Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00728

 

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01118 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 667 дугаар магадлалтай,

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

“Эрдэс холдинг” ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 162.836.304 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

илүү төлсөн 15.408.049 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Жадамбын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг, Ж.Цолмон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэс холдинг” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажиллагсдад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл 148.028.181,25 төгрөгийг төлөөгүй. Тус компанид төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа анхааруулсан боловч төлж барагдуулаагүй. Иймд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртлэх нийгмийн даатгалын шимтгэл 148.028.181,25 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сараас хойш хугацааны шимтгэл болох 29.616.245,81 төгрөгийн алданги 14.808.122,9 төгрөг нийт 162.836.304,15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Н.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани төмрийн хүдрийн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Монголын эдийн засагт бий болоод байгаа инфляци, ам долларын өсөлт, эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас болж нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байдал үүссэн. 2014 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 148.028.181,25 төгрөгийн хувьд маргах зүйл байхгүй. Энэ үнийн дүнг манайх тайлагнаж өгсөн. Алдангид нэхэмжилсэн 15.658.837,31 төгрөгөөс 11.168.654,56 төгрөг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хүлээлгэсэн хариуцлага бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар өршөөлд хамрагдах тул алдангийн нийт дүнгээс 11.168.654,56 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэлх хувиар ялгавартайгаар тогтооно” гэж заасан. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг компанийн бусад ажилтан албан хаагчийн шимтгэл төлөх хувь 10, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 11 хувиар тооцох нь хуульд нийцэх юм. Гэтэл манай компани өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын санд 13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөөр 2 хувийн илүү төлөлттэй байгаа нь дээрх хуулийн заалтаар батлагдаж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу нийгмийн даатгалын хуримтлагдсан үндсэн өрөөс илүү төлсөн 15.408.049 төгрөгийг  хасч тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.5-д зааснаар энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарагдах даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлнө”, мөн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.10-т ашигт малтмал олборлох баяжуулах боловсруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг 3 хувиар төлнө гэж заасан. Хуулийн дээрх заалтуудыг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын тогтоолд заасны дагуу үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд төлөх хувь хэмжээг 3 хувиар ялгавартайгаар тогтоон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байна. Хууль батлахдаа тухайлсан аж ахуйн нэгжид зориулж бус, нийтээр дагаж мөрдөхөөр гаргадаг тул “Эрдэсхолдинг” ХХК-ийн ажилтан, албан хаагч тус бүрээр салган шийдвэрлэх боломжгүй. Энэ нь үйл ажиллагааны чиглэл тус бүрээр салбар байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан тохиолдолд Улаанбаатар дахь оффисын салбарын ажилтнуудыг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд 1 хувиар, уурхайн үйл ажиллагаа эрхлэх салбарын гэрчилгээ авсан салбарт бүртгэлтэй ажилтнуудын үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг 3 хувиар салгаж төлөх боломжтой. Манай байгууллагын хувьд энэ талаар хариуцагчид удаа дараа хэлж байсан боловч тус компани хэрэгжүүлээгүй. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01118 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлд илүү төлсөн 15.408.049 төгрөгийг хасч тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Эрдэс холдинг” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд 148.028.181, 25 төгрөгийг, алданги 14.808.122.9 төгрөгийн хамт 162.836.304.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 920.180 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 667 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Жадамба хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

1. “Эрдэс холдинг” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “... үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэлх хувиар ялгавартайгаар тогтооно” гэж заасны дагуу хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг компанийн ажилтан, албан хаагчдын шимтгэл төлөх хувь 10, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 11 хувиар тооцож байх нь хуульд нийцнэ гэж үзэж, улмаар компанийн Улаанбаатар хот дах төв оффисст буюу хөдөлмөрийн хэвийн нөхцөлд байнга ажилладаг ажилтан, албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 13 биш 11 байх нь дээрх заалтыг хавтгайруулж бус хэрэгжилтийн үр нөлөөг хангаж, ажил олгогч компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироохгүй юм. Гэтэл шимтгэлийн хувь хэмжээний зөрүү 2 хувийн илүү төлөлтийг нийгмийн даатгалын санд 2015 оны 11 дүгээр сар хүртэл тасралтгүй төвлөрүүлж ирсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах” гэж заасны дагуу нийгмийн даатгалын өрөөс 15.408.049 төгрөгийн илүү төлөлтийг хасч тооцуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Уг заалтын дагуу шимтгэлийн хувь хэмжээг ялгамжтай байдлаар төлж, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулан тооцдог аж ахуй нэгж байгууллага цөөнгүй байна. Тухайлбал: “Ник” ХК, “Энержи ресурс” ХХК гэх мэт, энэ тухай нэхэмжлэгч нийгмийн даатгалын хэлтэс өөрөө тодорхойлж, эл асуудлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...хариуцагч компани нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19.4-т зааснаар ажил олгогч илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах эрхтэй гэж заасан боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь дээрх хуулийн заалтад нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж хууль бус, хууль зүйн үндэслэлгүй алдаатай дүгнэлт” өгч хэргийг шийдвэрлэсэн. Учир нь шимтгэл төлсөн хэмжээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хугацаа зэрэг дээр нэхэмжлэгч тал маргаагүй байтал анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтад хамааралгүй байдлаар дүгнэж, тухайн асуудлыг холбогдох эрх зүйн зохицуулалтгүй мэтээр дүгнэсэн нь буруу юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хууль ёсны эсэх, үндэслэл бүхий байдал дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүхийн алдааг зөвтгөх ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шаардлага, шалгуур тавьж хэргийг шийдвэрлэсэн үйлдлийг давж заалдах шат хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болохоо баталж байна.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа процессийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй зөвтгөсөн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас шинээр нотлох баримт шүүхэд гаргаж өгсөнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.7-д заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх хуулийн шаардлагын дагуу шинээр гаргаж өгсөн нотлох баримттай холбоотой талуудын оролцоог хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах арга хэмжээ авах байсан.

Шинээр гаргаж өгсөн нотлох баримт болон хавтаст хэргийн материалыг анхан шатны шүүх хуралдаан дээр буюу 2016 оны 01 сарын 28-ны өдөр хариуцагч талд танилцуулсан нь хэргийн оролцогчдийн эрх, үүргийг тэнцвэржүүлэх, шинээр гаргаж өгсөн нотлох баримттай холбоотой тайлбар хийх, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх бололцоогоор хангаагүй орхигдуулсан нь процессийн алдаа гаргасан гэж хариуцагч талаас үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлэлцүүлгийн үе шатанд хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх зохигчийн эрхийг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай цуглаагүй, хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн буруу бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-с нийгмийн даатгалын шимтгэл 148.028.181 төгрөг, алданги 14.808.122 төгрөг нийт 162.836.304 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч алдангийг 2015 оны ...Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгохыг хүсч, улмаар “...нийгмийн даатгалын шимтгэлд илүү төлсөн 15.408.049 төгрөгийг нэхэмжилсэн үндсэн төлбөрөөс хасч тооцуулах” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Эрдэс холдинг” ХХК нь 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 148.028.181 төгрөгийг төлөөгүй, энэ талаар маргаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулах, энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх хариуцлагыг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид хүлээлгэхээр заажээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл энэхүү хууль нь хувь хүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх зорилготой тул хариуцагчийн “алданги нь ...Өршөөлийн хуулийн 4.3-т хамрагдана” гэх тайлбар үндэслэлгүй.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс гадна Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн холбогдох заалтын талаар хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарагдах даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлнө”, мөн зүйлийн 5-т “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.10-т “ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах, бүтээгдхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 3.0 хувиар төлөхөөр заасан ба энэ тогтоолд заагаагүй бусад ажил олгогчийн төлбөл зохих үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 1.0 хувиар тогтоожээ.

“Эрдэс холдинг” ХХК нь ашигт малтмал ашиглахаас гадна гадаад худалдаа, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2008 оноос 2014 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 3.0 хувиар төлсөн талаар талууд маргаагүй байна.

Дээрх тогтоолд зааснаар тус компани захиргааны ажилчдын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.0 хувиар төлөх ба хариуцагч дурдсан хугацаанд 15.408.049 төгрөг илүү төлсөн гээд уг шимтгэлд хамаарагдах ажилчдын нэр, регистр, албан тушаал, цалинг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлсэнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна /хавтаст хэргийн 45-50 дугаар тал/.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т зааснаар ажил олгогч нь илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж илүү төлсөн 15.408.049 төгрөгийг төлөх ёстой 162.836.304 төгрөгөөс суутган тооцож, үлдэх 147.428.255 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.   

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасан нь хариуцагчид хамааралгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 25, 28-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцсан /хавтаст хэргийн 151-160 дугаар тал/ байх тул “...шинээр гаргаж өгсөн нотлох баримттай холбоотой тайлбар хийх, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх бололцоогоор хангаагүй...” гэх гомдол үндэслэлгүй.  

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 667 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, 5, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 19 дүгээр зүйлийн 4/–т заасныг баримтлан хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-с 147.428.255 /нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун хорин найман мянга хоёр зуун тавин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 15.408.049 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “920.180” гэснийг  “895.091” гэж, “дурдсугай” гэснийг  “дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 234.990 төгрөг гаргуулж хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 5 дугаар сарын 9-ны өдөр төлсөн 235.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ