| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2023/0032/З |
| Дугаар | 125/ШШ2023/0043 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 125/ШШ2023/0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Х-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Т.Х-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, С.Б , Б.Ц , Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Хандмаа, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Очирбат, гэрч Т.Б болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч Т.Х нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүсэд байрлалтай 0.5 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших болсон.
1.2. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Цогтсайхан, Жаргалант сумын газрын даамал П.Д нар 2022 оны 10 дугаар сарын 17-наас 18-ны өдрүүдэд Цамбагарав баг, ойн бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа 35 иргэн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч Т.Х-ыг эзэмшлийн газартаа зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэжээ.
1.3. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн ойг хамгаалах, нөхөн сэргээх үржүүлэх талаар үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 5 сарын 29-ний өдрийн 04/101/01 дугаар удирдамжийн дагуу Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Т.Х-ны газар эзэмшлийн байдалд хяналт шалгалт хийж “...мод тарьсан боловч арчилгаа байхгүй учир ургаагүй, үрсэлгээ, суулгац бэлтгэх зэрэг ажлууд хийгдээгүй...” нь Газрын тухай хуулийн 35.1.1, 35.3.3 дахь заалтыг зөрчсөн талаар улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ы өдрийн 02-32-04/102/04 дугаартай дүгнэлт гаргасан.
1.4. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Х-ны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
1.5. Уг захирамжтай маргаж шүүхэд хандсан байх үед Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн тул уг тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлалтай 0.5 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байсан.Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Уг захирамжид “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, байгаль орчны хяналтын улсын байцаагч зэрэг мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Учир нь миний бие Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээг удаа дараа ноцтой зөрчиж зориулалтын бусаар ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж ирсэн, мөн ямар ч улсын байцаагчийн дүгнэлтийг надад танилцуулж байгаагүй. Маргаан бүхий газраа би 8 сая төгрөгөөр худалдан авсан ба 2019 онд мод тарьсан боловч мал орж тарьсан модын идсэн, үлдсэн хэсэг нь одоо ургаж байгаа. Би өөрийнхөө зардлаар ямар ч хашаа байхгүй талхлагдсан газрыг хүлээн авч, 25-30 орчим сая төгрөгийн зардал гаргаж хашаа татаж, гүний худаг гаргаж ба энэ жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр төлөвлөж байсан. Түүнээс хойш мод нэмж тарих гэсэн боловч 2020 оноос эхлэн Ковид-19 цар тахал гарч бүх нийтийн хөл хорио тогтоож онцгой дэглэм үйлчилж эхэлсэн.
Жаргалант сумын Засаг даргаас миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргахаасаа өмнө ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26.1-д Захиргааны акт батлахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар санал гаргах боломж олгох, 27.2-т Сонсох ажиллагааны мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх гэж заасныг зөрчсөн, маргаан бүхий акт гаргахдаа сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэл, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
Маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтын яг аль хэсгийг нь зөрчсөн гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заасныг бүгдийг нь зөрчсөн гэж үзэж байгаа юм уу эсхүл аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм уу энэ нь тодорхойгүй байна.
Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар миний эзэмшлийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай 13/05, 13/15 дугаартай тогтоолууд гаргажээ. Энэ шийдвэр нь нэхэмжлэгч миний Үндсэн хуульд заасан эд хөрөнгө шударгаар олж авах эзэмших, ашиглах эрхэд ноцтой зөрчиж байгаа бөгөөд энэхүү эрхээ хамгаалахаар шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.
Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
2.2. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Х нь Ховд аймгийн Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын 8414007252 дугаар бүхий 0,5 га талбай газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 10-р сарын 03-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2017 оны 10 сарын 03-ний өдөр 08401-2017/00239 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2017/00239 тоот гэрээ байгуулагдсан.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон.
Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 10-р сарын 03-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан. Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2017/000239 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч Т.Х нь газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг.
Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.
Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2022 оны 32967 төгрөг, 2023 оны 200000 төгрөгийн газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд 2023 оны 200000 төгрөгийг маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар: Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/262 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Т.Х-ны газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж улсын байцаагчийн 2023 оны 6 сарын 12-ны өдрийн 02-32-04/102/04 дугаартай дүгнэлтээр “...Т.Х нь уг газартаа ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй, байгалиараа нөхөн сэргээгдсэн зүйл байхгүй...” гэсэн дүгнэлт гарсан тул нэхэмжлэгч нь газраа мод үржүүлгийн зориулалтаар ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1-д заасныг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.
Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй.
Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.
Тиймээс гэрээнд заасан гэрээгээ жил бүр дүгнүүлэх үүргээ нэхэмжлэгч 2021, 2022 онд биелүүлээгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ 2021, 2022 онд огт тайлагнаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж уг хуулийг хэрэглэж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон болно. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Х-ны Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаяг байрлалтай, 8414007252 тоот нэгж талбарын дугаартай 0.5 га талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
2.3. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан “Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.
Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан.
Дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн заалтуудыг хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах, иргэдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх орчны нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх, ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэрүүд юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.Х нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны А/209 дүгээр захирамжаар Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлах 0,5 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлж газар эзэмших гэрээ байгуулсан байдаг.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн Жаргалант сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон тул 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулсан.
Т.Х-ны газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
Учир нь Т.Х-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээр газрын төлбөр төлөх үүрийг нэхэмжлэгчид үүрэг болгосон байдаг. Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших гэрээнд газрын төлбөрийг улирлын эхний сарын 20-ний өдрийн дотор төлнө гэж заасан. Газрын тухай хуульд газрыг эзэмшиж ашиглаж байгаа иргэн газрын төлбөрийн төлөгч байна, Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газарт төлбөр ногдуулна гэж заасан байна. Мөн уг хуульд газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх нөхцөлийн талаар заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч Т.Х-ны хувьд газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэл байхгүй юм.
Т.Х нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон.
Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/282 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд Т.Х нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн дүгнэлт гарсан нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдсон байна.
Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмших гэрээний 4 дүгээр зүйлд газар эзэмшигчийн үүргийг тусгайлан заасан байдаг. Гэрээний 4.14-д гэрээг дүгнүүлэх, 7.2-т газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 6 сарын 25-ны өдрийн дотор тайлагнах үүрэгтэй гэж заасан. Гэтэл гэрээгээ дүгнүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй байна.
Ийм учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 2023 оны газрын төлбөрөө бүтэн төлөөгүй, 2021 онд 32.967 төгрөгийг дутуу төлсөн. 2022 оны газрын төлбөрийг төлсөн боловч хэдэн сард төлсөн нь тодорхой бус, 2022 оны газрын төлбөрийг улирал улиралдаа төлөх ёстой байсан бол нэхэмжлэгч нь тухайн оны 12 дугаар сард нэг удаа төлсөн байсан.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргаан бүхий акт гаргах болсон үндэслэл нь Улсын байцаагчийн 2 удаагийн актад үндэслэн гарсан. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн улсын байцаагчийн дүгнэлтийг тухай үеийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байсан Ц.Цогтсайхан гаргасан байдаг. Мөн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Ц.Цогтсайхан, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Мөнхжаргал, Жаргалант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баяржавхлан нарын гаргасан дүгнэлтүүдэд “нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа хоёр жил дараалан ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1 дэх заалтуудыг зөрчиж байна” гэж дурдсан. 2022, 2023 онуудад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт гарсан талаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Т.Х-тай утсаар холбогдож хэлсэн. Энэ талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа ба тэмдэглэлд хоорондоо ярьж байсан үг, хэдээс хэдэн цагийн хооронд хэдэн минут ярьсан талаар тусгагдсан. Тухайн үед Т.Х нь “би газраа өгөхгүй, дүйцүүлэн газар олговол би газраа өгнө. Бусад тохиолдолд би газраа өгөхгүй шүүхдэнэ” гээд утсаа тасалж байсан.
Мод үржүүлэг гэж сүүлийн 2 жилийн хугацаанд эзэмшлийн газартаа мод үржүүлэг буюу харандаа суулгац хийж суулгасан байх, түүнийгээ зах зээлд нийлүүлж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх талбайд очиж үзэхэд харандаа суулгаагүй, мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаагүй. Тийм учраас зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж тайлбар хэлье. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тайлбарладаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Хариуцагчаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой. Гэтэл сонсох ажиллагаа явуулаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн, 2021, 2022 онуудад гэрээгээ дүгнүүлээгүй, тайлангаа ирүүлээгүй...” гэж тайлбарлаж байна. Хэрвээ газар эзэмших гэрээ зөрчсөн гэж үзэж байгаа бол маргаан бүхий акт гаргахдаа энэ зорилгод нийцүүлэх ёстой. Газар эзэмшүүлэх гэрээг зөрчсөн тухай бүрд гэрээний хэрэгжилтийг хангуулах үүрэг нь гэрээний нөгөө тал болох газрын даамалд олгосон байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас гэрээний нөгөө талд мэдээлэл өгөх, зөвлөн туслах, сонгох боломжийг олгох зэрэг үйл ажиллагаа явуулах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Гэрээгээ дүгнүүлэхийг шаардаад байхад биелүүлээгүй бол энэ гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзэх боломжтой. Гэтэл энэ тохиолдолд дээрх үйл ажиллагааг явуулаагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй. Ийм учраас захиргааны акт зорилгодоо нийцсэн байх шаардлагыг хангахгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой дараах тайлбар хэлье. Хариуцагчаас энэхүү үндэслэлээ тайлбарлахдаа 2021 оны газрын төлбөр 32967 төгрөг, 2023 оны бүтэн жилийн газрын төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байна.
Хавтаст хэргийг шинжлэн судлахад нэхэмжлэгч Т.Х нь 2021 оны газрын төлбөрт 150000 төгрөгийг 2021 оны 11 сард төлсөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу уг мөнгийг банкаар дамжуулан төлсөн баримт нь нотлох баримтаар авагдсан байгаа. Үүнийг ямар нэгэн байдлаар буруутгасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй. 2023 онд бүтэн жилийн төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна. 2023 он дуусаагүй байна. Нэхэмжлэгчийн газрын төлбөр төлсөн баримтуудыг харахад жил бүрийн 11, 12 дугаар саруудад газрын төлбөрөө төлсөн байдаг. Тухайн үед Жаргалант сумын газрын даамлаас гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй талаар, эсвэл газрын төлбөрөө хугацаанд нь төлөхийг шаардаж байгаагүй. 2023 он газрын төлбөрийн нэхэмжлэл 2023 оны 3 дугаар сард үүссэн, ингэхдээ газрын төлбөрөө бөөнд нь төлөхөөр нэхэмжлэл үүссэн байдаг. Гэтэл улирлаар газрын төлбөрөө төлөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэг удаа нэхэмжлэл үүсгэж газрын төлбөрийг бөөнд нь төлөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнээс биш улирал бүр өөр өөр мөнгөн дүнгээр өөр өөр нэхэмжлэл үүсээгүй, өмнө ч гэсэн улирал бүр нэхэмжлэл үүсгэж байгаагүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой дараах тайлбар хэлье. Захиргааны Ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргахдаа эхлээд нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийн сонсох зэрэг ажиллагаа явуулахаар заасан. Хариуцагчаас дээр үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй юм уу эсвэл өөр зориулалтаар ашигласан юм уу гэдгийг тогтоогоогүй. Хэрвээ зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа юм бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан юм уу үгүй юу гэдгийг тогтоогоогүй. Мод үржүүлгийн зориулалт гэж ийм зүйл байна гэдгийг хуульчлаагүй, тайлбарлаагүй, энэ талаар тодорхойлолт байдаггүй.
Нэхэмжлэгч ойлгохдоо тухайн газраа мод тарих ёстой гэж ойлгож байгаа. Ингэж ойлгосон учраас жил бүр эзэмшлийн газартаа мод тарьж ирсэн. Энэ талаар хариуцагчаас тайлбарлаад ойлгуулаад явчих боломжтой байсан.
Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүх хянаж байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас маргаан бүхий газрыг нийтийн эзэмшилд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс ямар шийдвэр гарахыг хэн ч тааж мэдэхгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийг урьдчилан таамаглаж байгаа мэтээр нийтийн эзэмшилд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа нь хууль бус. Төлөвлөлт хийхдээ тооцоо судалгаанд үндэслэсэн байх ёстой. Цэцэрлэгт хүрээлэн болгохын тулд эдийн засгийн тооцоо судалгаа, үүнд төсөвлөсөн төсөв зэрэг баримт байдаггүй. Ийм учраас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байгаа юм.
2.8. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “төлбөрийг бөөнд нь ногдуулчихлаа” гэж биднийг буруутгаж байх шиг байна. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын тухай хуулийн газрын төлбөртэй холбоотой заалтуудад нь өөрчлөлт орсон байдаг. Тухайлбал Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “зохих хууль тогтоомж гэрээний” гэж заасан байсныг “Газрын төлбөрийн тухай хууль” гэж өөрчилсөн. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан.
Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “газрын төлбөрийг жилийн эцэст нэг удаа төлж болно” гэж заасныг “Газрын төлбөрийн тухай хууль” гэж өөрчилсөн байна. Мөн хуулийн 7.2-т газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Хуульд газрын төлбөрийн талаар тусгайлсан хуулиар зохицуулахаар заасан учраас Газрын төлбөрийн тухай хуулийг баримтлах ёстой.
Нэхэмжлэгч өөрийгөө газар эзэмшигч гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэж бид ойлгож байгаа. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” хэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч “би гэрээ байгуулаагүй. 2017 оны гэрээний үүргийг биелүүлж байсан. Бусад гэрээ надад хамаагүй” гэх утгатай тайлбар гаргасан.
Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас баталсан журам байгаа. Уг журам нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгэгдсэн учраас хуулийн нэгэн адил дагаж мөрдөнө. Уг журамд “гэрчилгээгээ өөрсдөө хэвлэж авна” гэж зохицуулж өгсөн учраас нэхэмжлэгчийн яриад байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг арай өөрөөр тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тодорхой тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийг Emongolia.mn-ийг ашиглаж чадахгүй, учир нь өндөр настай” гэдгээ хүндэтгэн үзэх шалтгаан гээд байгаа боловч Улсын Дээд шүүх “газар эзэмшигчээс өөрөөс нь шалтгаалаагүй бусад гэнэтийн хүчин зүйлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгоно” гэж тайлбарласан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч “мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтийг танилцуулаагүй” гэж тайлбарлаад байна. Нэхэмжлэгч шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл өнөөдрийг хүртэл дүгнэлтүүдтэй маргаж маргаан үүсгээгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө ч тайлбарласан бөгөөд хавтаст хэрэгт дүгнэлтүүдтэй маргасан баримт авагдаагүй.Улсын дээд шүүхийн тайлбарт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс бусад заалтуудаас гадна” гэдэг үг байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд “төлбөрийг хугацаанд нь төлөхөөр” болзол заасан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлд давхар хамаарч байна.
Нэхэмжлэгч нь тухайн газраа “мод үржүүлгийн” зориулалтаар эзэмшихээр гэрээ байгуулсан. Мод үржүүлэг гэдгийг ямар нэгэн хоёрдмол агуулгагүйгээр үржүүлэг хийхийг л ойлгоно. Мод тарина гэдгийг үржүүлэг гэж ойлгохгүй. Газраа зориулалтаар ашиглаагүй гэдгийг мэргэжлийн хяналт газрын улсын байцаагчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.
Мөн сонсох ажиллагааны талаар ярьж байна. Маргаан бүхий актыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийсэн ба сонсох ажиллагаа хийсэн баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл боломжийг нь олгож, мэдэгдэж, Газрын хууль тогтоомж зөрчсөн талаар мэдэгдсэн мэдэгдлүүд хэрэгт авагдсан. Тэгэхээр хариуцагчаас үүргээ биелүүлээд байхад нэхэмжлэгч нь өөрөө ирж тайлбар, баримтаа өгч газар эзэмшигчийнхээ үүргийг биелүүлсэн гэдгээ нотлоогүй, хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлсэн байдаг.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.9. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 60.1.8-д “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанд хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг саналаар оруулж ирсэн ба тавдугаар асуудалд “Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” байсан.
Үүний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд маргаан бүхий актуудыг гаргасан. Тухайн саналыг оруулахдаа Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас төлөөлөгч нарт хурал болохоос хоёроос доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дундын групп чат болон бичгийн хэлбэрээр хүргүүлсэн. 7 хоногийн өмнө буюу Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/42 дугаартай захирамжаар тухайн хуралдаанаар хэлэлцэх 10 асуудлын жагсаалтыг баталсан.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ба нэг төлөөлөгчийн эрх нь түдгэлзсэн байсан тул 40 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй орох байсан. Тухайн өдрийн хуралдаанд 5 төлөөлөгч цахимаар, 26 төлөөлөгч танхимаар, нийт 31 төлөөлөгч оролцож, маргаан бүхий актуудыг хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн олонхын саналаар баталж, эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.1, Газрын тухай хууль болон бусад тогтоолд дурдагдсан үндэслэлүүдээр тогтоол гаргасан.
Ийм учраас Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа шиг хууль зөрчсөн, хууль бус актууд гаргаагүй ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий акт гаргасан учраас нэхэмжлэгч Т.Х-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлээд, хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар 25-ны өдөр шүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.
5. Нэхэмжлэгчийг 2022, 2023 онд газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Жаргалант сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлаас уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэснээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
6. Нэхэмжлэгч нь Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209 тоот захирамжийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон 000686377 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 0.5 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшсэн байна.
7. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг 2022 оны газрын төлбөр 32967 төгрөгийг /гучин хоёр мянга есөн зуун жаран долоон / тухайн ондоо төлөөгүй, 2023 оны газрын төлбөр 200000 /хоёр зуун мянган / төгрөгийг төлөөгүй болон газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй гэж буруутгажээ.
8. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.
9. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2022-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.
10. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.” гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаангүй.
11. Шүүхээс газрын кадастрын мэдээллийн системд хийсэн үзлэгээр 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий газрын төлбөр 2022 онд 132967 төгрөгийн ногдуулалт үүсч 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг төлөгдөж 32967 төгрөгийн үлдэгдэлтэй , 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 2023 оны бүтэн жилийн ногдуулалт 200000 төгрөг төлөгдөөгүй хүлээгдэж байгаа төлөвтэй.
12. Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2022 оны газрын төлбөр 100000 төгрөг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлөгдсөн талаар бүртгэгдсэн байх ба 2023 онд нэхэмжлэл үүссэн 200000 төгрөг /хоёр зуун мянган/ төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна.
13. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн 2022, 2023 оны газрын төлбөрийн ногдуулалт хийгдсэн ч 2022 оны газрын төлбөрийг тухайн ондоо дутуу төлсөн, 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
14. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно.
15. 2023 оны газрын төлбөрийн тухайд нэхэмжлэгч төлөөгүй байгаа он дуусахаас өмнө төлөх боломжтой гэж тайлбарласан ч газрын кадастрын мэдээллийн сангийн системд 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн байх тул улирлаар эсхүл бүтэн жилээр төлөх боломжтой байна.
16. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4- д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгч 2022 онд ногдуулалт үүссэн газрын төлбөрөө дутуу төлсөн, 2023 оны төлбөрөө төлж эхлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
17. Газар эзэмшүүлэх гэрээний үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Гэрээг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус бичгээр 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр цахимаар байгуулжээ.
18. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.” гэж заасан ба 34.6.1-ээс 34.1.11-д заасан газар эзэмших гэрээнд тусгах зүйл дотор гэрээний үүргийг тайлагнах талаар зохицуулаагүй байна.
19. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан ба энэ нь гэрээний нөхцөл, болзол гэдэгт үл хамаарна.
20. Нэхэмжлэгч нь 2022 онд гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлээгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.
21. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж зааснаар нэхэмжлэгчийг 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь “гэрээний нөхцөл болзлын удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй гэж үзлээ.
22. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлтэд “ Т.Х эзэмшлийн газартаа зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, амбаар, барилга барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн” гэж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ы өдрийн 02-32-04/102/04 дугаартай дүгнэлтэд “...Т.Х нь уг газартаа ойжуулалт нөхөн сэргээх зориулалтаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй, байгалиараа нөхөн сэргээгдсэн зүйл байхгүй нь Газрын тухай хуулийн 35.1.1, 35.3.1 дэх заалтыг зөрчиж байна” гэж тус тус дүгнэжээ.
23. Газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл нь газар эзэмшлийн хугацаанаас үл хамаарах ба нэхэмжлэгч тус хашаанд худаг гаргасан, мод тарьсан боловч арчилгаа байхгүй учир ургаагүй, үрсэлгээ суулгац бэлтгэх ажил хийгдээгүй талаар улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан байх ба шүүхээс маргаан бүхий газарт хийсэг үзлэгээр хашаалсан газарт гэрийн цементэн буурь цутгасан, вагончик байрлуулсан байдалтай, нэхэмжлэгч 2019 оноос мод тарьсан заримыг хулгайд алдсан гэж тайлбарласан ч, 2-3 жил ургаж байгаа гэхээр мод байхгүй, мод үржүүлэг хийгдээгүй болох нь тогтоогдсон.
24. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа мод үржүүлгийн зориулалтаар ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
25. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га газрыг тусгахаар санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.
26. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.
27. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн этгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан, хуралдаан дээр зарим иргэдийн төлөөлөгч нар асууж тодруулахад захирамж хүчин төгөлдөр болсон тул тогтоол гаргах боломжтой талаар тайлбарлаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
28. Нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 3 үндэслэлээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх 2 үндэслэл нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
29. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж үндэслэлтэй болох нь тогтоогдсон тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч Т.Х-ны “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Т.Х-нд холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв .
30. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Х-ны ”Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Т.Х-нд холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ