Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.А даргалж, шүүгч П.Г, шүүгч Э.О нарын бүрэлдэхүүнтэй, 

           Улсын яллагч: Б.Б 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Г

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Н.Д, Б.М

Иргэдийн төлөөлөгч: Л.С

            Шинжээч эмч: Б.О

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н. Д-т холбогдох .. тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Н.Д 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр 24-42  улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтудыг зөрчсөний улмаас автомашиныг унагаж, зорчигч Б.Н, Д.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

* Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“...Талийгаач нарынхаа гэр бүлийн хүмүүсээс уучлалт гуйж байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, их гэмшиж байна гэв.

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

Талийгаач нөхөр маань Завхан аймаг руу хувийн ажлаар явсан. Надтай утсаар яриад Түдэвтэй сумад ирсэн байна гэсэн. Энэ хоёрын ажлыг нь бүтээчихээд гарна гэж ярьсан. Тэрнээс хойш  холбогдогүй байж байгаад, оройны 9 цагийн үед хамгийн сүүлд ярьсан. Түүнээс огт холбогдоогүй шөнө манай хадам ах Н залгаад осолд орсон юм шиг байна гэж хэлсэн. Утасруу нь залгаад холбогдохгүй байсан. Хадам ах ярихдаа манай нөхрийг газар дээрээ нас барсан байна, ах нь  танайх руу явж байна гэсэн. Хамгийн түрүүнд Завхан аймгийн цагдаагийн газарт ажилладаг дүүгээрээ дамжуулан Архангай аймгийн Их Тамир суманд авто осол болсон байна,  нөхөр маань газар дээрээ нас барсан гэдгийг мэдсэн гэв.

* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“...Аав маань Н.Д ахтай сумын 90 жилийн ойн баярын хандивийн тоглолтын талаар аймгийн засаг даргатай хамт Улаанбаатар хотруу гарсан. Хэрэг болдог шөнө би өөрөө утсаар яриагүй, маргааш өглөө нь ах эгч дүү нар маань машин тэрэг осолдсон гэж  дуулсан уу гэж ярьсан. Тэгээд  аавын утасруу залгатал утас нь дуудаж байсан. Удалгүй ажлын газрынхнаасаа осол гарсан,  аавыгаа нас барсан гэдгийг мэдсэн. Ах дүү нар дээрээ очоод Архангай аймгийн эмнэлэгт байгааг мэдсэн. Аавыгаа зүрхний титэм судасны нарийсал гэсэн өвчтэй байсныг мэдээгүй байсан. Сүүлд нь ажлын газрын шүүгээнээс нь эм гарч ирэхэд нь мэдсэн. Н.Д ах санаатай  гэмт хэрэг үйлдээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв. 

.. дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дгийн өгсөн: 

“...Б.Н нь миний нөхөр, Б, Д нарыг танихгүй ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Манай нөхрийн танилууд байсан байх. Манай нөхөр Б.Н 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймаг руу хувийн ажлаар найз Жамъянсүрэнгийн Ланд 80 маркийн машинаар явсан. Тэгээд Завхан явчихаад 2017 оны 01 дүгээр сарын 29-ний орой утсаар яриад Улаанбаатар руу гарах гэж байна гэсэн. Тэгээд тэр оройноо гарсан байсан. Маргааш нь буюу 30-ны өглөө 10-11 цагийн үед над руу утсаар яриад Завхан аймгийн Түдэвтэй суманд ирж хонолоо, эндээс 2 дарга нь явна, үдээс хойш ажлыг нь дуусгаад гарах юм шиг байна гэж ярьсан. Тэгээд орой нь 18 цагийн үед Завханы Их-уул суманд явж байна гэж яриад тэрнээс хойш дахиж холбоо бариагүй. Гэтэл 31-ний шөнө 03 цаг 30 минутын үед Архангай аймагт явж байгаад осол гарсан байна. Б.Н өөрөө яасан нь мэдэгдэхгүй байна гэж хадам ах Б.Н надад хэлсэн. Тэгээд өөрийнх нь утас руу залгаад холбогдохгүй байсан. Дахиад Б.Н ах утсаар яриад газар дээрээ нас барсан байна гэж надад хэлсэн. Хэргийн газар нь ч очоогүй болохоор надад мэдэх зүйл байхгүй байна. Би тухайн үед нас барсан гэж итгээгүй учир лавлаж хүмүүсээс асууж байгаад өглөө 07 цагийн үед нас барсан гэдгийг нь лавтай үнэмшиж мэдсэн. Хэн явсан, хэдүүлээ явсан, ямар байдалтай явсан гээд бүгдийг нь мэдэхгүй байна. Үнэмлэхтэй В ангилалтай, нилээн дээр үеийн шар өнгийн үнэмлэхтэй, хэдэн онд жолооч болж байсан гэдгийг нь мэдэхгүй, манайх өөрөө хувийн машинтай байнга машин барьдаг. 2012 оноос хойш тасралтгүй жолоо барьсан. Утсаар ярихдаа эрүүл ярьж байсан. Архи уугаагүй байсан, ямар байдалтай яаж яваа талаар нь яриагүй, хаана явна гэж л ярьсан. Өөр хувийн чанартай юм ярьсан. Бусад зүйлийн талаар яриагүй. Ер нь нэг их хурдлаад байдаггүй.Өмнө нь ямар нэгэн осол гаргаж байгаагүй. Хөдөө гадаа цас ихтэй учир том тэрэгтэй явах хэрэгтэй гээд хувийн журмаар гуйж аваад унаад явсан. Ямар ч байсан осол гарчихлаа, гэнэтийн осол аваар учир гомдолтой гэх зүйл алга байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 167 дугаар тал/

* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн өгсөн: 

“...Д.Б нь миний төрсөн аав, харин Б.Н-ийг нь танихгүй ямар нэгэн харьцаа байхгүй. Харин Дыг нутгийн ах хүний хувьд танина, төрөл садангийн холбоо байхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Н гэдэг хүний машинтай Улаанбаатар хот орохоор сумын Засаг дарга Дын хамт гарсан. Би  Улаанбаатар хотод байсан. Улаанбаатар хотод аав маань 2017 оны зун болох сумын 90 жилийн ойн ажлаар нутгийн зөвлөлийнхөнтэй уулзах ажилтай байсан. Ямар ч байсан сумаас гарснаас хойш холбоо бариагүй, чимээгүй байж байсан чинь маргааш нь буюу 30-ний өглөө Архангай аймгийн Ихтамир суманд явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан талаар манай ах, эгч нар надад хэлсэн. Би анх мэдээгүй байсан, ослын талаар огт мэдэхгүй, хэн жолоодож яваад юунаас болж осол болсон талаар мэдэхгүй байна. Юу болсон талаар хүмүүсийн амнаас сонсоход Засаг дарга Н.Д машин жолоодож яваад унаж зам тээврийн осол гарсан талаар мэдсэн. Осолд ороод Ихтамир сумын хүн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан байсан. Ослоос болж нас барсан гэж үзэж байгаа. Өөр нас барах ямар нэгэн шалтгаан байхгүй. Өмнө нь үзүүлж харуулж байгаагүй, ямар нэгэн архаг хууч өвчин мэдэгдэж байгаагүй. Оношлуулж байгаагүй болохоор архаг хууч өвчтэй байсан эсэх талаар мэдэхгүй байна. Даралт ихсээд байна гэж даралтны эм уудаг байсан. Хөлөндөө зүсэгдэж оёдол тавиулсан гэж сонссон, цоцсыг нь хараагүй болохоор ямар, ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Хэргийг хуулийн дагуу үнэн зөв шалгаж шийдэх хэрэгтэй, гомдолтой байна. Цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ. Миний аав Д.Б нь 1963 оны 05 дугаар сарын 29-нд төрсөн, Түдэвтэй сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай, ам бүл 3, ээж Г, дүү М нарын хамт амьдардаг, архи дарс нэг их уугаад байдаггүй, ааш зан сайтай, шударга, төлөв даруу хүн байгаа юм. Н.Д ах ч гэсэн аавтай хамтран ажиллаж байгаа, тулж харьцаад байгаагүй болохоор зан байдлынх нь талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ энгийн зан ааштай, архи дарс уугаад байдаггүй хүн байгаа юм. Тухайн үед дөрвүүлээ явж байгаад 2 хүн нь нас барсан болохоор амьд байгаа 2 хүн нь ослын талаар сайн мэдэх байх. Хөндлөнгөөс харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Би Н.Д-т гомдолгүй байна. Гэхдээ надад маш хэцүү байна. Н.Д автомашинаа хариуцлагатай жолоодож, болгоомжтой замын хөдөлгөөнд оролсон бол ийм зүйл болохгүй байх байсан. Ийм учраас хуульд заасан хариуцлага хүлээлгэх байх гэж бодож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 166 дугаар тал/

* Гэрч Б.Н өгсөн: 

“...Б.Н нь миний төрсөн дүү, харин бусад хүмүүсийг нь танихгүй. Би Орхон их сургуулийн жижүүр ажилтай, 2017 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө гараатай байсан чинь 03 цаг 30 миунтын үед миний өөрийн утас дуугарахаар нь авсан чинь осолд орох үед машинд сууж явсан охины хамаатан нь болох М гэх залуу байсан. М тухайн үед надад Н-ын охин утсаар яриад уйлаад байна. Осол болоод Ц өнгөрчихсөн юм шиг байн гэж надад хэлсэн. Б.Н-ийг манайхан Ц гэж өхөөрдөж дууддаг. Нэг дугаар өгөхөөр нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд хаана юу болсон талаар нь мэдэх гээд холбоо барих утас байхгүй, лавлаж болохгүй байсан учир эхнэр болох Дд утсаар ярьж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

* Гэрч О.Э-ын өгсөн: 

“...би ослын талаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө мэдсэн гэхдээ өөрөө байгаагүй болохоор юунаас болж, ямар осол болсон талаар мэдэхгүй байна. Хэргийн газарт очиж үзэхэд Ихтамир сумын төвийн баруун талд ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаад унасан гэх мөртэй, машины 4 дугуй дээш харсан байдалтай байсан. Машинд их хэмжээний эвдрэл учирсан байсан. Өөр нарийн мэдэх зүйл байхгүй байна. Б.Н нь аймгийн Засаг даргын орлогч, сумын Засаг дарга гээд тарийн байгууллагад олон жил хамт ажилласан. Зан байдлын хувьд маш даруухан, хүнтэй эвсэг найрсаг харьцаатай залуу байсан. Д.Быг Түдэвтэй сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар шинээр томилогдсон, ойр дотно байгаагүй болохоор зан байдлынх нь талаар сайн мэдэхгүй, ах дүүс нь мундаг нуруутай хүмүүс байдаг. Н.Д нь 2016 онд шинээр Түдэвтэй сумын засаг даргаар томилогдсон, ажил хэргийн шугамаар уулзаж байсан. Ойр дотно байгаагүй, даруухан, нямбай байрын хүнтэй сайхан харьцдаг хүн байсан. Өөр нарийн ширийн зүйлийг мэдэхгүй, хэрэг төвөгт орж байсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Аймаг сум, орон нутгаа төлөөлж ирсэний хувьд хэргийг үнэн шуурхай шийдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

* Гэрч Ж.Х-ын өгсөн: 

“...Б, Д, Б.Н нарыг танина, төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Нэг нутгийн хүмүүсийн хувиар таньдаг. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ажилдаа ирэхэд Архангай аймгийн Ихтамир сумын нугагт зам тээврийн осол гарсан байна. Аймгийн орологч даргаар ажиллаж байсан Б.Н, Түдэвтэй сумын Засаг дарга Н.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дарга Б нар явсан байна. Газар дээрээ 2 хүн нас барсан байна. Аймгийн засаг дарга, тамгын газрын дарга, орлогч дарга, хурлын дарга нар арга хэмжээ авах шаардлагатай гээд ажлын хэсэг гарч Архангай аймагт ирсэн. Б.Н даргатай хамт олон жил ажилласан, элдэв гаж буруу зангүй, харьцаа сайтай, архи уугаад байдаггүй, тамхи татдаггүй хүн байсан. Н.Д даргыг нэг намын гишүүд гэдэг утгаараа хамтардаг байсан. Нэг их ойр дотно байгаагүй болохоор зан байдлынх нь талаар сайн мэдэхгүй, хамтарч ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сөрөг зан харьцаа байхгүй хүн байсан. 2016 онд сумын Засаг даргаар томилогдсон. Д.Быг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болсноос нь хойш хамтарч ажилласан, нарийн сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

* Гэрч Н.Бөгсөн: 

“...Д нь миний төрсөн ах, Д.Быг нэг нутгийн хүний хувьд танина, төрөл садангийн холбоо байхгүй. Б.Нийг танихгүй, ямар нэгэн харьцаа байхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө төрсөн эгч Н.Х над руу 08 цаг өнгөрч байх үед утсаар яриад ах Н.Д ыг осолд орсон байна гэж мэдэгдсэн, эгч рүү ах Н.Д өөрөө ярьсан юм шиг байна лаа. Яг хэнээс мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Ослын талаар бол надад мэдэх зүйл байхгүй. Хэргийн газар очиход машины 4 дугуй дээшээ харсан байдалтай байсан. Юунаас болж осол гарсан талаар мэдэхгүй, ах Н.Д-аас асуусан чинь Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас нааш жолоо барьсан гэж байсан. Юунаас болж осол болсон талаар тодорхой зүйл ярихгүй байна лээ. Ах Н.Д нь хүнийг ялгаж харьцдаггүй, олонтой нийтэч, архи тамхи хэрэглээд байдаггүй. Өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй, төлөв даруу хүн байгаа юм. Х эгч, даргийнх нь Д ах байгаа юм. Ах өөрөө эхнэр, нэг охиний хамт амьдардаг. Ам бүл 3, эхнэрийг нь О гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ах 2016 онд сумын Засаг дарга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

* Гэрч А.М өгсөн: 

“...Найз Н.Дыг осолд орчихлоо гэхээр нь ирсэн. Н.Дын өөрийнх нь ярьж байгаагаар хажууд нь сууж явсан хүн нь паараа унтраачихъя гэхээр нь аль товчин дээр дарж унтраадаг юм бол гээд харчихаад урагшаа хартал машин нь замын хажуу руу гарч байсан гэсэн. Тэгээд хажуу урд нь ховил гарч ирээд тэгээд мэдэхээ байсан гэсэн зүйл ярьж байсан. Ослын газар очиж харахад машины 4 дугуй дээшээ хараад унасан байдалтай байсан. Тэгээд босгож чирээд Ихтамир сумын Цагдаагийн хашаанд аваачиж байрлуулсан. Асахгүй, унаад явах боломжгүй, жолооны хүрд гацаж хөдөлгөөнгүй болсон, кузов нь авах юмгүй цөмөрч наалдсан байна лээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

* Гэрч Н.Бийн өгсөн:

“...2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сантмаргац сумаас Улаанбаатар хот руу гараад 2017 оны 01 сарын 30-ны өдөр орой 23 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сум руу орох гээд явж байхад осол болсон. Завхан аймгаас гарахад Б гэдэг ах машин жолоодож явсан. Тэгээд Тосонцэнгэл суманд ирээд Б ах өөрийнхөө цагаан өнгөтэй Хариер маркийн машинаа жолоодоод Д ах бид нарын сууж явсан Ланд 80 маркийн автомашиныг жолоодсон. Осол болох үед автомашиныг Д ах жолоодож явсан. Д ах машин жолоодож байх үед урд талд сууж явсан талийгаач Б.Н ах сэрээд халуун байна, паараа унтраая гэхэд Д ах би унтраачихъя гээд тэр 2 машины паар унтраах гээд оролдож байтал машин замын баруун гар тал руу шороо хэсэг рүү гарсан. Тэгээд эргээд зам руугаа ортол машин зүүн тал руугаа хазайгаад уначихсан. Би зүүн талд сууж явсан. Миний талаар эхэлж унасан. Би тэгээд ухаан алдсан байсан. Намайг нэг хүн сэрээгээд машинаас буулгаж байсан. Манай аавын найз талийгаач Б.Нтой хамт Завхан аймгийн Сантмаргац суманд ирсэн юм байна лээ. Тэгээд би талийгаач Б.Н ах, Б ах, Т ах бид нар хамт гарсан. Тэгээд замдаа Түдэвтэй суманд хоноод гарсан. Энэ үед Д, болон талийгаач Б нар бид нартай хамт Улаанбаатар хот руу явсан. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Б ахын машин байсан юм байна лээ. Тэгээд Д ахад Ланд 80 маркийн машиныг өгсөн юм. Би Б гэдэг хүнийг сайн танихгүй. Талийгаач Б.Н ахтай л Сантмаргац суманд ирсэн. Би хаана байгаа болон гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй. Осол болох үед Б ах бид нарын ар талд явж байсан. Осол болохоос өмнө урд хойноо ороод явж байсан. Яг осол болоход бид нарын ард явж байсан. Тухайн үед Б ахын машинд Сантмаргац сумаас хамт гарсан Т ах Завхан аймгийн Их-уул сумаас 2 хүн суусан. Тэгээд Б ах байсан. Би энэ хүмүүсийн утасны дугаар нэр зэргийг мэдэхгүй байна. Төмөрөө ах манай сумын хүн. Б ах бид нарын ард талд явж байсан. Осол болсоны дараа бид нарын араас ирсэн. Намайг машинаас гарч ирж байхад Б ах бид нарын араас ирээд зогсож байсан. Осол болохыг Б ах хараагүй байх. Бид нараас бага зэрэг зайтай явж байсан. Тухайн үед ослын улмаас Б.Н болон Б ах нар нас барсан. Д ахын бөөрний харалдаа хөхөрсөн байсан. Миний нүүр хавдаж хөхөрсөн, зүүн мөр, баруун хөлийн өвөг, хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би эмчилгээ хийлгэж байгаа. Одоо ч гэсэн эмчилгээ үргэлжилж байгаа. Би осол болох үед жирэмсэн болсноо мэдээгүй байсан. Осол болсны дараа хүчтэй эм ууж, рентгэн зураг авахуулж, томографик авахуулсан. Тэгээд жирэмсэн байсан гэдээ мэдсэн. Хүчтэй эм ууж рентгэн зураг, томографик авахуулах үед урагт нөлөөлж гажиг үүссэн байх магадлалтай гээд эмч нар зөвлөөд би 2 сартай байсан хүүхдээ авхуулсан. Би гомдолтой байна. Мөн ослын улмаас миний зөөврийн компьютер, зургийн аппарап, гар утас зэрэг эд зүйл эвдэрсэн. Энэ бүхнийг нэхэмжлэх болно. Би ослоос болж дадлагын тайлангаа хамгаалж чадаагүй, хичээлээсээ хоцорсон. Мөн манай аав, ээж намайг харж ажлаа хийлгүй байж байгаа. Зөөврийн компьютер нь АСЕР брэндийнх би 2016 оны 09 сард шинээр нь 1.799.000 төгрөгөөр худалдан авч байсан. 1.799.000 төгрөгөөр үнэлнэ. Самсунг эс-3 маркийн гар утас 2016 онд 180.000 төгрөгөөр авч байсан одоо 200.000 төгрөгөөр үнэлнэ. Зургийн аппарад нь Канон брэндийн жижиг зургийн аппарад байсан би энийг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Би баримтуудаа цуглуулж байгаа. Одоо миний биед байхгүй байна. Би баримтуудаа цуглуулаад өгөх болно.

Би 2 сартай ураг зулбасан асуудал дээр шүүх эмнэлгэт үзүүлэх шаардлагагүй. Би эмчилгээний зардалд одоогоор 1.800.000 төгрөг гаргасан байгаа. Цаашид имрай зураг авахуулах 400.000 төгрөг шаардлагатай байгаа. Энэ дээр Самсунг эс-3 маркийн гар утас, зөөврийн компьютер, зургийн аппаратаа нэхэмжилж байгаа.

Би удахгүй их дээд сургуулиа төгсөх гэж байгаа бөгөөд надад компьютер, зургийн аппарат, гар утас зэрэг зүйл маш их хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 38-40, 168  дугаар тал/      

* Гэрч Ц.Ж-гийн өгсөн: 

“...талийгаач Б.Нийн гэр бүлийн хүмүүсээс над руу утсаар ярьж ослын талаар хэлсэн. Ослын газар очиж үзээгүй, ямар осол гарсан талаар мэдэхгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр талийгаач Б.Н надтай уулзаад Завхан аймаг явах хэрэгтэй байна, хөлсний унаа олоод өг гэхээр нь хайгаад машин олж чадаагүй. Тэгээд машин олдохгүй байна гэсэн чинь Б.Н өөрөө чиний машинаар яваад ирье гэхээр нь өгөөд явуулсан. Бид багын найзууд байгаа юм. Би тухайн үед өөрөө явгарчихна гээд дургүй байсан чинь ойр зуурын засвар хийгээд аваад явсан. Гэтэл осол гарсан байсан. Миний өөрийн нэр дээр байдаг. Миний өөрийн өмчлөлийн ланд круйзер 80 маркийн мөнгөлөг саарал өнгийн 24-42  улсын дугаартай машин байсан. Миний машинд ямар ч эвдрэл учраагүй бүх зүйл, эд анги хэвийн байсан. Би 2009 онд худалдаж аваад ганц гараар эдэлсэн, өөр хүнд өгч байгаа. 2008 онд Монгол улсад орж ирсэн машин байсан. 1995 оны 12 дугаар сард үйлдвэрлэсэн, автомат кроптой, бензин хөдөлгүүртэй машин байсан. Тоормосны механизм, бусад эд анги бүрэн бүртэн, хойд амартизатор шинээр Завхан явахдаа тавьж, маслын мэдрэгч заахгүй байсныг шинээр тавиад явуулсан. Очиж хараагүй гэхдээ кузов нилэнхүйдээ эвдэрсэн гэсэн. Эвдэрлийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Надад машины эвдрэлтэй холбоотой ямар ч санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Осол юунаас болж гарсан талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/

* Шинжээч М.Э-ын өгсөн: 

“...Мөрдөн байцаагч Ц.Г-ын тогтоолын дагуу 24-42  улсын дугаартай автомашиныг биечлэн үзэж дүгнэлт гаргах шаардлагатай байсан тул ачуулж авч ирүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үзэж дүгнэлт гаргасан. Замын зорчих хэсэг нойтон болон хальтаргаатай үед тоормос гишгэхэд зуны дугуйнаас гулгаа үүсэх магадлалтай, шууд гулгасан гэж үзэх боломжгүй. Харин замын гадарга хуурай болон гулгаагүй хэвийн үед уг дугуй осол гарахад нөлөөлсөн гэж үзэх боломжгүй. Тухайн автомашин эвдрэл ихтэй, хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан учир бусад эд ангиудыг нарийн шалгаж тогтоох боломжгүй байсан учир аль боломжтой байдлаар нь дүгнэлтээ гаргасан байгаа. Тийм учир 4 дүгээр асуултанд хариулах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр тал/

* Сэжигтэн, яллагдагч Н.Дын өгсөн: 

“...Аймгийн засаг даргаас Улаанбаатар хот ажлаар явах чөлөө авч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот явах унаа хайж байсан чинь Б.Н хот явж байна гээд манай сумаар дайраад ирэхээр нь дайгдаад Улаанбаатар хот явсан. Би Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийнхөнтэй уулзах, сумын 90 жилийн ойн ажил арга хэмжээг зохицуулах ажилтай явсан. Тэгээд Б.Нийн машинд манай сумын хурлын дарга, нэг охины хамт 4-үүлээ Улаанбаатар руу явж байгаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас би Б.Нийн машиныг барьсан. Б.Н өөрөө намайг бариач жаахан яваадхаач гэхээр нь би машиныг нь баоьсан. Би машиныг нь бариад Архангай аймгийн Ихтамир сумын төлийн баруун талын жижиг хөтөл дээр гарч ирээд Б.Н паар унтраах гээд товчлуурууд дээр дараад байхаар нь яаж унтрааж асаадгийг нь харах гэж доошоо харсан. Тэгсэн чинь замын хажуу тал руу хөвөө рүү нь буюу ертөнцийн зүгээр замын урд тал руу хазайж замын ирмэг рүү орох гэхээр нь буцаагаад дарах гэсэн чинь баруун гар тал руу намс гээд хазайсан. Тэгээд дарж чадалгүй, замын хажуу руу баруун гар талаар орчихсон. Би эрчийг нь сааруулах санаатай, хажуулдуулаад явж байтал дахиад ховил гараад ирэхээр нь зүүн гар тал руугаа дарж зам руугаа гарах гэсэн чинь шууд машин шидэгдээд онхолдсон. Тэр үед ямар ч байсан юм шажигнаад байхаар нь үхэхнээ гэсэн бодол зурс хийгээд бодтол машин зогссон, замын хаана яаж зогссон гэдгийг мэдээгүй. Тэгээд машинаас гарах гэсэн чинь гарч болохгүй байхаар нь зай харсан чинь машины хойд хаалганы цонх арай зайтай харагдахаар нь гарсан, намайг гарч байхад хурлын дарга Б дуугарсан, тэгэхээр нь та гайгүй юу гэж асуусан чинь гайгүй гэж хэлсэн. гарч явахад миний гутал сугарчихаар нь Б ахад миний гутал сугарчихлаа нааш нь аваад өгөх боломж байна уу гэсэн чинь миний гутлыг авч өгсөн. Тэгээд миний араас миний гарсан цонхоор Б ах гарч ирсэн. Б ахыг гарсны дараа хойд сандал дээр сууж явсан охиныг би гаргах гэсэн чинь хөл орооцолдсон байсан учир салгаад гаргасан. Тэр охиныг гаргачихаад Б.Нийг гаргах гэсэн чинь машинд байхгүй байхаар нь утасны гэрэл тусгаад хайсан чинь гадаа машины ертөнцийн зүгээр баруун урд талд толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай хэвтэж байсан. Судсыг нь дарж үзсэн чинь нас барсан байх шиг байсан. Тэгээд танихгүй замын хүмүүс дуудлага өгсөн байх, ямар ч байсан танихгүй хүмүүстэй таарсан. Тэр хүмүүс хаана байдаг, хаанаас хаашаа явж байсан, ямар машинтай, машин нь ямар дугаартай байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд сумын цагдаа, эмнэлэг ирээд бид нарыг сумын эмнэлэг рүү аваад явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Ер нь их савалгаатай машин байх шиг байсан. Тэнхлэг тохиргоо муутай байсан байж магадгүй, шөнө байсан болохоор хажуу тал руу намс хийхэд нь яасан, юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна, бас гэрэл их муутай байсан. Шууд юунаас болж осол гарсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Техникийн байдлаас болсон байж магадгүй гэж үзэж байна. Яг тэр үед хэдтэй явсан гэдгийг мэдэхгүй, хараагүй, гэхдээ би тогтмол 80 км/цагаас хэтрүүлээгүй явсан. Ослыг харсан хүн байхгүй байх, шөнийн 01 цаг өнгөрсөн байсан, тэр талаар сайн мэдэхгүй байна. Машины жолоочийн хажуугийн суудал дээр Б.Н, хойд талын суудал дээр Б, охины хамт суусан байсан, өөр хүн байгаагүй. Ослын газарт Б.Н нас барж, Б эмнэлэг дээр очоод нас барсан. Нэг хөлийнх нь шилбэ зүсэгдсэн харагдаж байсан, Харин охинд мөр нь хөдлөхгүй байна гэж байсан, бас хөл нь болохгүй байна гэж байсан, өөр ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Миний биед зүүн талын өвдөг гэмтсэн, баруун талын бөөрний гадна тал нилэнхүйдээ хөхөрч цус хурсан толгой өвдөж байгаа, өөр гэмтэл гайгүй байна. Надаас бусад нь хэрэглээгүй явсан, би хамгаалах бүсээ хий гэж хэлсэн асуудал байхгүй. Тоормос жаахан баруун тал руугаа өрөөлдөж барьж байсан, гэрлийн тусгал муутай, савалгаа ихтэй байсан. Дугуй муутай байсан байх гэж бодож байна, өөр илт эвдрэлтэй эд анги байсан эсэх нь мэдэгдээгүй. Б.Н унаж явсан, яг хэний машин гэдгийг мэдэхгүй байна. Машины кузов бол авах юмгүй болсон харагдсан, өөр ямар эвдрэл учирсан талаар мэдэхгүй байна. Хазгай газар тоормос гишгэж болохгүй байсан, гэхдээ удаашруулахын тулд бага зэрэг тоормос гишгэсэн. Замын хажуу цастай хэсэг рүү ороод тоормос гишгэсэн. Би “В” ангиллын үнэмлэхтэй, 27-28 жил машин жолоодож байна. Миний үнэмлэх хүчинтэй. Миний үйлдэлд тохирч байна гэж үзэж байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Б гэдэг залуугийн машинтай хүмүүс бид нартай ойролцоо явж байсан, өмнө Тосонцэнгэл сум хүртэл Б миний Б.Нийн машиныг барьж яваад Тосонцэнгэл сумаас би 24-42  улсын дугаартай машиныг жолоодсон. Яг осол гарах үед Б бид нараас нэлээн хол зайтай урд явж байсан учир ослын талаар харж мэдсэн зүйл байхгүй, осол гарсаны дараа би утсаар ярьж дуудаад Б буцаж ирээд цагдаа, эмнэлэг дуудаж өгсөн. Тэгээд холын хүмүүс гээд явцгаасан. Б урд явж байгаад намайг дуудахад буцаж ирсэн. Буцаж ирэхийг ард явсан гэж ойлгосон байж магадгүй. Сайн анзаараагүй, ямар ч байсан цайвар, цагаан өнгөтэй хариэр байсан. Улсын дугаарыг нь мэдэхгүй. Улаанбаатар хотод байдаг, Завхан аймгийн гаралтай хүн байсан. Би Быг сайн танихгүй. Талийгаач Б.Н паар янзлах гэхээр нь тэр рүү хартал нэг замын хажуугийн шороон хэсэг дээр гараад ирсэн, буцаагаад дарах гэтэл дальс гээд л замын хажуу ховил  руу орчихсон. Тэгээд л зам дээр буцаж гарах гэж дараад онхолдсон. Машинаас гараад эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт иртэл гадаа хамт байсан. Тэгээд хөлний шилбэ рүү нойт оргиж байна гэж байсан. Тэгээд л хэвийн биеийн байдал гайгүй гэж байсан. Эмнэлэг дээр очоод эмчилгээ хийж байх зуур хэвийн яриад л байж байсан. Тэгээд хэвтэж байгаа гэнэт босч ирээд тамхи татах гэсэн чинь порчик нь их өндөр юмаа гээд буцаад хэвтсэн. Тэгээд хэвтэж байгаад хурхирах шиг болохоор нь өндийгөөд нэрээр нь дуудсан чинь эргэж хараад зүгээр гэсэн. Тэгээд буцаж хэвтээд муудаад эхэлсэн чинь намайг өөр өрөөнд оруулсан. Тэгээд нас барсан байсан. Уг нь биеийн байдал нь гайгүй байсан. Урд өдөр нь архи уугаад ядарсан байж магадгүй, өөрөө машин барих дургүй гээд байсан. Осол гарах үед бол Б.Н эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105, 107-109 дүгээр тал/

* Яллагдагч Н.Дын Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн болохыг нотолсон тус аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн шинжээч У.Л-ийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтэнд: Жолооч Н.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 9.2-д “... Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 2.3.б-д “...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Осол гарахад замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Жолооч Н.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 9.2-д “... Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй байна. Осол болох үеийн Ланд круйзер маркийн автомашины хурдыг тогтоох  боломжгүй байна. Талийгаач нь жолоогоо шилжүүлсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Жолооч Н.Дыг Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн жолоочийн сангаас шүүж үзэхэд жолоочийн “В” ангиллын... дугаарын жолоочийн үнэмлэхтэй байна.” гэжээ. /хх-ийн 51 дүгээр тал/

* Талийгаач Б.Нийн үхлийн шалтгааныг тогтоосон тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаач Б.Нийн биед оношийн 1-рт тусгагдсан хавсарсан хүнд гэмтэл болох гавал тархины ил хүнд гэмтэл, цээж, хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл, биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь авто ослын үед хатуу мохоо болон хатуу ирмэгтэй эд хүчтэй цохигдох, цохих, шидэгдэж, нидрэгдэх, доргих, хэсэг газрын гулсах, нидрэгдэх  үйлчлэлээр үүснэ. Дээрх гавал тархи, цээж, хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл тус бүр нь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь авто ослын цаг хугацаанд үүснэ. Талийгаач Б.Н нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлийн улмаас зүрх зогсож нас баржээ. Шинжилгээгээр элэгний дунд зангилаат хатуурал, нойр булчирхайн өвчтэй байна,  үхэлд нөлөөлөхгүй. Осолд орсон цаг хугацаанд нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаач Б.Н нь 2-р бүлгийн цустай байна.” гэжээ. /хх-ийн 57-59 дүгээр тал/

* Талийгаач Д.Бын үхлийн шалтгааныг тогтоосон тус аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаач Д.Бын биед баруун талын 3, 4-р хавирганы толгойн тамтай бэхлэгдэх хэсгээр салсан хугарал, баруун өвдөгний дотор хажуугаас руу чиглэсэн зүсэгдсэн шарх, баруун гуяны дотор, доод шилбэний дотор хэсэгт зулгаралт, духны баруун дээд, зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Баруун талын 3, 4-р хавирганы толгойн нугаламтай бэхлэгдэх хэсгээр салсан хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун өвдөгний зүсэгдсэн шарх нь тус журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, духны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Осолд орох үед нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. Талийгаач нь зүрхний цочмог шигдээсийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Шинжилгээгээр нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний өөхөн хувирал, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, залгиурын архаг үрэвсэл булчирхайн гипердлази /хэт ургалт/ архаг хууч өвчтэй байна, үхэлд хүргэхгүй. Яаралтай тусламжийн хуудаст 2017 оны 01 дүгээр сарын 31-ний 03 цаг 50 минутанд нас барсан гэж дурджээ. Эмч ослын газар очиж анхны тусламж үзүүлэн өвчтөнг эмнэлэгт авчирсан байна. Эмнэлэгт амин үзүүлэлтийг хянаж, өвдөлт намдаах, цус тогтоох эмчилгээ хийж, шарханд анхдагч цэгцэлгээ хийж, мэс заслын оёдол тавьсан, гэмтлийн онош тавьж, зохих эмчилгээнүүдийг хийж байжээ. Талийгаач Д.Б нь  нас барах үедээ  согтолтгүй байжээ. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. Талийгаач нь өвдөлт болон айж зочирдсоноос зүрх титэм судас агшиж, зүрхний цочмог шигдээс болоход нөлөөлсөн байх боломжтой...”гэжээ. хх-ийн 67-70 дүгээр тал/ 

*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ы өгсөн: “...2017 оны 01 сарын 31-ний өдрийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Г-тын тогтоолоор мөрдөн байцаагч, Э.М, шинжээч эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд талийгаач Д.Бын цогцост  задлан шинжилгээ хийсэн. Дүгнэлт гаргахдаа задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээний ХӨ-62 тоот хариу, Ихтамир сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн 35 дугаартай хуудас зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан. Талийгаач Д.Б нь зүрхний цочмог шигдээсийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлт нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эд эсийн шинжилгээний хариу, задлан шинжилгээгээр дотор эрхтэнд гарсан өөрчлөлт зэргээр нэгтгэж гарсан учир ямар нэгэн байдлаар худал гарсан асуудал байхгүй, үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна. Талийгаач Д. Б нь өмнө нь залгиурын архаг үрэвсэл,  буюу булчирхайн паракортикал гиперплази  /хэт ургалт/ бөөрний дэвшинцэрийн архаг үрэвсэл, нойр булирхайн архаг үрэвсэл, зүрхний титэм судасны хатуурал, нарийсал, ерөнхий судас хатуурах архаг өвчтэй байсан. Ослын улмаас баруун 3,4 дүгээр хавирга нь нугаламтай бэхлэгдэх хэсэгт хэсгээр салсан хугарал, баруун өвдөгний дотор хажуугаас руу чиглэсэн зүсэгдсэн шарх, баруун гуяны дотор, доод шилбэний дотор хэсэгт зулгаралт, духанд зулгаралт гэмтэлтэй байсан. Өөр гэмтэл учраагүй, ослын улмаас авсан гэмтэл нь үхэлд хүргээгүй, зүрхний цочмог шигдээс нь үхэлд хүргэсэн. Өөрөөр хэлбэл талийгч Д.Б нь зүрхний титэм судасны хатуурал, нарийсал, ерөнхий судас хатуурал өвчин нь осолд орсноос болж айж, цочирдох, биед учирсан гэмтлийн өвдөлтөөс болж зүрхэнд ачаалал өгч зүрхний цочмог шигдээс болоход нөлөөлсөн байх боломжтой.  Зүрхний цочмог шигдээсийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан нь зам тээврийн осолтой шууд холбоотой гэж үзэх боломжгүй. Харин дээрх байдал нөлөөлсөн байх боломжтой. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар тал/

* Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 83 дугаартай дүгнэлтэнд: Н.Б-ийн биед тархи доргилт, хүзүүний баруун талд цус хуралт, зүүн мөрний үед зөөлөн эдийн няцрал, нүүр, гар хөлд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох, хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлэгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтгээр гаргана.” гэжээ. /хх-ийн 64 дүгээр тал/

*Шинжээч эмч Б.О-ын өгсөн:

 “... Талийгаач Д.Б-ын хувьд титэм судасны хатуурлаас улбаалсан нарийсалтай байсан учир ослын улмаас үүссэн гэмтэл, сэтгэл санааны хүчтэй өөрчлөлтөөс болж судас нарийсч зүрхний цусан хангамж алдагдаж, цочмог шигдээс болоход шууд нөлөөлсөн гэж үзсэн. Архаг хууч өвчин нь осолтой холбоогүй учир өмнөх хариултыг өгсөн.  Ер нь бол Д.Б нь зүрхний титэм судасны хатуурал, ерөнхий судас хатуурах өвчтэй байсан ба ослын үед авсан гэмтэл, тэр үеийн гэнэтийн цочрол нь титэм судаст ачаалал өгч, титэм судас агшиж, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ огцом нэмэгдэж шигдээс болж нас барсан гэж үзсэн. Архаг хууч өвчтэй байсан ч осолтой шууд шалтгаант холбоотойгоор  нас барсан гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-172 дугаар тал/ 

* Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 75 дугаартай дүгнэлтэнд: “...Н.Д -ын биед баруун ташааны дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний өөхөн эд, булчинд цус хуралт, зүүн өвдөгний үений гадна хажуугийн хобоосын суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Осол болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” гэжээ. /хх-ийн 47 дугаар тал/

* Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 11 дугаартай химийн шинжилгээний дүгнэлтэнд: “...Н.Д гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Н.Д 2-р бүлгийн цустай байна. Н.Д-ын цусанд спиртийн алкоголь илрээгүй.” гэжээ. /хх-ийн 49 дүгээр тал/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн  4 дүгээр тал/, 

- Хэрэг учралын газрыг гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /хх-ийн 6-8 дугаар тал/,

-Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 140 дугаартай албан тоот /хх-ийн 112 дугаар тал/

-Завхан аймгийн Түдэвтэй сумын Тамгын газрын дарга Ж.Б тодорхойлолт /хх-ийн 119-120 дугаар тал/

-Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 182 дугаар тал/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг. /хх-ийн 53-54 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр 24-42 улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин онхолдож иргэн Н.Б.Н, Д.Б нар нас барсан нөхцөл байдал нь  Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр “Тээг” гэх газарт засмал зам дээр 24-42 улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас, зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Н-ийн амь насыг хохироосон, хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тус аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч У.Л-ийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, Талийгаач Б.Нийн үхлийн шалтгааныг тогтоосон 017 оны 02 сарын 03-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, талийгаач Д.Бын үхлийн шалтгааныг тогтоосон  2017 оны 02 сарын 03-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.О-ын мэдүүлэг, гэрч гэрч Б.Н, гэрч О.Э, гэрч Ж.Х, гэрч А.М, гэрч Н.Б, гэрч Ц.Ж нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Дын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар татагдан өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Д, хохирогч А.М, Н.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судласаны үндсэн дээр шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Б.Б.Нийн амь насыг хохироож, хохирогч  Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх бөгөөд тухайн осол гарах үед уг автомашиныг Н.Д жолоодож явсан болох нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон шүүгдэгч энэ талаар маргаагүй байна. 

Иймд шүүгдэгч Н.Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Дыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.Б.Н, Д.Б нарын амь насыг хохироосон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан Д.Бын үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар дүгнэлтээр түүнийг зүрхний цочмог шигдээс өвчний улмаас нас барсан болохыг тогтоосон ба шинжээчийн дүгнэлтийн 10 дахь заалтад талийгаачийг өвдөлт болон айж цочирдсоноос зүрхний титэм судас агшиж зүрхний цочмог шигдээс болоход нөлөөлсөн байх боломжтой гэжээ.

Шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсанаар талийгаач нь айж цочирдсон болон өвдөлтийн улмаас зүрхний титэм судас агшиж зүрхний цочмог шигдээс болоход нөлөөлсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл талийгаач нь осолд орсноос хойш 3 орчим цагийн дараа эмнэлэгт ирж, үүнээс хойш 20 минутын дараа нас барсан байх бөгөөд анх эмнэлэгт ирэх үед нь биеийн байдлыг нь үзэхэд зүрхний цохилт минутад 78 байсан талаар яаралтай тусламжийн хуудас болон шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан, энэ нь хэвийн үзүүлэлт болох талаар шинжээч шүүх хуралдааны үед мэдүүлэг өгсөн, мөн айж цочирдсон гэсэн нөхцөл байдлыг цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр тогтоох боломжгүй гэж үзлээ. 

Талийгаачийн биед ослын улмаас баруун талын 3,4-р хавирганы толгой нугаламтай бэхлэгдэх хэсгээр салсан хугарал, баруун өвдөгний дотор хажуугаас тахим руу чиглэсэн 10 см урт, 1.5 см гүн зүсэгдсэн шарх, баруун гуяны дотор доод, шилбэний дотор дээд хэсэгт зулгаралт, духны баруун дээд, зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт гэмтэл учирсан, баруун талын 3, 4-р хавирганы толгойн нугаламтай бэхлэгдэх хэсгээр салсан хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун өвдөгний зүсэгдсэн шарх нь тус журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, духны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй  гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд талийгаач Д.Бын биед үхэлд хүргэсэн хүнд гэмтэл тогтоогдоогүй, гэмтлүүдээс хамааралтай өвдөлт болон цус алдалтын улмаас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1 дэх заалтад заасан шокийн хүнд хэлбэрт орсон, эсхүл мөн журмын 3.3.3 дахь хэсэгт заасан цочмог болон их хэмжээний цус алдсан, авто осолын улмаас гэмтэл авч нас барсан гэх баримт хэрэгт авагдаагүй.  

Мөн шинжээч нь айж цочирдсон болон өвдөлтийн улмаас талийгаачийн титэм судас агшисан гэсэн дүгнэлтээ цогцост хийсэн задлан шинжилгээний явцад тогтоогдсон талийгаачийн эд, эрхтэнд үүссэн ямар шинж тэмдэг, өөрчлөлтөнд үндэслэж гаргасан болохоо дүгнэлтэндээ заагаагүй, шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө энэ талаар тайлбарлаж чадаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийн 10 дахь заалт болох “ талийгаач нь өвдөлт болон айж цочирдсоноос зүрхний титэм судас агшиж зүрхний цочмог шигдээс болоход нөлөөлсөн байх боломжтой” гэсэн заалт нь  хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Б нь нас барсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан байх тул шүүгдэгч Н.Дыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний хүний амь нас  хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэгт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байх ба шүүгдэгч Н.Дт холбогдох хэргийг Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, Н.Д нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн, мөн мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Н.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаар баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Дыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв. 

Шүүгдэгч Н.Д нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Дын .. дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд  хүргүүлж, шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Д-т Архангай аймгийн прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч Т.т овогт Н.Д-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас  хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн  1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч,  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Шүүгдэгч  Н.Д нь тухайн хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6. Шүүхийн шийдвэрлэх гүйцэтгэх  тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан шүүгдэгч Н.Д-ын .. дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Завхан аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд  хүргүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                    П.ГАНДОЛГОР

                                                                                               Э.ОДХҮҮ