Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020//ДШМ/1347

 

 

 

 

 

 

   2020            10             27                                       2020//ДШМ/1347                                                      

 

                              Д.Ц, Ц.Б, Ж.С

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ, даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/1752 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Д.Ц, Ц.Б, Ж.С нарт холбогдох эрүүгийн 1902006290228 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 79а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дугаартай захирамжаар 2 жил 5 сар 21 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Ц.Б нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа шүүгдэгч Д.Цтой бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай, тоёота приус-30 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Соёл-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлөө зохих журмын дагуу шалган шийдвэрлүүлэхгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашигтай нөхцөл байдал үүссэнийг ашиглаж, өөртөө болон Д.Ц, Ж.С нарт эдийн засгийн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах боломжийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.Сэс хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэрэг хамтран үйлдэгч шүүгдэгч Д.Цын үүрэг, оролцоог хуваарилж, шүүгдэгч Ж.Сэс 450.000 төгрөгийн хахууль авч, бичиг баримт, тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг шүүгдэгч Д.Цоор гардан гүйцэтгүүлж, хахууль авах гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Д.Ц нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа шүүгдэгч Ц.Бтай бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай, тоёота приус-30 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Соёл-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлөө зохих журмын дагуу шалган шийдвэрлүүлэхгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашигтай нөхцөл байдал үүссэнийг ашиглаж, өөртөө болон Ц.Б, Ж.С нарт эдийн засгийн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах боломжийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.Сэс 450.000 төгрөгийн хахууль авч, бичиг баримт, тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүлээлгэн өгч хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Ж.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу 2019 ны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байхын тулд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Д.Ц, Ц.Б нарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг холбогдох албан тушаалтанд шилжүүлэх албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн гадна Д.Цд 450.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ж.Соёл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод хэргийн яллах, өмгөөлөх талуудаас гаргасан санал, дүгнэлт, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн нөхцөл байдлыг хянан үзээд шүүх тэдний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хянан шийдвэрлэх боломжгүй “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх”, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасны дагуу хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

Тус шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан 86 дугаартай шүүгчийн захирамжийн зарим заалтын биелэлт хангагдаагүй.

Хэрэгт гэрчээр асуугдсан Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай Ё.Батдэлгэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр тухайн гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгах талаарх ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохоор шийдвэрлэсэн захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй байна.

Гэрчээр асуугдсан Ё.Батдэлгэрийн хувьд түүнд холбогдох хэргийг шалгаж, улмаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай юм. Хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн тухайн үед Б.Баттүвшин нь Ж.Соёл-Эрдэнийг өөрийн жолоодож явсан цагдаагийн машинд суулгаж, Ж.Соёл-Эрдэнийн машиныг Ц.Б унаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр авчирсан, Ж.Соёл-Эрдэнийг драгер багажаар үлээлгэх ажиллагаа хийгдэх байсан талаар шүүгдэгч Ц.Б, Д.Ц, Ж.С нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байхад Б.Баттүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэгүй гэж шүүх дүгнэв. Үүнтэй холбоотойгоор хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг мөн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Ц, Ц.Б, Ж.С нарт холбогдох эрүүгийн 1902006290228 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Д.Ц, Ц.Б, Ж.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтыг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Д.Ц нарт холбогдох уг хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж, тус прокурорын газарт 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн бөгөөд гэрч Ё.Батдэлгэртэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар дурдсан дээрх захирамж, магадлалын заалтыг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 477/001519 дугаартай нас барсны лавлагаагаар Ёндонжамц овогтой Батдэлгэр /РД:РГ95041711/ нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нас барсан болох нь тогтоогдсон тул гэрч Ё.Батдэлгэртэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах захирамж, магадлалын заалтыг хангах хууль зүйн боломжгүй болсон талаар 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан.

Нөгөө талаар захирамж, магадлал нь Ё.Батдэлгэрээс дахин мэдүүлэг авах, хэргийн оролцогч нартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасны дагуу нүүрэлдүүлж мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг арилгах буюу Ё.Батдэлгэрт чиглэгдсэн тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэр гаргах агуулгатай бичигдсэн бөгөөд дээрх ажиллагааг явуулах хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хаана байгаа нь тодорхой байх” шаардлага биелэгдэх боломжгүй байхад, шүүхээс прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх, улмаар Ё.Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргуулахаар хэргийг прокурорт буцаахаар шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шаардлагад нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

...Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн гадна талын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн тэмдэглэлд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 06 цаг 07 минут 58 секундэд Б.Баттүвшин, Б.Баярбаатар нар нь Ж.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгслийг жолоодон хэлтсийн байрны гадна зогсоолд байрлуулж Ж.Соёл-Эрдэнийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч хэлтсийн байр руу оролгүйгээр авто граж руу явж, 06 цаг 23 минут 15 секундэд хэлтсийн байранд эргэж ирсэн, Ж.С нь тэдгээрийг ирэхээс өмнө 06 цаг 21 минут 10 секундэд хэлтсийн байрнаас явсан болох нь тогтоогдсон бөгөөд Б.Батүвшин нь Ж.Соёл-Эрдэнийн согтуурлын зэргийг цаг хугацааны хувьд шалгах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Б.Баттүвшинг яллагдагч Ж.Соёл-Эрдэнийн гаргасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах боломжийг бүрдүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгч яллагдагч Д.Ц, Ц.Б нарын үүрэг оролцоог хуваарилж зохион байгуулж “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тэрээр дээрх гэмт хэргийг яллагдагч Ц.Б, Д.Ц нартай бүлэглэн хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрх бүхий оролцогч буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байхад, шүүгдэгч бус хүнд холбогдох хэргийн талаар дүгнэлт хийсэн нь шүүх хуралдааны хэмжээ, хязгаарыг зөрчсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/1752 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичлээ. ...гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц, Ц.Б, Ж.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс, тэдний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хянан шийдвэрлэх боломжгүй, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Шүүгдэгч Д.Ц, Ц.Б, Ж.С нарт холбогдох хэргийг хянахад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул энэ магадлалд заасан дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэв.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр прокурорын “...“Хахууль авах” гэмт хэрэг үйлдэгдэхэд чиглэгдсэн идэвхитэй үйлдэл хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул яллагдагч Б.Баттүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. ...” /3хх 50/ гэсэн тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь, гэрч Б.Батгэрэл “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй этгээд зугтсан тохиолдолд ерөнхий жижүүрт мэдэгдэж эрэн сурвалжлах ажлыг зохион явуулах үүрэгтэй. ...Иймд Соёл-Эрдэнэ согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийж зугтсан байсан ч гэсэн түүнийг олж ирэн дээрх үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулах ёстой юм. ...” /1хх 71/,

гэрч Н.Хангарьд “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй этгээд зугтсан тохиолдолд алба хаагч уг жолоочийг олж тогтоох арга хэмжээ яаралтай авах ёстой. Энэ талаар дарга удирдлагуудад мэдэгдэж эрэн сурвалжлах ажлыг явуулах ёстой юм. Дэслэгч Баттүвшин, Батдэлгэр, ахлах ахлагч Баярбаатар, Цаст-Оргил нарын хувьд надад энэ талаар огт мэдэгдээгүй. Над руу Цагдаагийн ерөнхий газраас ярьсны дараа л би энэ талаар мэдсэн. ...Хэлтсийн хяналтын камерын бичлэгээс харахад дэслэгч Баттүвшин, ахлах ахлагч Баярбаатар нар жолооч Ж.Соёл-Эрдэнийг хэлтсийн гадаа авчирч машинтай нь үлдээчихээд өөрсдөө албаны машинтайгаа яваад өгсөн нь бичигдсэн байсан. Уг жолоочийг шалгах ямар ч үйлдэл хийгээгүй байсан. Үнэхээр яаралтай ажилтай байсан бол Соёл-Эрдэнэ гэх жолоочийг хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгчихөөд явж болох байсан. Тухайн үед Баттүвшин, Баярбаатар нар ахлахын автомашиныг авч ирэхээр явсан гэж байгаа боловч тухайн өдөр ахлах зохицуулагч чөлөө авчихсан, ажилдаа ирээгүй өдөр юм. ...Баттүвшингийн хэлсэн шиг Туул 15 чиглэл нь зөвхөн ослын дуудлагад очиж, Туул 16 чиглэл зөвхөн хяналт шалгалт хийнэ гэсэн зүйл байхгүй. Хоёр эргүүлийн чиглэл адил эрх үүрэгтэй. ...Албаны автомашиныг хариуцсан алба хаагч нар өөрөө автобаазад тавьж, өөрөө өглөө нь авах ёстой. Автобаазынхан ч гэсэн автомашиныг хариуцсан хүмүүст нь өгдөг. Хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид ахлах, дарга нарын автомашиныг автобаазаас авч ирэх үүрэг байхгүй. ...” /1хх 73, 2хх 244-245/,     

гэрч Б.Эрдэнэбат “...Туул 15, 16 чиглэлд гүйцэтгэх үүргийг нь хувиарласан зүйл байхгүй. Тийм дүрэм, журам ч байхгүй. Аль аль нь дүүргийнхээ нутаг дэвсгэрт дуудлага мэдээллээ авна, дуудлагагүй үед хяналт шалгалтаа явуулах үүрэгтэй. ...” /2хх 247/,

гэрч Н.Ганбат “...Эргүүлийн хоёр чиглэл нь дуудлага мэдээлэлгүй үед дүүргийн нутаг дэвсгэрт хоёулаа хяналт шалгалт хийх үүрэгтэй. Харин дуудлага мэдээлэл ирсэн үед аль аль нь ээлжилж явахаар зохицуулагддаг. Түүнээс биш нэг чиглэл нь зөвхөн дуудлага мэдээлэлд явах үүрэгтэй, нөгөө нь зөвхөн хяналт шалгалт хийнэ гэсэн зохицуулалт, дүрэм, журам огт байхгүй. ...” /3хх 1/ зэрэг мэдүүлгүүдийг прокурор няцаан үгүйсгээгүй нь хууль зүйн үр дагавартай бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Яллах дүгнэлтэд бичигдээгүй үйл баримтыг шүүх тогтоох боломжгүй болно. Иймд Б.Баттүвшингийн үйлдлийг дахин нягталж шалгах шаарддагатай.

Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасанд нийцнэ.

Нөгөөтэйгүүр, гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно.

Хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заасан бөгөөд эдгээр нь хууль зүйн хувьд өөр өөр ойлголт юм.

Гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл, бүлэглэн гүйцэтгэсэн хэлбэрийг давхардуулан журамласан нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэхдээ прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох төрөл /3.1-3.5 дугаар зүйл/, хэлбэр /3.7 дугаар зүйл/-ийн аль нэгийг журамлах нь зүйтэй.

Харин прокурор П.Ганбаатарын бичсэн “...Ё.Батдэлгэрт чиглэгдсэн тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэр гаргах агуулгатай бичигдсэн дээрх ажиллагааг явуулах хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 477/001519 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа /3хх 11/-аар Ё.Батдэлгэр нь нас барсан болох тогтоогдож байх тул шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.    

          Анхан шатны шүүгчийн захирамж, энэ магадлалд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

Иймд прокурор П.Ганбаатарын бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/1752 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Ганбаатарын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ