Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 113/ШШ2016/0005

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: МАХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,

                   Говьсүмбэр аймгийн Засаг дарга;

Гуравдагч этгээд: МАХ-ны Говьсүмбэр аймаг дахь салбар

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.2-т заасан АХ-ны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулах,

тус аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

тухайн үндсэн хөрөнгийг АХ төрийн бус байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрээс 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргасан А/213 дугаар захирамжийг 2015 оны 7 дугаар сарын 24-нд хүлээж авсан.  Захирамжид аймаг дахь ахмадын хороо ТББ-ын 24 жил гаруй эзэмшин ашиглаж байгаа барилга, тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийг аймаг дахь ахмадын чөлөөт холбооны салбарт шилжүүлэн эзэмшүүлж ашиглуулахаар захирамжилсан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг харгалзан үзэлгүй илт үгүйсгэсэн нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Захирамжинд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэсэн гэх боловч энэхүү тогтоолд ахмадын хорооны хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой ямар нэгэн заалт байхгүй. Ахмадуудын сайн дурын үндсэн дээр бус томилолтоор төрийн тус байгууллага байгуулж, төсөв санхүүгийн мэдэлтэй болж цаашлаад тэдний үндсэн хөрөнгөтэй болох санаархлаа гүйцэлдүүлэх үйл ажиллагааг дэвэргэн дэмжиж, ахмад настнуудад сэтгэлзүйн дарамт учруулж оюун санаа сэтгэлгээний хохирол учрууллаа.

Аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг 2015 оны 7 дугаар сарын 24-нийн өдөр аймаг дахь АХ-ны салбарын үйлчлэгч Т.О өгснөөр мэдсэн. 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ахмадуудын цуглаанаар танилцуулахад ахмадууд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга хууль ёсны болтол хүлээн авахаас татгалзсан шийдвэрээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б-д албан тоотоор хүргүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр захирамжаар томилогдсон комисст Засаг даргын захирамжийн талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана, шүүхийн шийдвэр гартал хүлээлгэн өгөхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн болно. 2012 онд аймгийн Засаг даргын А/166 дугаар захирамжаар ахмадын хорооны 17922,6 төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэн авч үйл ажиллагаандаа ашиглах, эзэмших эрхийг аймгийн ахмадын хороо төрийн бус байгууллагад олгосон. 2013 онд ашиглалтад орсон ахмадын барилгын захиалагч нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалтаар баригдсан. Улсын комисс ахмадын хороонд хүлээлгэн өгсөн. Орон нутгийн өмчид шилжээгүй төрийн өмчид байгаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын тэмдэглэлд Ахмадын хорооны хөрөнгийн тухай хэлэлцээгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төрийн бус байгууллага, ахмадын хамт олноос ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Энэ тогтоол нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны дотор биелэлт нь хэрэгжиж дуусгавар болсон гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг даргаас гаргасан 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг хүчингүй болгож, тухайн үндсэн хөрөнгийг ахмадын хороо төрийн бус байгууллагад эзэмшүүлж ашиглуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой маргах зүйлгүй гэж ойлгож байна. Гэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын үндэслэх хэсэгт Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Төрийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн өмчид хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын 4, 5, 6 дугаар зүйлийг үндэслээд гаргасан байна. Тэгэхээр энэ хуулийн заалтуудыг харахаар гаргасан шийдвэр, процессын зүйл заалтуудыг зөрчсөн байна. Үүнийгээ засаг хамтарсан гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бие даан шийдвэр гаргахынхаа оронд дээрээс өгсөн чиглэлийн дагуу биелүүлж, өөрийн бодлого чиглэлгүй явсан асуудал байсан. Үндсэн гол шалтгаан нь төрийн өмчийн хорооны 44 дүгээр тогтоол, төрийн өмчид хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын 4, 5, 6 дугаар заалтуудыг зөрчсөн байна. Тийм учраас үүнийг буруу гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын А/216 дугаар захирамжийн тухайд энэ захирамж нь өөрөө үндсэн зүйлээ мартчихсан захирамж байна. Аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа өмчөө хэрхэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдүүлээд, дараа нь өмчөө шийдвэрлэх ажлын хэсгийг Засаг дарга шийдвэрээ гаргадаг. Гэтэл энд үндсэн захирамжлах хэсэг байхгүй, хийх ажил нь тодорхойгүй ажлын хэсэг байгуулаад, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлнэ гэж байгаа боловч энэ хоёр байгууллага чинь нэг байгууллага юм уу хоёр өөр байгууллага гэдэг нь хуулиар зохицуулсан байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслээд аймгийн Засаг дарга өөрөө шийдвэр, захирамж гаргахгүйгээр эд хөрөнгийг акталж болохгүй. Гэтэл энд Засаг даргын шийдвэр байхгүй. Тийм учраас Засаг даргын шийдвэрийг илтэд хууль бус болохыг хүлээн зөвшөөрөөч гэж шүүхээс хүсч байна гэв.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн АХ нь 2013 оны 10 дугаар сарыг дуустал орон нутгийн төсвөөс санхүүжилт авсан атлаа 2013 оны жилийн эцсийн тайлан мэдээ, Төрийн өмчийн хороо болон Үндэсний статистикийн хороонд нэгтгэгддэг аймгийн өмч хөрөнгийн мэдээ тайланг цаг хугацаанд нь ирүүлээгүйгээс болж 2012 оны жилийн эцсийн тайлан мэдээгээр нь нэгтгэн явуулсан. Мөн 2014 онд Өмч шилжүүлэх гэрээг Орон нутгийн өмчийн мэргэжилтэнтэй байгуулаагүй энэ нь эргээд орон нутгийн өмчид тавих хяналтыг сулруулсан. Эдгээр шалтгааны улмаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс өмч хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гаргахад хүргэсэн. Иймд тухайн байгууллагын дарга Ш.А, нягтлан бодогч С.С нартай орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтний зүгээс цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байна. Уг зөрчил дутагдлыг дахин давтахгүй ажиллавал аймгийн Ахмадын хороотай хамтран ажиллахад татгалзах зүйлгүй болно.

Мөн шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэн үзэх болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А: Итгэмжлэл олгосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байр суурьтай байгааг уламжлая. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамж нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. дахь хэсгийн а-д “...Хурал...-ын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэн захирамжилсан болно. Тус захирамжаар “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хөрөнгийг Ахмадын хорооноос Ахмадын Чөлөөт холбоо төрийн тус байгууллагын Говьсүмбэр аймаг дахь салбарт шилжүүлэн эзэмшүүлж, ашиглуулах” үүргийг хэрэгжүүлсэн билээ. Энэ үүргийн хэрэгжилт удаашралтай байсан бөгөөд Ахмадын хороонд урьд өмнө нь мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгч өөрөө үйл ажиллагаа явуулах ажлын байр, үндсэн хөрөнгөгүй төрийн тус байгууллага юм. Үүнчлэн нэхэмжилж байгаа хөрөнгө нь тус байгуулагынх биш орон нутгийн өмчид хамаардаг бөгөөд орон нутгийн өмчийн ашиглалтад тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэн хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл Монголын ахмадын чөлөөт холбоо нь Монгол улсын Засгийн газартай 2013 оны 02 дугаар сарын  14-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх бөгөөд цаашид орон нутгуудад ахмадын нийтлэг эрх ашгийг төлөөлж, төрийн өмнөөс ахмад настанд үзүүлэх үйлчилгээг Ахмадын чөлөөт холбооны салбар нэгжүүдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх үүргийг Засгийн газраас өгсөн юм. Тус үүргийн хүрээнд Ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар нэгжтэй хамтран ажиллаж байна.

Иймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Монголын ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбарын тэргүүн Л.Ё шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын ахмадын чөлөөт холбооны салбарын ажиллах журмын дагуу Л.Ё би аймгийн Ахмадын чөлөөт холбооны салбарын  тэргүүнээр сонгогдсон юм. Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль түүнийг үндэслэн засгийн газрын шийдвэр гэрээний үндсэн дээр засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж холбогдох зардлыг бүрэн бусад хэсэгчлэн санхүүжүүлж болно гэж хуульчилсаны дагуу Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтуудыг хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа учраас хууль бус үйлдэл байх үндэслэлгүй юм. Одоо аймгийн Ахмадын хорооны эзэмшилд байгаа барилга байгууламж, тээврийн хэрэгсэл эд хөрөнгө нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх мэдэлд байх орон нутгийн өмч учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамж зэрэг нь хууль эрх зүйн дагуу гаргасан үндэслэлтэй зөв шийдвэр гэж үзэж байна.

Аймгийн ахмадын хорооны 2014 оны 10 дугаар сард нийт ахмадуудын дунд хурлаа хийж сонгууль явуулах ёстой байтал хурлаа огт хийлгүй жил гаруй болж байгаа учир хүчин төгөлдөр бус төрийн бус байгууллага болох нь тодорхой байгаа зэргийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 50 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/213 дугаар захирамж гарсан нь үндэслэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тухайн үндсэн хөрөнгийг ахмадын хороо төрийн бус байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгч А.С-д шүүх хуралдааны товыг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн саналтай байсан тул иргэдийн төлөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Монголын ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбарын тэргүүн Л. 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “... тус өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр суух шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн[1]”, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Анхан шатны шүүх хуралдааныг гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоогүйгээр хийхэд татгалзах зүйлгүй[2]” гэсэн хүсэлтүүдийг ирүүлснийг үндэслэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4.,91.5.-д заасныг үндэслэн гуравдагч этгээд Л.Ё болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг тус шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д “Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана” заасны дагуу Монголын ахмадын холбооноос 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаар албан бичгээр Говьсүмбэр аймгийн Ахмадын хороо төрийн бус байгууллагын дарга Ш.Адьяадоржид итгэмжлэл олгосныг үндэслэн Ш.А Монголын ахмадын холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А[3] шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь гуравдагч этгээд Монголын ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбарын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаан ирвэл зохих 7 тэргүүлэгчээс 6 тэргүүлэгч оролцон 85.7 хувийн ирцтэйгээр хуралдаж, 2014 оны үндсэн хөрөнгө акталж данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх, худалдах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар 50 дугаар тогтоолыг баталсан байна[4].

Уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 2-34-т заасан 33 нэр төрлийн хөрөнгийг Ахмадын хорооноос Монголын ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбарт шилжүүлэхийг аймгийн Засаг даргад зөвшөөрчээ. Дээрх хөрөнгө нь орон нутгийн өмч болох нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 53 дугаар тогтоол, Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээ, Говьсүмбэр аймгийн орон нутгийн өмчийн байгууллагуудын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ахмадын өргөөний барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссийн акт зэрэг баримтуудаар[5] тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргаагүй байна.

Харин тухайн хөрөнгийг Монголын ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбарт шилжүүлсэн нь холбогдох хууль тогтоомж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.”, 3.-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар маргаан бүхий тогтоолд заасан хөрөнгийн өмчлөгч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эрх хэмжээнийхээ хүрээнд, хөрөнгө өмчлөгчийн хувьд захиран зарцуулж 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолыг гаргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын 4.1.-д зааснаар өмч эзэмшигч байгууллага болох Ахмадын хорооноос албан ёсны зөвшөөрөл аваагүй гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь уг журам нь төрийн өмчит хуулийн этгээдийн[6] эд хөрөнгийн харилцааг зохицуулсан байх тул Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолоор шилжүүлсэн хөрөнгийн асуудалд хамаарахгүй байна.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 50 дугаар тогтоолд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн тул энэ талаар дахин хэлэлцэж, дүгнэх шаардлагагүй юм.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “Засаг дарга захирамжийн үндэслэлээ тусгаагүй, хэрэглэх ёстой хуулийг буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2. дахь заалтыг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр дээрх захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. дахь хэсгийн а/-д заасан бүрэн эрхийн хүрээнд Ахмадын хороо ТББ-ийн эзэмшиж, ашиглаж буй 194894024 төгрөгийн хөрөнгийг Монголын ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар ТББ-д шилжүүлэн эзэмшүүлж, ашиглуулах ажлын хэсгийг байгуулжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.-т аймгийн Засаг даргын  орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх бүрэн эрхийг хуульчилсан боловч мөн хуулийн 29.1.6. дахь хэсгийн а/-д “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;” гэж заасныг баримтлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэрүүлэгчдийн тогтоолыг биелүүлж, ажлын хэсэг байгуулсан нь захиргааны актыг илт хууль бусад тооцох шинжийг агуулахгүй байх тул аймгийн Засаг даргын 2015 оны А/213 дугаар захирамжийг илт хууль бусад тооцож,  хүчингүй болгох боломжгүй байна.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн өмчийг өөр этгээдэд эзэмшүүлсэн болон аймгийн Засаг дарга уг үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлсэн тухай шийдвэр нар хуульд заасан эрхийнхээ дагуу хөрөнгийг Монголын ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбарт шилжүүлсэн тухай шийдвэрүүд болон Монголын ахмадын холбоонд санхүүжилт олгохгүй болсноос Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нэхэмжлэгчийн хэвийн ажиллах, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байх тул  маргаан бүхий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд заасан хөрөнгийг Ахмадын хороо төрийн бус байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Монголын ахмадын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-с гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14. дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1., 3. дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. дахь хэсгийн а/-д заасныг тус тус баримтлан Монголын ахмадын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-н “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулах, тус аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тухайн үндсэн хөрөнгийг Ахмадын хороо төрийн бус байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН

        ШҮҮГЧИД                                        З.ГАНЗОРИГ

                                                                Б.МӨНХЗУЛ

 


[1] Хэргийн 3 дугаар хавтас 19 дүгээр хуудас

[2] Хэргийн 3 дугаар хавтас 18 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтас 33 дугаар талд авагдсан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар албан бичгээр Х.Алтанцэцэгт олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан заасан. Хэргийн 2 дугаар хавтасны 33 дугаар талд

[4] Хэргийн 1 дүгээр хавтас 166-167 дугаар тал

[5] Хэргийн 1 дүгээр хавтас 81-100 дугаар тал

[6] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. ...” гэж заажээ.