Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 134

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.М

Шүүгдэгч: Д.Б, П.Д

Хохирогч Л.Б

Хохирогчийн өмгөөлөгч: М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт  Д.Б, Монгол занги овогт П.П.Д нарт холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Д.Б

Шүүгдэгч:  П. Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б, П.Д нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр иргэн Л.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар архины шил болон гараараа толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Д.Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 

“...Өглөө 6 цагийн үед Л.Б ах манайд нэг шил архитай орж ирсэн. Тэгээд П.Д ахыг дуудаад архи хувааж уугаад дараа нь Л.Б ахын ээж дээр орж нэг шил архи аваад тэр архийг хувааж уусан. Тухайн үед айлаар хэсч, архи ууж явж яваад л ийм хэрэг болсон. Т ахын гэрт орж байснаа муухан санаж байгаа, бас Л.Б ах, П.Д ах нарыг хоорондоо маргаж байсныг ч муухан санаж байна. Л.Б ахыг зодсон удаа надад байхгүй. 

Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“...2017 оны 03 сарын 04-ний өглөө цагаан сар хуучраагүй, орноосоо босох болоогүй байхад утас руу залгаад байсан. Миний хувьд гэртээ ганцаараа байдаг учраас хааяа нэг архи уучихдаг юм. Эхнэр төвд ажилтай учраас гэртээ ганцаараа байдаг. Тухайн өдөр би 8 цагийн үед босоод айл руу очиж хонь, хурга ялгачихаад ирсэн. Д.Б, Л.Б хоёр 0.5 литрийн ерөөл архи нэгийг задлаад сууж байсан. Тэгээд задалсан архийг нь хувааж уугаад сууж байтал Л.Б архи уумаар байна, манай ээжээс орж архи гуйгаад ир гэж өөрөө эхэлж санал тавьсан. Тэгсэн ээж дээр нь орсон чинь нэг шил архи өгсөн. Миний ээж Л.Бгийн ээжтэй нас чацуу хүн байдаг юм. Тэр өдөр манай ээж байхгүй байхад танай ээжээс архи авч ууна гэж хэлээд манай гэр рүү ороод дахин нэг шил архийг аваад явсан байсан. Манай 3-н гэр сумын төвөөс 3 км зайтай. Архины шилээр цохисон бол энэ хүн өнөөдөр ингээд сууж байхгүй байсан байх. Банкны манаач Н гэх айлынд 2 хоног хэвтсэнийхээ дараа 3 дахь өдөр нь намайг ирээд аваач гэхээр нь би өөрөө мотоциклиороо очиж авсан. Тухайн үед энэ хүнийг гэрт нь хүргэж өгөх хүн байгаагүй. Би л тус болж гэрт нь авчирч ирсэн. Тэгсэн дараа өдөр нь Улаанбаатар хот руу хэлээгүй явсан байсан. Улаанбаатар хотод сар гаруй эмчилгээ хийлгэж суурь өвчнөө эмчлүүлчихээд бид хоёроос болж ийм зүйл болсон гэж хэлээд 13.000.000 төгрөг нэхэмжлээд байна. Тухайн үед гэрт нь очиж архи ууя гэж хэлээд, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан зүйл байхгүй. Л.Б эхнэр нь нас барснаас хойш хүн уруу татаж архи уудаг, хулгай хийдэг хүн байгаа юм. Намайг 2015 оны хэрэг дээр надаас гуйгаад ял эдлэхгүй мултарч гарсан билээ дээ гэж хэлж байсан. Өөрөө тэр хэрэг дээр хамаатай хүн байж мултарч гарч чадсан хүн байгаа юм. Энэ хэрэг гүжирдлэгийн нэг зүйл яваад байна. Би нэг удаа цохисон. Түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин Д.Б-ийн хувьд Л.Б-г цохисон асуудал байхгүй гэв.

Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 “... Энэ хэрэг Т-ын гэрээс гараад айлын хонь дайрсан үеэс эхэлсэн. Д.Б-ийн хувьд тарган хонины махаар шөл хийж ууна гэдэг хүн байгаа юм. Хэзээ хийж уух гэж байгаа талаар өөрөөс нь нэг асуумаар байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Юмны ард байнга суудаг, хулгай хийчихээд хийгээгүй л гэдэг хүн. Би олон удаа энэ хүнийг өмөөрч хамгаалсан. Одоо бол худлаа ярих зүйлгүй, болсон явдлыг л хэлнэ. Би Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Мэс засалд орсон. Хамаатны эмч байдаг тулдаа л мэс засал, эмчилгээгээ бүрэн хийлгэсэн. Миний зүгээс зөвхөн замын зардал, ойр зуурын шинжилгээний хөлс болох төлбөрийг нэхэмжилсэн. Түүнээс илүү нэхэмжилсэн зүйл байхгүй. Намайг зүгээр Улаанбаатар хот руу явсан гэж хэлээд байгаа. Би эдгээр хүмүүст гомдолтой байна гэв.

Эрүүгийн .. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

    *Хохирогч  Л.Б-гийн өгсөн:

             “2017 оны 03 дугаар сарын 04-ны өдөр манай сумын малчин Д.Б, П.Д бид 3 нэг шил архи хувааж уугаад дараа нь П.Д ээжээсээ дахиж нэг шил архи авч уучихаад тэр хавийн айлуудаар хэсэж архи уусан. Ч гэх айл бид нарт нэг шил архи өгсөн. Тэгээд тэндээсээ гараад Т гэх айлд очоод П.Д агсан тавих гээд байсан чинь Д.Б тарган хүний махаар шөл хийж уумаар байна гээд хэлсэн. Тэгээд бид гурав хөдлөөд явж байсан чинь Т-ын 4 ширхэг хонийг П.Д машинаараа дайрчихаар нь би бид нар ч хэрэг тарьчихлаа даа гэж хэлсэн. Тэгээд нэг шил архиа уучихаад байж байсан чинь П.Д архины шилээр миний толгойн хэсэгт олон удаа цохисон. Тэгээд Д.Б, П.Д хоёр намайг машинаас татаж гаргаж байгаад тэр хоёр нийлж зодсон. Тэгээд би тэр хоёроос салаад түрүүлээд зам дагаад сумын төв рүү алхсан юм. Тэгээд явж байсан чинь араас манай сумын хэсгийн төлөөлөгч Т нь Д.Б, П.Д хоёрыг аваад ирсэн. Тэгээд бид нар нийлж төв ороод би цагдаад гомдолтой байгаа талаараа хэлсэн. ...Бид 3 ер нь байнга нийлж архи уудаг. Нэг хотны саахалт хүмүүс байгаа юм. Архи уух шалтаг гээд байх зүйл байгаагүй. Д.Б бид хоёр нэг шил архи хувааж ууя гээд П.Дг дуудсан юм. Намайг П.Д машин дотор архины шилээр 10 гаран удаа цохисон. Д.Б намайг гараараа бас 10 гаран удаа өшиглөж цохисон....Ер нь П.Д, Д.Б хоёр агсан хүмүүс байгаа юм. Байнга хэл ам хийж манай ээжийг доромжилж хээр аваачиж хаяна гэж хэлсэн байсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

* Гэрч Н.Тын өгсөн:  

“...2017 оны 03 дугаар сарын 04-ны өдөр намайг сумандаа ажлаа хийж байсан чинь Эрдэнэмандал сумын Тээг багийн нутаг “Модон овоо” гэх газраас тус сумын иргэн Т нь утсаар мэдэгдэхдээ манай сумын Д.Б, П.Д, Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин бариад манай гэрт ирж хэл амаар доромжилж байгаад явах үедээ манай хотонд байсан 3 хонийг машинаараа дайрчихаад яваад өглөө гэх дуудлага, мэдээллийн дагуу Т гэх айлд очиход Д.Б, П.Д, Б нар нь байгаагүй бөгөөд гадаа харанхуй болсон байсан юм. Тэгээд би гэрийн гаднаас явсан машины мөрийг дагаад явж байсан чинь нэг хонь дайраад алчихсан зам дээр байсан. Тэгээд цаашаа явж байтал нэг суудлын автомашин цасанд суучихсан тэнд П.Д, Д.Б гэх хоёр хүн их согтуу байсан. Тэгэхээр нь би тэр хоёр хүнийг хөлдөж үхэхээс нь хамгаалж өөрийнхөө машинд суулгаад авч явах гэхэд П.Д урдаас хэл амаар доромжилж байсан.Тэгээд тэр хоёрыг машиндаа суулгаад Д.Б гэх хамт явж байсан хүнийг нь хайгаад цааш явж байтал Б нь хээр зам дээр цустайгаа холилдчихсон зогсож байсан тэгээд Д.Б гэх хүнийг машиндаа суулгаад сумын төв рүү явж байсан чинь П.Д ДБ руу дайраад, хэл амаар доромжлоод зодолдох гээд байхаар нь та нар ингэж болохгүй боль гэсэн. Тэгтэл П.Д нь муу цагдаа нарыг бүгдийг нь ална гэж дайраад машины хойд талаас жолоо барьж явсан миний суудал руу дайраад байхаар нь та хойшоо суу гэж хэлсэн чинь Д.Б нь миний хажуу талаас гар бариад авсан. Тэгсэн чинь П.Д ална гээд миний толгой руу нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд миний зүүн талын хацрыг гараараа самардсан. Тэгээд бид хэд сумын төвд цагдаагийн хэсэг дээр ирсэн. Маш их согтсон байсан. Өөрийн үйлдлээ хянаж чадахгүй байсан. ...тэр үед Б их согтсон Д.Б, П.Д хоёр намайг зодсон гэж байсан. П.Д нь архи их уудаг, агсам зантай. Д.Б нь тэднийхтэй айл саахалт байдаг юм. ...Намайг очиход цустайгаа холилдчихсон байсан. Яг хаанаас нь цус гараад аль хэсэгтээ гэмтсэн байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед хууль ёсны шаардлага тавьсан боловч Д.Б П.Д нар биелүүлээгүй, харин ч урдаас хүч хэрэглэн заналхийлж миний биед халдсан. Тухайн үед миний зүүн хацрыг П.Д хумсаараа урсан. Одоо эдгэрсэн ч сорви тогтсон. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

* Гэрч Х.Т өгсөн:

“...Тэр өдөр үдээс хойш манай дүү Н золгуут хийгээд ирчихсэн байхад Цэнхэр өнгийн жижиг тэрэг П.Д барьчихсан манайд ирсэн бөгөөд Б, Д.Б нар хамт явж байсан. Тэр гурван нилээн согтуу байх шиг байсан. Би тэр гуравт нэг шил архи задлаж өгтөл уухгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би задалсан архиа талд нь хүргээд ууж, идэхгүй бол боль гээд архиа таглаад хураасан. Удалгүй тэр гурвыг явуулаад гэртээ орж ирээд сууж байтал гаднаас малчин орж ирээд саяны эндээс хөдөлсөн машин чинь хонь дайраад явчихлаа, 3-4 хонь босч чадахгүй байна гэхээр нь бид нар хонин дээр очиход нэг хонь газар дээрээ үхчихсэн, бас 2 хонь босч чадахгүй байж байсан. Нямбилэг үхсэн хонины зургийг нь аваад сумын төв рүү явсан. ...Маргааш өглөө нь П.Д, Д.Б хоёр мотоцикльтой манайд ирээд “юу болсныг мэдэхгүй байна учлаарай” гэж байсан. Тэгэхээр нь би үхсэн малнуудыг өөрсдөд нь үзүүлсэн. Үхсэн хонио хол аваачиж хая гэж хэлсэн чинь замаас зайлуулж хаясан. Тэр хоёр ирэхдээ хамт явж байсан Б толгойгоо боочихсон эмнэлгээр яваад байгаа сурагтай байна  гээд айчихсан янзтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

 

* Гэрч А.Н өгсөн:

“ Би ах Тарзадынд 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр золгуут хийхээр очоод байж байтал тэдний гэрийн гадаа ....  машин П.Д, Д.Б, Б нар Т ахынд орж ирсэн. Би тэдэнтээ очиж золгосон. Тэр гурав орж ирэхдээ нилээн согтуу байсан. Т ах тэр гуравт нэг шил 0.5 архи задлаж өгөхөд тэр гурав 2-3 хундага уусан. Д.Б хундагатай архийг нь барьчихаад Тарзадад архи чинь бага байна гээд Б ахын толгой дээр хийх гээд л агсагнаад, намайг хэл амаар доромжлоод байсан. Би тэгээд согтуу хүмүүстэй юу ярих вэ гээд гараад явсан. Тэр гурвын унаж явсан машин нь хар хөх өнгийн жижиг тэрэг байсан. Тэр машиныг П.Д ах жолоодож явсан.  Т ахынд хоол унд идээд сууж байсан чинь хонь дайрчихсан байна гэсэн. Тэгэхээр бид нар хонин дээр очиж үзэхэд 1 хонь дайруулаад газар дээрээ үхчихсэн, цаана нь 2 хонь гэмтсэн гэж байсан. ...Би тэр хоёр хонийг очиж хараагүй. Үхсэн хонины зургийг нь утсан дээрээ тухайн үедээ авсан. Одоо бол устгачихсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/

 

* Гэрч Ч.М өгсөн: 

 “...Би П.Дг сайн мэдэхгүй юм. Хүмүүс ярихыг сонсоход нилээн заргач хүн гэж ярьдаг. Архи уухаараа ширүүн, овилгогүй авиртай гэж ярьдаг. Өмнө нь айл байсан Б ахыг зодоод цагдаад шалгагдаж байсныг нь мэднэ. Гэр бүлийнх нь хүн Л гээд багш байдаг. Д.Б гэх залууг нутгийнхан нь Б гэж дууддаг, Эхнэр хүүхэдгүй, хөрөө рам дээр л ажиллаад байдаг байсан. Энд тэнд явж байгаад тааралдахаар согтуу л байдаг, архи нэлээн уудаг байх. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 хуудас/,

 

* Гэрч Б.Э өгсөн:  

“... Би Д.Б, П.Д хоёртой дотно биш болохоор сайн мэдэхгүй байна. Тогтвор суурьшилтай ямар хаяг дээр байгааг нь мэдэхгүй. Б гэдэг залуутай хааяа тааралдахад архи уучихсан байж харагддаг. Зан аашын хувьд дотно биш болохоор сайн мэдэхгүй байна. урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг мэдэхгүй юм. Би багийн Засаг даргын ажлыг аваад 6 сар болж байна. энэ хугацаанд гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар тодорхойлолт авч байгаагүй. П.Д ахын хувьд гэр бүлийнх нь хүнд тус сумын сургуульд багшилдаг. Өөрийнх нь хувьд архи дарс байнга хэрэглээд байдаггүй. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг мэдэхгүй. Зан аашийг нь сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/

          

             *Иргэний нэхэмжпэгч Д.А өгсөн: 

             “...Манай гэр Эрдэнэмандал сумын төвд байдаг юм. Манай эхнэрийн дүү Т гэх айлд манай хэдэн хонь байдаг юм. 2017 оны 03 дугаар сарын эхээр манай дүү Тарзад над руу залгаад танай 3 хонийг П.Д машинаараа дайрчихаад явчихлаа. 2 хонь нь газар дээрээүхчихсэн, маргааш нь нэг хонь нь үхчихлээ гэж хэлсэн. Нэг хонийг нь 80000 төгрөгөөр үнэлж байна. 3-н хонио нийт 240000 төгрөгөөр үнэлнэ. Би 3 ширхэг хонио нэхэмжилж төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 153 тоот дүгнэлтэнд:

“... “Л.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, зүсэх, зүсэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

      *Шүүгдэгч Д.Бийн сэжигтэн яллагдагчаар өгсөн:

       “... 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үүрээр 06:00 цагийн үед миний утас дугарах үед би утнаж байсан болохоор эхний удаа аваагүй юм. Тэгээд  дахиад дугарахаар нь авсан чинь манай сумын малчин Б гэх хүн байсан. Тэгээд яасан гэсэн чинь манай гэрт хүрээд ир гээд байсан. Тэгэхээр нь би хар үүрээр яах гээд байгаа юм бэ гээд утсаа салгачихсан юм. Өглөө 09:00 цагт босоод байж байсан чинь Б дахиад над руу залгаад Д.Бийн гэрт байна, бид хоёр ганц юм сууж байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа яваад очсон юм. гэрт нь орсон чинь нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи голдоо тавьчихсан сууж байсан. Тэгээд бид 3 тэр архийг нь хувааж уучихаад байж байсан чинь Б дахиж нэг юм уумаар байна, ээжид нэг шил архи байгаа тэрийг нь гуйж ууцгаая гээд Д.Бийн гэрээс гараад Бгийн гэрт орсон юм. Тэгээд би гэрт нь ороод Бгийн ээжээс нэг шил архи байна уу? бид 3 уух гэсэн юм гэхэд  ээж нь бид нарт 0.5 литрийн Ерөөл архи нэгийг өгсөн. Тэгэхээр нь бид гурав тэнд нь уучихаад байж байгаад би манайд орж ганц юм ууцгаая. Манай авдарт нэг шил бэлэгний архи байгаа гэж хэлээд гэртээ дагуулж ороод нэг шил 0.5 граммын Тайга нэртэй архи гаргаад өгсөн чинь Б энэ архийг энд уухгүй, С гэх айлд очиж ууна гээд бид 3 миний машинаар С гэх айлд очсон юм. Тэр айлд ороод нөгөө архиа уучихаад бид 3 өөр айлд очихоор гарсан. Тэндээсээ Т гэх айлд очсон чинь хотоос ах дүү нар нь ирчихсэн хүн ихтэй байсан. Тэгээд би хүмүүс байхаар нь золгоцгооё гээд золгосон. Тэгсэн чинь Б айлд байсан хүмүүсийг муусайн баячууд гээд нулимаад байсан гэж Т-ын эхнэр тэр өдрийн маргааш нь надад хэлж байсан. Тухайн үед би архи уугаад ухаанаа алдчихсан   байна лээ, дараа нь нутгийн хүмүүс надад юу болсон талаар хэлж байсан. Тэгээд Т-ын гэрээс гараад бид 3 зам руу ороод сумын төв рүү явж байгаад Т-ын гэрийн ойролцоо байсан хонийг дайрсан гэж дараа нь манай сумын цагдаа надад хэлсэн. Би тухайн үед Т-ын хонийг дайрснаа ч мэдээгүй юм. Тэгээд явж байсан чинь миний машин жалганд орж дугуй нь хагараад, чулуун дээр тэгнээд явж болохгүй зогсчихсон байсан. Тэгээд нэг харсан чинь сумын цагдаа дээр гавлуулчихсан байж байсан. Би Т-ын гэрт яаж очсон талаараа ч санахгүй байна. Би Бг цохиж зодсон талаараа мэдэхгүй байна. Би тухайн үед архи уугаад ухаанаа алдчихсан байсан учраас тэр үеийн болсон асуудлыг санахгүй байгаа. ...Д.Б бид хоёр Бг машинаа авах гээд очсон чинь Т-ын эхнэр Б, Т хоёроос болсон явдлын талаар сонссон. Тэр хоёр хэлэхдээ та өчигдөр согтуу ирчихээд ухаангүй болчихсон байсан. Тэгээд явахдаа манай 3 ширхэг хонийг дайраад алчихсан гэж байсан. ... Сумын цагдаа дээр байж байгаад тэр орой архи гараад ухаан орсон чинь Б толгойгоо марлаар ороочихсон байсан. Тэгээд Б бид хоёр маргалдаж зодоон хийсэн талаар надад Б болон сумын хэсгийн төлөөлөгч хоёр хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.”  Гэх мэдүүлэг хх-ийн 53-54 хуудас/

 

         * Шүүгдэгч Д.Б-ийн сэжигтэн яллагдагчаар өгсөн: 

          “...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өглөө 07:00 цагийн үед манай саахалт Б гэх хүн манай гэрт нэг шил Ерөөл нэртэй архи барьчихсан орж ирсэн. Б ах П.Д ахыг утсаар нь дуудаж авчираад бид 3 шилтэй архиа уучихаад байж байсан чинь Б манай ээжид нэг шил архи байгаа тэрийг орж ууя гэж хэлээд ээжийнд нь орж тэр архийг нь уучихаад бид 3 П.Д ахын гэрт  орсон. Тэгээд П.Д ах гэртээ Тайга нэртэй нэг шил архи гаргаж ирээд уух гэж байсан чинь Б доошоо айлд очиж наад архийг чинь ууцгаая гэж хэлээд архийг нь өвөртөө хийчихсэн. Тэгээд бид 3 гараад С ахын гэрт нь очиж нөгөө шил архиа уусан. Тэгтэл С ах хот руу явах гээд архинаас ганц нэг татчихаар нь бид 3 тэндээсээ гарсан. Б ах айлд очих хэрэгтэй байна гээд Т гэх айлд очсон. Тэгээд гэрт нь ороход би нилээн согтчихсон байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Т-ын гэрээс гарч байсан. Тэгээд бид 3-ын унаж явсан машин цасанд суучихсан байсан чинь Б, П.Д хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ хулгай хийсэн гэж хэрэлдээд хоорондоо маргалдаж байгаад машинаас буусан. Тэгээд удалгүй П.Д ах намайг машин түрээд өг гэж хэлсэн. Тэгээд түрэх гэсэн чинь машины дугуй нь хагарчихсан байсан. Тэгээд машиндаа суусан чинь Б машинд байхгүй сумын төв рүү явчихсан байсан. П.Д бид хоёрыг машинд сууж байсан чинь сумын цагдаа ирээд сумын төв рүү авч явсан. ...Би Бг П.Дтэй нийлж зодоогүй Бд гар ч хүрээгүй. Намайг машин дотор байхад П.Д Б хоёр машинаас буугаад хоорондоо зодолдоод байсан. намайг машин дотор байхад нэг удаа Б-гийн дух хэсэгт нь гараараа цохиж байсан.  Машинаас буугаад тэр хоёр зодолдож байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисон э мэдэхгүй байна. ... тухайн үед П.Д машин барьж явсан, өөрөө нилээн согтуу байсан. Т-ын гэрээс гараад хээр бэлчиж байсан 3 хонийг нь дайрчихсан. 2016 оны хавар П.Д Б ахын охиныг нь хонь өгсөнгүй гэх анаар зодож байсан гэж хүнээс сонсож байсан. Бгийн биед учирсан П.Д зодоон хийх үедээ учруулсан байх. ...Бид 3 айлаар орж явсаар байгаад 5 шил архи хувааж уусан байсан.  цагдаагийн урдаас П.Д ах эсэргүүцээд машинд нь суухгүй гээд хэсгийн төлөөлөгчийн хэрэлдээд байсан. Би Б-г ганцаараа цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/

 

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 131 дугаартай Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 120 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оын 3 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт хх-ийн 42 дугаар хуудас

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 66-68, 71-72 дугаар хуудас/

Сум дундын 01 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-80 дугаар хуудас/ 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-86 дугаар хуудас/

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 519 дугаартай албан бичгийн хуулбар хх-ийн 70 дугаар хуудас/

Хохирогч Л.Б-гийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 164-174 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр  иргэн Л.Б нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б, П.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Б, П.Д нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр  иргэн Л.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар архины шил болон гараараа толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Бгийн “...Тэгээд нэг шил архиа уучихаад байж байсан чинь П.Д архины шилээр миний толгойн хэсэгт олон удаа цохисон. Тэгээд Д.Б, П.Д хоёр намайг машинаас татаж гаргаж байгаад тэр хоёр нийлж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Т-ын” ...тэр үед Б их согтсон Д.Б, П.Д хоёр намайг зодсон гэж байсан. П.Д нь архи их уудаг, агсам зантай. Д.Б нь тэднийхтэй айл саахалт байдаг юм. Намайг очиход цустайгаа холилдчихсон байсан. Яг хаанаас нь цус гараад аль хэсэгтээ гэмтсэн байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед хууль ёсны шаардлага тавьсан боловч Д.Б П.Д нар биелүүлээгүй, харин ч урдаас хүч хэрэглэн заналхийлж миний биед халдсан гэх мэдүүлэг, гэрч Х.Т-ын  “...гаднаас малчин орж ирээд саяны эндээс хөдөлсөн машин чинь хонь дайраад явчихлаа, 3-4 хонь босч чадахгүй байна гэхээр нь бид нар хонин дээр очиход нэг хонь газар дээрээ үхчихсэн, бас 2 хонь босч чадахгүй байж байсан. ...Маргааш өглөө нь П.Д, Д.Б хоёр мотоцикльтой манайд ирээд “юу болсныг мэдэхгүй байна учлаарай” гэж байсан. Тэр хоёр ирэхдээ хамт явж байсан Б толгойгоо боочихсон эмнэлгээр яваад байгаа сурагтай байна  гээд айчихсан янзтай явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Н-ийн  “..Тарзад ахынд хоол унд идээд сууж байсан чинь хонь дайрчихсан байна гэсэн. Тэгэхээр бид нар хонин дээр очиж үзэхэд 1 хонь дайруулаад газар дээрээ үхчихсэн, цаана нь 2 хонь гэмтсэн гэж байсан. ..” гэх мэдүүлэг,  хохирогч Л.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-н 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 153 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б, П.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б, П.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Л.Бгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд Л.Б-гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, зүсэх, зүсэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан бөгөөд түүний нотлох баримтаар  гаргаж өгсөн баримтуудаас биеэ үзүүлэх зорилгоор Улаанбаатар явсан, бензин, эм авсан гэх баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан нийт 221120 төгрөгийг шүүгдэгч П.Д, Д.Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч Л.Б-д олгож, түүний нэхэмжлэлээс Х- ХХК мөнгө тушаагч Л.Б хэвлийн тодосгогчтой 300,000 төгрөг тушаасан гэх баримт, У гэх хүний хот хоорондын зорчих тасалбар 4 ширхэг, Мөнгөн гүүр эмнэлэг Л.Б хэвлийн тодосгогчтой үнийн дүн 300,000 төгрөг гэсэн баримтууд нь хохирогчид учирсан гэмтэлтэй холбоогүй, шүүгдэгч өөр өвчний улмаас хагалгаанд орсон гэж мэдүүлж байх тул эдгээр баримтуудаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй, мөн эм авсан гэх баримтууд нь он сар өдөр, болон үнийн дүн нь уншигдах боломжгүй бүдгэрч арилсан машинаар авч явсан гэх баримт нь хэзээ хэн гэдэг хүн хаашаа явсан талаар тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзлээ. 

Иймд хохирогчийн нэхэмжилсэн 1142590 төгрөгөөс 921.470 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор хохирогчид гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэж, иргэний нэхэмжлэгч Д.А-т хохирлын үнэлгээний тайланд тусгагдсанаар гурван хонины үнэ болох 210.000 төгрөгийг шүүгдэгч П.Дгээс гаргуулах  нь зүйтэй гэж үзэв

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.Б, М овогт П.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгрөөр, шүүгдэгч Д.Д.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгрөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б, П.Д нар шүүхээс тус бүрд оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч П.Д-гээс 110.560 /нэг зуун арван мянга таван зуун жар/ төгрөг, шүүгдэгч Д.Б-аас 110.560 /нэг зуун арван мянга таван зуун жар/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Л.Б-д, шүүгдэгч П.Д-гээс 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.А тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Д, Д.Д.Б нарт хохирогчид учруулсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

7. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д, Д.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай. 

 

8. Шүүгдэгч П.Д, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Д, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР