жи Гэмтэл согогийн эмнэлгийн хохирогч Ш.Саранчимэгийн баруун нүдний ухархайн хугаралд хагалгаа хийхэд 4.391.000 төгрөг төлбөртэй тухай нэхэмжлэх, “Мөнгөн гүүр” эмнэлэгт хохирогчийн баруун мөрний үеийн нээлттэй хагалгаа хийхэд 4.833.000 төгрөгийн төлбөртэй тухай нэхэмжлэх гаргаж өгсөн боловч ямар нэг хагалгаа хийлгээгүй болох нь уг баримтаар нотлогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтыг зайлшгүй хохирол гэж НКТ, иргэний хариуцагч Х.Сарангэрэл нараас гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчлан заасан. Мөн хэрэгт авагдсан Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн 3.4-т “Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэсэн байтал шүүхээс эмч болон шинжээч эмчийн дүгнэлтгүйгээр хувийн эмнэлгийн баримтыг үндэслэн 9.244.000 төгрөг гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч НКТ-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр болсон бөгөөд шүүхээс шийтгэх тогтоол уншиж танилцуулахдаа иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийн “...өмгөөллийн хөлс 1.000 000 төгрөг болон яллах дүгнэлт үйлдэгдэж, хэрэг шүүхэд шилжсэнээс хойш гарсан эмчилгээ оношлогооны зардал болох 343.400 төгрөг, нийт 1.343.400 төгрөгийг шийдвэрлэхгүй орхилоо, цаашид гарах зардлын хамт иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг танилцуулсан бөгөөд танхимд байгаа бүх хүн сонсож ойлгосон болно.

Гэвч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/723 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс болон бусад зардалд нэхэмжилсэн 1.343.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /шийтгэх тогтоолын 6 дугаар хуудас эхний мөр, тогтоох хэсгийн 5 дугаар хэсэг/ гэж уншиж сонсгосноос зөрүүтэй бичсэн байна.

Тус иргэний нэхэмжлэлийн өмгөөллийн хөлс болон яллах дүгнэлт үйлдэгдэж хэрэг шүүхэд шилжсэнээс хойш гарсан эмчилгээ оношлогооны зардал болох нийт 1.343.400 төгрөгийг шийдвэрлэхгүй орхисон тул тогтоол танилцуулахдаа үндэслэл дурдаагүй билээ. Хэрэв тухайн үед хэрэгсэхгүй болгосон бол хэрэгсэхгүй болгох үндэслэлииг тайлбарлаж няцаах ёстой байсан. Бодит байдал дээр хэрэгсэхгүй болгоогүй хэлэлцэхгүй орхисон" билээ.

Гэтэл шийтгэх тогтоолыг албажуулахдаа хэрэгсэхгүй болгож” гэж бичиж эрх зүйн өөр үр дагавар бүхий ноцтой алдаа гаргасан байх тул Эрүугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.8.1.7, 36.10, 36.10.4, 36.14 дүгээр зүйлд зааснаар залруулах хүсэлт гаргасан боловч бидэнд бичгээр хариу өгөөгүй болно.

Уг осол гараагүй бол хохирогч Ш.Саранчимэгийн эрүүл мэнд сарниж хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдахгүй, хохирол төлбөр нэхэмжлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, үйлдвэрлэлийн ослын мэдээлэл гаргуулж тэтгэмж гаргуулах зэргээр хууль зүйн туслалцаа авах шаардлага гарахгүй байсан. Одоогоор эрүүл мэнд хэвийн байдалд ороогүй бөгөөд цаашид хүндрэл гарахыг үгүйсгэхгүй нөхцөл байдалд байна. Шүүгдэгч болон иргэний хариуцагчид осол болсны дараа Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж толгойн хаван дарах, бие тогтворжуулах эмчилгээ хийлгэсэн зардлыг төлсөн болохоос нүдний ухархай далны лабромын гол гэмтлүүдийг оношлох эмчлэх зардлыг төлөөгүй. Тус 343.400 төгрөгийг нүдний болон далны оношлогоо үзлэг хийлгэхэд зарцуулсан, нааш цааш автомашинаараа зорчиход зарцуулсан бензин зэрэг нь бүгд е-баримттай билээ.

Нэгэнт шүүх шийдвэрээ залруулаагүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, чухам яагаад дээрх баримтаар тогтоогдох зардлыг хэрэгсэхгүй болгосон тухай үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.8.1.7, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа тул өмгөөллийн зардал болон төлөгдөөгүй байгаа эмчилгээ оношлогооны зардал нийт 1.343.400 төгрөгийг Иргэний хуулиин 497, 510 дугаар зүйл заасны дагуу гаргуулах эсвэл иргэний журмаар нэхэмжлэхээр нээлттэй үлдээж өгнө үү.

Шүүгдэгч НКТ-ын шүүхэд өгсөн тайлбар болон холбогдох баримтаар түүний монголд оршин суух хугацаа нь 2020 оны 12 дугаар сард дуусч байгаа бөгөөд хохирол төлбөр барагдуулаагүй, шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй байна.

НКТ-ын дээрх нөхцөл байдал нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1, 34.2.2 дахь хэсэгт заасан Монгол Улсаас гарах, гарахыг түдгэлзүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн улсын хилээр гарахыг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж эрүүгийн хариуцлага хүлээсэн гадаадын иргэнийг албадан гаргадаг бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц НКТ-ыг албадан гаргах нь тодорхой байна. Үүнд хохирол төлбөр төлсөн эсэх нь хамаарахгүй бөгөөд гагцхүү шүүхээс л хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой тул хуулийн хэрэгжилтийг хангаж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-т заасны дагуу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ш.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эрүүл байж байгаад гэмтсэн учир эрүүл мэндийнхээ зардлыг нөхөн гаргуулах хүсэлтэй байна. Монгол Улсад Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж яваад осолд орсон хүн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч үлддэг юм байна. Би маш их гомдолтой байна. Би осолд ороод “Мөнгөн гүүр” эмнэлэгт 10 хоног хэвтсэн бөгөөд түүний төлбөрийг шүүгдэгч талаас төлж байсан. ...” гэв.

Иргэний хариуцагч Х.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч НКТ-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Х.Сарангэрэлийн эзэмшлийнх байсан бөгөөд Х.Сарангэрэл нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч НКТ-д шилжүүлсэн байх тул түүнийг иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах үүрэгтэй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ш.Саранчимэг баруун нүдний ухархай гэмтсэн, зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай, гэвч мөнгөгүй учраас эмнэлэгт үзүүлж чадахгүй, хагалгаанд орж чадахгүй байна гээд хоёр эмнэлэгт үзүүлсэн нэхэмжлэх гаргаж өгсөн. Уг нэхэмжлэхийг шүүх зайлшгүй гаргах зардал мөн гэж үзэж 9.244.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, хохирогчийн гаргаж өгсөн 323.300 төгрөгийн эмчилгээний баримтуудыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Гэтэл шийтгэх тогтоолд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж бичсэн байсныг хохирогчийн өмгөөлөгч хуульд “хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана” гэж заасан учраас иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг хязгаарласан гэж ярьж байна. Энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч НКТ-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах талаар хүсэлт удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, Монгол Улсын хилээр гарах, дахин гэмт хэрэг үйлдэх зэрэг асуудал гаргаагүй, хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байсан учир уг арга хэмжээг аваагүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гадна шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох, шүүх хуралдаанаас боломжит асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой хуульчилсан бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаанууд шүүхийн шийдвэр гаргах үйл явцад хамаардаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хууль ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг тодруулан хуульчилжээ.

Хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Шүүгдэгч НКТ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Өгөөж ХХК-ийн баруун урд замын уулзварт Mitsubishi Lancer маркийн 56-42 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ш.Саранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Ш.Саранчимэгийн “...Өгөөжийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гарах гээд зөвшөөрсөн ногоон гэрэл хүлээж байгаад ногоон асахаар нь явган хүний гарцаар гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явдаг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад ертөнцийн зүгээс баруунаасаа урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэл миний баруун тал руу мөргөөд нэг мэдсэн чинь би босч ирээд зогсож байсан бөгөөд нүүрний хэсгээс нилээн их цус гарч байсан. ...” /1хх 17/,

шүүгдэгч НКТ-ийн “...Өгөөжийн уулзвар дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байсан. Мөн явган зорчигчийн зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байсан. Би баруун буюу ертөнцийн зүгээр урд зүгт машинаа эргүүлээд явж байтал машины урд баганын харагдахгүй хэсгээс гартаа нэг ууттай юм барьсан эмэгтэй хүнийг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун гараад явж байхад машины урд хэсгээрээ мөргөсөн. ...” /1хх 201/,  

иргэний хариуцагч Х.Сарангэрэлийн “...Манай машинд ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй. Би иргэний хариуцагчаар татагдсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө. ...” /1хх 27/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ш.Саранчимэгийн биед баруун нүдний ухархайн хугарал, далны тогооны уруулын урагдал, тархины няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, өвдөг шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 32/ гэх шинжээчийн дүгнэлт,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /1хх 4-10/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 12/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 13/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх 51/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх 58/, өвчний түүх /1хх 60-68/, хохирлын баримтууд /1хх 82-84, 87-90, 119-124, 242-244/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /1хх 128-134/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1хх 195/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан буюу хууль, дүрэм зөрчсөн нь санаатай, түүнээс гарах үр дагаврыг хүсээгүй байхыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүгдэгч НКТ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.Саранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зам тавьж өгөх гэдэг нь хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлэхгүй байх үйлдлийг хэлэх бөгөөд давуу эрхтэй гэдэг нь бусад замын хөдөлгөөнд оролцогчоос урьтан хөдөлгөөн хийх эрхийг ойлгоно.

Замын хөдөлгөөний дүрмээр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох эрх, үүргийг зохицуулсан бөгөөд Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч НКТ-ыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Ш.Саранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч НКТ-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн “...“цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэсэн байтал шүүхээс эмч болон шинжээч эмчийн дүгнэлтгүйгээр хувийн эмнэлгийн баримтыг үндэслэн 9.244.000 төгрөг гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. ...” гэсэн, хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн “...Өмгөөлөгчийн хөлс, шүүхэд шилжсэнээс хойш гарсан эмчилгээний зардал, төлөгдөөгүй нийт 1.343.400 төгрөгийг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу гаргуулах эсвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээллтэй үлдээн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг учиртай.

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцдэг.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 3-ын (b)-д эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх...”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” эрхтэй гэж тус тус заажээ.

Эдгээр олон улсын гэрээ, ковенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”, мөн зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж баталгаажуулан хуульчилсан байна.

             Анхан шатны шүүх хохирогчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ баруун нүдний ухархайн хугаралд хагалгаа хийлгэхэд гарах 4.391.000 төгрөг /1хх 242/, баруун мөрний үеийн нээлттэй хагалгаа хийлгэхэд гарах 4.833.000 төгрөг /1хх 244/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийхэд төлсөн хураамжийн төлбөр 20.000 төгрөг /1хх 194/ зэрэг баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж буй уг харилцааг иргэний хариуцагч, шүүдэгч нараас урьдчилан гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь хохирогч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөнөөсөө гаргаж буй зардал юм.

Гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй.

Өөрөөр хэлбэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаалаагүй бусад хохирол болох өмгөөлөгчийн зардал, машины шатахууны зардал зэргийг хохиролд тооцох үндэслэлгүй юм.  

 Аливаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүх урьдчилан гаргуулахдаа Иргэний хуулийн илүү нарийвчилсан зохицуулалтыг баримтлалгүй шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх ялтны торгох ял биелүүлэх хугацааг 3 сар гэж тогтоосон нь буруу байх тул шүүгдэгч НКТ-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч НКТ-ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн тул хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдохыг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар  сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/723 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч НКТ-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. …” гэж,  

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар...” гэсэн хэсгийг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ