Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2023/0025/З |
Дугаар | 125/ШШ2023/0039 |
Огноо | 2023-12-06 |
Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 125/ШШ2023/0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Б.С-т холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “Б.С-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С , хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д , С.Б , Б.Ц , Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Хандмаа, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Очирбат болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч Б.С нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг,*******эд байрлалтай 0.3 га талбай бүхий газрыг мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших болсон.
1.2. 2022 оны 10 дугаар сарын 17- 18-ны өдрүүдэд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Цогтсайхан, ******* сумын газрын даамал П.Д нар******* баг, ойн бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа 35 иргэн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж, нэхэмжлэгч Б.С нь эзэмшлийн газартаа зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, амбаар, барилга барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг зөрчсөн талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлт гаргасан.
1.3. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар ******* сумын******* багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн ойг хамгаалах, нөхөн сэргээх үржүүлэх талаар үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 5 сарын 29-ний өдрийн 04/101/01 дугаар удирдамжийн дагуу Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Б.С-ын газар эзэмшлийн байдалд хяналт шалгалт хийж “...нэхэмжлэгчийн газрын хашаа хамгаалалт муу, ойжуулалт нөхөн сэргээх зориулалтаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй, 2022, 2023 онуудын газрын төлбөрөө төлөөгүй нь Газрын тухай хуулийн 35.1.1, 35.3.3 дахь заалтыг зөрчсөн талаар улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ы өдрийн 02-32-04/102/23 дугаартай дүгнэлт гаргасан.
1.4. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.С-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
1.5. Улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг байрлах*******ийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн ******* сумын******* багийн ойн бүсийн 32.6 га газарт Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн тул уг тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн..
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг, ойн бүсэд байрлалтай 3000 кв метр газрыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 61 дүгээр захирамжаар ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Тухайн үед эзэнгүй, хог хаягдлаар дүүрсэн газар байсан ба хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн иргэд хүсэлтээ гаргаснаас надад тус газрыг эзэмшүүлсэн. Ингээд тус газрыг эзэмших болсон цагаас эхлэн 4 машин хог цэвэрлэж, 60 ширхэг мод тарьснаас 2013 онд бургас мод, 2014 онд монос, 2016 онд хайлаас мод тарьсан. Голоос ус ирдэггүй тул газар дээрээ худаг гаргаж эргэн тойрны модоо усалж, хөрс бордоо ачиж ирж хөрсийг нь сэргээх зэрэг хөрөнгө хүч их зарцуулсан. Хайрга ихтэй газар тул мод ургахад хэцүү. Улиас модны дэргэд тарьсан бусад мод ургадаггүй юм билээ.
2023 оны 6 сард аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ирж хяналт шалгалт хийсэн. Гэхдээ надад утсаар мэдэгдсэн зүйл байдаггүй. Хяналт шалгалтын дараа ч гэсэн утсаар мэдэгдээгүй. Хяналт шалгалт хийхдээ намайг байлцуулж дүгнэлтээ гаргах ёстой байсан боловч өөрийн эзэмшлийн газартаа ямар нэгэн зүйл хийгээгүй гэж дүгнэлт гаргасан байсан.
Газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж ирсэн 2023 оны газрын төлбөрөө төлөх гэсэн боловч маргаан үүссэн байгаа учраас байж байгаарай гээд газрын төлбөр төлүүлээгүй. Газрын төлбөр төлөх талаар надад мэдэгдэж байгаагүй, намайг тайлангаа өг гэж дуудах үед тайлангаа бичиж өгдөг байсан. 2022 онд 71160 төгрөгийн газрын төлбөр төлсөн, гэхдээ төлбөрийн нэхэмжлэл үүсгээд ирүүлэх үед очиж төлдөг байсан. 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэл 2023 оны 7 сард ирсэн учраас би газрын төлбөрөө төлсөн.
Би газраа барьцаалж зээл авах гээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж Е дугаар авах гэсэн боловч асуудал үүссэн байна таны гэрчилгээг солих боломжгүй байна та түр байж бай гээд надад Е дугаар өгөөгүй учраас би барьцаанд газрынхаа гэрчилгээний эх хувийг өгсөн.
Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Ховд аймгийн ******* сумын Засаг даргын захирамжийн асуудлаар шүүхээр маргаж байхад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргаж нийтийн эзэмшил болгосон нь хууль бус
Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.2. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.С нь Ховд аймгийн ******* сум, 12-р баг,******* багийн нутаг,******* хаягт байрлалтай, нэгж талбарын 8414008055 дугаар бүхий 0,3 га талбай газрыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 6-р сарын 23-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2016 оны 11 сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор ******* сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2020/0089 тоот гэрээ байгуулагдсан.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
1. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 6-р сарын 23-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан
Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2021/00198 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч Б.С нь газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг.
Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.
Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2022, 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд 2022 онд 76160 төгрөг, 2023 онд 240000 төгрөгийг маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ******* сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар: Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/262 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Б.С-ын газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж улсын байцаагчийн 2023 оны 6 сарын 12-ны өдрийн 02-32-04/102/23 дугаартай дүгнэлтээр “...хашаа хамгаалалт муу, ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй, байгалиараа нөхөн сэргээсэн зүйл байхгүй, 2022, 2023 он газрын төлбөрөө төлөөгүй...” гэсэн дүгнэлт гарсан тул нэхэмжлэгч нь газраа мод үржүүлгийн зориулалтаар ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1-д заасныг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.
Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй.
Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.
Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.С-ын Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг,******* хаяг байрлалтай, 8414008055 тоот нэгж талбарын дугаартай 0.3 га талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
2.3. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан “Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн******* багийн ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.
Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн ******* сумын******* багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн ******* сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан.
Дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн заалтуудыг хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах, иргэдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх орчны нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх, ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэрүүд юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны А/61 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.С-т ******* сумын******* багийн нутаг, ойн бүсэд байрлах 0,3 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон тул 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулсан.
Б.С-ын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
Учир нь Б.С-тай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших гэрээнд газрын төлбөрийг улирлын эхний сарын 24-ний өдрийн дотор төлнө гэж заасан. Газрын тухай хуульд газрыг эзэмшиж ашиглаж байгаа иргэн газрын төлбөрийн төлөгч байна, иргэн, аж ахуй нэгж байгууллагын газарт төлбөр ногдуулна гэж заасан байна. Мөн уг хуульд газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх нөхцөлийн талаар заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч Б.С ын хувьд газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэл байхгүй юм. Б.С нь 2022, 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон.
Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/282 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд Б.С нь сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлт хийгээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн дүгнэлт гарсан нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдсон байна.
Ийм учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.С-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нэг үндэслэл нь газраа зориулалтын дагуу дараалан 2 жил ашиглаагүй гэх үндэслэл юм. Энэ нь аймгийн Засаг даргын 2023 оны А/282 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Тухайн иргэн хөгжлийн бэрхшээлтэй байх нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/282 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн газар дээр нь очиж танилцаж дүгнэлтээ гаргасан. Улсын байцаагч нар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлтээ гаргасан тул надад уг дүгнэлттэй холбоотой тайлбар хэлэх эрх байхгүй. Газар эзэмшиж байгаа иргэн жил бүр газар эзэмших гэрээгээ дүгнүүлж байх ёстой. Нэхэмжлэгч Б.С-ын хувьд газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй. Газар эзэмшүүлэх гэрээнд жил бүр гэрээгээ дүгнүүлэх ёстой гэж заасан учраас гэрээгээ дүгнүүлэх талаар газар эзэмшигч нартай бид ярих шаардлагагүй.
Нэхэмжлэгч тайлбарлахдаа худаг гаргаж мод усалдаг талаар ярьж байна. Худаг гаргахад мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл шаардлагатай боловч зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Харин Е дугаарын хувьд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2019 оноос эхлэн өөрийн цахим хуудсаар дамжуулал иргэдэд мэдээлэл хүргэж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд газрын төлбөрөөс хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх гэсэн зохицуулалт байдаггүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэл нь дэмжиж байна. Б.С нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу ажлын 10 хоногт багтааж шүүхэд хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа газар эзэмшигч этгээдүүдэд мэдэгдэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.
Хариуцагчаас Б.С-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Б.С-тай 2022 оны 12 сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан гэх боловч Б.С уг гэрээг мэдээгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна
Нэхэмжлэгч Б.С 2022 оны газрын төлбөрөө төлсөн, энэ нь Татварын хэлтсийн баримтаар тогтоогдсон, 2023 оны хувьд газрын төлбөр төлөхөөс өмнө газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, мөн 2023 он дуусаагүй байна.
Газраа зориулалтын дагуу дараалан 2 жил ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Анх тухайн газрыг эзэмшсэнээс хойш одоог хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаад явж байгаа нь шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог. Нэхэмжлэгч нь анх тухайн газрыг эзэмшсэнээс хойш хөрөнгө, хөдөлмөр оруулж ирсэн.
Иймд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий актууд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
2.8. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч талаас газар эзэмшүүлэх гэрээний талаар ярьж байна. Хэрэгт 3 өөр гэрээ авагдсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээ хийгдээгүй юм чинь гэрээний үүргийг биелүүлэх албагүй гэх агуулга бүхий зүйл ярьж байна. Хэрвээ газар эзэмшүүлэх гэрээ хийгдээгүй гэж үзэж байгаа юм бол нэхэмжлэгч газар эзэмшигч биш юм. Эсрэгээрээ бүр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм.
Өмнө нь газар эзэмшигчтэй байгуулсан гэрээг цахимд шилжүүлсэн болохоос цахимаар гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Цахим гэрээ байгуулаагүй тохиолдолд гэрээ байгуулсанд тооцохгүй гэж Газрын тухай хуульд заагаагүй. Газрын тухай хуульд газар эзэмшигч цахим гэрээг өөрөө хэвлэж авахаар заасан. Миний хэлээд байгаа гол санаа бол газар эзэмших гэрээний зүйл заалт өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл 2010 он, 2016 оны газар эзэмшүүлэх гэрээ, 2022 оны цахим гэрээнүүдийн заалтууд нь өөрчлөгдөөгүй, цахим гэрээгээр өмнө нь байгуулж байсан газар эзэмших гэрээнд заасан шаардлагуудыг тавьсан учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагчаас маргаан бүхий актын өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлсэн. Хэрвээ нэхэмжлэгч маргаан бүхий актыг мэдээгүй байсан бол шүүхэд зохих байдлаар хандах байсан байх.
Улсын дээд шүүх Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа гэрээнд заасан 1-2 төрлийн зөрчлийг удаа дараа зөрчил гаргасан гэж үзэхээр тайлбарласан ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан шаардлагыг биелүүлэхийг нэхэмжлэгчид удаа дараа хэлж байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.9. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 60.1.8-д “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанд хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг саналаар оруулж ирсэн ба тавдугаар асуудалд “Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” байсан.
Үүний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд маргаан бүхий актуудыг гаргасан. Тухайн саналыг оруулахдаа Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас төлөөлөгч нарт хурал болохоос хоёроос доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дундын групп чат болон бичгийн хэлбэрээр хүргүүлсэн. 7 хоногийн өмнө буюу Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/42 дугаартай захирамжаар тухайн хуралдаанаар хэлэлцэх 10 асуудлын жагсаалтыг баталсан.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ба нэг төлөөлөгчийн эрх нь түдгэлзсэн байсан тул 40 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй орох байсан. Тухайн өдрийн хуралдаанд 5 төлөөлөгч цахимаар, 26 төлөөлөгч танхимаар, нийт 31 төлөөлөгч оролцож, маргаан бүхий актуудыг хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн олонхын саналаар баталж, эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.1, Газрын тухай хууль болон бусад тогтоолд дурдагдсан үндэслэлүүдээр тогтоол гаргасан.
Ийм учраас Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа шиг хууль зөрчсөн, хууль бус актууд гаргаагүй ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий акт гаргасан учраас нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлээд, хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар 25-ны өдөр шүүхэд Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.
3. Нэхэмжлэгчийг 2022, 2023 онд газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр ******* сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлаас уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэснээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
4. Нэхэмжлэгч нь ******* сумын Засаг даргын 2010 оны 6 дүгээр сарын 23-ны өдрийн 61 тоот захирамжийг үндэслэн 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 0277425 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 0.3 га газар эзэмшсэн байна.
5. Хариуцагч ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг 2022 оны газрын төлбөр 76160 төгрөг /далан зургаан мянга нэг зуун/ 2023 оны газрын төлбөр 240000 /хоёр зуун дөчин мянган / төгрөгийг төлөөгүй болон 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй гэж буруутгажээ.
6. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.
7. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2022-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.
8. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор ******* сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг би программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.“ гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргахгүй байна.
9. Шүүхээс газрын кадастрын мэдээллийн системд хийсэн үзлэгээр 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 8414008055 нэгж талбарын дугаартай маргаан бүхий газрын төлбөр 2022 оны бүтэн жилээр 76160 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 2023 оны бүтэн жилийн ногдуулалт 240000 төгрөгийн нэхэмжлэл үүссэн төлөвтэй бүртгэгджээ.
10. Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2022 оны газрын төлбөр 76160 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлөгдсөн талаар бүртгэгдсэн байх ба Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч 2022 оны газрын төлбөр төлөлт 2023 онд бүртгэгдсэн, 2023 онд нэхэмжлэл үүссэн 120000 төгрөгийн /нэг зуун хорин мянган/ үлдэгдэлтэй байна.
11. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн 2022, 2023 оны газрын төлбөрийн ногдуулалт хийгдсэн ч 2022 оны газрын төлбөрийг тухайн ондоо төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
12. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно.
13. 2023 оны газрын төлбөрийн тухайд нэхэмжлэгч төлөөгүй байгаа он дуусахаас өмнө төлөх боломжтой гэж тайлбарласан ч газрын кадастрын мэдээллийн сангийн системд 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн байх тул улирлаар эсхүл бүтэн жилээр төлөх боломжтой байна.
14. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4- д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгч 2022 онд ногдуулалт үүссэн газрын төлбөрөө 2023 онд төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
15. Газар эзэмшүүлэх гэрээний үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Гэрээг 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус бичгээр 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр цахимаар байгуулжээ.
16. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.” гэж заасан ба 34.6.1-ээс 34.1.11-д заасан газар эзэмших гэрээнд тусгах зүйл дотор гэрээний үүргийг тайлагнах талаар зохицуулаагүй байна.
17. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан ба энэ нь гэрээний нөхцөл, болзол гэдэгт үл хамаарна.
18. Нэхэмжлэгч гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлан өгөх талаар мэднэ, урьд нь тайлангаа хүргүүлж байсан талаар тайлбарласан. Харин 2022 онд тайлан хүргүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдээгүй атлаа гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.
19. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж зааснаар нэхэмжлэгчийг 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь “гэрээний нөхцөл болзлын удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй гэж үзлээ.
20. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлтэд “ нэхэмжлэгч Б.С ыг эзэмшлийн газартаа зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, амбаар, барилга барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг зөрчсөн” гэж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ы өдрийн 02-32-04/102/23 дугаартай дүгнэлтэд “...нэхэмжлэгчийн газрын хашаа хамгаалалт муу, ойжуулалт нөхөн сэргээх зориулалтаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй, 2022, 2023 онуудын газрын төлбөрөө төлөөгүй нь Газрын тухай хуулийн 35.1.1, 35.3.3 дахь заалтыг зөрчсөн” гэж тус тус дүгнэжээ.
21. Газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл нь газар эзэмшлийн хугацаанаас үл хамаарах ба нэхэмжлэгч 2011 онд тус хашаанд гэрээрээ буусан, худаг гаргасан, 211, 2014, 2016 онуудад мод тарьсан талаар тайлбарласан, шүүхээс маргаан бүхий газарт хийсэг үзлэгээр хашаанд гэр барьснаас гадна гэрийн цементэн суурь цутгасан, граж, амбаар зэрэг объект барьсан болох нь тогтоогдсон.
22. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар ойжуулалт, нөхөн сэргээх ажил хийгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нь тогтоогдохгүй, газраа гэр хашааны зориулалтаар ашиглаж байсан гэж үзэхээр байна.
23. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га газрыг тусгахаар санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.
24. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.
25. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн тэгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан энэ талаар хуралдаан дээр зарим төлөөлөгч нар тодруулж асуусан талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ч захирамж хүчин төгөлдөр болсон гэж тайлбарлан шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
26. Нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 3 үндэслэлээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх 2 үндэслэл нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж дүгнэв.
27. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж үндэслэлтэй болох нь тогтоогдсон тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй.
28. Нэхэмжлэгч Б.С-ын “Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.С т холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгч холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв .
29. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-ын ”Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.С-т холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ