Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ2024/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.О ,

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ......... дугаартай актын О.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, З.О-ын малчны өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, З.О-ын малчны өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алимаа,  хариуцагч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч З.О нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  шүүхэд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А-д холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “тэтгэврийг зогсоон үеэс нөхөн олгуулахыг даалгах, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэлх тэтгэврийг тооцож олгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “З.О-ын малчны өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, З.О-ын малчны өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулах” гэж тодруулсан.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч З.О нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох...”-оор хүсэлт гаргасан.

2.2. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр З.О-ын хүсэлтийг хангаж, түүнийг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон.

2.3. Нэхэмжлэгч З.О нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгож эхэлжээ.

2.4. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай “...нийгмийн даатгалын сангаас болон цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, илэрсэн зөрчлийг арилгах...” зорилгоор хяналт шалгалт хийх удирдамж баталж, удирдамжаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийх хугацааг тогтоосон.

2.5. Хяналт шалгалтын явцад Дархан-Уул аймгийн архиваас  тушаалын лавлагаа авч шалгахад малчнаар ажилласан гэх хугацааны зарим хэсэгт барилгын техник мэргэжлийн дунд сургуульд сурсан болон бетон зуурмагийн арматурчинаар ажилласан зөрчлийг илрүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-т заасан болзол, шаардлагыг хангаагүй байхад тэтгэвэр тогтоолгож авсан гэж үзэж нийт илүү олгосон 9579032 төгрөгийг буцаан төлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай акт тогтоосон.   

2.4. Нэхэмжлэгчээс ******* дугаартай актыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргаж, актыг хүчингүй болгох үндэслэлгүй болох талаар хариуг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 453 дугаар албан бичгээр хүлээн авснаар шүүхэд ханджээ.  

        

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд хар нялхаасаа эцэг, эхдээ мал маллахад нь тусалж мал малладаг байсан. Сургуульд сурч байхдаа ч зав зайгаараа тусалдаг байсан. Миний эгч, дүү нар бүгдээрээ тусдаа гарчихсан байсан бөгөөд эцэг, эх хоёр минь хоёулхнаа мал малладаг байсан тул сургуулийн амралтаараа ч тусалдаг байсан. Гэтэл намайг сургуульд сурч байхдаа болон ажиллаж байх хугацаандаа малчнаар ажиллаж байснаар тогтоолгосон гэсэн. Надад нуусан зүйл байхгүй. Хэрвээ тухайн үед шалгаад миний материалыг буцаасан бол би зарим онуудыг нөхөн төлөөд тэтгэвэрт гарах боломж байсан.

Би малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-гы өдөр 153/ШШ2020/00324 дугаартай шийдвэрээр миний 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байдлыг тогтоож шийдвэрлэсэн.

Гэтэл гэнэт Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-н өдрийн ******* дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай" акт тогтоож, илүү олгосон гэх 9,579,032 төгрөгийг буцааж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Би Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 153/ШШ2020/00324 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байхад акт тогтоосонд  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад өргөдөл гаргасан.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай" албан тоотод “үүссэн зөрчлийн талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу уулзалтын тэмдэглэл хөтөлж, сонсох ажиллагаа хийгдсэн болно. Улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Гэтэл Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа хийгдээгүй, би гарын үсэг зураагүй байхад хийсэн гэсэн байна.

Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолд "...Энэ зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор түүнийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрхгүй, мөн зүйлийн 120.4-т зааснаар дахин тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гаргахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтох шаардлагагүй бөгөөд тэдгээрийн талаар маргаж болохгүй..." гэж тайлбарласан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дэх хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцэхгүй байна. Мөн хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа хийгээгүй.

Иймд Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-н өдрийн ******* дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” актыг хүчингүй болгоно уу. Мөн тэтгэврийг зогсоон үеэс нөхөн олгуулахыг даалгах, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэлх тэтгэврийг тооцож олгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаа “малчны өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, миний малчны өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

   3.2. Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 2022 оноос эхлээд манай байгууллага дотоод хяналт шалгалт хийхээр болж 2018 оноос хойш шинээр тогтоогдсон тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын тасаг нь тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийх үүрэгтэй. Шинээр тогтоож, олгож баталгаажуулах үед хяналт шалгалтын байцаагч шалгалт хийдэггүй учраас хяналт шалгалтын тасгаас хяналт шалгалт хийсэн.

З.О-ын тухайд шалгалтын явцад дараах зөрчил илэрсэн. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон ба түүний 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 262860 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “Барилга техникийн мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 144 дүгээр тушаалаар Барилга техникийн мэргэжлийн дунд сургуульд бетон арматурын ангид элсүүлэн суралцуулж, 1986 оны 11 сарын 18-ны өдрийн 112 дугаар тушаалаар “Ардын боловсролын яамны шийдвэрээр Дархан хотын БМЧТМДС-д мэргэжлийн ангид шилжүүлж”, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаар тушаалаар “сургуулиас төгссөн учир Дарханы Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд шилжүүлж”,  Дарханы Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаар тушаалаар 1988 оны 6 сарын 30-ны өдрөөс Нүүдлийн засал чимэглэлийн 4-р хэсэгт бетон арматурчнаар авч ажиллуулж”, Дарханы Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Ховд аймгийн АДХГЗ-ын ТЭЗХ-ийн мэдэлд шилжүүлэв” гэж тус тус тэмдэглэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл малчнаар ажиллаж байсан гэх хугацаанд сургуульд сурч, ажил хийж байсан нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-т заасан “...үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж...” гэж заасан нөхцөл болзлыг хангаагүй зөрчлийг илрүүлж, тэтгэврийг зогсоосон.

Ийм учраас улсын байцаагчийн маргаан бүхий акт үндэслэлтэй ба З.О-ын тэтгэврийг нөхөж олгох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алимаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд нийгмийн даатгалын хэлтэс шалгалтаа хийгээд актаа тавих эрх үүсэх байх гэж бодож байгаа. Тэр эрх үүсээгүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс биш акт тавих эрхгүй гэж үзэж байна.

Мөн хүмүүс шүүх рүү шууд материалаа аваад явдаггүй. Харин нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө аваад түүнийхээ дараа шүүхэд буюу хуулийн байгууллагад ханддаг. Ийм учраас З.О-ыг нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авсныхаа дагуу шүүхэд ирж ажилласан жилээ тогтоолгосон гэж үзэж байгаа. Энэ хүнийг худлаа хэлж байна гэж би ойлгохгүй байна.

Хөдөлмөрийн дэвтрээ тухайн үед үзүүлээд малчнаар ажилласан жилээ тогтоолгох учраас хамаагүй” гэж хэлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичээгүй байх. Түүнээс биш шууд зориудаар нуусан зүйл харагдахгүй байна. Хэрэв нуусан бол “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдахдаа хөдөлмөрийн дэвтрээ нуух байсан.

Тийм учраас нэгдүгээрт, нуусан биш мэдээллээ дутуу өгсөн. Хоёрдугаарт, өөрөө зөвлөгөөгөө анхаарч ойлгож аваагүйгээс ийм асуудал гарсан гэж ойлгож байгаа. Аймгийн Архиваас авсан Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 70 дугаар дансанд ах дүү нарынх нь нэр бичигдээд, З.О-ын нэр бичигдээгүй байгаа нь тухайн үед З.О  цалин хөлс боддог насанд хүрээгүй байсан байж болзошгүй. Учир нь тухайн үед 7 дугаар ангийн хүүхэд байсан учраас цалин хөлс бодогдох нас хүрээгүй байсан. Түүнээс биш хуурамч материал бүрдүүлсэн, нуун дарагдуулсан, зориуд зассан, малчин өрхийн гишүүн биш байхдаа малчнаар тогтоолгосон гэж буруутгах үндэслэл байхгүй.

Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад акт тавьсан. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосны дараа акт тавих ёстой байсан ч акт тавих эрх үүсээгүй байхдаа акт тавьсан гэж үзэж байна. Нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэврийг зогсоосон үеэс тэтгэврийг нөхөн олгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

1.Нэхэмжлэгч З.О нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч  Б.А-д холбогдуулан Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч нь  тэтгэврийг зогсоон үеэс нөхөн олгуулахыг даалгах, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэлх тэтгэврийг тооцож олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр  З.О-ын малчны өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, З.О-ын малчны өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулсан болно.

3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн талаар тайлбарладаг.

3.1.Маргаан бүхий акт буюу Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” актыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр З.О-т мэдэгдсэн болох нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн сонсох ажиллагаа явуулах тухай тэмдэглэлээр, гэрч Ц.Болдын “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга Зэрэг суманд нээлттэй хаалганы өдөрлөг хийхэд манай үйлчилгээний тасгийн байцаагч Б.Мөнхтуяа хамт ирсэн.  Тэр өдөр Б.Мөнхтуяа байцаагч бид хоёр  улсын байцаагч ******* дугаартай актыг  З.О-т өгсөн...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

3.2.Улмаар З.О  нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад өргөдөл гаргасан ба Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 453 дугаар албан бичгээр “...улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг барагдуулах нь зүйтэй” гэсэн хариуг З.О-т өгснөөр  тус шүүхэд анх 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3.3.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.О  нь дээд шатны байгууллага буюу Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 453 дугаар албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан буюу тухайн өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул  нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

4.Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 5. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  улсын байцаагчийн 2002 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар “Илүү олгосон тэтгэврийг  төлүүлэх тухай” актаар  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  7 дахь хэсгийн 2 дахьт заасан хэсгийг зөрчиж эрх үүсэхгүй  тэтгэвэр тогтоолгосон зөрчил илэрсэн гэж үзэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн илүү олгосон 9.579.032 төгрөгийг иргэн З.О-аар буцаан төлүүлэхээр тогтоожээ.

6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.1-д  тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно гэжээ.

7. Хариуцагчаас маргаан бүхий акт гаргах болсон үндэслэлээ З.О нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 1984 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын  31-ний өдрийг хүртэл 7 жил Зэрэг сумын хөдөлмөр нэгдлийн Бургасан  бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Гэтэл шалгалтаар Дархан-Уул аймгийн архиваас лавлагаа авч шалгахад З.О  нь  дээрх хугацааны зарим хэсэгт  нөхцөлийн албан тушаал буюу малчнаар биш Барилгын техникийн мэргэжлийн дунд сургуульд сурсан болон бетон арматурчнаар ажиллаж байсан болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл санаатайгаар баримт бүрдүүлэн  малчнаар ажиллаж байснаа тогтоолгож шүүхийн шийдвэр гаргуулсан байх магадлалтай гэж тайлбарладаг.

8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 2-д нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол.... гэжээ.

9. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч З.О-ыг дээрх хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж  2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс түүнд малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг анх 350.000 төгрөгөөр тогтоож, улмаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр зогсоосон үйл баримт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэврийн хувийн хэргийн материал, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай акт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар  зэрэг баримтуудаар тогтоогдсон.  

10. Нэхэмжлэгч З.О-ын малчин нөхцөлөөр тогтоогдсон өндөр насны тэтгэврийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон үйл баримттай  хэргийн оролцогч нар маргаагүй болно.

11. Хэрэгт  нотлох баримтаар авагдсан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч З.О-ыг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоожээ.

12. Дээрх шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д   Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хүчингүй болгоно гэж зааснаар Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгоогоогүй,  мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.6-д  Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй  болгохоор хуульд заасан бөгөөд  уг  нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан З.О-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн материалаар нотлогддог. 

13. Өөрөөр хэлбэл Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэр нь хүчин төгөлдөр  шийдвэр байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг няцаах, нэхэмжлэгчийн ажиллаж байсан  байдалтай холбоотой уг асуудлыг дахин нотлох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй, бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан тухайн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хуурамч  байх магадлалтай гэж үзэж, нэхэмжлэгчид олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр акт тогтоосныг зөвтгөх үндэслэлгүй байна.

15. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 324  дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийн 120.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж тус тус заасан бөгөөд  хариуцагч нь шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.

16. Мөн хариуцагч нь З.О-ыг хуурамч баримт бүрдүүлэн санаатай  шүүхийн шийдвэр гаргуулсан байх магадлалтай гэж тайлбарлах боловч  хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, шүүхээс энэ талаар тогтоосон шийдвэр байхгүйн дээр нэхэмжлэгчээс өөрт хамааралтай аль нэг баримтыг засварласан, шинээр үйлдсэн гэх зэргээр хуурамч баримт үйлдэж бүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул зөвхөн хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөөгүй, барилгын техникийн мэргэжлийн дунд сургуульд сурсан болон бетон арматурчнаар ажилласан талаараа үнэн зөв мэдээлээгүй гэх нөхцөлөөр нэхэмжлэгчийг тэтгэврээ үндэслэлгүйгээр тогтоолгосон гэж буруутгах үндэслэлгүй юм.

17. Даатгуулагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан баримт бичгийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан баримт бичгийг үндэслэн тэтгэвэр олгох тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.

18. Энэ маргааны тухайд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэр болон бусад баримтыг үндэслэн нэхэмжлэгч З.О-т  2020 оны 05 дугаар сарын  сарын 25-ны  өдрөөс малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг олгохоор шийдвэрлэсэн атлаа, хожим дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгааг зөвтгөх боломжгүй. 

19. Хариуцагчаас “З.О-ын сурч байсан болон ажиллаж байсан талаарх мэдээллийг З.О  нь 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус хэлтэст ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн дагуу гаргасан өргөдлийн хамт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 262860 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг хавсарган өгсөн байсан.  Тус дэвтэрт З.О-ыг сурсан,  ажиллаж байсан талаар бичилт байсан... Иймд дэвтэрт бичигдсэн дагуу холбогдох газруудаас сурсан болон ажиллаж байсан талаарх лавлагаа, тушаалыг нь гаргуулж авсан...” гэх тайлбараас харахад нэхэмжлэгч З.О-ын хөдөлмөрийн дэвтрийн мэдээлэл нь 2020 онд анх малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох үед нийгмийн даатгалын байгууллагад өөрт нь хадгалагдаж байжээ. 

20. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага буюу Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс анх 2020 оны 05 дугаар сард иргэний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж зааснаар анх  тэтгэврийг тогтоохдоо захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг гүйцэт хэрэгжүүлээгүй байх бөгөөд үүндээ нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

21. Дүгнэхэд хариуцагчийн шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргаж З.О-т 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай актаар 9.579.032 төгрөгийн акт тогтоож төлүүлэхээр шийдвэрлэж,  нэхэмжлэгчийн тэтгэврийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

22. Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож, З.О-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, З.О-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

23. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.О-ын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн  2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгож, З.О-ын тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, З.О-ын тэтгэврийг зогсоосон үеэс /2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс/ нөхөн олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс/ 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Г.ЯНЖИНДУЛАМ