Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020//ДШМ/1483

 

 

   2020            12             15                                       2020//ДШМ/1483                                                      

 

                                   О.Тад холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах, 

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/1084 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2008005100411 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 36 дугаар гудамжны 6 тоотод оршин суух иргэн А.Батсайханы байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Тошиба загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хөл аваач овгийн Отгончимэгийн Төрбатыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тад 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 81 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан давж заалдах гомдлоо өөрчилж байна. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс О.Тад 4 жилийн хорих ял оногдуулсан. Тухайн үед шүүгдэгч О.Т нь гэм буруу дээрээ маргаж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ одоо О.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Иймд түүний бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, шүүгдэгч О.Т нь шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тад хорих ял оногдуулахдаа түүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон, түүнчлэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 36 дугаар гудамжны 6 тоотод оршин суух иргэн А.Батсайханы байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Тошиба загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

О.Тын “...Нэг хашаа руу ороход хашаан дотор нь хоёр монгол гэр байсан ба намайг ороход нэг эмэгтэй хүн урд талын гэрээс гарч ирж намайг харчихаад буцаад орчихсон юм. ...Тэгээд нэг мэдэхэд би нэг зурагт тэвэрчихсэн явж байсан ба нэг таксины ахтай дэлгүүрийн урд талд таараад тухайн ахад авч явсан зурагтаа зарахаар болоод хажуу талын нэг дэлгүүрт орж үзүүлсэн юм. ...Тэгээд би зурагтаа тэврээд гарч ирэхэд нөгөө таксины ах 20.000 төгрөгөөр тухайн зурагтыг худалдаж авсан юм. ...манай хажуу айлд хөдөөнөөс ирсэн эмээ ...манай гэрийн гадаа чимээ гарахаар нь хаалгаа онгойлгоод харсан чинь үл таних нэг эрэгтэй “сайн байна уу” гэхээр нь би дуугарахгүй хаалгаа хаагаад гэртээ орсон гэж хэлсэн. ...”, “...би сэжигтнээр мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. ...” /1хх 24, 81/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлснээс гадна,

хохирогч Б.Хажидмаагийн “...2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 36-6 тоотод байрлах гэрээсээ 14 цаг 40 минутын үед гараад 19 цаг 40 минутын үед гэртээ ирэх үед хаалганы цоож байхгүй, эвдчихсэн байхаар нь гэртээ ороод үзтэл 2015 онд худалдаж авсан Тошиба брэндийн 32 инчийн LCD зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 20/,

гэрч Д.Анхбаярын “...Хар өнгийн куртиктэй, ногоон өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй, урт эсгий түрийтэй гутлын түрийг эргүүлэн өмссөн эрэгтэй хүн зурагт тэвэрсэн байдалтай орж ирсэн хүн авч явсан зурагтаа зарна гэж хэлж байсан. ...” /1хх 208/,

гэрч Х.Энхбаатарын “...зурагт тэврээд явж байсан хүн ганцаараа явж байсан. ...” /1хх 91/,

гэрч Ц.Отгончимэгийн “...Манай хүү О.Т надад зурагт хулгай хийсэн. Цагдаад баригдсан гэж хэлж байсан. Манай хүү хулгайн гэмт хэрэгт холбогдсон юм. ...” /1хх 94/,

гэрч М.Жавзангийн “...Тэр өдөр би зээ нарынхаа хамт гэртээ байж байтал манай зээ хүү эмээ хашаанд хүн яваад байх шиг байна гэж хэлэхээр нь би шагайгаад хартал манай гэрийн довжоон дээр нэг хүн зогсож байсан. Тэгэхээр нь би айгаад гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд суучихсан. ...” /1хх 214-215/,

гэрч С.Цэрэндуламын “...манай зурагтыг 65 дугаар сургуулийн зүүн хойд талаас тэврээд Цагаан суварга дэлгүүрийн гадаа хүнтэй уулзаад дэлгүүр доторх орж ирээд бусдад зарах гэж байсан эрэгтэй хүн бол эсгий түрийтэй гутлын түрийг эргүүлэн өмссөн, хар бараан куртиктэй, ногоон малгайтай хүн байсан. ...” /1хх 221/ гэх мэдүүлгүүд,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 6-9/, илтгэх хуудас /1хх 10/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 96/, Шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3248 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 243-250/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /2хх 12-17/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Мэдүүлгийн нотлох баримт нь хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний зураглал, баримт бичиг, бичлэг зэрэг баримт мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцдог. Энэ баталгааг гэрч, хохирогч, яллагдагчид хууль сануулснаар бүрэн бий болно гэж үздэг.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал байр суурь болдог учиртай.

Хавтаст хэрэгт О.Тын “...нэг хашаа руу ороход хашаан дотор нь хоёр монгол гэр байсан ба намайг ороход нэг эмэгтэй хүн урд талын гэрээс нь гарч ирж намайг харчихаад буцаад орчихсон. ...”, гэрч М.Жавзангийн “...би хаалгаар шагайгаад хартал манай гэрийн довжоон дээр нэг хүн зогсож байсан. Тэгэхээр нь би айгаад гэрийнхээ хаалгыг түгжээд суучихсан...” мэдүүлгүүдээс үзвэл тэд нэг цаг хугацаа, орчинд хэн аль нь өөрсдийн харсан, тухайн үеийн нөхцөл байдлыг дүрслэн мэдүүлснийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байна.

Иймд шүүх дээрх этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул  анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөх талаас гаргасан санал няцаагдаагүй, хэргийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хийсэн үйл баримт болон эрх зүйн дүгнэлт шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ түрүүлэх хэмжээнд тавигдаж, улмаар яллах талаас гаргасан нотлох баримтаар үгүйсгэгдээгүй гэж үзэхгүй.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Тын хохирогч А.Батсайханы гэрт нэвтрэн орж, 300.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд “...хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Шүүгдэгч О.Т бусдад төлөх төлбөргүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэрээр анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргасан, урьд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хэрэглэн хорих ял оногдуулсан байхад түүндээ дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байдлаас дүгнэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх боломжгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ.

Гэтэл шүүгдэгч О.Тын хувьд гэм буруугаа хүлээж буй байдлын дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх бөгөөд гагцхүү ялаа багасгуулах зорилго агуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.

Шүүхээс хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх шалтгааны талаар бодитой зөв дүгнэлт хийж ял шийтгэлийг ялгамжтай, шударгаар оногдуулах явдал нь хуулийн цээрлүүлэх хүч чадал, үр нөлөөг илэрхийлдэг хүмүүжлийн өвөрмөц чухал хэрэглүүр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээг тогтоосон үндэслэл, баримталсан шалгуурыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байх нь зүйтэй бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод, эсхүл дээд хэмжээгээр ялыг тогтоож буй бол шийдвэрийнхээ үндэслэл болгосон нөхцөл байдлыг заавал зааж байх нь зохимжтой байдаг.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Аливаа гэмт хэрэг нь нийгмийн сөрөг үзэгдэл, хүний нийгэмд аюултай гэмт зан үйл болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалсан нийгмийн эрх ашиг сонирхолд халдаж, түүнд нийгэмд аюултай хор уршгийг учруулах буюу эсвэл тийм хор уршгийн учруулах нөхцлийг бий болгодог ба тэрхүү учирсан буюу учруулж болох байсан хор уршгаас гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ шалтгаална. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, оногдуулах ялын төрөл, хэмжээнд хэрхэн нөлөөлөх эсэх нь хор уршгийн эрүүгийн эрх зүйн учир холбогдлыг тодорхойлогдох учиртай.           

Шүүгдэгч О.Т анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, маргасан хэдий ч түүнд оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж учруулсан хохирол, хор уршигт тохироогүй байх тул давж заалдах шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд 4 жилийн хорих ялыг 2 жил болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заажээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 81 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай” гэж хуулийн бус хэллэг хэрэглэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэж байна.

Ингэснээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ. 

Шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд шүүгдэгч О.Тын давж заалдах гомдлоос “...хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9ий өдрийн 2020/ШЦТ/1084 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тад 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж, 

-4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тыг цагдан хоригдсон 81 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.Тын давж заалдах гомдлын “...хорих ялыг багасгаж өгнө үү...” гэснийг хүлээн авч, бусад давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ