Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 156/шш2024/00258

 

2024 05 21 156/ШШ2024/00258

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

138/2023/01348/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч:  ******* ******* ******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 30,305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга С.Отгончимэг,  

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 30,305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.******* нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 8*6 хэмжээтэй, мансардгүй палкан байшинг палканы хэмжээ 11х15 байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу дээврийн төмөр 3-ын банзан дээвэр, лампиран тааз, паркетан шал, обой, 5 вакум цонх, 3ш модон хаалга, бүргэд хаалга, дээврийн дулаалгыг шилэн хөвөн тугалагтай шилэн цаасаар дулаална, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж шохойтой цаас хадаж, обой нааж, 2-н банзан 4х2 хэмжээтэй тамбарыг барьж 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохиролцож, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, дээврийн төмөр тавьсан нөхцөлд 4,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож нийт 29,000,000 төгрөгийг буюу төлбөрөө 100% төлж дууссан. Гэтэл ******* ******* ******* ХХК нь байшингаа бүрэн барьж дуусгаагүй, цонх хаалга хийгээгүй, тэр чигтээ өнөөдрийг хүртэл алга болсон. Тухайн үед зөвхөн өрлөг барьсан, дээвэр тавигдсан байдалтай байсан. Одоог хүртэл ийм байдалтай байгаа. Утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байдаг. Сүүлд ярихдаа уг байшинг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгээд өгнө гэхээр нь зөвшөөрч хүлээсэн. Гэтэл энэ хугацаа дууссан байхад бас л хүлээлгэж өгөөгүй. Одоогийн байдлаар өмнө баригдсан өрлөг нь элэгдэлд орсон, мод банз нь 2 жил үер, чийгт ороод гажсан байдалтай байна лээ. Одоо энэ байшин дээр ажилчид ажиллахгүй байгаа зогссон, 22 сар боллоо. Бид одоо байшинг авахгүй, өгсөн мөнгөө алдангитай нь авна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай утсаар ярихад шүүхдээ ханд гэж хэлсэн байсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээний төлбөрт шилжүүлсэн 29,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 1,305,000 төгрөг, нийт 30,305,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:

******* ******* ******* ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Э.*******той палкан байшингийн гэрээ хийсэн нь үнэн. Захиалагч төлбөрөө 100% төлсөн. Байшинг 2022 оны 9 дүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх байсан. 8*6 харьцаатай байшингийн торхыг босгосон, барилгын явц 90 хувьтай байгаа. Үнийн өсөлт, корона гэх мэт давагдашгүй хүчин зүйл нөлөөлж барилгын ажлаа зогсоосон. Ковидын дараах үеийн үнийн өсөлт нөлөөлж материалын үнэ нэмэгдсэн учраас байшингаа зогсоосон. 29,000,000 төгрөгийн үнэтэй байшин одоо 33-34 сая төгрөг болоод байгаа учраас материалын үнэ хэвийн байдалд орохоор байшингаа бариад өгье гэж тайлбарлаж хэлсэн. Магадгүй байшин элэгдэлд орсон бол бид солиод хийгээд өгч болно. Одоо зөвхөн байшингийн доторлогоо л дутуу байгаа. Цонх, хаалгыг захиалчихсан байгаа. Одоогоор тус байшин дээр ажилчид ажиллахгүй байгаа нь үнэн. Бид мөнгө төлөх боломжгүй. Бидний хооронд байгуулсан гэрээний доод талд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээний зарим хэсгийг биелүүлж чадаагүй бол гэж тусгасан байгаа. Иймд барилгын материалын үнэ өсөж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул 2024 оны 6 дугаар сард багтаагаад байшинг барьж дуусгаж өгөх саналтай байна. Харин бид ямар нэгэн төлбөр мөнгө төлөхгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэгч Э.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал), Хаан банк ХК дахь 5029728522 дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 5-10 тал), ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал), ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал), Э.*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал), Э.*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14 тал), ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 121 дугаартай Э.*******той байгуулсан палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ (хх-ийн 15 тал), Э.*******оос *******д олгосон итгэмжлэл (хх-ийн 30 тал) зэргийг ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас шүүхэд ******* ******* ******* ХХК-ийн Э.Чулуунбаатарт олгосон итгэмжлэл (хх-ийн 19 тал), ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 тал), хариу тайлбар (хх-ийн 29 тал) ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч тал нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Нэхэмжлэгч Э.******* нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 121 тоот ******* ******* ******* ХХК-ын палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу хариуцагчид 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж одоог хүртэл байшингаа хүлээлгэн өгөөгүй тул шилжүүлсэн 29,000,000 төгрөг болон гэрээнд заасан алданги 1,305,000 төгрөг, нийт 30,305,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлалаа.

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

******* ******* ******* ХХК нь Э.*******ийн захиалсан барилгын ажлыг гүйцэтгэж, одоо 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Ковидын дараах үеийн үнийн өсөлтөөс шалтгаалан ажлаа гүйцэтгэж чадаагүй. Одоо 2024 оны 6 дугаар сард багтаан барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгнө. Харин мөнгө төлөхгүй хэмээн тайлбарласан.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* ******* ХХК, Э.******* ******* нь ******* ******* ******* ХХК-ын палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу захиалагч Э.******* нь байшингийн үнэ 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн, харин гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь захиалсан байшинг хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 121 тоот ******* ******* ******* ХХК-ын палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ /хх-ийн 15/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Харин хариуцагч ******* ******* ******* ХХК нь байшинг барьж дуусгаж өгнө, мөнгө өгөхгүй гэж, нэхэмжлэгч тал нь одоо байшинг авахгүй харин өгсөн мөнгө болон гэрээний үүргээ биелүүлээгүй тул алданги тооцож гаргуулна гэж мэтгэлцлээ.

5. Талуудын хооронд үүссэн дээрх харилцаанаас үзэхэд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч Э.******* нь ажлын үр дүнгийн хөлсийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн байна. Харин гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ******* ******* ХХК нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...сүүлд ярихдаа уг байшинг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгээд өгнө гэхээр нь зөвшөөрч хүлээсэн. Гэтэл энэ хугацаа дууссан байхад бас л хүлээлгэж өгөөгүй... гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд ийнхүү хугацаа тогтоосныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

Хариуцагч тал шүүх хуралдаанд ...байшин 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа, 2024 оны 6 дугаар сард багтаагаад байшинг барьж дуусгаж өгөх саналтай байна гэх боловч нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан ...одоогийн байдлаар байшин өмнө баригдаж байгаад зогссон хэвээрээ, өрлөг нь элэгдэлд орсон, мод банз нь 2 жил үер, чийгт ороод гажсан байдалтай байгаа. Одоо энэ байшин дээр ажилчид ажиллахгүй байгаа, зогссон байдалтай 22 сар болж байна гэх тайлбарыг үгүйсгээгүй, хариуцагч тал өөрийн тайлбар, татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 107.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг.  Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтыг зохигчид өөрсдөө бүрдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим юм.

Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан байшинг барьж хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Э.******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Тодруулбал, ажил гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэгч болохын хувьд энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

Нэгэнт хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийг үндэслэн байшинг хүлээн авахаас татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

6. Нэхэмжлэгчийн дараагийн шаардлага нь алданги гаргуулах бөгөөд алданатай холбоотой гэрээг бичгээр байгуулсан байхыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ...А тал гэрээгээр тохиролцсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хойшлуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөсөө эхлэн сарын 0,3%-ийн хүү тооцож буцааж авна гэж тохиролцсон нь бичгээр байгуулагдах шаардлагыг хангасан байна.

Гэрээний энэхүү заалтаар талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон гэж үзнэ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

Хариуцагч тал шүүх хуралдаанд ...гэрээний үүргийг биелүүлэхэд ковидын дараах үеийн барилгын материалын үнийн өсөлт нөлөөлсөн. Энэ нь гэрээнд заасан биднээс шалтгаалахгүй, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээг бүхэлдээ буюу гэрээний зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй гэсэн заалтад хамаарна гэх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ...жич: Талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал усны үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, дээд газрын шийдвэр бусад шалтгаанаас гэрээ бүхэлдээ болон гэрээний зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй гэж заасан байна.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгох бөгөөд харин бараа материалын үнийн өсөлт нь давагдашгүй хүчин зүйлд орохгүй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг ба тийм хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан болох нь хариуцагч талын тайлбараар тогтоогдсонгүй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байшингийн материалыг Б талын гадна буулгах ба барилгын ажлыг материал буусан өдрөөс хойш 15-20 хоногт хийж гүйцэтгэнэ гэж заасан байна.

Хариуцагч тал хугацаандаа үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнд зааснаар алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээх бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг талуудын хооронд байгуулсан сарын 0,3%-иар тооцох хууль зүйн үндэслэл байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт алдангийн хэмжээ 1,305,000 төгрөг байна.

7. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 121 тоот палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 29,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 1,305,000 төгрөг, нийт 30,305,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******ид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 309,475 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******ид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 30,305,000 /гучин сая гурван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******ид олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,475 /гурван зуун есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 309,475 /гурван зуун есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАРИНА