| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00176/И |
| Дугаар | 156/шш2024/00216 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 156/шш2024/00216
2024 04 30 156/ШШ2024/00216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00176/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* транс ХХК,
Хариуцагч: ******* ******* ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Зохиогчийн хяналтын төлбөр 6,307,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* транс ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зохиогчийн хяналтын төлбөр 6,307,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* транс ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Барилгын зураг төслийн ******* транс ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай УТХО-2019/23/06 тоот гэрээг байгуулж, хуваарийн дагуу Хэрлэн сумын гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц байгуулах ажилд хяналт тавьж ажилласан бөгөөд тухайн ажлын барилга угсралтын ажлыг улсын комисс хүлээн авсан юм. Гэтэл уг ажлыг гүйцэтгэгч ******* ******* ХХК нь зохиогчийн хяналтын төлбөрийг шилжүүлнэ гэж хэлээд гүйцэтгэлийн баримт бичигт гарын үсэг зуруулан зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтээ авсан. Ингээд зохиогчийн хяналтын төлбөр 6,307,220 төгрөгийг шилжүүлэх талаар ******* ******* ХХК-ийн дарга *******тэй утсаар ярьж төлбөрийг шилжүүлэхийг шаардахад өгнө гэж хэлдэг боловч төлбөр нь орж ирэхгүй өдийг хүрсэн. Мөн тус компани руу удаа дараа албан бичиг явуулахад хариу ирүүлдэггүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ******* ******* ХХК-иас зохиогчийн хяналтын төлбөр 6,307,220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:
******* ******* ХХК нь ******* транс ХХК-тай зохиогчийн хяналттай холбоотой аман болон бичгийн байдлаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжилж байгаа 6,307,220 төгрөгийг өгөх үндэслэлгүй. ******* ******* ХХК нь зохиогчийн хяналтын төлбөрийг төлөхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд ******* транс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-7 тал), ******* транс ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1743/04/2023 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал), Инженерийн дэд бүтэц байгуулах ажилд зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9-14 тал) зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Хариуцагч талаас баримт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч ******* транс ХХК нь ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр УТХО-2019/23/06 тоот гэрээг байгуулж, хуваарийн дагуу Хэрлэн сумын гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц байгуулах гэрээ байгуулсан бөгөөд уг ажлыг захиалагч ******* ******* ХХК нь зохиогчийн хяналтын төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон тул гэрээний үүргийн гүйцэтгэл 6,307,220 төгрөгийг гаргуулна гэж,
3. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...******* ******* ХХК нь нэхэмжлэгчтэй зохиогчийн хяналттай холбоотой аман болон бичгийн гэрээ хийж байгаагүй, ямар нэгэн ажил гүйцэтгүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа барилга байгууламж, хот байгуулалтын газрыг төлөөлөн хэлтсийн дарга Б.Гантөгс, ******* транс ХХК-ийг төлөөлөн инженер С.Амаржаргал нар нь Хэрлэн сумын гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц байгуулах тухай УТХО-2019/23/06 тоот гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн УТХО-2019/23/06 дугаартай Инженерийн дэд бүтэц байгуулах ажилд зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэх тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-14/-аар нотлогдож байна.
5. Энэхүү гэрээний харилцаанаас үзэхэд ******* аймгийн Газрын харилцаа барилга байгууламж, хот байгуулалтын газар болон ******* транс ХХК хооронд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэрлэн сумын гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц байгуулахаар УТХО-2019/23/06 тоот гэрээ байгуулсан байна.
Дээрх гэрээний 1.1-д энэхүү гэрээг нэг талаас захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч ******* аймгийн Газрын харилцаа барилга байгууламж хот байгуулалтын газар, нөгөө талаас зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй зураг төсөл зохиогч ******* транс ХХК нар ...зохиогчийн хяналт гүцэтгэх тухай харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулав гэж, 7.2-д зохиогч гэрээнд заасны дагуу инженерийн дэд бүтэц байгуулах ажилд хяналт тавьсан тухай баримт бичиг, ажлын төлөвлөгөө, санхүүжилтын зардлын тооцооны тайланг цаг тухай бүрт бүрдүүлэн захиалагчид нэг хувийг хүлээлгэн өгнө гэж, 8.3-д зохиогч 8.1-д заасан холбогдох баримт материалыг бүрдүүлэн захиалагчид албан бичгээр хүргүүлэх ба төлбөрийг захиалагч хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногт багтаан шилжүүлнэ гэж тус тус заажээ.
Харин ******* ус ХХК, ******* транс ХХК хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч ******* транс ХХК-ний төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* ******* ХХК нь манай компаниар ажил гүйцэтгүүлсэн. Тэрээр тендерт оролцохдоо зохиогчийн хяналтын гэрээний 6,307,220 төгрөг өгнө гээд төсвийн тооцоо бүрдүүлээд орсон. Үндсэн гүйцэтгэлийн гэрээнд зохиогчийн хяналтын мөнгө олгоно гэсэн заалттай. Тэр гэрээг ******* ******* ХХК нь ******* аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулж, хуулийн дагуу манайх 6,307,220 төгрөгийн гэрээг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай байгуулсан. Гүйцэтгэгч компани тендерт оролцохдоо энэхүү төсөвт өртгийн ажлыг тодорхой мөнгөн дүнгээр хийнэ, тухайн ажилд зураг төсөл боловсруулсан зөвлөх үйлчилгээний компани зохиогчийн хяналтыг хийнэ гээд тендерт материалаа илгээдэг. Манайх гүйцэтгэгч компанийн ажлыг хянаж байгаа учраас гүйцэтгэгч компанитай гэрээ хийхгүй хуулийн дагуу тухайн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай гэрээ хийгдэнэ. Ажлын гүйцэтгэлийн талаар акт дээр манай гарын үсэг зурагдаж байж тухайн аймаг орон нутгийн Санхүү төрийн сангийн хэлтэст бүрэн материал болж үйлдэгдээд манай гэрээ хавсаргагдаад бид нарын гарын үсгээр баталгаажаад гүйцэтгэгчийн санхүүжилт ордог. Энэ талаарх материал ******* аймгийн Санхүү төрийн хэлтэст байгаа хэмээн тайлбарлах боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх, уг ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байдаг.
6. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, үүргийн эрх зүйн харилцаа
үүссэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч ******* транс ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-иас зохиогчийн хяналтын төлбөр 6,307,220 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* транс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан ******* транс ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох зохиогчийн хяналтын төлбөр 6,307,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* транс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА