Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00075/И |
Дугаар | 137/ШШ2024/00086 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 137/ШШ2024/00086
2024 04 10 ....
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ш.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.А, Л.С нарт холбогдох 15,774,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Б нь С.А-д 2021 оны 07 сарын 22-ны өдөр миний үл хөдлөх хөрөнгийг хашаа байшинг банкны барьцаанд тавиад одоо хүртэл зээлээ төлөхгүй, хашаа байшинг хураагдах гээд байсан тул би өөрөө тэтгэвэрийн зээл хийж 15,774,000 төгрөгийг төлж барагдуулав. Иймд миний төлсөн 15,774,000 төгрөгийг С.А-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, С овогт С-ийн А /РД:..., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С овогтой А миний нэр дээр Б гэх иргэний 15,774,000 төгрөг гаргуулах хэрэгт хариу тайлбар хийх нь: Б гэх иргэний төрсөн дүү болох С нь 2021 онд дээрх Дорноговь аймгийн ... сумын ...-р багт орших хашаа байшинг миний нэрийг ашиглан Төрийн банкнаас 50 сая төгрөгийн зээл авч Норд бенз маркийн том оворын авто машин худалдан авсан болно. Уг нэхэмжилж байгаа зардалд А миний бие хамааралгүй болохыг үнэн зөвөөр тодруулж өгөхийг хүсэж байна. Болсон үйл явдлын Төрийн банкны баримтыг хавсаргав гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, А овогт Л-ын С /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л овогтой С нь нэхэмжлэгч Ш.Б-ын нэхэмжлэлийн шаардлага болох 15,774,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр 1,314,500 төгрөгөөр нийт нэг жилийн хугацаанд буюу 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл графикийн дагуу сар бүр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, Х овогт Ш-ийн Б /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд С.А, Л.С нарт холбогдуулан 15,774,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Л.С нь 15,774,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 01-ны өдрөөс эхлэн сар бүрийн 01-нд 1,314,500 төгрөгөөр 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд нэхэмжлэгч миний бие хариуцагч С.А-ээс 15,774,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч Л.С-тэй харилцан тохиролцож эвлэрсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч С.А, Л.С нарт холбогдуулан 15,774,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.С нь нэхэмжлэлийн шаардлага 15,774,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл нийт 12 сарын хугацаанд сар бүрийн 01-ний өдөр 1,314,500 төгрөгөөр төлж барагдуулахаар хариу тайлбараа шүүхэд ирүүлсэнийг нэхэмжлэгч Ш.Б хүлээн зөвшөөрч зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Харин хариуцагч С.А-ээс 15,774,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болно. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч С.А-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Л.С-тэй эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.А, Л.С нарт холбогдох 15,774,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.С нь нэхэмжлэлийн шаардлага 15,774,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл нийт 12 сарын хугацаанд сар бүрийн 01-ний өдөр 1,314,500 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч С.А-ээс 15,774,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа талгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,820 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 118,410 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 118,410 төгрөгийг хариуцагч Л.С-өөс гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д тус тус олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч Л.С нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б