Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03363 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан 28 591 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.Э, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “А” ХХК-д Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1425 дугаартай магадлалын дагуу алданги 27 157 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамж 1 434 410 төгрөг, нийт 28 591 410 төгрөгийг хариуцагч “О” ХХК-аас гаргуулах, манай “А” ХХК нь “О” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр барилга угсралтын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 12 давхар 2 ширхэг орон сууцны барилга болон 4 ширхэг 3 давхар хаусны барилга, Баянзүрх дүүрэгт байрлах 9 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй болно. Дээрх ажлуудыг “А” ХХК нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн. “О” ХХК ажлын нийт хөлс 1 707 672 000 төгрөг төлөх ёстойгоос “А” ХХК-д нийт 1 638 700 000 төгрөг төлж, үлдэгдэл 68 972 000 төгрөгийг төлөөгүй.

Мөн талууд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд орших 11 давхар оффисын барилгыг барьж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд нийт 416 520 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн боловч 216 520 000 төгрөгийг төлөөгүй юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00819 дугаартай шийдвэрээр хариуцагч “О” ХХК-аас 225 292 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй давж заалдах гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн магадлал гарсан юм. Уг магадлалын ТОГТООХ нь хэсэгт:

...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бичгээр гарсан өдрөөс хойш А тал /хариуцагч/ 30 хоногийн дотор Б тал /нэхэмжлэгч/-д шилжүүлсэн 71.82 м.кв-т талбайг худалдан борлуулж, Б талд төлбөл зохих үлдэгдэл төлбөр 137 716 000 төгрөгийг бэлнээр төлнө. Уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3%-аар бодож, Б талд алданги төлнө гэж заасан байдаг боловч хариуцагч Олд констракшн ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлбөрөө 100% төлөлгүй 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны хүртэл 7 удаагийн гүйлгээгээр 137 000 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 716 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.

 

д/д

Төлсөн дүн

Төгрөгөөр

Төлсөн өдөр

Хэтэрсэн

хоног

Алдангийн

хувь

Алданги

1.

20.000.000

2018.08.24

30

9%

1.800.000

2.

48.000.000

2018.08.30

36

10,8%

5.184.000

3.

10.000.000

2018.09.03

40

12%

1.200.000

4.

20.000.000

2018.10.10

77

23,1%

4.620.000

5.

15.000 000

2018.10.24

91

27,3%

4.095.000

6.

10.000 000

2018.11.30

127

38,1%

3.810.Q00

7.

14.000.000

2018.12.18

145

43,5%

6.090.000

8.

-716.000

2019.03.25

242

50%

358.000

Нийт

137.000.000

 

 

 

27.157.000

 

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1425 дугаартай магадлалын дагуу үндсэн төлбөр 716 000 төгрөг, алданги 27 157 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамж 1 434 410 төгрөг, нийт 29 307 410 төгрөгийг хариуцагч “О” ХХК-аас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү хэмээн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн 5562 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарч, дээрх захирамжид Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1425 дугаартай магадлалын дагуу алданги 27 157 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамж 1 434 410 төгрөг, нийт 28 591 410 төгрөгийг хариуцагч “О” ХХК-аас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “О” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баярсайхан би тус шүүхэд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэрийн гаргасан алданги 27 157 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 1 434 410 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

Нэг. Алдангид 27 157 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 27 157 000 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1425 дугаартай Магадлалын Тогтоох хэсэгт “... Уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувиар бодож, Б талд алданги төлнө” гэснийг заажээ. Дээрх магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00819 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийг Б тал, хариуцагч “О” ХХК-ийг А тал гэж нэрлэн, 7 заалт бүхий эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэсний дагуу талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ хүчин шүүхийн төгөлдөр магадлалаар баталгаажсан байхад тухайн гэрээний асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

1.3 Уг эвлэрлийн гэрээний 3 дахь хэсэгт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бичгээр гаргасан өдрөөс хойш А тал 30 хоногийн дотор Б талд шилжүүлсэн 71.82 м.кв-т талбайг худалдан борлуулж, Б талд төлбөл зохих үлдэгдэл төлбөр 137 716 000 төгрөгийг бэлнээр төлнө. Уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3%-аар бодож, Б талд алданги төлнө гэж заасан. Гэвч “А” ХХК-ийн захирал С.Гантөгсийн хүсэлтийн дагуу “О” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн18/36 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний давж заалдах шатны шүүхийн магадлалаар эвлэрлийн гэрээг баталгаажуулснаас хойш 10 хоногийн дараа дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж Астра вилла хотхоны С блок 12 давхар 71.82 м.кв. хэмжээтэй 3 өрөө орон сууцыг Сэрээнэнгийн Ундармаад 150 822 000 төгрөгөөр үнэлэн шилжүүлж, тооцоог хааж, үүргийг дуусгавар болгосон.

1.4 Энэхүү Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулагдсанаар тухайн асуудлаар буюу 71.82 м.кв орон сууцыг худалдан борлуулах талаар талууд шинэ тохиролцоонд хүрсэн тул урд байгуулсан эвлэрлийн гэрээний 3 дахь заалт хүчингүй болсон гэж үзнэ.

Харин хэсэг хугацааны дараа иргэн С.Ундармаа нь өөрт шилжүүлсэн орон сууцыг "Олд констракшн ХХК-аар бусдад худалдаж, төлбөрийг “А” ХХК-д шилжүүлэхийг хүссэн тул тухайн орон сууцыг иргэн Г.Нармандахад 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18/50 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-гээр шилжүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний төлбөрт 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөг, 8 дугаар сарын сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 8 000 000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 16 000 000 төгрөг буюу нийт 94 000 000 төгрөг “О” ХХК-д төлөгдсөнийг тухай бүр нь “А” ХХК-д шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 28 094 000 төгрөгийг захиалагч Г.Нармандах төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол гэж заасан хэдий ч ямар хугацаа гэдэг нь тодорхойгүй байдаг бөгөөд уг заалтын агуулгаас А тал нь 71.82 м.кв талбайтай орон сууцыг худалдаж, түүний орлогоос 137 716 000 төгрөгийг Б төлнө гэж ойлгогдохоор байна. Хэдийгээр тухайн орон сууцны борлуулалтын орлого захиалагчаас бүрэн орж ирээгүй ч “О” ХХК-аас төлбөрийн ихэнх хэсгийг “А” ХХК-д төлсөн бөгөөд тооцоо нийлэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хариу өгөөгүй болно.

Иймд “О” ХХК нь уг байрны төлбөртэй холбоотой алданги хүлээх үүрэггүй, түүнийг худалдан борлуулснаас орсон орлогыг тухайн бүр нь “А” ХХК-д шилжүүлсэн тул 27 157 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Хоёр. Тэмдэгтийн хураамж 1.434.410 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамж 1 434 410 төгрөг хариуцагч “О” ХХК-аас гаргуулж өгнө үү.

2.2 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1425 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1-д Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00819 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ... эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Дээд шатны шүүхээс хүчингүй болсон анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөр гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 434 410 төгрөгийг “О” ХХК-аас гаргуулах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 27 157 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 434 410 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 907 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч “О” ХХК-аас 293 735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 101/ШШ2019/03363 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... Хариуцагч шүүхээр баталгаажсан эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 27 157 000 төгрөгийн алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн, талууд төлбөрийн нөхцөлийг харилцан шинээр тооцсон нь үндэслэлтэй гэж үзэхээр байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь хавтаст хэрэгт ямар нэгэн “эвлэрлийн гэрээ” авагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэснийг зөрчиж бичгээр хийсэн гэрээгүйгээр анз (алданги)-ыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвзрлзсзн тохиолдолд зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэснийг нэхэмжлэгч зөрчсөн байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Иймд хариуцагч тал нэхэмжлэгчийн алдангийн тооцооллыг тухайлан маргаагүй тул хариуцагчаас 27 157 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэснийг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх “хариуцагч тал” гэсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй нэр томъёог хэрэглэсэн, хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч, түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Нэгэнт шүүх хуралдааны товыг хариуцагчид зохих ёсоор мэдэгдээгүй тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд шүүгч ирцтэй холбоотой саналыг шүүх хуралдаанд оролцогчдоос асуулгүйгээр, хүсэлт гаргах боломж олгохгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн, шийдвэр гаргасан нь хууль бус юм.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд зөвхөн хариуцагчийн өмгөөлөгч оролцсон бөгөөд түүнд хавтаст хэргийн материалыг танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь үндэслэлгүй.

Дээрх байдлаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “...нотлох баримттай танилцах”, 25.1.2-т “... хэргийн материалтай танилцах, “... шүүх хуралдаанд оролцох” зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрсөн. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 101/ШШ2019/03363 дугаартай шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “О” ХХК-аас 27 157 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан 28 591 410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

“А” ХХК-ийн хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй хэргийг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэх явцад талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн магадлалаар баталсан, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хариуцагч “О” ХХК нь эвлэрлийн гэрээний дагуу төлөх ёстой 137 716 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 25-ны дотор 100 хувь төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч “О” ХХК нь гэрээнд заасан 78.82 м.кв талбайг худалдан борлуулж, “А” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр 137 716 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн төлөлтөөр төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, төлбөр шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдсон байна.

 

Талууд эвлэрлийн гэрээгээр төлбөр барагдуулах нөхцлийг харилцан тохиролцож тогтоохдоо төлбөр төлж дуусгах хугацааг тогтоож, хугацаа хэтрүүлбэл, хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.3 хувиар алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчихгүй бөгөөд хугацаандаа төлөөгүй үүргийн гүйцэтгэлийн дүнгээс алданги тооцож шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн, шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв болно.

 

Харин хариуцагч нь 78.82 м.кв талбайг бусдад худалдан борлуулж, төлбөрийг хэсэгчлэн орж ирсэн тухай бүр нэхэмжлэгч талд шилжүүлж байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул төлбөрийг санаатайгаар удаашруулж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Иймд худалдан авсан талын төлбөрийг төлсөн даруйд төлбөрийг дамжуулан шилжүүлж байсан, мөн Эвлэрлийн гэрээний 3.1-д талууд алдангийн талаар тохиролцохдоо худалдан борлуулснаар төлбөр төлөх нөхцлийг заасан зэрэг хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасган тогтоож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.3” гэснийг “232 дугаар зүйлийн 232.8” гэж, “Олд констракшн ХХК-аас 27 157 000 төгрөг” гэснийг “Олд констракшн ХХК-аас 13 578 500 төгрөг” гэж, нэхэмжлэлээс 1 434 410 төгрөгийн” гэснийг “нэхэмжлэлээс 15 012 910 төгрөгийн” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “293 735 төгрөг” гэснийг “225 842 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ