Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 110/2016/0051/З |
Дугаар | 221/МА2017/0583 |
Огноо | 2017-08-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2017/0583
Х.Н-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Н-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр Х.Н-ыг томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 3.830.539 /гурван сая найман зуун гучин мянга таван зуун гучин есөн/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.Н-д олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч нь давж заалдах гомдолдоо: “1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба татан буугдсан нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот тогтоол, мөн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/488 дугаар захирамжаар тус тус тогтоогдсон байна. Дээр дурдсан үйл баримтыг аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан гэж үзэж байна.
2. Нэхэмжлэгч Х.Н нь Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны албанд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн бараа худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон боловч ажиллаж байсан байгууллага татан буугдсан учраас ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудас өгснийг тэрээр танилцан гарын үсэг зурж хүлээн авсан, Х.Н-ыг аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар төрийн албанаас чөлөөлсөн юм. Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Н-ыг ажлаас чөлөөлөх үед тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй учраас аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нь 2016 оны тушаалаар Х.Н-д 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон юм. Нэхэмжлэгч Х.Н-аас намайг үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн гэх ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаал нь эргэлзээтэй нотлох баримт болох нь Х.Багдат, Х.Гулбану нарыг ажлаас чөлөөлсөн тушаалууд, гэрч Х.Саулешийн шүүхэд өгсөн мэдүүлгээр тус тус няцаагдаж байна. Иймээс нэхэмжлэгч гэх Х.Н-ыг аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бараа худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр чөлөөлсөн үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасантай нийцсэн гэж үзэж байна.
3. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор өмнө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх үйл ажиллагаа явуулж байсан Орон нутгийн өмчийн албыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын мэдэлд шилжүүлснээр аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/502 дугаар захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/605 дугаар захирамжаар нутгийн өмчийн газрыг шинээр эмхлэн зохион байгуулсан байна. Шинэ бүтэц, орон тоо, зохион байгуулалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрыг 10 орон тоотой ажиллуулахаар тогтоон үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 2 орон тоог шинээр бий болгосон байна. Энэхүү шинээр бий болсон гэх 2 орон тоонд анх аймгийн Худалдан авах ажиллагааны алба байгуулагдсан үеэс эхлэн тасралтгүй ажиллаж байсан мэргэжилтэн А.Багдат, 3 ой хүрээгүй хөхүүл хүүхэдтэй байсан мэргэжилтэн Х.Гулбану нарыг авч ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд одоогийн байдлаар өмнө аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газарт мэргэжилтнээр А.Багдат, Х.Гулбану нар ажиллаж байгаа асуудлаар ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Х.Гулбану нь өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр тус газрын нягтлан бодогчоор түр томилогдоод одоо жирэмсний болон амаржсаны амралт эдэлж байгаа ба эргээд мэргэжилтний ажилд үргэлжлэн ажиллах тул түүний оронд Х.Н-ыг томилох нь хууль зүйн үндэслэлгүй юм. Х.Н нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тухайн ажилд томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба тэр хугацаанд нэг ч тендерийн ажилд оролцоогүй сул цалин авч байсан, түүний ажлын байрны тодорхойлолт олдоогүй зэрэг нөхцөл байдлууд түүнийг аймгийн орон нутгийн өмчийн газарт үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байдалд хүргэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар өмнө аймгийн Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр ажиллаж байсан А.Багдат, Х.Гулбану нарын ажлын байрны тодорхойлолт авагдсан ба харин Х.Н-ы ажлын байрны тодорхойлолт байхгүй байгаа нь ажил олгогчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулан Х.Н-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагт Орон нутгийн өмчийн газарт худалдан авах ажиллагааны албыг ажлуулахаар тогтоожээ.
Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А/488 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэд Орон нутгийн өмчийн газрыг байгуулсан ба улмаар Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчийн албаны чиг үүрэг болон албан хаагчдын орон тоо, цалингийн санг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/502, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/605 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газрыг бүтцийг батлахдаа худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 2 болж, хуучин Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний тоог нэгээр бууруулсан байна.
Нэхэмжлэгч Х.Н нь Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 06 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны албаны бараа худалдан авалт, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгджээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байх ба албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг ойлгоно.
Анхан шатны шүүх Х.Н-ы ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны албаны цахим худалдан авалт, бараа хариуцсан мэргэжилтний чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн тохиолдолд А.Багдат, Х.Гүлбану, Х.Н нарыг томилж, чөлөөлөхдөө уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах байсан хэмээн үндэслэл бүхий дүгнэлт өгсөн бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “...анх аймгийн Худалдан авах ажиллагааны алба байгуулагдсан үеэс эхлэн тасралтгүй ажиллаж байсан мэргэжилтэн А.Багдат, 3 ой хүрээгүй хөхүүл хүүхэдтэй байсан мэргэжилтэн Х.Гулбану нарыг авч ажиллуулсан...” гэх тайлбараас үзвэл дээрх журмаар албан хаагчийг шалгаруулж авсан гэж дүгнэх боломжгүй юм.
Мөн анхан шатны шүүх орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний 2 орон тоонд дээрх байдлаар ажиллах эрхтэй А.Багдат, Х.Гулбану, Х.Н нараас Х.Гулбану нь өөрийн хүсэлтээр өөр ажилд буюу нягтлан бодогчийн ажилд томилогдсон тохиолдолд маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилон ажиллуулахаас хариуцагч татгалзсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус зөрчсөн хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хариуцагчийн ажлын байрны тодорхойлолт олдоогүй тул түүнийг Орон нутгийн өмчийн газарт үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Худалдан авах ажиллагааны албанд Х.Гулбану ажил худалдан авалт, санхүү хариуцсан мэргэжилтнээр, А.Багдат бараа худалдан авалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан ба Х.Н нь бусад мэргэжилтнүүдтэй ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн бараа, зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон орон нутгийн өмчийн худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд ажлын байрны чиг үүрэг хоорондоо ижилхэн байна гэж шүүх зөв дүгнэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА