| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2017/0155/э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2017-11-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхтайван,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай зам дээр... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Сгийн амь нас хохирч, Г.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед 50-70 км цагийн хурдтай явсан. Гадаа хүчтэй салхитай, бороотой байсан. Машин гэнэт далбилзах шиг болсон. Засмалын хажуу руу машин гараад буцаад орох гэсэн орж болохгүй байсан. Зам руу ороход өөдөөс машин орж ирэх таараад буцаагаад дарахад замын хажуу ховил руу орсон. Ховил руу ороод зогсож чадахгүй шавартай байсан учраас далбилзаад байсан. яах ийхийн зуургуй усны худаг дээр харайгаад гарсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн үед 50-70 км цагийн хурдтай явсан. Гадаа хүчтэй салхитай, бороотой байсан. Машин гэнэт далбилзах шиг болсон. Засмалын хажуу руу машин гараад буцаад орох гэсэн боловч орж болохгүй байсан. Зам руу ороход өөдөөс машин орж ирэх таараад буцаагаад дарахад замын хажуу ховил руу орсон. Ховил руу ороод зогсож чадахгүй шавартай байсан учраас далбилзаад байсан, яах ийхийн зуургуй усны худаг дээр харайгаад гарсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид нарын хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй. Учир нь манай төрсөн ах Б автомашин жолоодон яваад зам тээврийн осолд орж дотор нь сууж явсан бидний ээж С нас барсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Г.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн дүү С болон хүү Б, эхнэр Г нарын хамт Улаанбаатар хот орохоор Сайншанд сумын төвөөс 16 цагийн үед Б машинтай гарсан. Тухайн үед Б машинаа бариад хажууд нь миний дүү С суугаад би ар талд нь сууж Г миний зүүн гар талд сууж явсан. Тэгээд орой 20 цагийн орчим байх замд их хүчтэй салхи бороо орсон юм. Тэр борооны салхинд машин үе үе дайвалзаад байх шиг байсан. Тухайн үед машин зөөлөн явж байсан юм. Тэгээд л юу болсныг нь мэдэхгүй...миний хувьд ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухайн үед уг автомашиныг манай нөхөр Б.Б жолоодон явж байсан ба жолоочийн баруун гар талын суудалд хадам ээж Г.С сууж явсан. Арын суудлын зүүн гар талд би суугаад баруун гар талд хадам ээжийн эгч Г.О сууж явсан. Бид нарыг замд явж байхад том том дусалтай бороо ороод салхи хүчтэй салхилж байсан. Манай машин дайвалзаж байсан. Тэгээд гэнэт машин баруун тал руу хазайж, замын хажуу тал руу гарч онхолдсон. Тухайн үед яг юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 27-28 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын ...дугаартай: ”...амь хохирогч Г.Сгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр хүзүүний 1 дүгээр нугалам, гавал яс хоорондын мултрал нугасны хөндлөн тасрал, баруун 1, 2, 3, 4, 5, 6-р хаавирга, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь духь, зулай, орой хэсгийн баруун суга, баруун тохойн дотор хэсэг, баруун шуу, зүүн хөх, зүүн бугалга, баруун гуя, баруун өвдөг, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр зүрх томрол, зүрх өөхлөлт архаг өвчин тогтоогдлоо. Амь хохирогч Г.С нь хүзүүний 1 дүгээр нугалам гавал яс хоорондын мултрал, нугасны хөндлөн тасрал гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мн ... дугаар дүгнэлт /хх-ийн 44-55 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, шинжээч А.Мийн ... дугаартай: “...Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдын энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Эын .... дугаартай: “...Г.Оын биед 2 талын олон хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-5-11/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай зам дээр... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болж, зөрчигч Г.Сгийн амь нас хохирч, Г.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Г.О, Б.Б нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж, эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бусад хохирлыг төлсөн, энэ хэргийн улмаас шүүгдэгчийн төрсөн эх Г.Сгийн амь нас хохирсон харамсалтай байдал болон хохирогчоос шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулахыг шүүхээс хүссэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч Г.Оын цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч Г.Оийн цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА