| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/05174/И |
| Дугаар | 181/ШШ2024/02549 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02549
| 2024 06 24 | 181/ШШ2024/02549 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, Г ХХК /регистрийн дугаар:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... байрлах, ХХБ ХК /регистрийн дугаар:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэн авсны татвар болох 80.000.000 төгрөгийг холбогдох татварын дансанд ГХХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь ХХБ ХК-д /цаашид Банк гэх/ холбогдуулан гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэн авсны татвар болох 80.000.000 төгрөгийг холбогдох татварын дансанд ГБ ХХК-ийн нэрээр төлөхийг даалгахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Манай компани Банкнаас 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ9101/140528 тоот Зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №ЗБГ9101/140528 тоот Зээлийн барьцааны гэрээ-г тус байгуулж 20.000.000.000 төгрөгийн зээлийг авсан билээ.
Бид талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн N2369101/140528 тоот Зээлийн гэрээ-ний нийт төлбөрт Зээлийн барьцааны гэрээнд тавьсан ГП ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урьд талд байрлах газрыг оролцуулалгүйгээр бусад эд хөрөнгийг харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ББГ18/122, ББГ18/23, ББГ18/18, ББГ18/19 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-нүүдийг тус тус байгуулан барьцааны зарим эд хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлэн өгсөн.
Мөн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гэрээг И ХХК, ГБ ХХК, Банк нар байгуулан уг гэрээний дагуу манай компани өөрийн өмчлөлийн нийт 4.000.000.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө болох Бетон эдлэхүүний үйлдвэрийн барилга /гэрчилгээгүй/, 35 квт Дэд станц /гэрчилгээгүй/, Нүүрсний хийн станц /гэрчилгээгүй/, Лабораторын тоног төхөөрөмж, бусад тоног төхөөрөмж /гэрчилгээгүй/, Бетон эдэлхүүний үйлдвэрийн Weiler брендийн иж бүрэн төхөөрөмж болон дагалдах бусад тоног төхөөрөмжүүдийг Банкинд шилжүүлэн өгч, уг эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бүх татвар, төлбөр хураамжийг Банк бүрэн хариуцаж төлөхөөр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.3-д тодорхой тусгаж харилцан тохиролцсон. ГБ ХХК, И ХХК өөрийн нэр дээрхи эд хөрөнгүүдийг тус тусдаа гэрээний дагуу шилжүүлэн өгсөн. Гэвч Банк шилжүүлэн авсан эд хөрөнгийн улсад төлөх 2 хувийн татварыг гэрээний дагуу төлөөгүй, төлөхгүй байгаагийн улмаас манай компани уг шилжүүлсэн өөрийн өмчлөлийн хөрөнгөө санхүүгийн балансаас хасах боломжгүй болж, 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг төрийн байгууллага хүлээн авахгүй бид 2022 оны санхүүгийн тайлангаа хуулийн хугацаандаа баталгаажуулж чадаагүй тул заавал хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тайлангаа дахин өгөх бодит нөхцөл бүрдээд байгаа билээ.
Бидний зүгээс Банкинд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр албан бичгээр гэрээний үүргээ биелүүлж шилжүүлэн авсан эд хөрөнгийн 2 хувийн татвараа төлөхийг мэдэгдсэн боловч бидэнд ямар нэгэн хариу өгөхгүй өнөөдрийг болтол 2 хувийн татвар болох 80.000.000 төгрөгийг төлөхгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гурван талын байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд Банкнаас 4.000.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө шилжүүлэн авсны 2 хувийн татвар болох 80.000.000 төгрөгийг холбогдох татварын дансанд ГБ ХХК-ийн нэрээр төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Тус банк нь ГБ ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ЗГ9101/140528 тоот Зээлийн гэрээ-г, мөн тус өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБГ9101/160615 тоот Зээлийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, ГБ ХХК-ийн дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1.Сонгинохайран дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах, Бетон эдлэхүүний үйлдвэрийн барилга (гэрчилгээгүй), 35 квт-н Дэд станцын барилга, нүүрсний хийн станц болон бетон эдлэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүд (цаашид хамтад нь үл хөдлөх хөрөнгө гэх);
2.Сонгинохайран дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах, нэгж талбарын 8029/5597 дугаартай, 28,071 мкв талбай бүхий газар эзэмших эрх.
Зээлдэгч буюу барьцаалуулагч ГБ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчлийг гаргасан тул тус банк нь барьцааны гэрээ, ГБ ХХК болон И ХХК нарын гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өр төлбөрийн зарим хэсэгт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тооцож авахаар болсон. Улмаар, Улаанбаатар хотын банк нь ГБ ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ББГ 18/22, ББГ 18/23 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-нүүдийг тус тус зээлийн өр төлбөр барагдуулах зорилгоор байгуулсан.
Нэхэмжлэгч нь тус банктай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан TDBМ/68/2022 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл-ийн 1.1.3 дахь заалтыг үндэслэн оффисын барилгад ногдох 2 хувийн татвар болох 80.000.000 төгрөгийн татварыг нэхэмжилжээ. Тус нэмэлт гэрээний 1.1.3 дахь заалтад Нэмэлт гэрээний 1.1.1 - 1.1.2-д заасан үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбогдон гарах зардал, төлбөр, үүссэн өр, татвар, хураамжийг Төлбөр авагч бүрэн хариуцна гэж заасны дагуу Төлбөр авагч буюу Худалдаа, хөгжлийн банк нь дараах зардлуудыг хариуцахаар Төлбөр төлөгч ГБ ХХК, И ХХК нартай тохиролцсон. Үүнд:
1.Нэмэлт гэрээний 1.1.1-т заасан ........., Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 4 тоот хаягт байрлах Үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал;
2.Нэмэлт гэрээний 1.1.2-т заасан Газар эзэмших эрхүүдийг шилжүүлэхэд гарах зардал;
3.Газар эзэмших эрхтэй холбогдох өмнө нь үүссэн өр буюу газрын төлбөрүүд;
4.Газар эзэмших эрх шилжүүлэхэд төлөх татвар, хураамж буюу газрын дуудлага худалдааны анхны үнийн зардал.
Дээрх гэрээний зохицуулалтаас харахад, нэмэлт гэрээний 1.1.3 дахь заалтаар зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлэх үед үүсэх татварын асуудлыг банк хариуцахаар байна. Өөрөөр хэлбэл, талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх үед үүсэх татварыг тус нэмэлт нөхцөлөөр, харин үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үеийн татварын асуудлыг өмнө байгуулсан ББГ 18/22, ББГ 18/23 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ- нүүдээр тохиролцсон болно. Тодруулбал, Талуудын хооронд байгуулагдсан ББГ 18/22 болон ББГ 18/23 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Хөрөнгүүдийг Төлбөр авагчийн өмчлөлд зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх харилцаанд гарах татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ, бусад зардал, эрсдэлийг Төлбөр төлөгч бүрэн хариуцна гэж заасан.
Банк нэмэлт гэрээний 1.1.3 дахь заалтын дагуу Ү-... дугаартай Сонгинохайрхан дүүргийн,.... Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 4 тоот хаягт байрлах оффисын барилгын ашиглалтын зардлыг сар бүр хариуцан төлж явдаг. Түүнчлэн, эзэмших эрхтэй газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах үедээ 2020, 2021 болон 2022 оны газрын төлбөрүүд, газар эзэмших эрх шилжүүлэхэд төлсөн зардал, татвар, хураамжийг төлж, газрын албанаас газрын төлбөр тооцоо нийлсэн акт болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татвар төлсөн тодорхойлолтыг тус тус авсан болно. Хуулиараа үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх үүрэг нэхэмжлэгчийнх байгаа.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл, ГБ ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 23/02 тоот албан бичиг, ГБ ХХК-ийн 2022 оны санхүү байдлын тайлан хуулбараар, Үндсэн хөрөнгийн товчоо тайлан, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2023/11435 дугаар шүүгчийн захирамж, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2023/13834 дугаар шүүгчийн захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 210МА/МА2024/00420 дугаар магадлал, ГБ ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21/10 тоот албан бичиг, Банкны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/8500 тоот албан бичиг зэргийг бүрдүүлжээ. /хх 5-51, 92-98/
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх ББГ/18/22, ББГ/18/23 тоот гэрээнүүд хуулбараар, банкны мемориалын ордер, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/1547 тоот тодорхойлолт, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргийг ирүүлжээ. /хх 57-59, 63-74, 83-84/
Шүүхийн журмаар: Нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/шз2024/07877 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 2018 оны ББГ18/22, ББГ18/23 тоот гэрээнүүд, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 113-119, 123-128/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч ГБ ХХК нь ХХБ ХК-д холбогдуулан гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэн авсны татвар болох 80.000.000 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө шилжүүлэн авсны татвар болох 80.000.000 төгрөгийг холбогдох татварын дансанд ГБ ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Зээлийн төлбөрт тооцож 4 тэрбум төгрөгийн хөрөнгийг Банкны эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн, энэ талаар талууд 2022 онд байгуулсан гэрээний нэмэлт нөхцөл, 2021 онд солилцсон саналаар хөрөнгө шилжүүлэхэд гаргах зардал, татвар, хураамжийг Банк төлөхөөр тохирсон ч төлөөгүй гэж тайлбарлав.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Талуудын хоорондох тохиролцоогоор нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгийн тухайд гаргах татвар, хураамжийг Банк хариуцахаар тохиролцоогүй, мөн хуулиар татвар төлөх үүрэгтэй этгээд нь худалдсан тал болох нэхэмжлэгч гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч ГБ ХХК, Улаанбаатар хотын банк ХХК /сүүлд ХХБ инд нэгтгэсэн нь нийтэд илэрхий үйл баримт/-тай 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 20 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт И ХХК, ГП ХХК-ийн нэр бүхий өмчлөл эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болон ГБ ХХК-ийн Бетон эдлэхүүн үйлдвэрлэх төслийн хүрээнд одоо баригдсан болон цаашид баригдах барилга, байгууламжууд, уг төслийн хүрээнд зээлийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжүүд, эргэлтийн хөрөнгө зэргийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4-т зааснаар бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнөөс гадна ГБ ХХК-ийн хөдлөх хөрөнгө, ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалжээ. /хх 123-128/
4.2.Зээлдэгч зээл төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс талууд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ББГ18/22, ББГ18/23 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулсан, үүнээс маргаанд хамаарах ББГ18/22 тоот гэрээний 1.1, 2.1.2-т зааснаар зээлийн төлбөрөөс 4 тэрбум төгрөгт тооцож 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ЗБГ9101/160615 тоот барьцааны гэрээнд заасан ГБ ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах, Бетон эдлэхүүний үйлдвэрийн барилга, 35 квт дэд станцын барилга, нүүрсний хийн станц /бүгд улсын бүртгэлд бүртгэгдээгүй/ болон бетон эдлэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Банкинд шилжүүлэхээр тусгажээ. Харин ББГ18/23 тоот гэрээгээр маргаанд хамаарахгүй өөр хөрөнгө буюу ГБ ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 8029/5597дугаартай 28,071 мкв газрыг 926.343.000 төгрөгт тооцож шилжүүлэх талаар тусгасан байна. /хх 113-119/
4.3.Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ЗБГ9101/160615 тоот барьцааны гэрээг шүүхэд баримтаар ирүүлээгүй боловч хэн алин нь ББГ18/22 тоот төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээнд дурдагдсан нэр бүхий эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгө болоод хөдлөх хөрөнгүүдийг 4 тэрбум төгрөгт тооцож Банкны эзэмшил өмчлөлд бодитоор шилжүүлсэн гэж тайлбарлаж, маргаагүй болно.
4.3.Банк болон ГБ ХХК, И ХХК нар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн TDBM/68/20... тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гэрээг байгуулжээ. /хх 7/
5.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.
5.1.Маргаанд хамаарах ББГ18/22 тоот төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээний 1.2-т Хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөлд зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх харилцаанд гарах татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ, бусад зардал, эрсдэл зэргийг төлбөр төлөгч буюу ГБ ХХК өөрөө бүрэн хариуцахаар тусгасан байна.
5.2.Нэхэмжлэгчээс: 2022 оны TDBM/68/20.. тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гэрээний 1.1.3-т заасан гарах зардал, төлбөр, үүссэн өр, татвар хураамжийг төлбөр авагч буюу Банк бүрэн хариуцна гэж заасныг үндэслэл болгож тайлбарласан.
2022 оны TDBM/68/20.. тоот нэмэлт гэрээнд ББГ18/22 тоот гэрээг багц гэрээнд оруулж тусгасан байх боловч гэрээний 1.1.1, 1.1.2-д нэрлэн заасан үл хөдлөх хөрөнгүүд нь өөр хөрөнгө байна. Түүнчлэн гэрээний 1.1.3-т зөвхөн 1.1.1 болоод 1.1.2-т нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмшил, өмчлөлийг шилжүүлэхтэй холбоотой зардлыг Банк хариуцахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл энэ нэмэлт гэрээнд маргаанд хамаарах ГБ ХХК-ийн төлбөрт тооцож өгсөн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгө болоод хөдлөх хөрөнгийн талаар зохицуулсан зүйл алга байна.
Иймд энэ нэмэлт гэрээний тохиролцоонууд талуудын хоорондох энэ маргаанд хамааралгүй.
5.3.2006 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.3.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2-т зааснаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар төлөх үүрэгтэй этгээд нь хөрөнгийг худалдсан, борлуулсан, шилжүүлсэн тал байхаар хуулиар заасан. Иймд хуулиар хүлээсэн татвар төлөх үүрэг нэхэмжлэгчид ногдоно.
6.Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Банкинд хүргүүлсэн албан бичигт дурдсан санал, түүнд хариу өгсөн Банкны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/8500 тоот албан бичигт тулгуурлаж, анхнаасаа манайх санхүүгийн чадамжгүй байгаагаас хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой бүх зардлыг Банк гаргах саналыг тавьсан, түүний хариуд Банк хүлээн зөвшөөрсөн байсан гэж тайлбарлав. /хх 97-99/
Хэрэгт авагдсан дээр дурдсан талуудын хооронд солилцсон албан бичигт нэхэмжлэгчийн зүгээс Банкинд маргаанд хамаарах ББГ 18/22 тоот төлбөрт хөрөнгө тооцох гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэхэд гарах бүх татвар, хураамж зэргээр бүх зардлыг Банк өөрөө хариуцах саналыг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар гаргасан. Банкны зүгээс ББГ18/22 тоот гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг Банк хариуцан өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж авахыг хүлээн зөвшөөрсөн хариуг бичгээр хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна. Гэхдээ талууд 2022 оны TDBM/68/2022 тоот нэмэлт нөхцлөөр гэрээг байгуулахдаа маргаанд хамаарах хөрөнгөө орхигдуулж бусад хөрөнгүүдийн талаар тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргийг гэрээний дагуу өөрчилсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар ХХБ ХК-иас зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлж авсны татвар болох 80.000.000 төгрөгийг холбогдох татварын дансанд ГБ ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч ГБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ