| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01627/и |
| Дугаар | 263 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 263
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Э” ХХК нь олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагчтай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Тээвэр зуучийн үйлчилгээний ерөнхий гэрээ”-г байгуулж тухайн байгууллагын тээвэр зуучийг хариуцан үйлчилгээ үзүүлсэн. Гэрээний дагуу төлөлт хийгээгүй хуримтлал үүссэн. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал н.Нарантуяатай тооцоо нийлүүлж, 8571 еврогийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг дээр тохирч, тооцоо нийлүүлсэн акт хийж баталгаажуулсан. Хариуцагч гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлдөггүй удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдөр хүртэл төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандсан. Одоогийн нийт төлбөрийн үлдэгдэл 8215 евро буюу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны албан ханшаар 24 304 994 төгрөг болсон тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох тооцоо нийлүүлсэн баримт, талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч өнөөдөр хүртэл хариу тайлбар гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа дууссан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-аас 24 304 994 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 279 475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо:
... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02384 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхээс “И” ХХК-аас 24 304 994 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. “Империал коорператив” ХХК-аас шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах боломжийг олголгүй хэт нэг талыг барьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Уг иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаарх тайлбарыг гаргаж мэтгэлцэх эрхээр хангаагүй болно. Түүнчлэн нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн төлбөр 24 304 994 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан, шүүх хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор хариуцагч хариу тайлбар, татгалзлаа ирүүлээгүй тул мөн хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг “Э” ХХК нь хариуцагч “И” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тээвэр зуучийн үйлчилгээний ерөнхий гэрээгээр /гэрээний хавсралтад үйлчлүүлэгчийн захиалгаар/ Гүрж улсаас нийлүүлж буй дарс, оргилуун дарсыг Монгол Улсын нутаг дэвсгэрт автомашинаар тээвэрлэн ирүүлэх, захиалагч нь тээвэрлэлтийн төлбөрт 9 000 евро төлөх, уг төлбөрийн 50 хувийг ачааг хүлээж авах үед, үлдсэн 50 хувийг ачааг хүлээж авснаас хойш 10 хоног дотор төлөх үүрэг хүлээсэн байна. /хх11/
Гэрээний 3.2, 3.3-т зааснаар төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар төлбөрийн үлдэгдэл 8 571.74 евро болохыг баталгаажуулж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлөхөө зөвшөөрч Б.Нарантуяа гарын үсэг зурж “И” ХХК-ийн тамгаар баталгаажуулжээ. /хх5/
Дээрхээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд татгалзал гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн тооцоогоор тээвэр зуучийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 8215 евро буюу /2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны албан ханш 2 958.59 төгрөгөөр тооцож/ 24 304 994 төгрөгийг хариуцагч “И” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэлийг гардан авсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь нэхэмжлэлийг гардан авсан, хэргийн материалтай танилцсан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хүртэлх хугацаанд тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргах хангалттай хугацаа байхад үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.ОТГОНЦЭЦЭГ