| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/05412/и |
| Дугаар | 281 |
| Огноо | 2020-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 281
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр, П.Отгонтуул, Б.Мөнгөнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Б- болон хамтран үүрэг гүйцэтгэгч Р.П- нар нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Х” ХХК-тай 1050031763 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 67 500 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, зээлийн жилийн хүү нь 24 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 29 250 000 төгрөг, зээлийн хүүд 18 026 221.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 80 631.28 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1050031763 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 84 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1050031763 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1050031763-01 дугаар бүхий баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгөнүүдийг барьцаалсан. Улсын бүртгэлийн Ү-2204007217 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 21 байр 53 тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, зээлдэгч Б.Б-, Р.П- нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дарааг>1Йн мэдэгдэл, шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, улмаар 2018.06.29-ний өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1050031763 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг Б.Б-, Р.П- нараас нэхэмжилж байна. Үүнд:
Зээлийн үндсэн төлбөр: 38 250 000 төгрөг
Зээлийн үндсэн хүү: 2 917 479 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 48 206 төгрөг Нийт 41 215 686 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлыг хариуцагч нараас гаргуулах;
2. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг баталгаат ипотекийн болон барьцааны гэрээнд заагдсан доорх хөрөнгөөр хангуулахаар
Улсын бүртгэлийн Ү-2204007217 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 21 байр 53 тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууц,
Барьцааны дээр дурдсан хөрөнгөнүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үндсэн төлбөрт 38 250 000 төгрөг, хүүнд 2 917 479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 48 206 төгрөг, нийт 41 215 685 төгрөг нэхнэ. Анх 41 215 686 төгрөг нэхсэн боловч тооцооны зөрүүний 1 төгрөгөөс татгалзаж, 41215 685 төгрөг нэхнэ. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Талууд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. 67 500 000 төгрөгийг 36 сараар, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд үндсэн зээлд 29 250 000 төгрөг, хүүнд 18 026 221.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 80 631.28 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлбөр хийгээгүй. Банк нь урьдчилан шаардаж байсан. Иймд зээлийг төлүүлэх, сайн дураар төлөөгүй бол 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хамтран үүрэг гүйцэтгэгчид гэрээний эрх үүргийг танилцуулсан. Улмаар гэрээ хуулийн дагуу байгуулагдсан гэжээ.
Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дугаар 1050031763 тоот зээлийн гэрээ байгуулж, 67 500 000 төгрөгийг зээлэхээр тохиролцсон. Тус зээлийн төлбөрт 80-90 орчим сая төгрөгийг төлсөн. Гэтэл дахин их хэмжээний мөнгө нэхэмжилж шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хүү Р.П- нь энэ зээлтэй холбоотой асуудалд ямар ч хамааралгүй. Гэтэл тус байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж миний хүүг бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. 67 500 000 төгрөгийг аваад 80-90 саяыг төлчхөөд байхад дахиад мөнгө нэхээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулагдсан байж шаардах эрхийг бий болгодог. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж байгуулсан гэрээ нь шаардах эрхийг бий болгохгүй. Иймээс хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.П- шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн Р.П- би 1992 оны 6 дугаар сарын 11-ний Б.Б-гийн том хүү нь болж мэндэлсэн. Улмаар 2015 онд өрх тусгаарласан. Хас банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг хариуцагч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж хүүг бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний 2015 онд өрх тусгаарлаж тусдаа бизнес эрхлэх болсноос гадна. Өөрийн ээж Б.Б-гаас санхүүгийн байдлын хувьд тусдаа байгаа. Би 67 500 000 төгрөгийг аваагүй. Тус мөнгөнөөс нь захиран зарцуулалт ч хийгээгүй. Хууль зүйн хувьд мөнгө аваагүй хүн мөнгө буцаан төлөх, хариуцах гэдэг ойлголт байх боломжгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр миний ээж Б.Б- нь 67 500 000 төгрөг аваад 80-90 саяыг төлчхөөд байхад дахиад манай ээжээс мөнгө нэхэмжилж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
67 500 000 төгрөгийн зээл авсан. Гэрээний хугацаа болон хүүний хувьд маргахгүй. Гэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мөнгө авсан боловч гэрээний дагуу төлөх ёстой эсэх талаар маргадаг. Хуульд заасан журмаар зээл олгосон байх ёстой. 1.2.4-т хэсэгчилсэн хугацааны талаар заасан байдаг. Гэрээний хавсралтаар гэрээний оролцогч 3 хүн байхад 2 этгээд хэсэгчилсэн хугацааг тогтоосон байдаг. 36 сараар тооцоход 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусах ёстой. Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Олон хуулийн заалт зөрчигдөж гэрээ байгуулагдсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б.Б-, Р.П- нараас зээлийн гэрээний үүрэгт 41,215,686 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б-, Р.П- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13 хороолол, 21 байр, 53 тоот хаягт байрлах 40 мкв, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007217 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 454,228.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Р.П- нараас 454,228.43 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т давж заалдах гомдолдоо:
... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 101/ШШ2019/03375 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Хэргийн оролцогч өөрөө гаргаж өгөх боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулж болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан. “Х” ХХК нь Б.Б-, Р.П- нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа тохиолдолд хариуцагч зээлийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байсан нь чухал ач холбогдолтой. Гэтэл хариуцагч нарын зүгээс дансны хуулга авч үзэхэд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөнтэй төстэй хуулгыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэх субъект болон хариуцагч нарт дансны хуулга гаргаж өгсөн этгээд нь нэг этгээд тул гаргаж төстэй байсан. Иймээс талуудын байр суурь зөрүүтэй байсан тул шүүхийн журмаар дансны хуулгыг /хуурамч нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан захирамжтай/ гаргуулахаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан (хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг нотлохоор) боловч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Санхүүгийн анхан шатны баримтууд нь хариуцагчид байхгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхэд хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 338 тоот (хуулийн хүчин төгөлдөр болсон) магадлалаар хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдааг залруулахаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхад тус алдааг залруулаагүй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” 15.2-т “Банкны үйл ажиллагааны чиглэлээр” 15.2.1-т “банк байгуулах банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх” гэж заасан. Мөн Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 20.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ” гэж заасан. Иймээс нэхэмжлэгч нь банк эрх бүхий этгээд гэж байгаа бол Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрөл байх ёстой юм. Иймээс “улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичиглэл хийгдсэнээр тусгай зөвшөөрөлтэй” гэж үзсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй таамагласан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл. журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул тухайн хэлцлийн улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд гомдол гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан “...хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасан. Иймээс нэхэмжлэгч нь түүнийг төлөөлөхийг зөвшөөрч байгаа бол хуульд заасан хэлбэрээр бичгээр өөрийг нь төлөөлөхийг зөвшөөрсөн байх шаардлагатай юм. Мөн хуулийн агуулгаас харвал хүлээн зөвшөөрснөөс хойш хэлцлийг “шинээр хийсэнтэй адилтгаж...үзнэ” гэж байгаа тул хэлцлийн хүчин төгөлдөр болох хугацаа нь талуудын гаргах шаардлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Б-, Р.П- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 215 685 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Б.Б-, Р.П- нар нь “Х” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 67 500 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлсэн, зээлдэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн зээлийн хөрөнгийг зээлдэгч хүлээн авч, гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлж байсан үйл баримт тогтоогдсон, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэжээ.
Хариуцагч нь зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүйтэй холбоотойгоор зээлдүүлэгч удаа дараагийн мэдэгдлээр зээлээ төлөхийг сануулж мэдэгдсэн боловч үр дүн гараагүй байх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, гэрээний 5.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үүргийн үлдэгдэл төлбөр шаардах эрхтэй.
Зээлдэгч буюу хариуцагч нь зээл авснаас хойш нийт 90 орчим сая төгрөгийг төлсөн тул нэмж төлбөр төлөх үндэслэлгүй гэж татгалзал гаргасан боловч баримтаар нотлоогүй, харин 47 356 852.64 төгрөгийг төлсөн талаарх баримт, тооцооллыг нэхэмжлэгч шүүхэд гаргасныг эсэргүүцээгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон, зээлийг бодитоор төлсөн дүн, хугацаагаар үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцон 41 215 686 төгрөг нэхэмжилснийг алдаатай, буруу гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүх зээлийн төлбөрийн үлдэгдлийг гаргахдаа гэрээний хугацааг 1 жил, 8 сар, 12 хоногоор тооцож, үндсэн зээл 67 500 000 төгрөг, хүү 27 532 575 төгрөг, нийт 95 032 575 төгрөгийн үүрэгтэйгээс зээлдэгчийн төлсөн дээрх 47 356 852.64 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөрийг 47 675 722.36 төгрөг гэж тогтоосон нь зээлийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу эргүүлэн төлөх зээлдэгчийн үүргийн бодит гүйцэтгэлд үндэслэгдээгүй байх боловч нэхэмжлэлийг шаардлагын хэмжээнд буюу 41 215 686 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн тул шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэв.
Зээлийн гэрээнд Р.П- хамтран зээлдэгч болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг үндэслэн нэхэмжлэгч гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдүүдээс үүрэг шаардах үндэслэлтэй талаар, мөн “Х” ХХК зээл олгох эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрх олгогдсон эсэхээр гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй талаар дүгнэхдээ шүүх хэргийн нөхцөл байдал, бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Мөн зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 53 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч Р.Өнөмөнх, И.Батмөнх нараас олгосон итгэмжлэлийн дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан талаарх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, түүгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
А.ОТГОНЦЭЦЭГ