Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Шүүгдэгч Б.Э нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б:.Э

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий Х.Ог зодож бие мах бодид нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн буруугаа ойлгож байна. Гэхдээ ганц надаас болсон зүйл биш, манай эхнэр надад хэлэхгүй шоудаад яваад өгдөг байсан. Бас хүнтэй утсаар мессеж бичээд байдаг. Хадмын хажууд манай гэр байдаг юм. Тэгээд л жаахан юм болохоор хадам орж ирээд загнаад байдаг. Сая энэ хэрэг болохоос өмнө ажлынхантайгаа хөдөө хоногоор яваад ирсэн. Тэгээд би бухимдсандаа ийм хэрэг үйлдчихлээ. Өөр хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Х.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “манай нөхөр урьд нь 2015 онд намайг зодоод цагдаад шалгагдаж байсан. Тэгээд дараа нь 2015 оны 12 сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тэрнээс хойш бид 2 буцаад хамт амьдарч байгаад 2016 оны 03 сард дахин намайг зодсон тэр үед бас л цагдаагаар шалгуулж байсан. Тэгээд одоо буюу 2017 оны 09 сарын 12-ны өдөр намайг дахин зодсон. Ингэж зодохдоо намайг дандаа хий хардаж зоддог гэсэн мэдүүлэг,

          

             Гэрч Н.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “...анх 2012 оноос хүч хэрэглэж эхэлсэн. 2015 оны 07 сарын 10, 2016 оны 03 сарын 21, 2017 оны 09 сарын 12-ны өдрүүдэд миний охин Ог зодсон байсан. Би тэр үеийн зургийг нь авч баримтжуулсан. ” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би тэр өдөр гэртээ байж байхад 17 цагийн орчимд О надруу залгаад Э намайг өшиглөөд миний хөлийг хавдагсан та хүрээд ир гэсэн. Тэгээд би эхнэр хүүгийн хамт Огийн байгаа газарт очиход бид хэдэд хөлөө харуулсан гэсэн мэдүүлэг,

           

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 33/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч  Б.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 07 сарын 10, 2016 оны 03 сарын 21, 2017 оны 09 сарын 12-ны өдөр эхнэр Х.Ог зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.О, гэрч Н.Т,Ч.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг  болон шинжээч эмчийн дүгнэлт, гэрэл зураг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Эт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байх тул шүүгдэгч Б.Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

            Хохирогч Х.О нь шүүгдэгч Б.Эаас нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Эыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 6 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Эт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Д.АДЪЯАСҮРЭН