Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1339

 

 

 

 

 

 

    2020            10           20                                        2020/ДШМ/1339

 

 

Г.Өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, З.Цэнгэнбаяр, Л.Отгондорж,

шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч Э.Нарангарав, С.Ганзул,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 18ы өдрийн 2020/ШЦТ/482 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Өд холбогдох эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 1ий өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Ө нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Баталгаа гаргаж өгсөн атлаа “Бишрэлт Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 /гучин есөн тэр бум гучин нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч 39.031.244.160 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Өг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ийг хохирогч “Бишрэлт Холдинг” ХХК-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 7 хавтас материал, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Бишрэлт Холдинг” ХХК-ийн зүгээс Г.Өд холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хууль хяналтын байгууллагад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг эхлэлтэй ба Г.Ө, түүний өмгөөлөгч нарын зүгээс “Бишрэлт Холдинг” ХХК гомдол гаргах эрхтэй эсэх талаар байнга маргасаар ирсэн, хууль хяналтын байгууллагаас гомдол гаргах эрхтэй субъект мөн эсэхийг тодруулалгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атал шүүхийн дүгнэлтэд энэ талаар дурдагдсангүй.

Г.Ө нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Нью даниста рөүд энд консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Энхжаргалаас бэлэглэлийн гэрээгээр авсан. “Нью даниста рөүд энд консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Энхжаргал 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Талийгаачийн өвийн асуудал нээгдсэн эсэх нь тодорхойгүй, ямар замаар “Бишрэлт Холдинг” ХХК нь “Нью даниста рөүд энд консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон зэрэг үйл байдал тодорхойгүй. “Бишрэлт Холдинг” ХХК-иас гаргасан гэх гомдлыг шалгасан атлаа “Нью даниста рөүд энд консракшн” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрхсэн нь тодорхойгүй орхигдуулсан.

Гомдол гаргагчийн зүгээс гомдлын үндэслэлээ Г.Ө Ардчилсан нам эрх барьж байгаа, намын үнэмлэхээ сэргээсэн ажил олж өгнө гэсэн гэж хэлдэг боловч нийтэд илэрхий үйл баримт болох mn.wikipedia.org цахим сайтад 2016 оны УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авсан, “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Ариунболд гомдол гаргадаг боловч А.Ариунболдын эхнэр, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс /хасхом.iaas.mn цахим хуудсанд байрлах/ харахад “Бишрэлт Холдинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тодорхой, нийтэд илэрхий үйл баримт, дахин нотлох шаардлагагүй баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх Г.Өг бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн, шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Баталгаа, “Бишрэлт Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Ариунболд, иргэн Г.Өгийн хооронд байгуулсан гэх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх гэрээ”-нүүдийг гэж үзсэн ба /хохирогч талаас уг гэрээний эх хувийг гаргаж өгөөгүй/ Г.Өгийн хүсэл зоригийн илэрхийлэл биш бөгөөд Капитал банкны захирал асан А.Ариунболд нь Г.Өг “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш байх үед буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь төрийн байгууллагад албан бичиг яаралтай явуулах, гэнэтийн зүйл гарахад чи байхгүй бол хэрэг болно гэж хэлж хоосон цагаан цаасан дээр хэд хэдэн гарын үсэг зуруулж авсан ба уг гарын үсэгтэй хоосон цаасыг ашиглаж бичсэн бичвэр, нөхөж хийсэн гэрээг хохирогч талд ашигтай байдлаар үнэлж байгаа нь үндэслэлгүй.

“Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх гэрээ”-нд зурсан гэх талуудын гарын үсгийн хувьд иргэний эрх зүйн хэлцэл талаасаа талууд хүсэл сонирхлоо илэрхийлж, эрх тэгш нөхцөлтэйгөөр хийгдэх эрх зүйн баримт атал тухайн гарын үсгийн бичвэрт тааруулж дээр доор нь талуудын гарын үсэг зурах хэсгийг нөхөж байрлуулсан байгааг өмгөөлөгчийн зүгээс тодорхой үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон ч өмгөөлөгчийн байр суурийг няцаасан, үгүйсгэсэн үндэслэл шийтгэх тогтоолд тусгагдсангүй.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4064 дүгээр дүгнэлтээр гарын үсгийг хэзээ зурсаныг тогтоох боломжгүй гэж, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны үеэр шинжээч Э.Солонгын гарын үсгийн дарааллыг тогтоох боломжгүй тууш шугам болон хөх өнгийн будагч бодистой бичигч хэрэгслээр үйлдсэн гарын үсгийн эхлэл хоёрын огтлолцлын талбай хэмжээ бага шинжилгээнд ач холбогдол бүхий шинж тэмдэг илэрхүйц чанарын үзүүлэлтийг хангаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, нотлох баримтыг эцэслэн тогтоосон үйл байдал үгүй, эргэлзээтэй, захиргааны хэргийн 3 шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлтийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт эрүүгийн хэрэгт гомдол гаргагч Бишрэлт Холдинг” ХХК, “Нью даниста рөүд энд консракшн” ХХК-иуд гуравдагч этгээдээр оролцсон ба шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ө гаргасан гэх баталгааны тухай захиргааны хэрэг маргааны үед гуравдагч этгээдийн зүгээс ярьж байгаагүй, эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 37 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож байсан боловч дахин сэргээсэн үндэслэл тодорхой бус, компани хоорондын бүртгэлийн маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 355 тогтоолоор “Эрдэнэ зам” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, бүртгэл үнэн зөв бүртгэсэн болохыг тогтоосон атал өнөөдрийг хүртэл эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл нь Г.Өг “Эрдэнэ зам” ХХК-ийн бүх хөрөнгийг залилан мэхлэх замаар авсан гэж үзсэн нь эргэлзээтэй.

Г.Ө нь “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Энхжаргалаас “Эрдэнэ зам” ХХК-ийн бүх хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авсан атал хоосон гарын үсгийг ашиглаж үйлдсэн гэх хуурамч гэрээг үндэслэн “Бишрэлт Холдинг” ХХК-ийг эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь үндэслэлгүй юм.

Дээрх эргэлзээ бүхий нотлох баримт нь гарын үсэг ашиглан үйлдсэн байх боломжтой талаар талууд маргаж байгаа, нотлогдохгүй тохиолдолд яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой байсан, 4064 дүгээр шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад мөрдөн байцаалтын шатанд тодруулаагүй, прокуророос яллах дүгнэлтэд аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг заагаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болоогүйг харуулж байна.

А.Ариунболд нь “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн үйлдэл нь захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэг болох Капитал банк дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “Эрдэнэ зам” ХХК-д холбогдуулан 3 зээлийн асуудлаар нийт 20 гаруй тэрбум төгрөгийг нэхэмжилсэн, уг зээлийн маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй, “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Ө амжилттай удирдаж 2016, 2017 онуудад ТЭЦ-3 буюу гурвалжингийн гүүрний ажил, Хөшигтийн хөндийд байрлах Олон улсын нисэх онгоцны буудлын хурдны авто замын ажлыг хийж эхлэнгүүт хохирогч гэх талаас хууль бус аргаар эргүүлэн авах оролдлогуудыг хийж эхэлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр А.Ариунболд нь Г.Өд холбогдуулан ногоон өнгийн пийсүү чулуун хөөргийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хөөргийг эргүүлэн өгөх “Баталгаа гэх нэрээр мөн л хоосон цаасан дээрх Г.Өгийн гарын үсгийг ашиглаж бичсэн бичвэрийг шүүхэд нотлох баримт болгож өгсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр эх хувийг гаргуулах болоход А.Ариунболд нь үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь эх хувьд криминалистик шинжилгээ хийлгэх нөхцөл байдлаас зайлсхийсэн үйлдлийг А.Ариунболд болон хохирогч гэх талаас удаа дараа гаргаж байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өгсөн гэрч Н.Мандахын мэдүүлэгт: хууль бус баримтан дээр хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй, А.Ариунболд дурамчхан хүлээж авсан, уг баримтын гол агуулга нь Ариунболдод “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааны эрхийг шилжүүлэхээр “Баталгаа гаргаж байгаа мэтээр бичсэн байсан, Ариунболд хэлэхдээ Г.Ө бид хоёр маргаантай байгаа, Г.Өгийн гарын үсгийг “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг буцааж шилжүүлэхэд шаардлагатай баримтанд холбоотой ашиглана гэх агуулгаар хэлсэн, Д.Энхжаргал амьд ахуйдааЭрдэнэ зам” ХХК-ийг шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг,

2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн гэрч Э.Лхагвадоржийн мэдүүлэгт: 2016 оны эцэс байна уу, 2017 оны эхээр Бизнес хөгжлийн газрын захирал Ц.Туяад Г.Ө гээд бичсэн гарын үсэг зурсан хоосон хоёр бичгийн цаас байсан. Өлзийдүүрэн захирлаас авсан гарын үсэг, хөдөө гадаа яваад алга болчихдог юм эзгүйд нь хэрэг болоод байдаг гэсэн, тэгээд би Туяад хамаагүй гарын үсэгтэй хоосон цаасан дээр янз бүрийн юм бичээд асуудалд орно шүү дээ гэж хэлж байсан ч Туяа цааснуудыг Мандах өмгөөлөгчөөс зөвлөгөө авна гээд үлдэж байсан. Цаашид юу болсныг асуугаагүй, сонирхоогүй гэх мэдүүлэг,

2017 оны 10 дугаар сарын 9, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гэрч О.Алтантуяагийн мэдүүлэгт: 2016 оны 4 сард Капитал банкны руу захирал Г.Өгийн хамтаар ороход Туяа Өлзийдүүрэн захирлаар 2-3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан, бид гурваас өөр хүн байгаагүй, Туяа принтерээс цагаан цаас аваад Өлзийдүүрэн зурсан, цалин мөнгөний асуудлаар цуг явж байсан юм гэх мэдүүлэг,

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрч Б.Бүдийн мэдүүлэгт: 2017 оны 2 дугаар сарын үед байхаа Капитал банкин дээр Ариунболдтой уулзахаар ирээд өрөөнд нь сууж байхад тэдний Хуулийн хэлтсийн дарга Лхагва болон ажилтан Туяа нар нь Ариунболдын өрөөгөөр орж гараад байсан. Тэр үед Өлзийдүүрэнгийн гарын үсэгтэй 2 ширхэг цагаан өнгийн хоосон цаасыг бие биедээ дамжуулаад энэ дээр юм биччих гээд л ярилцаад байсан. Тэр үед юу болоод байгааг ойлгоогүй, сүүлд хэрэг марган үүсээд асуудал болоод явж байх үед Өлзийдүүрэн нь надад энэ гарын үсгийн талаар хэлэхээр энэ асуудлыг санасан юм. Тэр үедээ сонсоод л өнгөрсөн мэдэх зүйл энэ байна гэх зэрэг мэдүүлгүүдээс харахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зөрүүтэй нотлох баримтын зөрүүг арилгаагүй, хууль хяналтын байгууллага Капитал банкны захирал асан А.Ариунболд нь бусадтай бүлэглэн хуурамч нотлох баримт үйлдсэн байж болзошгүй үйлдэлд хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн”, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 2-т “...Энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж хууль хяналтын байгууллагын ажилтнууд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэнгүй.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 353 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 914 дүгээр захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх шүүхийн шийдвэрүүдтэй зөрчилдөх байдлыг үүсгэж байгааг давж заалдах шатны шүүхээр бүрэн хянуулахыг хүсэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ийг хохирогч “Бишрэлт Холдинг” ХХК-д буцаан олгосугай гэж дурджээ. Гэтэл Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК-ийг “Нью даниста рөүд энд консракшн” ХХК-иас гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, “Нью даниста рөүд энд консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс хувьцаа шилжүүлсэнтэй холбоотой хэлцлийн талаар огт маргаж байгаагүй, “Эрдэнэ зам” ХХК-ийн санхүүгийн тайланд нийт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 5.359.328.745.13 төгрөгөөр тусгагдсан байхад шүүх анхаарч үзэлгүй зөвхөн “Дамно” ХХК-ийн зүгээс гаргасан гэх 39.031.244.160 төгрөгийн үнэлгээний дүгнэлтийг зөв гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Залилах гэмт хэрэг нь иргэд хоорондын эрх зүйн маргаанаас ялгарах гол шинж нь хохирогч этгээд залилагч этгээдтэй хийсэн хэлцлийг хүчингүй болгоход урьд байсан нөхцөл байдал сэргэдэггүй, хохирогчид ашиг өгнө гэж ойлгуулан бусдын эд хөрөнгийг авсан байхыг шаарддаг ба Г.Өгийн зүгээс хэдий хэмжээний ашгийг хэнд, хэрхэн, яаж өгөх эсэх нь тодорхойгүй, хохирогч гэх этгээдтэй энэ талаар урьдчилан тохироогүй атал шүүх бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй төдийгүй залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэрхэн нотолсноо шийтгэх тогтоолд дурдаагүйн сацуу “Нью даниста рөүд энд консракшн” ХХК-иас Г.Өд эрх шилжүүлэх, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн асуудалд сонирхогч этгээд маргаж байгаа тохиолдолд иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

Иймд хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг судлан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйн 39.5 дугаар зүйлд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэргийн шинжгүй” гэж заасан үндэслэлээр Г.Өд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гомдол гаргагчтай нэгдмэл ашиг сонирхолтой, хуульд заасан эх сурвалжаа тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримтуудтай зөрүүтэй, хэдэн хүний үгссэн, хийсвэр яриа, мэдүүлгээр энэ хэргийн нөхцөл байдлыг дүгнэж шийтгэх боломжгүй хэмээн үзэж байна.

Мөн шүүхээс мэдүүлгүүдийг үнэлэхдээ өөрт хэрэгтэй хэсгийг таслан авсан бөгөөд тухайн гэрчийн мэдүүлгийг бүхэлд нь үнэлээгүй, хэрэгт Г.Өгийн талд ашигтай байдлаар мэдүүлэг өгсөн гэрч Н.Мандах, Э.Лхагвадорж, А.Алтантуяа, Б.Бүдийн мэдүүлгийн талаар үнэлээгүй бөгөөд хэрхэн яагаад үнэлээгүй талаар хийсэн няцаалт бүхий дүгнэлт байхгүй.

Түүнчлэн тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг “Эрдэнэ зам ХХК-ийг өмчлөгч, хувьцаа эзэмшигч “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн захирал хувьцааг эзэмшигч Д.Энхжаргал, Г.Ө 2-ийн дунд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг баталсан талаар мэдүүлсэн, С.Тунгалагийн гэх нотариатч 2017 оны  5 дугаар сарын 3-нд К.Ариунтуул гэх эмэгтэйн авчирсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ”-г хуулбар үнэн дарж баталгаажуулсан талаар мэдүүлсэн бөгөөд өөрийн 20 гаруй жилийн туршлагаар үнэн зөвийг тодорхойлсон хэмээн мэдүүлэг өгсөн нь Г.Өгийн эсрэг түүний гэм бурууг нотолсон баримтууд биш юм.

Нотариатч нь Монгол Улсын Үндсэн хууль, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журмын дагуу үйл ажиллагаа явуулах болохоос туршлагын дагуу үйл ажиллагаа явуулахгүй. Нотариатч С.Тунгалагийн үйлдэл нь Хууль зүйн дотоод хэргийн яамны 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт. Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5-д Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, ...түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, ...Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй гэж заасныг түүнчлэн Нотариатын тухай хуулийн 49.1-т “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ”, 49.3-т “Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ”, 31.1-т “Нотариатч дараах тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, 31.1.1-т “Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын Олон Улсын гэрээнд харшилж байвал” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж “хуулбар үнэн” гэх тэмдэг дарсан талаар өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа гомдол хүсэлтийг гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан боловч шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр үл барам яллах нотлох баримтад оруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан байдаг ба улсын яллагч, шүүхийн тодорхойлсноор энэхүү хэргийн хохирогч Бишрэлт Холдинг ХХК гэх бөгөөд тухайн хуулийн этгээд бүрэн эрхийн хүрээнд Г.Ганзоригийг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн өмчлөгч Төлөөлөн удирлах зөвлөлийн дарга А.Ариунболд эрх олгожээ хэмээн ойлгосон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд тухайн өмчийн эзэн А.Ариунболд нь гэрчээр оролцож мэдүүлэг өгч байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж энэ талаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч эрх бүхий албан тушаалтнууд хүлээн авч байгаагүй болно.

Шинжээч Э.Солонгын мэдүүлэг болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №3062 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шинжээчийн №3260 дугаар дүгнэлтүүд нь хэргийг эргэлзээгүй шийдвэрлэх хэмжээний нотлох баримт байх шаардлага хангаагүй харин эргэлзээ бүхий баримтууд болно.

Тухайлбал шинжээчийн №3062 дугаар дүгнэлт нь “Баталгаа” гэх баримтын гарын үсэг нь Г.Өгийн гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг шинжилсэн шинжээчийн №3260 дугаар дүгнэлт нь “Г.Өгийн гарын үсгийн эхний овгийн эхний үсэг гэх үл уншигдах элементийг дайрсан хэвлэмэл тууш зураас нь гарын үсэг зурсны дараа эсвэл өмнө нь хэвлэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн, шинжээч Э.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “тухайн шинжилгээний объектын талбай хүрэлцэхгүй дараалал тогтоох боломжгүй байсан. ...Монгол Улсад шинжлэх боломжтой эсэхийг бид хариулах боломжгүй” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд эргэлзээ бүхий баримт дүгнэлт юм.

Оюуны өмч Улсын бүртгэлийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн албан бичиг, холбогдох бичиг баримтын хуулбарууд, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн албан бичиг, холбогдох бичиг баримтын хуулбарууд зэрэг нь “Эрдэнэ зам” ХХК-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсанаас хойш төрийн өмчийн хорооноос эхлээд хамгийн сүүлд Г.Өд шилжих хүртэл 8 удаа хувьцаа эзэмшигч өмчлөгч өөрчлөгдсөн нь Иргэний хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн тухай хуульд зааснаар харилцан байгуулсан гэрээ хэлцлүүдийн үндсэн дээр шилжсэн тухай баримтууд байна.

Дээрх гэрээ хэлцлүүд болон бүртгэл хүчин төгөлдөр байсаар атал дээрх баримтуудаар Г.Өг яллах баримтад тооцсон нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Эрдэнэ зам ХК-ийн тухайд Монгол Улсын “Монпетекс” ХХК болон БНТУ-ын “Gunay Insaat Limited Sirketi” нэртэй /2 компанийн нэгдсэн/ консерциум “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг төрөөс 4 тэрбум 7 сая төгрөгөөр худалдан авсан гэх боловч үүнд Бишрэлт ХХК- ийн оролцоо байдаггүй.

“Бишрэлт” ХХК-ийн талаас “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг тодорхой үнээр авсан гэж дүгнэхээр ямар нэгэн баримт байхгүй талаар Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтад байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Энэ талаар Төрийн өмчийн хорооны 2012 оны 3 дугаар сарын 20-ны 2/481 дугаартай албан бичиг хэрэгт хавсаргагдсаныг дурдаж байна.

Түүнчлэн “Эрдэнэ зам” ХХК нь анх хувьчлагдсанаас хойш 8 иргэн аж ахуйн нэгж дамжиж шилжихэд бүгд эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээний дагуу буцах нөхцөлгүйгээр шилжиж Улсын бүртгэлд бүртгэгдэж байсан байдаг. /Энэ аж ахуйн нэгжүүд дотор Бишрэлт ХХК, Бишрэлт групп ХХК, Бишрэлт Холдинг ХХК байсныг бид үгүйсгээгүй./

Хэрэгт авагдсанаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн дүрэм1-ийн 1.4-т “Компани нь бие даасан тайлан тэнцэлтэй, харилцах данстай, өөрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хариуцлага хүлээх, 1 хувьцаа эзэмшигчтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани” гэж тусгасан байна.

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийнНью даниста рөүд энд констракшн ХХК-ийн дүрмийн 3.6-т Компаний тухай хуулийн ...Д.Энхжаргал нь компанийн захиралд тооцно. гэх баримтуудаас үзэхэд Нью даниста рөүд энд констракшн ХХК нь бие даасан компани буюу “Бишрэлт Холдинг” ХХК-тай эрх зүйн хувьд ямар ч хамааралгүй компани болох нь харагдаж байгаа.

“Бишрэлт Холдинг” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрүүдэд “Эрдэнэ зам” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж хууль бусаар өөрсдийн нэр дээр шилжүүлсэн.

Ингэж хуурамчаар бүртгүүлсэн бүртгэлүүд хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага буюу нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргаж Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж хууль бус болохыг тогтоосон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

“Бишрэлт Холдинг” ХХК-ийн ажилтнуудын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас зөрүүтэй байх бөгөөд хуулийн байгууллагад нэг бус удаа хуурамч баримт гаргаж өгч байгааг шүүх анхаарна уу. Тухайлбал:

“Баталгаа” гэх баримтыг дурдсан байх бөгөөд Г.Өгийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц би гэрээ болон баталгаа гэх зүйлд гарын үсэг зураагүй хоосон цаасан дээр өмнө гарын үсэг зуруулж авсан бөгөөд түүнийг ашигласан байна гэсэн тул өмгөөлөгчийн зүгээс уг баталгаа гэх баримтад шинжилгээ хийж гарын үсэг, тууш шугам хоёрын дарааллыг тогтоолгох хүсэлт тавьсан боловч шинжээчийн №3260 дугаар дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тухайн шинжилгээг хийх боломжгүй байна гэх хариу гарсан уг баталгааг Г.Өг үйлдсэн эсхүл үйлдээгүйг тогтоох боломжгүй болсон байхад Шүүхийн шийтгэх тогтоолд уг баримтыг яллах гол баримт гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт боллоо хэмээн үзэж байна.

“Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт Холдинг” ХХК-ийн 100 хувийн өмчлөлд байх үед Г.Ө нь хөдөлмөрийн гэрээний дагуу “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ тухай бидний зүгээс маргаагүй.

Гэвч “Бишрэлт Холдинг” ХХК нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-д эрх, үүргийн хамт шилжүүлэн өгснөөр буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн А.Ариунболд түүний “Бишрэлт Холдинг” ХХК-тай Г.Ө нь ямарч хамааралгүй болсон цалин хөлс авч байгаагүй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрэв хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж буй нөхцөлд цалин хөлс авч байх ёстой. Гэтэл талуудын байгуулсан гэрээ хэрэгт авагдсанаас бус түүнийг баталгаажуулж цалин хөлс урамшуулал авч байсан баримт хэрэгт байдаггүй, нөгөө талаар “Бишрэлт Холдинг” ХХК-тай Г.Ө хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-д шилжүүлснээр уг гэрээ дуусгавар болох хуультай болно ийм байтал хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн өмчлөлд шилжсэн үеэс буюу Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК-ийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах асуудал нь А.Ариунболд, “Бишрэлт Холдинг” ХХК-д огт хамаагүй болсон тухай эрхэм шүүгч анхаарна уу.

Гомдол болон мэдүүлэгт “МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь уг компанийг эзэмшиж байгаа тул Ардчилсан нам засаг барьж байхад бидэнд тендер өгөхгүй байна хэмээн итгүүлж “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Ө нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан... гэж Г.Ганзориг, А.Ариунболд нар мэдүүлдэг.

“Бишрэлт Холдинг” ХХК болон МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй болох нь Б.Ундармаагийн Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн. 2015-2016 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл, лавлагаанаас тодорхой харагддаг.

Ийм байхад тухайн үед Г.Ө нь хувьцаа эзэмшдэггүй МАН-ын гишүүн Б.Ундармаагийн нэрийг барьж Ардчилсан нам ажилд шалгаруулахгүй байна, миний нэр дээр компанийг шилжүүл гэж итгүүлэхийг оролдох нь ямар ч боломжгүй, утгагүй зүйл юм. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам засгийн эрхэнд байх хугацаанд 2012-2016 оны хооронд “Эрдэнэ зам” ХХК нь Улсын хэмжээнд зарласан тендерт 8 удаагийн тендерийн ажлыг гүйцэтгэж байсан талаарх баримт хэрэгт авагдсан зэргийг анхаарч дүгнэлт хийвэл зохилтой. Барилга, байгууламж /замын ажил/ ашиглалтад оруулах улсын комиссын актуудыг дурдаж хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч талаас Г.Өг намын харъяалал ярьж би ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн үнэмлэхээ авчихлаа хэмээн удаа дараа мэдүүлдэг. Гэтэл Г.Ө нь Ардчилсан намын гишүүн огт байгаагүй талаар баримт байгаа нь хохирогч талаас худлаа мэдүүлж байгаагийн илэрхийлэл болно.

Мөн А.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Бишрэлт Холдинг”-ийн 100 хувийн хувьцааг эхнэр бид 2 анхнаасаа 50 хувиар эзэмшиж байсан, 2016 оны 6 дугаар сард Улсын их хурлын гишүүн болж 8 сард өөрийн 50 хувь эзэмшдэг хувьцааг хүү Чинбишрэлтэд шилжүүлсэн. Харин 2015 онд бид Эрдэнэ зам”-ын хувьцааг Энхжаргалд шилжүүлсэн байсан тул байхгүй зүйлийг байхгүйгээр нь тайлагнасан байна” гэжээ.

Дээрхээс үзвэл Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэгт хамааралгүй аж ахуйн нэгж ямар нөхцөлөөр хамааралтай болчихоод эрүүгийн хэргийн хохирогчийн хэмжээнд үнэлэгдэж байгаа талаар дүгнэлт хийх хэрэгтэй болов уу.

Энэхүү хэргийн гол маргаан бүхий асуудал бол Мөрдөн байцаалтын явцад “Бишрэлт Холдинг” ХХК нь “Эрдэнэ зам ХХК-ийн захирал Г.Өтэй байгуулсан гэх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ гэсэн баримт гаргаж мөрдөгчид өгсөн. Г.Ө нь ийм гэрээ, болон баталгаа гэгч зүйл огт хийгдээгүй, эдгээр нь миний гарын үсгийг ашиглан хуурамчаар үйлдсэн баримт байна гэж мэдүүлдэг.

Хууль эрх зүйн үүднээс үзэхэд ч дээрх 2 субъект хоорондоо гэрээ хийх үндэслэлгүй байна. Гэрээ байгуулагдсан байсан бол А.Ариунболд анх гомдол гаргахдаа “Баталгаа” гэх хуурамч баримт хавсаргах шаардлагагүй, энэхүү гэрээгээ хавсаргах байсан. Гэрээ гэх баримт нь Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх мэт. Дээрх гэрээ гэх бичгийн агуулга нь Иргэний хуулийн 152 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших ашиглах /узуфрукт/ гэрээний шинжтэй байх бөгөөд мөн хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т энэ төрлийн гэрээг “наториатаар заавал гэрчлүүлнэ” гэсэн заалт зөрчигдсөн. Хууль бусаар “хуулбар үнэн” дардас дарснаар Улсын бүртгэлийн газарт өгч бүртгүүлсэн нь хожим шүүхээс хүчингүй болгосон. Түүнчлэн хэрэгт “Бишрэлт Холдинг” ХХК-ийн зүгээс манай охин компаниуд болох “Нью даниста рөүд энд констракшн” ХХК болон “Эрдэнэ зам” ХХК гэж мэдүүлэг өгч энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж буюу бусдын өмчлөлийн компанийг бусдаас шаардах эрх байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн.

Учир нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Нью даниста рөүд энд констракшн” ХХК болон “Эрдэнэ зам” ХХК-иуд аль нэг компанийн охин компани мөн эсэх, түүнчлэн “Бишрэлт Холдинг” ХХК нь охин компанитай байсан эсэх талаарх ажиллагааг огт хийлгүй орхигдуулсан нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

“Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт Холдинг” ХХК-ийн охин компани биш бөгөөд тийм байх боломжгүй.

Учир нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-иас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ” гэж тусгайлан зохицуулсан байна.

Дээрх хуулийн заалтанд тусгасан шиг 50-иас дээш хувийг “Бишрэлт Холдинг” ХХК- тай хамтран эзэмшдэггүй болох нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дүрэм болон Улсын бүртгэлийн бичиг баримт, мөн “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн дүрмээр давхар батлагдаж байна.

Нөгөөтэйгүүр Компанийн тухай хуулиар толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн тайлан гаргадаг. Гэтэл хэрэгт дээрх нэр бүхий 2 компанитай нэгдсэн тайлан гаргаж байгаагүй нь охин компани байгаагүйг давхар нотолж буй хэрэг юм.

Шүүхийн тогтоолд “... Г.Ө “Бишрэлт Холдинг” ХХК-ийн ерөнхий захирал А.Ариунболдтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан...Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг миний нэр дээр шилжүүлбэл компанийн ашиг, орлого нэмэгдэнэ. ...” гэж тус компанийг хувьцааг шилжүүлэн авахдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Баталгаа” буюу ...Эрдэнэ зам ХХК нь миний найз А.Ариунболдын өмч болохыг баталж гуравдагч этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүйгээр түр эзэмшиж баталгааны зүйлийг Бишрэлт Холдинг ХХК буюу найз А.Ариунболдын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлэн өгөх үүрэгтэй ...” болохыг баталсан баталгааг гаргаж өгсөн атлаа итгэл үнэмшлийн үндсэн дээр бий болсон өөрийн үүргээ үл биелүүлж бусдад 39.031.244.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж анхан шатны шүүх дүгнэв.” гэжээ. Шүүхийн тогтоолд яллах баримт болгон дүгнэсэн “Баталгаа гэх баримт нь ямар учраас эргэлзээтэй баримт болохыг гомдол дээр дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

Мөн зөвхөн “Баталгаа” гэх баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаар магадлалаар заагдсан ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:

Анхан шатны шүүхийн захирамжид дурдсан хохирлыг тогтоох асуудлыг бодитой хийгээгүй.

Г.Өгийн үйлдэл гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох, гэрээ болон баталгааг бодит амьдрал дээр хийгдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоогоогүй.

Бишрэлт Холдинг ХХК-ийн хувьцаа эзмшигч нарыг тогтоож “Эрдэнэ зам” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн талаар тодруулах ажиллагааг хийгээгүй.

Нью даниста рөүд энд консракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч талийгаач Д.Энхжаргалд Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тодруулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй.

Эрдэнэ зам ХХК-ийн хувьцааг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл хууль зүйн дагуу явагдсан эсэх, тухайн үйлдэлд гэмт хэргийг шинж байгаа зэргийг шалгах ажиллагааг огт хийгээгүй.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/482 дугаар тогтоол нь хэргийн талаар тогтоосон байдал нь яллах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны талаас үнэлж дүгнэж чадаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй зэргээр шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч С.Ганзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг хэргийн бодит байдалтай нийцээгүй. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Хүмүүс бид төрт ёс, хуулийн дор амьдардаг. Гэм буруутай үйлдэл хийсэн бол гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөр, үгүй бол үнэнийг үнэнд нийцүүлэхийн тулд нотлох баримтаар нотлох шаардлага үүсдэг. Шүүх дүгнэхдээ Г.Өг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Бишрэлт холдинг” ХХК-д гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж залилсан гэсэн. Г.Ө тухайн баталгаа, гэрээг хийж байх үед түүнийг харсан гэрч байхгүй байхад харсан, үзсэн мэтээр мэдүүлдэг гэрчүүдийн мэдүүлгийг шууд үнэлсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэхээр байна. Ариунболд шүүх хуралдаанд оролцохдоо баталгаа, гэрээг байгуулахад Г.Ө бид хоёр байсан, өөр хүн байгаагүй гэж мэдүүлдэг. Гэтэл хэрэгт үүнийг харсан гэж мэдүүлдэг гэрч Туул, Туяа, Алтансүх, Ганзориг нарын мэдүүлгийг шүүх үнэлсэн нь буруу юм. Мөн хохирогч тал нь гэрээг хийсэн гэдгээ эх сурвалжаар нотлож чадаагүй учраас дангаараа нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Г.Ө “Эрдэнэ зам” ХХК-ийг “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-иас шилжүүлэн авсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулбарлаж ирсэн баримт нь “Эрдэнэ зам” ХХК-ийн эрх зүйн үр дагаврыг өөрчилж дуусгавар болсон баримт болохоос 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргасан гэдгийг нотлосон баримт биш байхад шүүхээс үүнийг яллах талын нотлох баримт гэж дүгнэлт хийж байгаа нь буруу юм. “Бишрэлт холдинг” ХХК-иас “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн захирал Энхжаргалтай шилжүүлэн өгөх тухай гэрээг хийж байсан гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Гэтэл Г.Өгийн хувьд Ариунболд, Энхжаргал нарын хооронд ийм гэрээ тохиролцоо байсныг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй. Тухайн үед Энхжаргалаас “танаас өөр “Эрдэнэ зам” ХХК-ийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч байна уу” гэхэд “байхгүй” гэсэн. Шилжилт нь хуулийн дагуу хийгдсэн учраас Г.Ө хэн нэгнийг хуураагүй мэхлээгүй энэ хэрэгт хохирогч гэж тогтоогдсон “Бишрэлт Холдинг” ХХК-ийг залилан мэхлэх үйлдлийг хийгээгүй. “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьд арвин түүхтэй. Түүхийг ярьж болно, гэхдээ өнөөдөр бид хуулийн дагуу эрх үүрэг нь дуусгавар болсон зүйлийг бид ярьж байна. Г.Ө нь “Бишрэлт Холдинг” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй байсан. “Бишрэлт Холдинг” ХХК нь бид өмнө “Эрдэнэ зам” ХХК-ийг эзэмшиж байсан учир авах ёстой гэх байдлаар шүүхэд хандсан. Мөн тийм байдлаар шүүх шийдвэр гаргасан. Хэрэв ийм байвал Монгол Улсад иргэний хууль, улсын бүртгэлийн газар гэж байгаад яах юм бэ. Хуурамч нотлох баримт болох хэн гарын үсэг зурсан болохыг мэдэхгүй, хараагүй мэдүүлгийг үнэлж хүнийг яллаж байна. Гэрч Лхагвадоржийн “тэр үед би тайлан авах гээд Туяа захирал дээр орсон. Материалаа аваад үзэхэд тайлан, төлөвлөгөөний дунд 2 бичгийн цаасан дээр хөх өнгийн Өлзийдүүрэн гэх гарын үсэг зурсан бичгийн цаас байсан” гэх мэдүүлэг өгсөн. Г.Ө нь Туяа гэх хүнд гарын үсэг зурж өгсөн гэх үйл баримтыг гэрчилсэн тодорхой гэрчийн мэдүүлэг байгаа. Энэ гэрчийн мэдүүлгийг шүүх яагаад үнэлээгүй юм бэ. Уг гэрчийн мэдүүлэг нь үг, үсгийн алдаа болон нотлох баримтаар үнэлэхгүй байх эргэлзээ төрүүлэх баримт биш. Г.Ө гарын үсгээ таталж зурдаг. Гэрээ болон баталгаан дээр Г.Ө гэх 2 үсэг уншигддаг. Энэ харсан зүйлээ гэрч Лхагвадорж мэдүүлсэн. Гэрч Бүд нь Лхагвадорж, Туяа гэх хүнтэй уулзаж байсан  эсэх, уулзаж байхад гарын үсэгтэй хоосон цаас байсан гэдгийг гэрчилж байгаа. Мөн гэрч Алтантуяа нь “Капитал банк руу Г.Ө захиралтай хамт орсон. Туяа захирал хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан” гэж тодорхой мэдүүлсэн. Г.Өгийн хоосон гарын үсэгтэй 2 цаасыг юунд ашигласан талаар гэрч Мандах тодорхой мэдүүлсэн. Гэрч Мандахын өгсөн мэдүүлгээс нэг дүгнэлт хийхэд анх “Бишрэлт холдинг” ХХК “Баталгаа гэх зүйлийг ярьж мэдүүлэг өгч үүгээр манайхыг залилсан гэж хэлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 1 сар гаруй хугацааны дараа гэрээ гэх зүйлийг гаргаж ирсэн. Иймд гэрч Мандахын өгсөн мэдүүлэг үндэслэлтэй болох нь харагдаж байна. Гарын үсгийг нь ашиглаж гэрээ гэх зүйлийг гаргаж ирсэн байх боломжтой. Г.Өгийн гарын үсгийг ашиглаж хуурамчаар үйлдсэн гэрээ, “Баталгаа гэх баримтыг нотлох баримтаар үнэлж гарын үсэг зурсан гэдгийг хараагүй, үзээгүй, сонсоогүй хүний мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Иймд шүүгдэгчид ашигтай гэх хуулийн зохицуулалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн өмгөөлөгч Л.Отгондорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Оюунболд болон Дэлгэрнасан нар бичгийн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлгийг маргаан бүхий үйл баримт болон хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаар тодорхой мэдүүлээгүй байхад яллах талын нотлох баримт болгосон гэж байна. Үүнийг агуулгаар нь ойлгох юм бол “Эрдэнэ зам” ХХК болон “Бишрэлт Холдинг” ХХК нарын эцсийн өмчлөгч нь хэн болохыг тодруулаагүй байж ялласан гэх агуулга харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хохирогч гэж хэн бэ гэдгийг тодорхойлж өгсөн. Үүнээс үзэхэд эцсийн өмчлөгчийн талаар тодруулах ямар ч шаардлага байхгүй. Эцсийн өмчлөгч гэх ойлголт нь сүүлийн үед гарч ирж байгаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд заасан агуулга юм. Тухайн хуульд зааснаар бол эцсийн өмчлөгч нь тус хуульд зааснаар зөвхөн хүн байдаг, хуулийн этгээд эцсийн өмчлөгч байдаггүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь хуулийн этгээд байдаг. Тиймээс хохирогч нь хуулийн этгээд байна гэж байхад заавал хүн олох гээд байгаа нь ямар ч ач холбогдолгүй ажиллагаа. Г.Өг ялласан гэрчүүд нь Ариунболдын шууд нөлөөнд байдаг түүнээс хамаарал бүхий этгээд байгааг шүүхээс анхаарч үзнэ үү, мөн үгсэн хуувилдаж хийсвэр яриа гаргаж байна хэмээн давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж үзнэ” хэмээн хуульчилсан. Гэрч нь хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэг. Эдгээр этгээд нь мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэрчээс мэдүүлэг авч болохгүй этгээдийн жагсаалтад хэн нь ч хамаарахгүй. Нөхцөл байдлыг харахад Г.Өгийн талын гэрч, Ариунболдын талын гэрч гэж ялгах гэж байна. Ингэж ялгах боломжгүй. Г.Өгийн талд ашигтай гэж мэдүүлж байгаа гэрч нар нь бүгд Ариунболд гэх хүнтэй хамтарч ажилладаг байсан. Ямар байдлаар нь хамааралтай хамааралгүй гэж байгаа нь ойлгомжгүй. Ингэж ялгаж үзэх нь хуулиар хориотой. Хууль зөрчиж авсан нэг ч мэдүүлэг хэрэгт байхгүй. Хэрэгт Г.Өд ашигтай байдлаар мэдүүлэг өгсөн Мандах, Лхагвадорж, Алтантуяа, Бүд нарын мэдүүлгийг үнэлээгүй. Яагаад энэ 4 хүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй вэ гэхээр эдгээр 4 гэрч нь шүүхээс буцсаны дараа, яллах дүгнэлт гарсны дараа нэмэгдэж гарч ирсэн. Цаашдаа хэдэн гэрч нэмэгдэхийг таах боломжгүй. Эдгээр гэрч нарын мэдүүлэг яагаад нотлох баримтын шаардлага хангахгүй вэ гэхээр Мандах гэх хүн нь Аринболдын бүх хэрэг дээр өмгөөлөгчөөр ажилладаг байсан. Үүнийг Ариунболдтой тодорхой хэмжээнд Ариунболдтой ажил үүргийн хамааралтай хүн гэж үзнэ. 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “хууль бус баримтанд зөвлөгөө өгөх боломжгүй гэж хэлтэл Ариунболд нь дурамчхан хүлээж авсан. Ингээд Ариунболд нь Г.Өтэй маргаантай байсан талаар хэлж байсан” гэдэг. Мандах энэ үгийг хэн хэнээс сонссон юм бэ. Мандах нь гарын үсэг зурсан цаасан дээр баталгаа хийх тухай хэнээс сонссон бэ гэхэд Ариунболдоос энэ талаар сонссон гэж хэлдэг. Иймд Мандахын эх сурвалж нь Ганзориг болон Ариунболд гэх 2 хүн болж байгаа юм. Үүнд Мандахын мэдүүлгийг нотлохын тулд Ганзоригоос 4 удаа Ариунболдоос 3 удаа мэдүүлэг авсан. Ариунболд, Ганзориг, Мандах нарыг нүүрэлдүүлсэн. Энэ хэрэгт Мандахын хэлж байгаа шиг утсаар ярьсан тохиолдол байхгүй. Тухайн үед компанийн хуульч байсан учир уг асуудалтай холбоотой бичиг баримтыг аппликэйшнээр явуулсан дээр ямар нэг хориглосон зүйл байхгүй. Мандах ямар асуудлаар алдаатай мэдүүлэг өгдөг вэ гэхээр “Ганзоригоос аппликэйшнээр “Баталгаа гэх зүйлийн зураг ирсэн” ганцхан гарын үсэгтэй зургийг хараад энэ гарын үсгийг нөхөж бичсэн гэдгийг шууд таньж хэлсэн байгаа ойлгомжгүй. Мандахын мэдүүлгийн эх сурвалж болгож байгаа бүх зүйл нь өөрийг нь үгүйсгэж байгаа. Лхагвадорж гэх хүний 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “тухайн өдөр би тайлан төлөвлөгөө авах гээд Туяа захирал дээр ороход тайлангуудын дунд 2 бичгийн цаасан дээр Г.Ө гээд бичсэн байсан. Би тэр хоосон цаасан дээр байсан гарын үсэгт юу бичсэн яах гэж байсан талаар Туяа надад хэлээгүй, би цааш нь юу болсон талаар мэдээгүй асуугаагүй, сонирхоогүй” гэж мэдүүлдэг. Лхагвадорж гэх хүн Туяа гэх хүн дээр ороод цаасан дээр Г.Ө гэж бичсэнийг харсан гэж мэдүүлдэг. Хавтас хэрэгт Г.Өгийн гарын үсэг маш их байгаа. Яаж ч харсан Г.Ө гэх 2 үсэг харагдахгүй. Үл уншигдах олон элемент орсон гарын үсэг байгаа юм. Эхнийх нь Г үсэг юм уу Б үсэг аль нь болохыг хэн ч мэдэхгүй. Гэтэл цаасан дээр Г.Ө гэсэн 2 үсэг байгаа тийм болохоор энэ нь Г.Өгийх гэж маргадаг. Гэрч Бүдийн мэдүүлгийг яагаад үнэлэх боломжгүй вэ гэхээр “би Ариунболд дээр ороход Лхагвадорж, Туяа нар хамт орж ирсэн. Тэгээд гарын үсэгний талаар яриад байсан” гэж мэдүүлдэг. Энэ нь гэрч Лхагвадоржийн мэдүүлгээс эрс зөрүүтэй. Хүмүүсийн тоо, байршил, хугацааг өөрчилж мэдүүлсэн. Ийм хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг үнэлэх боломжгүй. Гэрч Бүд нь “тухайн үед хоорондоо дамжуулж өгөөд ярилцаад байсан би яриаг нь сонсоогүй. Би Г.Өгийн гарын үсэг хэрхэн зурагдсан талаар мэдэхгүй. Би түүний гарын үсгийг танихгүй” гэж мэдүүлсэн. Бүд гэх хүн Г.Өгийн гарын үсгийг мэдэхгүй хэрнээ Г.Өгийн гарын үсэг гэж гэрчлээд байгаа нь итгэл үнэмшилгүй байна. Ийм учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Гэрч Алтантуяа “Туяа гэх хүн Г.Ө захирлыг үүднээс авч гараад 2-3 цаасан дээр гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлдэг. Гэрч Алтантуяа нь хэдэн цаас байсныг мэдэхгүй хоёроос гурван цаасан байсан гэж мэдүүлдэг. Гэхдээ Алтантуяа гэх хүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх ганцхан шалтгаан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлэгт “Г.Ө гарын үсгээ цаасны хаана зурсан талаар хэлж мэдэхгүй байна. Би Г.Өг гарын үсэг зурсан байх гэж бодсон” гэж мэдүүлдэг. Гэрчид хориглох зүйл нь тухайн үйл баримтын талаар харсан үзсэнээ ярихаас биш өөрийн оюун дүгнэлтийг хэзээ ч ярьж болохгүй. Би тэгэж бодсон тэгсэн байх гэж ярьж болохгүй. Нотариатач Тунгалагийн үйлдлийг хууль зүй дотоод хэргийн яамны нотариатын үйлдэл хийх зааврын 5.5 дугаар зүйл, 49.3 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн. Гомдол гаргахдаа хууль зүйн агуулга утгыг маш ихээр мушгин гуйвуулж байна. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд нотариатын үйлдлийг тодорхойлсон. Гэрээ хэлцлийг гэрчлэх баримт бичгийн хуулбарыг гэрчлэх гэдэг нь 2 тусдаа үйлдэл. Гэрээ хэлцлийг гэрчлэх нь тухайн гэрээний агуулгыг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгана. Хуулбарыг гэрчлэхэд агуулгыг шалгалгүйгээр тухайн бичиг баримтын бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгана. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргаж байгаа үндэслэл нь хуулбараас хуулбар гэрчлэх асуудлын талаар гомдол гаргаж байна. Энэ нь хэрэгт ач холбогдолгүй. Нотариатчийн үйлдлийг хууль зөрчөөгүй талаар нотариатын танхимаас дүгнэлт гарсан. Энэ хэргийн хохирогч Ариунболд биш харин “Бишрэлт Холдинг” ХХК гэх хуулийн этгээд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй этгээдэд Ариунболд гэх хүн хамаарахгүй учир гэрчээр мэдүүлэг өгөх бүрэн боломжтой. Шинжээчийн 3026, 3260 гэх дүгнэлтийг эргэлзээ бүхий нотлох баримт гэж үзэж “Баталгаа болон гэрээг эргэлзээ бүхий гэж үзэж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж өмгөөлөгч нар хэлж байна. Үүнд эргэлзээ бүхий зүйл огт байхгүй. Үүнд дүгнэлт хийх боломжгүй учир нь огтлолцсон хэсэг маш бага учир дүгнэлт хийх боломжгүй гэсэн. Энэ шинжилгээ хийх боломжгүй гэх дүгнэлт нь тухайн баримт бичгийг ямар байдлаар эргэлзүүлж байгаа нь ойлгомжгүй байна. “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн дүрэмд Энхжаргалыг захирал гэж тооцно. Эдгээрээс үзэхэд “Бишрэлт Холдинг” ХХК нь эрх зүйн хувьд “Эрдэнэ зам” ХХК-тай ямар ч хамааралгүй. Анх төрийн өмчит компанийг хувьчилснаас хойш ямар гэрээ хэлцэл “Бишрэлт Холдинг” ХХК-д шилжиж ирсэн гэдэг нь 11 дүгээр хавтас хэрэгт авагдсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр эцсийн байдлаар шилжиж ирсэн. Үүнээс хойш “Бишрэлт Холдинг” ХХК бусдад шилжүүлэхдээ шаардсан үед буцаан шилжүүлэх нөхцөлтэйгээр давхар гэрээ байгуулдаг. Уг гэрээний дагуу Энхжаргал “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-тай байгуулж шилжүүлсэн. Давхар гэрээнийхээ дагуу Г.Өтэй мөн байгуулж шилжүүлсэн. Энэ нь хуулиар хориглосон үйлдэл биш. Улсын бүртгэлд эрх нь шилжиж байгаа боловч тухайн эд хөрөнгийг буцааж авах эрх гэрээнийхээ хүрээнд хадгалагдаж үлдэх ёстой байтал би үүнийг зураагүй, энэ минийх биш, хуурамч зүйл үйлдсэн гээд буцааж өгөхгүй байгаа нь өөрөө залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна.

Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр “Бишрэлт Холдинг” ХХК гэж бичихийг Ариунболд гэж бичсэн, улсын бүртгэлд бүртгэхэд бүрдүүлбэр дутуу гэсэн асуудал яригддаг болохоос ямар нэг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зүйл яригддаггүй. Харин Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан тогтоолд Өлзийдүүрэнтэй байгуулсан энэ гэрээний асуудлаар захиргааны бүртгэл хийхгүй. Харин “Бишрэлт Холдинг” ХХК энэ гэрээний асуудлаар эрүүгийн журмаар нэхэмжлэхэд саад болохгүй гэсэн. Үүний хүрээнд цагдаад гомдол гаргасан. Өмгөөлөгч Дэлгэрнасан Ариунболд, “Бишрэлт Холдинг” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс ямар ч хамааралгүй болсон гэж ярьж байгаа боловч Өлзийдүүрэн 2017 оны 1 дүгээр сар хүртэл буюу компанийг шилжүүлэн авснаасаа хойш “Бишрэлт Холдинг” гэх компанитай байнгын харилцаатай, тайлангаа тавьж байсан. Эдгээр нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. 2017 оны 1 дүгээр сард “Эрдэнэ зам” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Өлзийдүүрэн гэх хүний тайланг тавьдаг. 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Өлзийдүүрэн, Ариунболдод гараар бичиг хийж өгсөн байдаг. Үүнд “өнөөдрийн хурлаас гарсан санал, шүүмжлэлийг хариуцлагатайгаар хүлээн авлаа. Энэ өдрөөс хойш “Эрдэнэ зам” ХХК-д холбогдолтой ажил төрөлд хариуцлагатай хандаж ажиллана, уучлал гуйж байна Өлзийдүүрэн” гээд бичсэн байдаг. 2016 оны 4 дүгээр сард байгуулсан гэрээ, 10 дугаар сард Өлзийдүүрэн “Эрдэнэ зам” ХХК-ийн эд хөрөнгийг актлаад өгөөч гэсэн хүсэлтийг “Бишрэлт Холдинг” ХХК руу явуулснаас үзэхэд өөрөө авсан гэж үзвэл яагаад өөрөө зардлаа хариуцахгүй байна вэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт аж ахуй нэгж, байгууллагын харъяалал, өмчлөл өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байхад өмчлөгч өөрчлөгдсөн учир гэрээ хүчингүй гэж ярьж болохгүй.

Мөн Ардчилсан намын гишүүн гэж ярьсантай холбогдуулан хэлэхэд тухайн үед компани шилжүүлэн авахдаа эрхээ сэргээлгэсэн гэдэг асуудал яригдсан. Харин өнөөдөр Ардчилсан намын гишүүн биш байж Ариунболдыг худал хэлсэн гэж байна. Тэгвэл анхнаасаа гишүүн биш байж тийм зүйл ярьсан бол төөрөгдүүлэх зорилготой худал мэдээлэл өгсөн болж таарна. Wikipedia-аас тухайн үед аль нам засаг барьж байсан талаарх асуудлыг гаргаж ярьж байна. Гэтэл гэрээ 2016 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Ардын нам олонхи байсан гэж байгаа ч энэ нь 2016 оны 6 дугаар сард буюу сонгуулийн дараах үйл явдал. Өөрөөр хэлбэл, 2016 оны 6 дугаар сарын үйл явдлыг яриад 4 дүгээр сарын үйл баримт болгож ярьж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний хувьд Иргэний хуулийн 152 дугаар зүйлд заасан узуфруктын гэрээ гэж маргаж байна. Угтаа бол узуфруктын гэрээний шинжийг агуулдаггүй. Узуфрукт гэдэг нь үр шим хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг хэлнэ. Гэтэл өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн бөгөөд шаардсан үед буцаан шилжүүлэхээр тохиролцож хийгдсэн. Иймээс узуфрукт мөн эсэх талаар ярьж байгаад нотариатаар орох ёстой гэж байгаа бол Иргэний хуулийг буруу тайлбарлаж байна. Түүнчлэн өмчлөгчийн асуудалтай холбоотойгоор Энхжаргалын өв нээгдэх эсэхийг тодруулаагүй гэдэг. Гэтэл уг асуудлыг тогтоох шаардлагатай эсэх нь эргэлзээтэй. Энхжаргал нь“Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн захирал байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Өд шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр маргааш нь “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийг “Бишрэлт Холдинг” ХХК-ийн ажилтан Туулын нэр дээр шилжүүлсэн. Компани шилжихэд эрх үүрэг нь дагаж шилжинэ. Туул 2017 онд “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийг Ариунболдод шилжүүлсэн. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөөс эхлэн Энхжаргалын эрх дуусгавар болсон байхад өнөөдөр түүний өв залгамжлалын асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

Өмгөөлөгч Нарангаравын гомдлын хувьд гэрээний эрх зүйн харилцаанд талууд эрх тэгш оролцоно гэх онолын ойлголт байдаг. Гэвч тухайн онол гарын үсэг дээр, доор биш тэнцүү байвал энэ зарчим илүү хангагдаж байна гэж үзэх боломжтой гэх санаа. Түүнээс биш дээр гарын үсэг зурагдснаараа эрх ашиг нь илүү гарах, доор зурагдснаараа эрх ашиг зөрчигдөх гэсэн ойлголт биш. Үүгээр тухайн гэрээг хүчинтэй эсэхийг тооцоолох ямар ч боломжгүй юм. Мөн өмгөөлөгчийн зүгээс “Баталгааг эргэлзээ бүхий гэж ярьж байна. Бүх харилцаанд гарын үсэг зурахдаа хажуудаа гэрч байлгах ёстой юу. Энэ баримтыг хуурамч гэдэг дээр эргэлзээ төрүүлэх бодит баримт нэг ч байхгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийгээгүй гэж ярьж байгаа боловч миний зүгээс бүх ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Учир нь, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах гэсэнд хэрэгт боломжтой гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан. Баталгаа, гэрээ бодит байдал дээр хийгдсэн эсэхийг тодруулах тухайд би гарын үсэг зураагүй гэх Өлзийдүүрэнгийн мэдүүлгийг өөр баримтаар нотлоогүй. Шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй тул юу гэж ярьж болно гэж үзэж байна. “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзмшигчдийг олж тогтоох, тэдгээрээс “Эрдэнэ зам” ХХК-ийн өмчлөлийн талаар тодруулах ажиллагаа хийх ёстой гэж магадлалд дурдсан байсан. Гэтэл хэрэгт “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол авагдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хуулийн этгээд хохирогч байна гэж заасан. Хуулийн этгээд гэдэг ХХК, хувьцаат компанийн аль нь хамаарах талаар тодорхойлоогүй. Хэрэв нээлттэй хувьцаат компанийн хохирогчоор орж ирсэн тохиолдолд тухайн компанийн 10.000 хувьцаа эзэмшигчээс мэдүүлэг авах ёстой юу. Энэ нь зайлшгүй шаардлагатай ажил биш боловч хийгдсэн. Мөн өмчлөгчийн асуудлыг тодруул гэж заасан. Оюуны өмч улсын бүртгэлийн ажиллагаанд хийгдсэн шилжүүлэг дээр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруул гэж заасан тул энэ талаар холбогдох байгууллагаар шалгагдсан. Гэхдээ тухайн бүртгэлийн асуудалд Ариунболд хууль зөрчсөн байлаа гээд Өлзийдүүрэнг цагаатгах үндэслэл болохгүй. Ганзориг гэх хүнээс мэдүүлэг авч аппликеэйшний огнооны зөрүүг арилгасан. Эдгээр ажиллагаанууд бүгд хийгдсэн тул анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хавтаст хэргийн хүрээнд явагдсан. Төрийн өмчийн хорооны 2012 оны 686 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тогтоолоор 4.4 тэрбум төгрөгийг шилжүүлж “Эрдэнэ зам” ХХК-ийн 48.1 хувийн хувьцааг шилжүүлж авсан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Бишрэлт Холдинг” ХХК төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Алтансүхийг томилж бүх эрхийг шилжүүлэн өгсөн. Алтансүх нь гүйцэтгэх захирлаар Г.Өг томилж ажиллуулсан. Үүнд хөдөлмөрийн гэрээ болон өөр бусад 5 гэрээг байгуулсан. Г.Ө 2013 оны 5 дугаар сарын 15-аас 3 жилийн хугацаатай 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээтэй байсан. Ажлыг гүйцэтгэсний дараа компанийг буцаан өгнө хэмээн “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг хүлээн авсан. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ө нь баталгаа гаргасан. 2017 оны 1 дүгээр сарын 7, 8-ны өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Энэ хурал дээр Г.Ө нь төрсөн эгчийгээ нягтлан бодогчоор ажиллуулсан. Компанийн нэр дээр Капитал банканд данс нээх байсан мөнгийг ХААН банканд данс нээж 1.5 тэрбум төгрөгийг ашигласан. Ийм зөрчил гарсан тул сахилгын арга хэмжээ авагдсан. Энэ буруугаа хүлээн хариуцлагатайгаар хүлээн авлаа хэмээн мэдэгдэж байсан. Г.Өгээс “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг Ариунболд удаа дараа шаардаж байсан. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 25 дугаартай тоот, 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 26, 27 дугаартай тоотыг явуулж байсан. Гэтэл 2017  оны 3  дугаар сарын 21-ний өдрийн 1/35 тоотоор “Эрдэнэ зам” ХХК нь миний хувийн компани “Бишрэлт Холдинг” ХХК-д хамааралгүй гэснээр эрүүгийн хэрэг үүссэн. “Эрдэнэ зам” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь 5.2 тэрбум төгрөг байсан. Алтансүхийн шийдвэрээр 15.6 тэрбум төгрөг нэмэгдэж 20,9 тэрбум төгрөгийн компанийн хувьцааг Г.Өгийн нэр дээр шилжүүлж өгч байсан. 1 дүгээр хавтасны 185-186 дугаар хуудсанд “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрэм үүсгэн байгуулах 1 тоот шийдвэр хэрэгт авагдсан. Хараат болон охин компани өрийг толгой компани болох “Бишрэлт Холдинг” ХХК хариуцна гэж бичигдсэн байна. Үүнээс харахад Г.Ө нь уг компанийг “Бишрэлт Холдинг” ХХК өмч гэж тодорхой мэдэж байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ө болон энэ хэрэгт гэрчээр асуугдсан өмгөөлөгч Мандах нарын асуудлыг дурьдах нь зүйтэй байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа 2017 оны 4 дүгээр сараас эхлээд явж байхад Г.Ө өөрийн мэдүүлэгт Мандахыг огт танихгүй гэж хэлсэн. “Би Мандах гэж хүний утсыг мэдэхгүй өөрөө ч танихгүй бөгөөд манай өмгөөлөгч дагуулж ирээд мэдүүлэг өгүүлсэн” гэж хэлсэн. Гэтэл Г.Ө болон Мандах нарын харилцаа нь үүнээс өмнө бий болсон тогтвортой харилцаа байсан. Энэ мэдүүлэгтэй холбоотой дараах зүйлийг тайлбарлаж хэлмээр байна. Мандах нь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “2016 оны 4 дүгээр сард талийгаач Энхжаргал, Г.Ө нар  “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үед талийгаачийн өмгөөлөгч надаас ямар гэрээ байгуулдаг юм бэ, 2 гэрээ байгуулдаг юм уу гэж тодорхой асууж байсан” гэж мэдүүлдэг. Энэ талаар Г.Өгээс тодруулж асуух боломжтой. “Эрдэнэ зам” ХХК-ийг “Бишрэлт Холдинг” ХХК-иас Энхжаргалд шилжүүлээд, Энхжаргалаас Г.Өд шилжүүлэх талаар мэдүүлгийг Г.Ө нь өгөөгүй учир энэ нь түүнд ашигтай бус мэдүүлэг болж байгаа юм. Мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэлээр авдаг. Энэ нь аль нэг талын эрх ашгийг хамгаалсан асуудал биш юм. Гэрчийн мэдүүлэг өгч байгаа өмгөөлөгч Мандах болон Г.Ө нарын харилцаа ямар түвшинд байгаа талаар шүүхээс анхаар ч үзэх хэрэгтэй. Өмгөөлөгч Мандахын мэдүүлгийн зөрүү нь 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн мэдүүлэг, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн мэдүүлэг болон гэрч Ариунболд, Ганзориг нартай нүүрэлдүүлсэн мэдүүлэг нь эрс зөрүүтэй. Нэг үйл явдлыг олон янзаар давтаж өөрчилж хэлдэг. Тийм учраас эдгээр мэдүүлэг нь хуульд нийцсэн үнэн зөв мэдүүлэг гэдэг нь эргэлзээтэй. Гэрчийн мэдүүлгийг “Бэрс партнерс” нөхөрлөлийн хүмүүс олж ирсэн. Өмгөөлөгч Бауиржан, Дэлгэрнасан нар хүсэлт гаргаж Мандах, Лхагвадорж нарыг гэрчээр асуусан. Лхагвадорж гэх хүн “Бишрэлт Холдинг” ХХК-иас 2017 онд халагдсан энэ байгууллагын талаар сайн муу бүх зүйлийг мэднэ. Энэ хүний мэдүүлэг маш зохиомж сайтай. Өнгөцхөн харах юм бол маш үнэмшилтэй санагдана. Лхагвадорж нь “би компани дээр нь очиж үзээгүй, үйл ажиллагааг нь мэдэхгүй. Би Г.Өгийн гарын үсгийг нэг ч удаа харж байгаагүй” гэсэн хэрнээ Г.Өгийн гарын үсэг ямар байдаг талаар маш сайн тайлбарласан. Энэ хүний мэдүүлгийг үнэлэхэд маш төвөгтэй итгэл үнэмшил түрүүлэхгүй хуульд заасан шаардлага хангахгүй. Энэ хүн “би бичиг баримт дундаас Г.Ө гэх гарын үсгийг олсон” гэж мэдүүлдэг. Гэтэл гэрч Бүд өөрөөр мэдүүлдэг. Гэрч Бүд нь “2017 оны 2 дугаар сард Өлзийдүүрэнгийн гарын үсэгтэй 2 ширхэг цагаан өнгийн хоосон цаасыг бие биедээ дамжуулаад үүн дээр нэг юм биччих гэж Ариунболд хэлж байсан. Энэ нь хуулийн хэлтсийн захирал Лхагваа болон Туяа нарын хооронд байсан бичиг баримт” гэж мэдүүлдэг. Лхагвадоржийн мэдүүлгээр Туяагийн бичиг баримтанд харсан гэж хэлдэг. Гэтэл Бүдийн хэлж байгаагаар хуурамч бичиг баримтыг бариад яваад байгаа мэтээр мэдүүлсэн. Гэрч Бүд “миний хажууд Ариунболд нь Туяа, Лхагваа хоёрт Г.Өгийн гарын үсэгтэй цаас өгсөн” гэж мэдүүлдэг. Гэхдээ би түүнийг гарын үсгийг танихгүй гэж мэдүүлдэг. Танихгүй хүний гарын үсгийг яаж Г.Өгийн гарын үсэг гэж мэдэж байгаа юм бэ. Иймд Бүдийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нью даниста рөүд энд констракшн” ХХК хувьцаа эзэмшигч байсан Энхжаргалд “Бишрэлт Холдинг” ХХК-иас зөвшөөрөл олгосон. Энэ зөвшөөрөл нь 2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай бидний хооронд байгуулсан гэрээг үндэслэж “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувь хувьцааг Монгол Улсын иргэн Г.Өд шилжүүлэхийг зөвшөөрсөн. “Бишрэлт Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ариунболд гэх албан бичиг хэрэгт авагдсан. Үүнийг үндэслэж “Эрдэнэ зам” ХХК-ийг шилжүүлсэн. Гэхдээ хувьцаа эзэмших эрхийг буцаан авах гэрээг байгуулсан. Өмнө энэ гэрээг Энхжаргалтай байгуулж байсан. Иймд Энхжаргалтай байгуулсан гэрээг мэдэхгүй гэж хэлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Гэрч нарын мэдүүлгийг нүүрэлдүүлж мэдүүлэг авч байсан. Энэ хэрэгт гэрчээр байцаагдсан Ганзориг, Ариунболд нарын мэдүүлэгтэй Мандахын мэдүүлэг зөрж байна. Ийм байдалтай байхад хэргийн бодит байдлыг бүхэлд нь дүгнэн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч байна. Энэ хэрэгт анхнаасаа оролцож байгаа тул хэргийн үйл баримтыг маш сайн мэдэж байна. “Бишрэлт Холдинг” ХХК-ийн барилгын үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар 2015 оноос ажиллаж байна. Долгорын Алтансүх нь “Бишрэлт Холдинг” ХХК-ийн дэд ерөнхийлөгч хийж байхдаа “Эрдэнэ зам” ХХК-ийг хувьчилж авсан. Хувьчилж авсны дараа Г.Өг гүйцэтгэх захирлаар тавьсан. Г.Ө нь тухайн үед Ариунболд гэх хүний найз буюу түүний дүүтэй хамаарал бүхий болсон байсан. Ингээд Ариунболдын өөрийн хүсэлтээр энэ хүнийг ажиллуулсан. 2012 оноос эхлэн Г.Ө “Бишрэлт Холдинг” ХХК ажиллаж эхэлсэн. Үүнээс эхлэн “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг нэмсэн хүмүүсийг нь өөрчилсөн. “Бишрэлт Холдинг” ХХК-иас 4.4 тэрбум төгрөгөөр аваад ашиг өгч байсан гэж хэлж байгаа боловч банкнаас авсан зээлээ төлж байсан. Г.Өтэй зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нууцлалын гэрээ, батлан даалтын гэрээ зэргийг хүний нөөцийн захиралтай байгуулсан. Мөн жил жилийн ажлын төлөвлөгөө тайланг 2017 он хүртэл гаргаж батлуулж төлөвлөгөөгөө тайлагнадаг байсан. Компани дотоод ажлыг мэддэг манай удирдлагуудын толгой хүн байсан. Гэтэл үүнийг мэдэхгүй, танихгүй гэж хэлж байгаа нь залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн хүн үүнийгээ хаацайлж байгаа гэж ойлгож байна. “Нью даниста рөүд энд констракшн” ХХК дээр яагаад “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бэ гэхээр АСЕМ-ын зам болон том тендерийг авахын тулд нэр дээрээ  шилжүүлсэн нь дээр юм байна. Тэгэхгүй бол ар талд нь “Бишрэлт Холдинг” ХХК харагдаад байна гэсэн учир талийгаач Д.Энхжаргалын нэр дээр байсан “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийг авч “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн өгсөн. 4 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн нотариатын төлбөрийг  “Бишрэлт Холдинг” ХХК хийсэн. Үүнийг нотариатын ажилтан гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Хэрэв Г.Ө нь 20 тэрбум төгрөгийн компани бэлгэнд авч байгаа юм бол нотариатын төлбөрөө төлөх чадвартай байх ёстой. Өөрөө ч үүнийгээ мэдэхгүй явж байсан. Харамсалтай нь 20 гаран хоногийн дараа талийгаач зочид буудалд амиа хоролсон байдалтай олдсон. Гэхдээ “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн хувьцааг С.Туулын нэр дээр түр шилжүүлсэн. Энэ бол манай компани дотоод зохион байгуулалт. Яагаад итгэмжлэлээр өгч байсан бэ гэхээр бид компани зах зээлд ажил олж хийж байгаа нөхцөл байдал. Үүнийг Г.Ө биднээс илүүтэйгээр мэдэж байгаа. Би 2016 оны сүүлээр “Эрдэнэ зам” ХХК-ийг шалгахаар явсан. Өмнөговь аймгийн замын ажлыг зогсоосон гэж хэлсэн боловч 129 км замын ажил хийгдсэн бүх техникийг ашиглаж байсан. Мөнгийг нь ХААН банк дээр данс нээгээд хувьдаа авсан байсан. Энэ тухай асуудлыг ярьсан 2017 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрийн сиди бичлэгтэй хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Энэ хурлын тэмдэглэлд бүх хүн гарын үсэг зураад бичгэн хэлбэрээр гарсан. Өмнөх өдөр энэ талаар ярихгүй бултаад байхаар нь 2 дахь өдөр загнатал “найзаа намайг уучлаарай гэж” өөрийн гараар бичиг хийж өгсөн. Өөрийн төрсөн эгч Гомбосүрэнгийн Оюунсүрэнг ерөнхий нягтлан бодогчоор тавьж 1 тэрбум төгрөгийг идсэн байхаар нь би энэ талаар хэлсэн. Дотоод аудитын захирал Намхайн Гантөмөр хэлээд арга хэмжээ авагдсан. Хэрэв 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон бол юу гэж 2016 оны тайлангаа “Бишрэлт Холдинг” ХХК тавьж мэдрэл муутай хүн шиг явах юм бэ. Энэ сэдэл хаанаас төрсөн бэ гэхээр талийгаач нас барсан учраас энэ хүмүүс надаас эргүүлж нэхэхгүй юм байна гэж үзэж хуульч, өмгөөлөгч нараас энэ талаар асуусан. Хуулийн байгууллагын хүмүүс болох Мандах, Нарангарав нарыг 2016 оноос танина. Гэтэл Г.Өгийн мэдүүлэгт “би Мандахыг танихгүй” гэж мэдүүлдэг. Өмгөөлөгч Мандах нь манай компани дээр өмгөөлөл хийж яваад ажил олгогчийн зөвшөөрөлгүй нөгөө байгууллагатай мөнгө авч эвлэрсэн учир ёс зүйн зөрчилд орсон. Энэ хэрэгт оролцсон өмгөөлөгч нар мэдүүлэг өгч эсрэг зүйл хийж байгаа нь өмгөөлөгч нар ямар ёс зүйтэй байгаа нь харагдаж байна. Мөн өмгөөлөгч нар цагдаа нартай ямар нэг байдлаар холбоотой болсоныг бид мэдэж байна. Хавтас хэрэгт Г.Өгийн 2014, 2015 оны тайлан, “Баталгаа, Ариунболдын хөөргийг авч яваад “Баталгаа бичиж өгч байсан талаарх баримт авагдсан. Мөн энэ хөөргийг авсан талаараа хийж өгсөн баталгаагаа мөн адил хуурамч гэж хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд “би анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хэрнээ давж заалдах гомдол гаргаж цагаатгаж өгнө үү гэж шүүхээр тоглож байна. Г.Ө нь 5-50 тэрбум төгрөгийн орлоготой компанийг залилан мэхэлж авсан хэрнээ 15.000.000 төгрөгөөр торгуулж байна. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Өд холбогдох хэрэг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Уг шүүх хуралдаанд прокурорын зүгээс шаардлагатай хохирогч Алтансүх, Ариунболд, Ганзориг, Туул, нотариатч Цэцэгмаа, Тунгалаг, шинжээч Солонго, Баярмаа нарыг оролцуулах хүсэлт тавьсны дагуу эдгээр хүмүүс шүүх хуралд оролцож хэргийн оролцогчдоос шаардлагатай асуултад хариулж, хэргийг мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа давж заалдах гомдлын талаар анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед хангалттай яригдсан. Анхан шатны шүүх мэтгэлцээний үндсэн дээр хууль зүйн дагуу нотлох баримтад тулгуурлан хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Өг гэм буруутай тооцож шийдвэрлэсэн. Хохирогчийн асуудлын тухайд энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ганзориг гэх хүн тогтоогдсон. Учир нь, хувьцаа эзэмшүүлэх эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Өлзийдүүрэн, Ариунболд нарын хооронд байгуулагдсан. Энэ гэрээний дагуу Ариунболд эд хөрөнгөө Өлзийдүүрэнгээс нэхэмжилж, анх гомдол гаргасан. Иймд гэрээний дагуу эд хөрөнгө нэхэмжлэх эрхтэй этгээд эрүүгийн хэрэгт хохирогч болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогчийн талаар тодорхой заасан. Мөн хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэн хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх гэрээ, мөн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бичигдсэн компанийг буцаан авч шилжүүлэх талаар хийгдсэн “Баталгаа гэх баримт бичгүүд бодит байдал дээр хийгдсэн талаар хохирогч Ганзориг, Ариунболд, нотариатч Цэцэгмаа, Тунгалаг, шинжээч Соёлмаа, Баярмаа нар хангалттай мэдүүлэг өгсөн. Мөн нотариатч Цэцэгмаа, Тунгалаг нар толгой компанийн зөвшөөрснөөр хувьцаа шилжүүлдэг бөгөөд толгой компани болох “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ариунболд зөвшөөрч гэрээг баталгаажуулсан байгаа талаар мэдүүлдэг. Шинжээч Солонго, Баярмаа нар уг шинжилж буй баримтууд нь ямар нэг механик болон техник засвар ороогүй болохыг /1хх 94/ мэдүүлдэг. Шинжилгээнд ирүүлсэн “Баталгаа гэж хаяглагдсан баримт дээр зурсан гарын үсэг огтлолцлын хувьд талбайн хэмжээ бага тул үүний давхцлыг тогтоох боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан. Энэ талаараа шүүх хуралдаанд тодорхой тайлбар өгсөн. Мөн гэрч нарын асуудалтай холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан. Энэ хэрэгт гэрчээр оролцсон хүмүүс бүгд “Бишрэлт холдинг” ХХК-д ажиллаж байсан, уг компанитай ажил хэргийн холбоотой байсан, гэр бүлийн талаар мэдэх хүмүүс юм. Хэрэгт шүүгдэгч Г.Өгийн хүсэлтийн дагуу Оюунсүрэн, Мандах, Алтантуяа, Лхагвадорж, Бүд гэх гэрч нараас хэргийн талаар мэдүүлэг авсан. Эдгээр гэрч нар нь “Бишрэлт холдинг” ХХК-д ажиллаж байсан, уг компанитай ажил хэргийн холбоотой байсан. Гэвч тэдний өгсөн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй мэдүүлэг байсан. Тухайлбал, гэрч Мандах мэдүүлэгтээ тэр баримтыг “Viber”-ээр явуулсан, хууль бусаар ашиглах гэж байгаа хэмээн ярьдаг боловч үүнийг Мандахаас өөр нотлох нэг ч хүн байхгүй. Мөн Мандах “Ганзориг, Ариунболд бид гурвын дунд болсон асуудлыг хэн нэгэн хүн яагаад мэдсэнийг би мэдэхгүй байна” гэж мэдүүлдэг боловч түүнийг баримт явуулсан болохыг Ариунболд, Ганзориг нар хангалттай мэдүүлдэг. Гэрч Алтантуяа нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлэг өгөхдөө “Капитал банк дээр Өлзийдүүрэн захиралтай хамт явж байгаад Туяа гэх хүнтэй уулзсан. Туяа нь Өлзийдүүрэнг дагуулаад дээшээ 3 давхарт гараад 2-3 цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед хараад зогсож байсан” гэх мэдүүлэг өгдөг. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлэгт “тэр өрөөнд Өлзийдүүрэн Туяа нараас өөр хүн байгаагүй. Би өрөөний үүдэнд зогсож байсан. Би Өлзийдүүрэнг гарын үсэг зурсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг нь өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг өгч байна. Гэрч Лхагвадорж нь “Туяа захиралд Г.Ө гэх бичигтэй цаас байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл нь энэ нь гэрч Бүдийн мэдүүлэгт “Ариунболд захиралтай уулзах гээд ороход Лхагва, Туяа нар гарын үсэгтэй цаасан дээр юм бичих гээд байж байсан” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс харахад гэрч Лхагвадорж нь энэ хуйвалдаанд оролцож байгаа мэт харагдаж байна. Бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэж байгаа учир нотлох баримтын эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлэг болоод байна. Гантөмөрийн мэдүүлэгт “2016 онд зарим нэг хөдөлмөрийн гэрээ хийхэд Ариунболд болон Өлзийдүүрэн захирлын зөвшөөрлөөр Өлзийдүүрэн гэж өөрөө бичсэн асуудал байдаг” гэж мэдүүлдэг. Өлзийдүүрэн нь “талийгаач Энхжаргал надад хэлэхдээ энэ өртэй компанийг та өмнө авч явж байсан юм чинь танд шилжүүлээд өгье гэж хэлээд шилжүүлэх талаар ярьсан” гэж хэлдэг боловч Өлзийдүүрэнгээс өөр хэн ч энэ талаар нотолдоггүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч талаас маш их баримт гаргаж өгсөн хэдий ч Өлзийдүүрэнд одоо болтол нэгч баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн байдаг. Уг компанийг Өлзийдүүрэнд шилжүүлсэн талаар Ганболд болон Ариунболд нар мэдэж байсан. Бусад гэрч нар мөн адил энэ үйлдлийг Ариунболдын зөвшөөрлөөр хийсэн болохыг хэлдэг. Иргэн Ариунболдоос 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж Энхжаргалд шилжүүлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдөр болсон хурлын дараагаас эхлэн “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийн компани гэж маргах болсон. Тухайн хурал дээр зам засварын мөнгөний тайлангаа тавьж чадаагүйгээс болж нягтлан болон өөрөө сахилгын арга хэмжээ авагдсан. Эдгээр нь баримт нь хэрэгт авагдсан. Өлзийдүүрэн нь “Эрдэнэ зам” ХХК-ийг “Бишрэлт Холдинг” ХХК-д огт хамааралгүй гэж мэдүүлэг хэдий ч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрмийн 2.8, 2.9 дүгээр зүйлд энэ компани нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн охин компани гэж тодорхой зааж өгсөн. Анх иргэний гэрээ хэлцлийн үндсэн дээр бэлэглэлийн гэрээгээр компанийг шилжүүлсэн. Тодорхой нөхцөл болзол хангасны үндсэн дээр компаниа эргүүлэн авах талаар хэлтэл “одоо миний компани учир өгөхгүй” гэсэн. Энхжаргал энэ компанийг надад шилжүүлэн өгсөн гэж залилангийн шинжтэй байсан учир эрүүгийн журмаар шалгаж хэргийг эцэслэн шийдсэн. Иймд энэ хэрэг нь иргэний хэрэг биш эрүүгийн гэмт хэрэг юм. Нотариатч Тунгалагийн талаар Нотариатчийн танхимын дэргэдэх сахилгын зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Нотариатч Тунгалаг нь хууль дүрэм журам зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэсэн хариу ирсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг мөн эсэх асуудалд хангалттай дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь энэ хэрэгтэй огт холбоогүй улсын бүртгэлтэй холбоотой маргаан байсан. Улсын бүртгэгчийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт авагдсан. Гарын үсэг бичвэр тааруулсан эсэх асуудалд шинжээчийн дүгнэлтээр хангалттай хариу өгсөн. Ариунболд гэх этгээд компанийг ашигтай ажиллаж эхлэнгүүт авах гэж санаархсан гэж ярьдаг. Гэтэл 1 дүгээр сард болсон хурлын дараа үеэс эхлэн компани авах талаар ярьж эхэлсэн байдаг. Мөн хэрэгт зөрүүтэй баримтуудыг нотлох талаар шаардлагатай гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, нүүрэлдүүлэн байцааж, асуулт хариултаа авч мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Эдгээр бүх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн шиг тухайн хүний шилжүүлсэн баримтаар компанийг авах гэсэн залилангийн санаа зорилго хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна түүнд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг болно.

Прокуророос Г.Өг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Баталгаа гаргаж өгсөн атлаа “Бишрэлт Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 /гучин есөн тэр бум гучин нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

 

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

 

 Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг ойлгодог.

 

Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрдсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

 

Аливаа иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл ийнхүү шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байдаг юм. Энэ нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн “...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын захиргаанаас зарласан АСЕМ-ын уулзалттай холбоотой замын тендерт оролцох, бусад нийслэлээс зарласан тендерт оролцож шалгарах боломж их байна гэж А.Ариунболдод Г.Ө нь хэлж итгүүлэн үнэмшүүлсэн учраас “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргалаас Г.Өгийн нэр дээр компанийн 100 хувь хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн байдаг. Ингэхдээ Г.Ө нь А.Ариунболдтой “хувьцааг эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ” байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ө “Баталгаа” гаргаж гарын үсэг зурж, А.Ариунболдоос “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргалд зөвшөөрөл өгсөний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан тэр өдрөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж компанийн хувьцааг шилжүүлснээр тендерт оролцож замын ажил хийж гүйцэтгэсэн байдаг. ...2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Г.Ө нь Эрдэм зам ХХК миний хувийн компани, Бишрэлт Холдинг ХХК-д хамаарахгүй гэсэн бичиг хийж өгснөөр залилан мэхлэсэн. ...тус компанийн захирал Энхжаргал нь Ариунболдын хамаатных нь дүү байсан бөгөөд давхар манай “Бишрэлт Холдинг” ХХК-д ажилладаг байсан юм. Ер нь бол гэр бүлийн хамаарал бүхий компани байсан юм. ...” /1хх 83-84, 3хх 76, 6хх 35, 7хх 53, 9хх 48, 14хх 105/,  

Шүүгдэгч Г.Өгийн “...А.Ариунболд “Бишрэлт Холдинг” ХХК-тай хувьцааг шилжүүлэх талаар аман болон бичгээр ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, хийе гэсэн санал ч ирээгүй. Надад бол зөвхөн Д.Энхжаргал гэж хүнээс “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувь хувьцааг хуулийн дагуу ямар нэгэн хууль бус үйлдлээр шилжүүлэх буюу шилжүүлж аваагүй. Тухайн хувьцааг эзэмшигч Д.Энхжаргалын саналаар эргэж буцах нөхцөлгүйгээр бэлэглэснээр 100 хувь хувьцааг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш миний бие эзэмших болсон. Гэтэл А.Ариунболд болон “Бишрэлт Холдинг” ХХК нь намайг энэ хувьцааг хуурч мэхлэж авсан гэх гомдлыг би ойлгохгүй байна. ...Тэр үедээ Д.Энхжаргал нь надад “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувь хувьцааг эзэмшигчийн хувьд санаа зовох зүйл байна. “Эрдэнэ зам” ХХК нь хувьцаандаа тэнцэх хэмжээний зээл өртэй байгаад сэтгэл зовж байгаа учир та ажиллуулж байгаагийн хувьд хуулийн дагуу таны эрх гэж буцах нөхцөлгүйгээр бэлэглье гэж хэлж хуулийн дагуу шилжиж ирсэн. ...Хуулийн дагуу надад компани бэлэглэлээр ирсэн учраас надаас нэхэмжилж байгаа тал бэлэглэсэн тал биш гуравдагч этгээд нэхэмжилсэн учир татгалзсан. ...”Бишрэлт Холдинг” ХХК-ийн ажилтан Ц.Туяа гэж эмэгтэй гарын үсэг зуруулж авсан, түүнийг яг ямар албан тушаал эрхэлдэг болохыг мэдэхгүй байна. ...Туяа гэж хүнд хоёр ширхэг хоосон А4 хэмжээтэй цаасан дээр гарын үсэг зурж өгсөн. Баталгаа гэх шинжилгээнд хүргүүлсэн бичиг дээрх гарын үсгийн байрлал нь миний хоосон цаасан дээр зурсан байрлалтай таарч байна. Хоёр дахь гарын үсэг нь Ариунболд дахиад хуурамч гэрээ гаргаж ирсэн, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээ байсан. Үүнийг үзэхэд баталгаан дээр зурсан гарын үсгийн байрлалтай яг адилхан таарч байна, тиймээс миний хоёр ширхэг гарын үсгийг 2 удаа ашигласан гэж үзэж байна. ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн захирамж дээрээс хохирогч гэх А.Ариунболд нь Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэ зам” ХХК-иас 8.1 тэрбум төгрөг нэхэмжилж байсан нь харагдана, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн захирамж дээрээс Капитал банкны эрх хүлээн авагч нь “Эрдэнэ зам” ХХК-иас 15.5 тэрбум төгрөгийг иргэний шүүхээр мөн нэхэмжилж байгаа нь харагдана. ...тухайн үед би их хэмжээний зээлийн үлдэгдэлтэй компани шилжүүлэн авсан гэдэг нь үүнээс харагдаж байгаа. ... /1хх 20-21, 3хх 69, 5хх 26, 6хх 52, 7хх 142, 9хх 238/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд хэн аль нь бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэн няцаасан байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн мэдүүлгийг гэрч А.Ариунболд “...Тухайн үед Өлзийдүүрэн нь Эрдэнэ зам ХХК-ийн цаана Бишрэлт компани байна. Ардчилсан намынхан чангалаад ажил өгөхгүй, авсан ажлын гэрээг цуцлаад унагаад байна, ийм учир өөр эзэнтэй болгоод өгөөч гэхээр нь дүү Энхжаргалын нэр дээр хувьцааг шилжүүлсэн.Тэгсэн бас болохгүй байна, алдагдалтай ажиллаад байна, Маршалын гүүрнээс Оргил дэлгүүр хүртэлхи замыг авахаар болчихлоо, ардчилсан намынхаа үнэмлэхийг сэргээлээ. Эрдэнэ зам ХХК-ийг над уруу шилжүүлчихвэл ажил авахаар боллоо гэхээр нь 2016 он 03 дугаар сард бодож, асууж судлахад үнэхээр тийм ажил байгааг мэдсэн учир түүний нэр дээр компанийг Нью даниста рөүд энд констракншн ХХК-иас хувьцааг 100 хувь шилжүүлж өгч тэр ажлаа авч хийсэн. ... Миний гайхаж байгаа зүйл бол 2017 оны 01 дүгээр сард Г.Ө нь компаниа найз нь өгөлгүй яахав гэж ярьж байсан, гэнэт л Бишрэлт Холдингод хамаагүй, дотоод хэрэгт битгий ороод бай гэсэн бичгийг ирүүлснээс энэ маргаан үүсэж компанийг залилж авах гэж байна гэж мэдээд гомдол гаргах болсон. Эрдэнэ зам ХХК-ийн гэрчилгээ бусад зүйл надад байдаг. Өлзийдүүрэнд тамга л байдаг. ...Эрх шилжүүлэх гэрээ, баталгааг миний өрөөнд Г.Ө компани шилжүүлэхээс өмнө хийсэн. Баталгаа хийх үед бид хоёр байсан. ...2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа “Нью даниста рөүд энд констракшн” дээр байсан. Үүний хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Д.Энхжаргал байсан. ...” /1хх 86, 15хх 189, 196/ гэж,

 гэрч Ц.Туяа “...тухайн үед А.Ариунболд захирал нь “Эрдэнэ зам” ХХК-ийг 100 хувьцааг Г.Өд шилжүүлж өг гэсэн. Тэгэхдээ буцаах нөхцөлтэй гэрээ байгуулах юм шүү гэж хэлсэн байдаг. Түүний дагуу менежер Түмэндэмбэрэлд “Эрдэнэ зам”-ийн 100 хувьцааг Г.Өд шилжүүлж өгөх бичиг баримтыг хөөцөлдөх талаар үүрэг болгосон байдаг. Түүнчлэн уг асуудлыг Түмэндэмбэрэл хариуцан бичиг баримтыг хөөцөлдөж, улмаар буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувьцааг Г.Өд шилжүүлсэн байдаг. Ер нь дарга нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг тохиолдол байхгүй, байдаггүй юм. Миний бие л Г.Өгээр хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж байсан удаа байхгүй тэглээ ч Г.Ө хоосон цаасан дээр гарын үсэг зурахаар хүн биш их айхтар хүн байгаа юм. ...” /5хх 18/ гэж тус тус гэрчилэн мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдийн агуулгаас үзвэл “Эрдэнэ зам” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу 100 хувийн хувьцаа эзэмшигчийг хэн аль нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн компанийн дүрмийг өөрчилсөн байдал, тэдний хооронд бий болсон бизнес, ашиг сонирхолын зөрчлийг залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхгүй. 

Учир нь, бэлэглэлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй маргааны шинжийг шүүх буруу тайлбарлаж, маргасан санаа зорилгыг бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлсэн байдаг залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаатай адилтган дүгнэлт хийснээс иргэний эрх зүйн харилцааны асуудлыг залилах гэмт хэрэгт тооцсон байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Анхан шатны шүүх Г.Өгийн үйлдлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, гэрч А.Ариунболд, Ц.Туяа нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, гэрч А.Ариунболд, Ц.Туяа нарыг мэдүүлгийг үгүйсгэж, О.Алтантуяа “...Миний санаж байгаагаар 2016 оны 4 дүгээр сард ажил ихтэй байх үеэр захирал Г.Өгийн хамтаар Капитал банк руу орсон. Гэтэл уг банкны ажилтан Туяа нь захирлыг таниас гарын үсэг авах гэсэн юм гээд сугадаад дээшээ гарчихсан. Би араас дагаад алхаж байсан. Тэгээд 3 давхарт гараад нэг өрөөнд орсон. Тэр үед Туяа нь Өлзийдүүрэн захирлаар 2-3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан байдаг. Би тухайн үед хараад зогсож байсан. ...Өлзийдүүрэн Туяа нар их л дотно харагдаж байсан. Өлзийдүүрэн Туяагийн мөрөн дээр нь гараа тавиад гарсан. Ямар учраас цагаан цаасан дээр гарын үсэг зурсныг мэдэхгүй байна. Ямар учраас зурсныг гарын үсэг зурсан, зуруулсан хүмүүс л мэдэх байх. ...” /5хх 21, 6хх 56/,

Гэрч Э.Лхагвадорж “...“Бишрэлт Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өгийн гарын үсгийг тухайн үед Н.Гантөмөр захирал дуурайлгаад зурдаг гэж ойлгодог байсан. Миний бодлоор төлөөлөх эрх нь олгогдсон байсан бол Гантөмөр /ийг/ гэж зурах байсан байх. Би Г.Өгийн гарын үсгийг нэг ч удаа харж байгаагүй, нэг ч албан бичигт зуруулж авч байгаагүй. Харин 2018 оны жилийн эцсээр байна уу эсвэл 2017 оны 1 сард байна уу сайн санахгүй байна бүх компаниудын удирдлага, газар хэлтсүүд өнгөрсөн жилийнхээ тайлан, ирэх жилийнхээ төлөвлөгөөг төсөл байдлаар бичээд Бизнес хөгжлийн газрын захирал Туяад өгдөг байсан. Тэр үед манай хууль эрхзүйн газар тайлан төлөвлөгөөг төсөл байдлаар Туяад өгсөн байсан. Тэр үед би тайлан төлөвлөгөө авах гээд Туяа захирал дээр орсон. Тэгээд тайлан төлөвлөгөө материалаа аваад үзтэл тайлангуудын дунд 2 бичгиин цаасан дээр хөх өнгийн тосон байна уу, үзгэн байна уу гэдгийг мэдэхгүй байна Г,Ө гээд бичсэн гарын үсэг зурсан хоосон 2 бичгийн цаас байсан. Тэгээд би Н.Гантөмөр эгчийн зурсан 2 гарын үсэгтэй цаас байна ш дээ гээд Туяад хэлтэл Туяа сандраад Өлзийдүүрэн захирлаар зуруулж авсан юм, хөдөө гадаа яваад алга болчихдог юм, эзгүйд нь гарын үсэг хэрэг болоод байдаг гэснээ надаас нөгөө 2 цаасыг авсан. Тэгээд би Туяад хамаагүй гарын үсэг зурсан хоосон цаасан дээр янз бүрийн юм бичээд асуудалд орно ш дээ гэж хэлж байсан ч Туяа цааснуудыг авсан. Мандах өмгөөлөгчөөс зөвлөгөө авна гээд үлдэж байсан. Би бол тэр хоосон цаасан дээр байсан гарын үсгэн дээр юу бичсэн, яах гэж байсан талаар Туяа надад хэлээгүй. Би цаашид юу болсныг мэдээгүй, асуугаагүй, сонирхоогүй. ...” /6хх 37/,

Гэрч Н.Мандах “...2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 13 минутанд “Бишрэлт” групптэй холбоотой ажилладаг Ганзоригоос миний гар утсаар ашигладаг “Viber” аппликейшн рүү “Hi” гэж бичээд бичгийн хэлбэртэй баримтын зургийг явуулсан. Түүнийгээ авсан уу гэж асуухаар нь авсан гэж хариу явуулсан. Үүнээс өмнө Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд над руу утсаар залгаж энэ баримтын талаар ярьсан. Тэгэхдээ миний 9911.... /цэг цэг тавиарай/ дугаар руу өөрийнхөө гар утаснаас залгасан. Ингээд түүний явуулсан баримтыг уншаад үзэхэд миний хувьд гарын үсэг зурагдсан цаасан дээр шивж хэвлэсэн байдлаар явуулсан хууль бус баримтан дээр хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй талаар хэлж татгалзсан. Тэгэхдээ Ганзоригт энэ талаар хэлээгүй, Ариунболдод үүнийг хэлсэн. Тэгэхэд Ариунболд их дурамчхан уурласан байдалтай хүлээж авсан. Уг баримтын гол агуулга нь Ариунболдод “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэхээр баталгаа гаргаж байгаа мэтээр бичсэн байсан. Ингэж бичсэн байгаа нь Д Энхжаргалаас “Нью даниста рөүд энд констракшн” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг Г.Өд гэрээний үндсэн дээр шилжүүлсэн үйл байдлыг мэдэх хүний хувьд хууль бус гэдгийг Ариунболдод хэлсэн. Яагаад Ариунболдод баталгаа гаргаж байгаа юм бэ гэхэд миний үгийг сонсохгүй, дахиад нэг гарын үсэг байгаал даа гэсэн агуулгатай үгийг надад хэлсэн. Би үүнийг сонссон учраас л энэ байдлыг хэлж байгаа юм. Яагаад миний гар утсан дээрх Ганзоригоос явуулсан энэ үйлдлийг Ганзориг, Ариунболд хоёроос өөр хүн мэдэхгүй байхад хууль хяналтын байгууллагад энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөөд сууж байгаад гайхаж байна гэж хэлмээр байна. Тухайн үед ийм процесс л болсон байдаг. Хэрэв тухайн үед надтай Ариунболд ярьсан мэдээллийг шаардлагатай болвол тухайн оператор компаниудад хадгалагдаж байгаа биздээ гэж хэлмээр байна. Тэгээд Ариунболд 9911-тэй хоёр дугаараас зэлжилж залгадаг гэдгийг хэлэхийг хүсэж байна. ...Г.Ө бид хоёр маргаантай байгаа, Г.Өгийн гарын үсгийг “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг буцааж шилжүүлэхэд шаардлагатай баримтанд холбоотой ашиглана гэх агуулгаар хэлсэн. ...Би нэг л зүйлийг мэднэ, 2016 оны 4 дүгээр сард миний санаж байгаагаар талийгаач Д.Энхжаргал Капитал банкны арын нотариатын газарт бэлэглэлийн гэрээ байгуулаад Г.Өд “Эрдэнэ зам” ХХК-ийг шилжүүлж өгсөн асуудлыг л мэднэ. Үүнийг талийгаач Д.Энхжаргал амьд ахуйдаа надад ярьж байсан юм. Надад нарийн зүйлийг хэлээгүй. Яагаад гэвэд Энхжаргал надтай байнга харьцаж хууль зүйн зөвлөгөө гэдэг утгаар ярьдаг байсан. Би яагаад үүнийг санаж байгаа вэ гэхээр бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хамтдаа хийгддэг юм уу? гэж асууж байсан учраас л санаж байгаа юм. Би тэр үед чам дээр “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрх байдаг юм уу гэхэд миний үүсгэн байгуулсан “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-д хувьцаа эзэмших эрх байдаг учраас би гарын үсэг зурдаг юм гэж хэлж байсан. Миний санаж байгаа зүйл бол энэ байна. ...Тэгэхээр миний хувьд Энхжаргал, Өлзийдүүрэн нарын хувьд 2016 оны 4, 5 дугаар сард “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхтэй холбоотой ямарваа нэгэн маргаан тооцоо байхгүй байсан. Хэрэв тооцоо байсан бол би хамгийн түрүүнд мэдэх хүний нэг байгаа юм. ...Ганзориг бол Өлзийдүүрэнгийн бичсэн гэх баталгаа бичвэрийг Ариунболд явуул гэсний дагуу над руу VIBER ашиглан явуулсан байдаг. Энэ бичвэрийг явуулаад зөвлөгөө авах гэж оролдсон. Би тухайн үед татгалзсан хариу өгсөн. ...” /5хх 7-8, 9хх 52/,

Гэрч Т.Даваадорж “...миний том хүү Д.Энхжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан. Би Ховд аймгийн Булган сумын нутагт амьдардаг. Харин миний хүү Улаанбаатар хотод ганцаараа амьдардаг байсан болохоор нас барсан шалтгаан нөхцөлийг сайн мэдэхгүй байна. Нас барах үедээ гэрээслэл болон компанитай холбоотой ямар нэг бичиг баримт үлдээсэн зүйл байхгүй. Анх удаа энэ талаар сонсож байна. Цаашид “Эрдэнэ зам” ХХК-ийг өмчлөх эрх шилжүүлэх талаар хууль хяналтын байгууллагад хандана, одоогоор хандсан зүйл байхгүй. ...” /13хх 227/,

Гэрч Б.Бүд “...Тэр үеэс хойш 2017 оны 2 сарын үед байх Капитал банкин дээр Ариунболдтой уулзахаар ирээд өрөөнд нь сууж байхад тэдний хуулийн хэлтсийн захирал Лхагваа болон ажилтан Туяа нар нь Ариунболдын өрөөгөөр орж гараад байсан. Тэр үедээ Өлзийдүүрэнгийн гарын үсэгтэй 2 ширхэг цагаан өнгийн хоосон цаасыг бие биедээ дамжуулаад, энэ дээр нэг юм биччих гэж Ариунболд нь хэлж байсан юм. Тэр үед ямар зүйл бичих гэж байгааг нь би огт мэдээгүй, тухайн үедээ сонирхоогүй. Сүүлд энэ хэрэг маргаан үүсээд, асуудал болоод явж байх үед Өлзийдүүрэн нь надад энэ гарын үсэгтэй, хоосон цаасны талаар тайлбарлаж хэлэхээр нь энэ асуудлыг санасан юм. Үүнийг би сонирхоогүй, тухайн үедээ сонсоод л өнгөрсөн. Миний мэдэх зүйл ийм л байна. Гол хэлэх гэсэн зүйл гэвэл Өлзийдүүрэнгийн гарын үсэгтэй 2 ширхэг хоосон цаас Ариунболд, Туяа, Лхагваа нарт байхыг харсан гэдгийг хэлэх гэсэн юм. Үүнээс өөр мэдэж мэдүүлэх зүйл байхгүй. Мэдэхгүй, надад тухайн үед тэр талаар хэлээгүй, би ч сонирхоогүй. Тухайн үед хоорондоо дамжуулж өгөөд ярилцаад байсан, яриа нь бол сонсогдоогүй, ямар ч байсан нэг зүйл биччих гэж хэлээд байсан. Юу бичих гээд байсныг мэдэхгүй байна. ...Ариунболд нь тухайн үед Өлзийдүүрэнгийн гарын үсэгтэй цаас гэж хэлээд Туяа, Лхагваа 2-т миний хажууд өгсөн. Тэр үед дээр нь яалтчгүй гарын үсэг зурсан хоосон цаас байсан. Өгч байхыг нь харахад 2 ширхэг цагаан өнгийн цаас байсан. Би харин Өлзийдүүрэнгийн гарын үсэг хэрхэн зурагдсан байсан талаар мэдэхгүй, би түүний гарын үсгийг танихгүй. Ариунболдын хэлснээр түүний гарын үсэг гэж мэдсэн. Өлзийдүүрэн, Капитал банкны хооронд болсон асуудлыг би огт мэдэхгүй байна. Өлзийдүүрэн нь одоо тэр “Эрдэнэ зам” ХХК-ийг анх өөрөө хувьчилж нэр дээрээ авсан гэж ярьдаг юм. Тэрнээс биш би яг хэнийх нь гэдгийг бол мэдэхгүй байна, сонирхоогүй. ...” /14хх 55-56/,

Гэрч Ц.Цэцэгмаа “...“Эрдэнэ зам” ХХК-ийн 1 бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 209.047.890.18 ширхэг, нийт 20.904.789.082.29 төгрөгийн үнэ бүхий хувьцааг 100 хувь Г.Өд хариу төлбөргүйгээр бэлэглэж байгаа тухай гэрээг хийсэн байна. ...Ингээд Энхжаргал, Өлзийдүүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Бэлэглэлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээг хамт хийсэн байдаг. Энэ нь дээрх мөнгөнд ноогдох эрхийг Г.Өд шилжүүлж байна гэсэн гэрээг хийсэн байдаг. ...Би мэдэхгүй байна, өөрсдөө байгаа гэрээгээ л батлуулсан, миний зүгээс засвар өөрчлөлт оруулаагүй. ...” /3хх 84, 14хх 62-63/ гэж тус тус мэдүүлэг өгчээ.

Түүнчлэн шинжээч Э.Солонгын “...уг төрлийн шинжилгээг дараалал тогтоох шинжилгээгээр тогтоодог. Шинжилгээнд ирүүлсэн “Баталгаа” гэж хаягласан баримтын доод хэсэгт Г.Ө гэсний ард тууш шугам болон хөх өнгийн будагч бодистой бичиг хэрэгслээр үйлдсэн гарын үсгийн эхлэл огтлолцооны талбайн хэмжээ бага, шинжилгээнд ач холбогдол бүхий шинж тэмдэг илрээгүй, чанарын үзүүлэлтийг хангаагүй тул дараалал тогтоох боломжгүй байсан. Энэ талаар дүгнэлтэд тусгасан. ...” /5хх 23/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3062 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “А.Ариунболд захиралд” гэсэн гарчигтай, “Өнөөдрийн хурлаар...” гэж эхлээд “...2017.01.07” гэж төгссөн хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн шинжилж буй гар бичвэр нь Г.Өгийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. 2016.04.13-ны өдрийн “Баталгаа” гэсэн баримт дахь шинжилж буй гарын үсэг нь Г.Өгийн гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна. Уг шинжилж буй баримтуудад ямар нэгэн механик болон техникийн засвар ороогүй байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 94/, 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 3260 дугаартай “...Г.Өгийн гарын үсгийн овгийн эхний үсэг гэх үл уншигдах элементийг дайрсан хэвлэмэл тууш зураас нь гарын үсэг зурсны дараа эсвэл өмнө хэвлэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 108/, 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4064 дүгээртэй “...шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэ-Очирын 2017.6.8-ны өдрийн 3260 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2016.4.13-ны өдрийн “Баталгаа” гэсэн баримт дээрх шинжилж буй тууш шугам болон гарын үсгийн огтлолцолын дараалалыг тогтоох боломжгүй байна. Асуултанд дурьдагдаагүй шинэ нөхцөл байдал илрээгүй. ...” /3хх 88/ гэх шинжээчийн дүгнэлт,

гэрч Н.Мандахын гар утсанд үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн тэмдэглэлд “...2017.02.22 гэсэн огноотой “Hi” гэсэн бичвэр 14:13 минутанд Ganzorig гэх нэрээс ирсэн бөгөөд явуулсан бичиг дээр дарж үзэхэд “Баталгаа” гэсэн толгойтой 2016.04.13-ны өдөр Улаанбаатар хот гэсэн Г.Ө гэсэн гарын үсэгтэй баримт байв...” гэж тусгагдсан байдал, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 9-15/, улсын бүртгэлтийн гэрчилгээ /1хх 180/, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх 181/, “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх 182/, Бэлэглэлийн гэрээ /1хх 183/, Эрх шилжүүлэх гэрээ /1хх 184/, “Бишрэлт Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол /1хх 198/, Бэлэглэлийн гэрээ /1хх 204/, эрх шилжүүлэх гэрээ /1хх 205/, Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ /2хх 238/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 182/Ш32017/08516, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/Ш32019/10094 дугаартай захирамжууд /9хх 240-244/, гэрч Н.Мандах, А.Ариунболд нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /14хх 108-111/, хохирогч Г.Ганзориг, гэрч Н.Мандах нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагджээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл илэрвэл тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

 

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл Г.Өгийн “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаанд үндэслэгджээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд Г.Өгийн хийсэн “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар түүнийг гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь Г.Ө болон бусад хүмүүсийн хооронд үүссэн харилцаа Иргэний хуульд тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

 

            Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл”, мөн хуулийн 28.1.3 дахь заалтад “зүйлийн доторх хэсэг”, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт “зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх”, 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт “Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно” гэж тус тус зааснаас үзвэл аливаа хуулийн зүйл, хэсэг хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий бие даасан утга санааг илэрхийлэхгүй, хуулийн зүйл нь үндсэн ойлголтыг бүрдүүлэх бөгөөд хэсэг, заалт нь түүнийг тодотгосон байхаас гадна нарийвчлсан байхаар зохицуулан заажээ.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж эзэмшигч, өмчлөгчийг тодорхойлон хуульчилсан байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ”Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ”, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно”,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “...“хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг...” ойлгоно гэж зохицуулан заажээ.

 

Хэрэгт авагдсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, “Бишрэлт Холдинг” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдийн 80 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол, мөн өдрийн Бэлэглэлийн болон Эрх шилжүүлэх гэрээнүүд, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Бэлэглэлийн болон Эрх шилжүүлэх гэрээнүүд, “Эрдэнэ зам” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 355 дугаартай тогтоол зэргээс үзвэл “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Бишрэлт Холдинг” ХХК-иас “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-д, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-иас Г.Өлзийндүүрэнд шилжүүлсэн, үүсгэн байгуулагч /хувь эзэмшигч/ өөрчлөгдсөн болохыг бүртгэлийн байгууллага зохих журмын дагуу бүртгэсэн байна.

 

“Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-д шилжүүлэн өгч, улмаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх хувьцаа эзэмшигч нарын өмчлөх эрх, үүрэг дуусгавар болжээ.

 

“Нью даниста рөүд энд констракшн” ХХК-иас “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Г.Өд шилжүүлэн өгч, улсын бүртгэлд уг өөрчлөлтийг бүртгэснээр “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн өмчлөх эрх, үүрэг мөн л дуусгавар болж, Г.Өд шилжүүлсэн байна.

 

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч /хувь эзэмшигч/ болон дүрэм өөрчлөх эсэхийг тухайн компанийн хувьцаа эзэмшигч шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд уг шийдвэр хуульд нийцсэн, зохих журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлсэн тохиолдолд дээрх дурьдсан хуулиудад зааснаар улсын бүртгэлд бүртгэснээр дотоодын хууль тогтоомжид заасан хамгаалалтад орохоос гадна Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллагаас баталсан Компанийн засаглалын зарчмууд, Олон Улсын Үнэт цаасны хороодын байгууллагаас баталсан Үнэт цаасны зохицуулалт зорилго ба зарчмуудыг хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмжид тусгагдсан харилцаа болох юм.

 

Гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалсан маргаантай асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой буюу энэ хэрэг нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байх бөгөөд Г.Өгийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин гэрч Д.Алтансүх /15хх 187/, Н.Гантөмөр /1хх 91, 6хх 55/, Ц.Туяа /5хх 17/ нарын мэдүүлэгт “...“Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хараат, охин компани...” гэж дурьдагджээ.

 

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн зүйлийн 6.1 дэх хэсэгт “Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ”, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ” гэж тус тус заажээ.

 

Г.Өд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн авч үзэхэд “Эрдэнэ зам” ХХК-ийг “Бишрэлт Холдинг” ХХК-ийн охин болон хараат компани болохыг нотлосон баримт хэрэгт алга.

 

Нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг үндэслэж, Эрдэнэ зам” ХХК-ийг “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хараат эсхүл охин компани гэж хууль зүйн хувьд шүүхээс дүгнэх боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Үүнээс гадна гэрч С.Тунгалаг “...К.Ариунтуул гэж хүн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр уг гэрээний эх хувийг авчирч хуулбар үнэнийг гэрчлүүлэн улмаар нотариатын холбооны 85 дугаартай тэмдэг дарж бүртгэлийн 1363 дугаарт бүртгэж хуулбар үнэнийг гэрчилж өгсөн. ...Би гэрээний үнэн зөвийг гэрчлээгүй хуулбар үнэнийг л гэрчилсэн юм. Гэрээний үнэн зөвийг гэрчилсэн тохиолдолд талууд байлцах ёстой. ...Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг эх хувиар нь барьж ирэн надаар хуулбарлуулан батлуулсан тухай бүртгэлийг бичиг баримтын хуулбарыг бүртгэдэг бүртгэлийн 1363 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Ингэхдээ бичиг баримтын эх хувийг нь шалган үзэж үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг тогтоосны үндсэн дээр ямар нэгэн татгалзах үндэслэл байгаагүй учраас бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн. ...” /3хх 79, 14хх 67, 15хх 183/ гэж тэрээр гэрээний нэг тал болох Г.Ө нотариатын үйл ажиллагаанд оролцоогүй, гэрээний хуулбар үнэн, зөвийг гэрчилсэн, цаг хугацааны хувьд гэрээний огнооноос хожим нотариатын үйл ажиллагаа явуулсан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Г.Өг гэм буруутай гэж тооцохдоо түүний мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, чухам юуг нотлож байгаа нь тодорхойгүй, ерөнхий байдлаар дүгнэсэн, үйл баримтаас хэт өөр нөхцөл байдал, ойлголтуудыг нэгтгэн дүрслэснийг зөвтгөх боломжгүй байна.    

Гэрч Д.Алтансүхийн “...Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээчихлээ, Маршалын гүүрний замын ажлыг авах болчихлоо гэж хүсэлт гаргадаг байсан. Ингээд ажлаас гарсны дараа шилжүүлж өгсөн гэж ярьдаг байсан...” /1хх 88/, гэрч Э.Түмэндэмбэрэлийн “...2015 оны өөрчлөлтийг би хийгээгүй. 2016 онд “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-иас “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувь хувьцааг Г.Өгийн нэр дээр шилжүүлж өгөх ажлыг тухайн үед энэ компанийн захирлаар ажиллаж байсан Д.Энхжаргал “Бишрэлт Холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга А.Ариунболд нараас надад өгсөн итгэмжлэлийн дагуу бичиг баримт бүрдүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. ...Нэлээн хэдэн бүрдүүлэх ёстой бичиг баримтыг бүрдүүлээд улсын бүртгэлийн газарт өгсөн. А.Ариунболд, Д.Энхжаргал нар уулзаад холбогдох материалын бүрдүүлэлтийг хийгээрэй гэж хэлсэн. Бэлэглэлийн гэрээг бэлэглэгч Д.Энхжаргал, бэлэг хүлээн авагч Г.Ө нар байгуулах үед би хамт байсан. Энэ гэрээ “Бишрэлт Холдинг” ХХК-ийн байранд баталгаажиж нотариатын баталгаа хийгдсэн. Тэдний тохиролцоог, ярьсан яриаг би мэдэхгүй. ...” /1хх 89/, гэрч Н.Гантөмөрийн “...Шилжүүлэн бүртгэсэн талаар мэдэхгүй байна...” /1хх 91/ гэх мэдүүлгүүд Г.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, гэрч А.Ариунболд нарын хэн алины мэдүүлэг нотлосон гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл гэрч Д.Алтансүх, Э.Түмэндэмбэрэл, Н.Гантөмөр нар “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэсэн талаар Г.Ө бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан болон 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргасан эсэх талаар огт мэдүүлээгүй байна.

Эдгээр байдлууд нь Г.Ө нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргасан гэж дүгнэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Хэрэгт гэрч С.Туул “...“Эрдэнэ зам” ХХК-ийн тендерийн ажил авахын тулд өөрийнхөө хувьцаатай байх ёстой. Ийм учир эргүүлэн өгөх нөхцөлтэйгээр Бишрэлт холдингийн ТУЗ-ын дарга А.Ариунболдод баталгаа гарган өгч шилжүүлэн өгснийг мэднэ. Бэлэглэлийн гэрээг “Бишрэлт Холдинг”-ийн байранд хийхэд хамт байсан. ...Яг юу ярьж байсныг санахгүй байна. Хамгийн гол компани шилжүүлэх болсон шалтгаан нь замын тендер авахад намын харъяалал саад болоод байна. Дангаар компани байвал ажил авахаар байна гэж хэлж ТУЗ-аас зөвшөөрөл өгөөд шилжүүлж өгсөн. Ингэхдээ баталгаа гаргуулж авч байсан. ... “Бишрэлт Холдинг”-ийн хурлын зааланд А.Ариунболд, Г.Ө нар нь дээрхи асуудлын талаар ярилцаж байхад нь хамт байсан. Би өөрөө олон жил энэ компанид ажиллаж байгаа учир байнга компани дээр байдаг. Тэр ч утгаараа энэ гэрээг байгуулж байх үед нь байсан юм. ...Г.Өгийн хувьд уг гэрээг зөрчиж өөрийн эрх мэдлийг ашигласан гэж үзэж байна. А.Ариунболдын хувьд олон жил найзалсан найз Г.Өдээ итгэн эргүүлэн авах нөхцөлтэйгөөр “Эрдэнэ зам” ХХК-ийг шилжүүлсэн байдаг. Энэ асуудлаа дараа нь ч бидэнд хэлж байсан. ...” /1хх 90, 6хх 53/ гэж мэдүүлэг өгч байсан атлаа тэрээр “...Ер нь бол Энхжаргалын зүгээс Өлзийдүүрэнд компанийн хувьцааг шилжүүлсэн асуудал бол зөвхөн Ариунболд захирлын зөвшөөрлөөр хийгдэх ёстой байсан. Гэтэл яагаад дур мэдэн шилжүүлснийг мэдэхгүй байна. ...Харин дээрх баталгаа гэрээг хэзээ хийснийг бол мэдэхгүй байна. Миний хувьд ийм ажилд оролцдоггүй. ...Тэгээд энэ асуудлаас болж Ариунболд, Өлзийдүүрэн нар хоорондоо муудалцсан. Ариунболд тэгвэл “Эрдэнэ зам” ХХК-ийг авна гэдгээ хэлсэн ба Өлзийдүүрэн нь өгөхгүй гээд маргаан үүссэн. ...2016 оны 4 дүгээр сард “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн захирлаар намайг томилж ажиллуулсан. Энэ явдалд А.Ариунболд захирал Г.Ө 2 хамт байхад би хурлынх нь өрөөнд байсан. ...захиран зарцуулах эрхийг ТУЗ-ын зөвшөөрлөөр зарцуулдаг. “Нью даниста рөүд энд констракшн”-ийн хувьцааг Г.Өд шилжүүлнэ. Намайг зөвхөн гүйцэтгэх захирал гэж хэлсэн. ...Нөхцөлтэй гэрээ хийгдсэн байсан. Туяа болон Түмэндэмбэрэл, Өлзийдүүрэн нар байсан...” /14хх 64, 15хх 186/ гэх харилцан зөрүүтэй, хоорондоо эсрэг мэдүүлэг өгчээ.

Гэтэл прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд түүний өмнө нь өгсөн “....баталгаа гарган өгч шилжүүлэн өгснийг мэднэ. Бэлэглэлийн гэрээг “Бишрэлт Холдинг”-ийн байранд хийхэд хамт байсан…” гэх мэдүүлгийг дурдсан атлаа “...баталгаа гэрээг хэзээ хийснийг бол мэдэхгүй байна. Миний хувьд ийм ажилд оролцдоггүй. ...Туяа болон Түмэндэмбэрэл, Өлзийдүүрэн нар байсан...” гэсэн мэдүүлэгт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ. 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж Г.Өгийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй байхад түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Харин “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч, компанийн дүрмийг өөрчилсөн хэлцэлтэй холбоотой, өмчлөгч тогтоолгох, сэргээлгэх гэх мэт компанийн хувьцааны өмчлөлтэй холбоотой маргааныг хэн аль нь Иргэний эрх зүйн маргаан хэмээн үзэж шийдвэрлүүлэхэд Эрүүгийн хуулийн эзэмшигч, өмчлөгч гэх ойлголт хамаарахгүй болохыг дурдаж байна.

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлаж, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Г.Өд холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд нарын хамтран гаргасан гомдол, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын хамтран гаргасан гомдлын “...эрүүгийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/482 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Г.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ