Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00081/И |
Дугаар | 138/ШШ2017/00110 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2017/00110
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******т холбогдох "Саатуулах байрны зардал 46850 төгрөг гаргуулах тухай" Дорнод аймаг дахь *******ийн газрын нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******ийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******гийн ******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих 42700 төгрөг, 2016 оны 01 сарын 03-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие саатуулах байрны нийт төлбөр 46850 төгрөгийг 21 хоногийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 01 сарын 04-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 тоот шийтгэвэрээр 7 хоног баривчлагдан шийтгэл эдэлсэн болох нь зохигчийн нэхэмжлэл, тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 15 дугаар шийтгэвэр, баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 46850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт *******гийн ******* саатуулах байрны зардал 46850 /дөчин зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******ийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ