Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0005

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          12           25                                   128/ШШ2024/0005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Н*******,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ч*******, О.Д*******

Хариуцагч: ******* дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Э******* нарын хоорондын нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н*******, хариуцагч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон 63,180,000 төгрөгийг олгуулах” гэж тодорхойлж байгаад “Шүүхийн ерөнхий зөвлөл болон ******* дүүргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 63,180,000 төгрөг олгохыг хариуцагч нарт даалгуулах” гэж өөрчилжээ.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад гомдол гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1638 дугаартай албан бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй гэх хариуг авч шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Маргааны үйл баримтын талаар:

            3.1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар зарлигаар Н.Н*******г ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

            3.2 ******* дүүргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Н.Н*******д нэг удаагийн тэтгэмж олгох тухай” ******* дугаартай тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Н.Н*******д 97,200,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн зохицуулалтын дагуу тэтгэмж авах эрх үүссэн,

4.2 Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасны дагуу дараах хэмжээгээр цалин авч байсан,

4.3 Албан тушаалын цалинд Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 101 дүгээр тогтоолын хавсралтад заасан,

4.4 Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”-д Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шүүгчийн авч байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар бодож сар бүр олгохоор,

4.5 Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-д 26 ба түүнээс дээш жил ажилласан шүүгчид албан тушаалын сарын цалингаас,

4.6 Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө гэж тус тус үйлчлэх хүрээг тодорхойлсон тул шүүгчийн албан тушаалаас Шүүхийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн надад дээрх хууль, журамд заасан төрийн албанд ажилласан хугацааг Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн дундаж хэмжээгээр үржүүлж нэг удаагийн тэтгэмж олгох шалгуур үзүүлэлт ямар ч тохиолдолд хэрэглэгдэх боломжгүй байсан,

4.7 Харин Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасны дагуу тооцогдсон цалинг сар бүр авдаг тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “...түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ...” гэдэгт энэ албан тушаалын цалин мөн зохих нэмэгдэл багтах тул тэдгээрийн нийлбэрийг 36 сараар үржүүлж тэтгэмжийн хэмжээ тогтоогдох байсан,

4.8 Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан атал шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгааг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглээгүй, илт хууль бус шийдвэр гаргаж миний эрхийг зөрчсөн гэжээ.

5. Нэхэмжлэгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Н******* миний бие ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож 1 удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан. Гэтэл энэ нэмэгдлүүдээс тооцоогүй, үндсэн цалингаас тооцож 97,200,000.0 төгрөг олгосон.

Иймд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохоос татгалзсан хариуцагч нарын шийдвэр хууль бус болохыг тогтоож, 63,180,000 төгрөг олгохыг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.  

6. Хариуцагч ******* дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оноос Шүүхийн ерөнхий зөвлөл өндөр насны тэтгэвэрт гарч байгаа шүүгчдийн тэтгэмжийн зардлыг өөрсдийн төсвөөс шууд гаргах болсон. 2023 оны төсвийн тодотголоор Н.Н******* шүүгчийн тэтгэврийн тэтгэмж 97,200,000.0 төгрөг нэмэлтээр орж ирсэн. Ингээд мөнгийг захиран зарцуулах эрхийг Тамгын газрын даргад шилжүүлсэн. Н.Н******* шүүгчийн 2019 оны цалингийн 36 сараар байсан. Н.Н******* шүүгчийг 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар албан ажлаас нь түдгэлзүүлсэн байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 67 дугаар зарлиг гартал шүүгчийн бүрэн эрх нь сэргээгүй. Ийм учраас Н.Н******* шүүгчийн албан ажлын онцгой нэмэгдэл болон бусад нэмэгдлүүдийг хасаж бодож ирүүлсэн байна гэдгийг хүлээн авч, Тамгын газрын даргын тушаалыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Төрийн жинхэнэ албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журмыг үндэслээд 97,200,000.0 төгрөг олгох тушаал гаргаж, өөрийнх нь дансанд мөнгө шилжсэн байгаа. Тамгын газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасны дагуу тэтгэмжийг олгосон. Тэтгэмжийг олгохдоо 2023 оны жилийн төсвийг шүүхэд нь суулгаж, Тамгын газрын даргын тушаалаар тэтгэмж олгосон нь зөв байсан гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дээрх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Н******* нь 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Төв аймгийн шүүхийн дадлагажигч ажилтнаар,

1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Октябрийн районы шүүхийн нарийн бичгийн даргаар,

1991 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы шүүхэд шүүгчээр,

2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчээр,

2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл  ******* дүүргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан ба шүүгчээр 31 жил 06 сар 26 хоног ажиллажээ.

3. Нэхэмжлэгч Н.Н******* нь ******* дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 63,180,000 төгрөгийг олгохыг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ цалингийн хэмжээгээр тэтгэмж тооцож олгох байтал албан тушаалын цалингаар тооцож олгосон гэж тайлбарлан маргасан.

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар зарлигаар Н.Н*******г ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан үндэслэлээр чөлөөлжээ.

5. ******* дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Н*******д нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалингаас тооцож, 97,200,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон байна.          6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заажээ.

            7. Хуулийн дээрх зохицуулалтыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тодорхойлсон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарт тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэхээр байна.

8. Учир нь хууль тогтоогчоос шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг авч байсан сарын дундаж цалингийн хэмжээр тооцохоор хуульчилсан байх ба энэ нь тухайн албан хаагчийн гар дээр олгогдсон цалинг ойлгохоор байна.

9. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд нэг удаагийн тэтгэмж тооцох сарын дундаж цалин гэдэгт хууль тогтоогчоос үндсэн цалин болон нэмэгдлүүд багтахаар тайлбарлаж хууль баталсан гэж үзэхээр байх бөгөөд хариуцагч нарын “... тэтгэмжид нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлгүй..., хуульд заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин юм...” гэх агуулга бүхий тайлбаруудыг хүлээж авах үндэслэлгүй байна.

10. Түүнчлэн төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох харилцааг ерөнхийлөн зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “тэтгэмжийн хэмжээг үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож олгохоор заасан боловч нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж зохицуулсан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж тус тус зааснаас үзвэл, шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн нь нарийвчилсан зохицуулалттай хуулиар тогтоосон хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байна гэжээ.

11. Харин хариуцагч ******* дүүргийн шүүхийн Тамгын газрын даргаас “...Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай зарлигаар Н.Н*******гийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 67 тоот зарлигаар чөлөөлөгдөх хүртэл сэргээгдэхгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон...” гэж тайлбарлаж энэ үйл баримттай талууд маргаагүй бөгөөд Шүүхийн тухай хуулийн /2021 оны/ 39 дүгээр зүйлийн 39.5-д “Энэ хуулийн 39.4-т заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчид 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар тэтгэмж олгохдоо сарын дундаж цалин буюу хуулиар тогтоосон 90 хувиар тооцож, 97,200,000 төгрөгийн тэтгэмж олгосон нь нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

12. Иймд дээрх хууль журамд заасны дагуу нэхэмжлэгч Н.Н*******д шүүгчийг өндөр насны тэтгэвэрт  гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээг 36 сараар тооцож нэг удаагийн тэтгэмж олгохдоо үндсэн цалингийн хэмжээгээр тооцож, дутуу олгосон нь хууль бус болохыг тогтоож, түүнд дутуу олгосон тэтгэмжийг дээрх хууль журамд заасны дагуу тооцож олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон ******* дүүргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Н.Н*******д дутуу олгосон тэтгэмжийг хууль журамд заасны дагуу тооцож олгохыг хариуцагч нарт даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

  

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ