| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01666/И |
| Дугаар | 181/ШШ2024/02559 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/02559
| 2024 06 25 | 181/ШШ2024/02559 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: :......... оршин суух, Т.М н /Регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмэлжлэгч Д.М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс ...................-ийн 10 жилийн сургуульд /Одоогийн Сонгинохайрхан дүүргийн .............. сургууль/ орос хэлний багшаар томилогдон очиж ажилласан. 1985-1987 оны хичээлийн жил дуусгаад өөр сургуульд томилогдож ажилласан. Тэтгэвэр тогтоолгох болоход 1985-1987 оны ажилд орсон, гарсан тушаал шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байсан. Иймд 1985-1987 оныг дуустал ....ийн сургуульд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт, 11... тоот Хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа тодорхойлолт, Гэрч Э.Ж ы гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтэрээс, Гэрч С.Д гийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрээс, Д.Н гийн 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн томилолтын хуудас, цалин тавьж олгох хүснэгтүүд, Партизаны хороо, 10 жилийн сургуулийн 1987 оны 8б ангийн гэрэл зураг зэргийг ирүүлжээ. /хх 3-30/
Шүүхийн журмаар: тус шүүхийн 181/ШЗ2024/07354 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/585 тоот хариу, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 9/6153 тоот хариу, Нийслэлийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 39 тоот хариу, түүний хавсралтууд, гэрч С.Д , Э.Ж нарын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг, зэргийг бүрдүүлжээ. /хх 39-76/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Н нь 1985-1987 оны хооронд Партизаны Сангийн аж ахуйн сургуульд багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн.
2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
2.1.1963 онд төрсөн, орос хэлний багш мэргэжилтэй, Д. овогтой М. анх 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нээсэн 110961 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан. Энэ дэвтэрт Хотын ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 98 дугаар тушаалаар 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Партизаны САА-ийн 10 жилийн сургуулийн орос хэлний багшаар томилж ажиллуулав гэж, мөн газрын даргын 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 138 тоот тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Партизаны 10 жилийн сургуулийн орос хэлний багшаас чөлөөлж, Октябрийн районы Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэж тэмдэглэжээ. /хх 5/
2.2.хэрэгт баримтаар Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Ардын боловсролын хэлтсээс олгосон 102 тоот томилолтын хуудас авагдсан. Уг баримтад 1985 онд сургууль төгссөн орос хэлний багш Догсомын Мөнхнасанг 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн багшаар ажиллуулахаар Партизаны 10 жилийн сургуулийн захиргаанд шилжүүлэхээр заажээ. /хх 15/
2.3.Үндэсний төв архиваас Улаанбаатар хотын Боловсролын газрын бүх оны баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй талаар 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1803 тоотоор тодорхойлжээ.
2.3.Нийслэлийн архиваас нэхэмжлэгч Догсомын Мөнхнасанд холбогдох баримтуудыг ирүүлснээс:
-Улаанбаатар хотын Партизаны хорооны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 8 дугаар сары 23-ны өдрийн багш нарт тэтгэмж олгох тухай 75 дугаар тушаалаар шинээр томилогдож ирсэн ОХБДС төгссөн Догсом овогтой Мөнхнасан... нарт 300 төгрөгийн тэтгэмж олгохоор,
-Тус сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ээлжийн амралт батлах тухай 56 дугаар тушаалын хавсралтын 27-д Д.Н , багш, улсад ажилласан жил 1, үүнээс ардын боловсролын байгууллагад ажилласан жил 1 жил гэж тэмдэглэгдсэн,
-Тус сургуулийн захирлын 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Сонгон суралцах хичээл, биеийн тамирын секцийн хичээл заасан цаийн хөлс олгох тухай 52 тоот тушаалын 1.2т Д.Н 8 дугаар ангид орос хэл, 56 цаг заасан тухай дурджээ.
-Мөн Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэлтсийн даргын 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зарим багш нарыг ажилд томилох ба чөлөөлөх тухай 138 тоот тушаалд хавсралтад заасан багш нарыг дурдсан өдрөөс эхлэн шууд харьяа зарим сургуулиудад томилон ажиллуулахаар заасан, уг тушаалын 2 дугаар хавсралт 2-т Д. Мө.г 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Партизаны 10 жилийн сургуулийн орос хэлний багшийн ажлаас чөлөөлж, Октябрийн районы ардын боловсролын хэлтсийн мэдэлд гэж заажээ.
2.4.Улсын бүртгэлийн архивын газраас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч анх ХААТР-1 маягтаар 1988 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлэхдээ орос хэлний багш мэргэжилтэй, 76 дугаар сургуульд ажилладаг, анх 1985 онд эрхэлж эхэлсэн гэж тэмдэглүүлж байжээ.
2.5.Нийслэлийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулиас: Багшаар ажиллаж байсан Д.Н гийн архивт хадгалагдаж байгаа 1985 оны 8,9,10,11,12 сарын, 1986 оны 1-6 сар, 8-12 сарын, 1987 оны 1,2,4,5, 8 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгт хадгалагдаж байгааг тодорхойлж, санхүүгийн анхан шатны баримтуудаас холбогдох баримтуудыг хуулбарлан ирүүлжээ.
Дээрх баримтууд болон хэрэгт авагдсан 1987 оны төгсөгчдийн монтаж /гэрэл зураг/, гэрч С.Д , Э.Ж нарын мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дэвтэр дэх хугацаагаар буюу 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.М 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар Партизаны хорооны 10 жилийн дунд сургуульд Орос хэлний багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ