Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/00105

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******т холбогдох "4775766 төгрөг гаргуулах тухай" ******* ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай компанийн бөөний төвөөс зээлээр бараа авдаг харилцагч. 2016 оны 8 сарын 14-нд бөөний төв №13-аас 2973680 төгрөгийн ариун цэврийн бараа, мөн 2016 оны 8 сарын 14-нд бөөний төв №9-өөс 153700 төгрөгийн хүнсний бараа, 2016 оны 8 сарын 14-нд бөөний төв №12-оос 589170 төгрөгийн хүнсний барааг тус тус зээлээр авсан. Нийт 3716550 төгрөг ба бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 3.10-д зааснаар алданги 1059216 төгрөг, нийт 4775766 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа тул *******ээс гаргуулж ******* ХХК-д төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Үндсэн барааны мөнгө болох 3716550 төгрөгөөс 716550 төгрөгийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 3000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 25-ны өдрийн дотор барагдуулна. Алданги болох 1059216 төгрөгийг үндсэн мөнгөө барагдуулж дууссанаас хойш 2 сарын дотор 2 хувааж төлөх саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 4775766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******гийн *******т холбогдуулан гаргасан 4775766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91362 төгрөгийн тал хувь 45681 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 45681 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 45681 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ