Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 156/шш2024/00236

 

2024 05 08 156/ШШ2024/00236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2024/00135/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ББСБ,

Хариуцагч:  *******э,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 20,687,426.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******

Хариуцагч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,  

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 20,687,426.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/1502800106 тоот цахим зээлийн гэрээ байгуулсан 10,000,000 төгрөгийн зээлийн эрхийг сарын 6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай өдөр бүр зээл хүүг төлөх ба үндсэн зээлээс төлсөн дүнгээр буцаан зээл авч болох нөхцөлтэй шугамын гэрээ байгуулан зээл авсан. Н.*******э нь ЗГ/1502800106 тоот зээлийн гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд зээл, хүүгийн төлбөрийг гэрээний дагуу биелүүлж байсан. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлийн үлдэгдэл 7,666,613.33 төгрөгийн зээл дээр нэмж 2,330,000 төгрөгийн зээл авсан ба нийт 9,996,613.33 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах үеийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй. ******* ББСБ нь Н.*******этэй холбоотой төлбөрийг гаргуулхаар 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба 2023 оны 11 сарын 24-ний өдөр зээлдэгчтэй хугацаа тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан боловч ******* нь тухайн өдрөө өмгөөлөгчөөс зөвлөгөө авч ******* ББСБ-тэй эвлэрсэн тохиролцоогоо зөвшөөрөхгүй татгалзсан. ******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа утсаар болон зээлдэгчтэй уулзаж шаардсан боловч өөрийн амласан хугацаандаа зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 9,996,613.33 төгрөг, үндсэн зээлийн хүү 10,681,312.87 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9,500 төгрөг, нийт 20,687,426.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:

Миний бие 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн ******* ББСБ-ын салбар дээр очиж зээл авахаар хандсан. Тэгэхэд ажилтан нь ХААН банкны дансны хуулгаа аваад ир гээд дансны хуулга шалгаад зээл олгож болох юм байна гэсэн. Ингээд надад "цахим зээлийн эрх нээх гэрээ" гэсэн зүйлд гарын үсэг зуруулж, зээлийн өргөдөлд гарын үсэг зуруулсан. "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-нд зээлийн дүн, хугацаа, хүү гэх зүйл бичигдээгүй байсан. Ингээд би тус компаниас 10,000,000 төгрөгийн зээлийг авсан. Тус зээлийг эргэн төлөх нөхцөл нь 1 өдөрт 333,000 төгрөгийг төлөх байсан. Би 1-5 сар хүртэл апплекшинаар 1 өдөрт 333,000 төгрөгийг төлж байсан. Ингээд сүүлдээ би тооцоондоо учраа олохоо байсан, санхүүгийн байдал маань хүндэрсэн. Одоо тус компани надаас 20,687,426 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир дээрх нэхэмжилж байгаа мөнгөний 50 хувиас илүү хувь нь хүү байгаа. Уг хүүг надаас нэхэмжлэхдээ 6 хувийн хүүтэй байсан гэж нэхэмжилж байгаа боловч тус зээлийг би 6 хувийн хүүтэй аваагүй, энэ тал дээр ямар нэгэн тохиролцоо, бичгийн баримт байхгүй байгаа. Нэхэмжлэл дээр 6 хувийн хүүтэй байсан гэж бичсэн байсан. ******* ББСБ нь надтай 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлэх гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Би ******* ББСБ-аас 3 хувийн хүүтэй гэж зээл авсан. Харин одоо би санхүүгийн алдагдалд орсон тул хүү төлж чадахгүй болсон. Үндсэн зээл 10,000,000 төгрөгөө төлнө гэв.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ1502800105 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал), 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал), 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн харилцагчийн анкетийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал), хариуцагч Н.*******ий иргэний үнэмлэхний лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал), эвлэрлийн гэрээ (хх-ийн 14 тал), Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан хүсэлт (хх-ийн 15 тал), эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл (хх-ийн 16-17 тал) зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 30-31 тал) ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Хариуцагч ******* нь ******* ББСБ-тай 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ1502800105 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, эхний сар хүүгүй, хугацаа хэтэрвэл 6 хувийн хүү тооцохоор 10,000,000 төгрөгийг зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 9,996,613.33 төгрөг, зээлийн хүү 10,681,312.87 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9,500 төгрөг, нийт 20,687,426.20 төгрөгийг  гаргуулна гэж тайлбарлалаа.

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

******* ББСБ нь надтай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, би 10,000,000 төгрөгийн зээл авсан. Би 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл өдөр болгон 333,000 төгрөг төлөөд явж байсан ч нийт 30,000,000 гаруй төгрөг орж, гарсан. Удалгүй би тооцооллоо алдаад санхүүгийн асуудалд орж зээлээ төлөх боломжгүй болсон. Би нэхэмжлэгч талын зээлийн 6 хувийн хүү дээр санал нийлэхгүй байна. Би анх зээл авахдаа 3 хувийн хүүтэй зээл юм байна гэж бодож зээл авсан. Иймээс авсан 10,000,000 төгрөгийн зээлээ төлнө, 6 хувийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй гэж мэтгэлцлээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ******* ББСБ-тай Цахим зээлийн эрх нээх ЗГ1502800105 тоот гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ1502800105 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Талууд энэ талаар маргаагүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан. Талуудын байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ нь бичгээр байгуулагдсан гэрээ байгуулах хүсэл зоргийн илэрхийллийн талаар маргаагүй хүчин төгөлдөр хэлцэл байна. Харин зээлийн гэрээнд хүү тооцсон эсэх болон зээлийн хүүний хувийн талаар талууд маргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ...бид хүү тооцоогүй, харин жилийн 72 хувь, сарын 6 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцсон, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээ байгуулсан... гэж, хариуцагч ******* нь ...би зээл авахдаа 3 хувийн хүүтэй зээл юм байна гэж бодож зээл авсан, 6%-ийн хүүг зөвшөөрөхгүй гэж татгалзалаа тодруулж тайлбарласан.

5. Зээлдүүлэгч ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь компаний улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн /хх-ийн 5/ хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 заасан зээлийн гэрээний шинжийг агуулж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө мөн гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зээлийн гэрээний 1.3.2-д зээлийн хүү гэж зээлийг ашигласан хугацаанд энэхүү гэрээний эсхүл ББСБ-аас тогтоосон зээлийн нөхцөлд заасан хувь хэмжээгээр тогтоосон зээлдэгчийн зээл ашигласны төлбөрт төлж буй дүн гэж, 2.1.6.1-д зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн эрх ашиглагдах үед hi-pay merchant аппликейшинд тооцоологдсон ББСБ-аас тогтоосон дүн байна гэж, 2.1.6.2-д зээл нь эхний 30 хоногт хүүгүй байна гэж, 2.1.6.3-д зээлдэгч аппликейшинд үүсгэсэн хуваарьт хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээний 2.1.6.2-т заасан нөхцөл үйлчлэхгүй бөгөөд hi-pay merchant аппликейшинд автоматаар ББСБ-аас тогтоосон хүү тооцоологдоно гэж, 2.1.6.4-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь хугацаандаа төлөгдөөгүй зээлийн хүүгийн 72 хувь байна гэж тус тус заажээ.

hi-pay merchant аппликейшин гэдгийг тус зээлийн гэрээний 1.3.1-д заахдаа дэвшилтэт технологи ашиглан бүтээсэн ББСБ-ын оюун өмч, зохиогчийн эрхээр хамгаалагдсан, хэрэглэгч ухаалаг утасандаа татан авч суулган зээл авах, цахим төлбөр тооцоог гүйцэтгэх ББСБ-аас санал болгож буй бусад үйлчилгээг авах эрх гэж заажээ.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч ******* ББСБ биелүүлж хариуцагч Н.*******ий нэр дээрх Хаан банк дахь дансанд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн эрх шилжүүлж, хариуцагч 10,000,000 төгрөгийн зээлийг авсан, харин хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.4.2-д заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигджээ.

Талуудын хооронд байгуулагдсан Цахим зээлийн эрх нээх гэрээнээс үзэхэд зээлийн хүүгийн хэмжээг тусгаагүй байх бөгөөд харин гэрээнд хуваарьт хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд hi-pay merchant аппликейшинд автоматаар ББСБ-аас тогтоосон хүү тооцоологдоно гэж мөн хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан зээлийн өргөдөлд зээлийн хүүг 3.50% гэж тэмдэглэж талууд гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаанд зээл авахдаа 3 хувийн хүүтэй зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эндээс үзэхэд зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүү төлөхөөр тохирсон байна гэж үзлээ.

Зээлийн хүү гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр байдаг.

Энэхүү зээлийн хүүг нэхэмжлэгч тал нь сарын 6%-иар бодож 10,681,312.87 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул зээлийн хүүг тохирсон хувь болох сарын 3,50%-иар бодож Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан аргачлалаар тооцох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж заасан ба Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 дугаартай тушаалаар батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-д зааснаар зээлийн хүүг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд ******* ББСБ, зээлдэгч Н.*******э нарын хооронд байгуулагдсан цахим зээлийн эрх нээх гэрээнд сарын 3.50%-ийн зээлийн хүүг бодоход 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,996,613 төгрөгт ногдох зээлийн хүү 5,681,313 төгрөг байна.

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлдэгчийг нэмэгдүүлсэн хүү 10,681,312 төгрөгийг төлөх ёстой гэх боловч гэрээний 2.1.6.4-д зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь хугацаандаа төлөгдөөгүй зээлийн хүүгийн 72 хувь байна гэж заасан ба хуульд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоож болохоор зохицуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийнхээ хэмжээг талууд тохиролцож гэрээнд тусгасан байх шаардлагатай байдаг. Гэвч нэхэмжлэгч тал нь нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй болно.

Мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд зээлийн хүү нэхэмжлээгүй, харин нэмэгдүүлсэн хүү тооцож гэрээ байгуулсан тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар няцаагдаж байна.

6. Иймд хариуцагч Н.*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9,996,613 төгрөг, зээлийн хүү 5,681,313 төгрөг, нийт 15,677,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,009,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч ******* ББСБ нь нотариатын үйлчилгээний хөлс 9,500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа нотлохоор хэрэгт нэхэмжлэх /хх-ийн 6/-ийг хавсаргасан боловч уг материал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 15,677,926 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 236,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч *******эс үндсэн зээл 9,996,613 төгрөг, зээлийн хүү 5,681,313 төгрөг, нийт 15,677,926 /арван таван сая зургаан зуун далан долоон мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,009,500 /таван сая есөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,372 /хоёр зуун жаран нэг гурван зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 236,340 /хоёр зуун гучин зургаан мянга гурван зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАРИНА