Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 33

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр магадлалтай, Д.Б-д холбогдох 1825000000135 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажавын гаргасан гомдол, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Жавхлантуяагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

мөн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Д овогт Д-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 2 жил хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан тухай 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон нийт 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь “байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон” гэсэн заалт байх бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийг үйлдэхгүйгээр амьдрах боломжгүй, тус гэмт хэргийг байнга үйлдсэний үр дүнд амьжиргаагаа залгуулсан байх тухай нэгдмэл салшгүй ойлголтыг шат шатны шүүх зөвхөн цаг хугацааны хувьд байнга тогтвортой үйлдэж амьдрал зан төлвийн хэвшил болгосон гэдэгт хууль зүйн үнэлэлт өгч, “амьдралын эх үүсвэр болгосон” гэх нэгдмэл шинжийг орхигдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдсэн байх, мөн гэмт хэргээс олсон хууль бус орлогыг амьдралын эх үүсвэр болгон зарцуулсан байх гэсэн зайлшгүй шалган тогтоох хоёр шинжийг заасан. Д.Б-гийн хэргийн хувьд олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал харагдах хэдий боловч тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэрээ болгосон уу, үгүй юу гэдэг байдал хангалттай тогтоогдоогүй байдаг. Гэтэл шүүх “байнга үйлдсэн” гэх шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх тул Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Жавхлантуяа гаргасан эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Д.Б-д 2 жил хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан тухай 2017 оны 96 дугаар шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 299 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 2017 оны 96 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Нэгдүгээрт, хяналтын прокурор Б.Жавхлантуяа нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн дэмжиж байна. Хоёрдугаарт, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Зүйлчлэлийн хувьд прокуророос энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 буюу 12 удаагийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хавтаст хэргийн материалаас үзэхэд дээрх үйлдлийн 4 үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарч байна. Энэ 4 үйлдлийн улмаас 17,800,000 төгрөгийн хохирол учруулсан. Тэгэхээр нийт хохирлын хэмжээ нь үлэмж хэмжээний хохирол болж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 биш, харин мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зөв учраас анхан шатны шүүх зүйлчлэлийг буруу тогтоосон гэж үзэж байна. Д.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнссэн байдаг. Энэ ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, 5 жил хорих ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажавын гаргасан гомдол, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Жавхлантуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож байраа бусдад зарсан атлаа уг байрыг хямдхан зарж байгаа гэж итгэл төрүүлэн урьдчилгаа авсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгнө гэж 2017 оны 02 дугаар сарын 09-нөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 12 хохирогчоос 29,665,000 төгрөг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдгийг анхаарвал зохино.

Шүүгдэгч Д.Б нь нэг жил орчим хугацаанд нийт 12 удаагийн үйлдлээр 12 хохирогчийн “ажилд орох, хямд байр худалдаж авах” хүслийг ашиглан зориудаар “ажилд оруулж өгнө, хямд байр зарна” гэсэн зохиомол байдал үүсгэж, хохирогчдоос нийт 29,665,000 төгрөгийг залилан мэхлэж авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжтэй тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажавын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна”, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэгт баривчлах болон таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол уг зүйл, хэсэгт тохирох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах болон зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн тогтоосон тул шүүгдэгч Д.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “хууль буцаан хэрэглэх” зарчмыг хэрэглэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 1 /нэг/ жил 01 /нэг/ сар хорих ял болгон хөнгөрүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Н-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгнө гэж 400,000 төгрөг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэнээр өмнөх тогтоолоор тэнсэж, хянан харгалзсан хугацаа хүчингүй болж, хоёр тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх шаардлага үүссэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэл, шаардлага бий болоогүй байхад дээрх зүйл, хэсгийг хэрэглэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн уг хэсэг үндэслэлгүй болсон байна.

Мөн энэ хэргийн улмаас хохирогч нарт нийт 29,665,000 төгрөгийн хохирол учирсныг анхан болон давж заалдах шатны шүүх огт нэмж нэгтгэн дүгнээгүй, яллах дүгнэлт үйлдсэн прокурор 29,645,000 төгрөг гэж буруу бичсэн зэрэг нь хэргийн зүйлчлэл, шийдвэрт нөлөөлөхгүй боловч цаашид ийм алдааг гаргахгүй байхыг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 2 жил хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан тухай 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг хүчингүй болгож” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр магадлалд

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-д Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 1 /нэг/ жил 01 /нэг/ сар хорих ял болгон хөнгөрүүлэн тогтоосугай”;

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 01 сар хорих ялыг нэмж нэгтгэж, түүний эдлэх ялыг 6 /зургаа/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажавын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН