| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2006000002634 |
| Дугаар | 2020/ДШМ/1521 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | прокурор М.Ариунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ДШМ/1521
2020 12 22 2020/ДШМ/1521
Ц.Эад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/3636 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 104 дугаартай эсэргүүцлээр Ц.Эад холбогдох эрүүгийн 2006000002634 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байр 285 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Энхбулгантай маргалдаж, улмаар түүний нүүр, бие хэсэгт нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, баруун хацар, эрүү, зүүн зовхи, баруун мөр, бугалга, шуу, цээж, зүүн бугалга, гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтаст хэргийн 4-9 дүгээр талд хохирогч Ц.Энхбулганыг хохирогчоор тогтоож түүнээс мэдүүлэг авсан тэмдэглэлд түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлалгүйгээр түүнээс мэдүүлэг авсан байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Хэргийн 11 дүгээр талд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр зүйлд заасан “өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарласан боловч хохирогч Ц.Энхбулган нь “өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй би болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа” гэж тухайн хэргийн талаар мэдүүлээгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хохирогч Ц.Энхбулганыг гэмт хэргийн улмаас өөрийн хохирсон асуудлыг мэдүүлгээр ярьсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд хүрэв.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан зарим нөхцөл байдлыг авч үзвэл шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртээ 1 цаг орчим үглэж маргалдаж улмаар түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г хангаагүй гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд Ц.Эад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн орой 22 цагийн орчим Цэрэндагвын Эрдэнэбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байр 285 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Энхбулгантай маргалдаж улмаар түүний нүүр, бие хэсэгт нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байдаг.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Энхбулганы “...2020 оны 10 дугаар сарын 4-ний орой би нөхөр Эрдэнэбатыг ажлаас нь очиж авсан. ...Манай нөхөр гэртээ 22 цагийн орчимд ирсэн. Нөхөр гэрийн доод дэлгүүрээс 100гр хараа нэртэй архи авч уусан. Тэгээд гэртээ ороод намайг ажлаасаа мөд буудаггүй гээд 1 цаг гаран үглээд би унтаач гэж хэлтэл намайг зодсон. Тухайн үед манай гэрт төрсөн эгч болох Алтанцэцэг байсан. ...намайг зодуулж байхад эгч том өрөөнд байж байгаад гарч ирээд салгах гээд салгаж чадаагүй юм. ...надад эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэж мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн талаар ямар нэгэн зөрүүтэй зүйл тогтоогдоогүй байдаг.
Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар “нотолбол зохих байдлыг тогтоогоогүй” гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хэргийн болсон үйл баримт болон цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Эын үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулсан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө болон бие махбодид халдсан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй байна.
Иймд Ц.Эын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буруутгах нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн /Хууль ёсны зарчим/ 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан... гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий хүний биед учирсан гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгохоор байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос 2 удаа мэдүүлэг авахдаа эхний удаад нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлалгүйгээр мэдүүлэг авсан байсан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр зүйлд заасан “өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлан өгч дахин мэдүүлэг авсан.
Хохирогч нь тухайн эрхийг мэдсэн талаар мэдүүлгийн тэмдэглэлд гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.
Хохирогч Ц.Энхбулган нь “өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй би болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа” гэж мэдүүлснийг хэргийн талаар мэдүүлээгүй байна гэж тайлбарлах нь ойлгомжгүй байх ба мөрдөгчөөс хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчигдөхөд хүрэхийг үгүйсгэхээргүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн З636 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Эад холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.
Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.
Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.
Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан “...өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй эрхийг тайлбарлалгүйгээр түүнээс мэдүүлэг авсан...” гэх зөрчлийг гаргасан боловч тухайн зөрчлийг 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол, 10 дугаар сарын 9-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүдэд тус тус хохирогчийн “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрх үүргийг тайлбарлан хохирогч Ц.Энхбулганаар гарын үсэг зуруулж, баталгаажуулсныг мөрдөн шалгах ажиллагаанд уг зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Хохирогч Ц.Энхбулганд түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан мэдүүлгүүдийг прокурор яллах дүгнэлтдээ тусгасныг буруутгах боломжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой.
Түүнчлэн, хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг “байнга” үйлдсэн тохиолдолд хамааруулахаар хуульчилсан болно.
Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэсэн үндэслэлийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хууль зүйн хувьд хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэх ёстой атал, прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан дүгнэлт хийсэн тул мөрдөн шалгах ажиллагаанд түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах бололцоогүй байна.
Шүүхийн аливаа шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал.
Шүүгдэгч Ц.Эад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Эад холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор М.Ариунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Үүнээс гадна шүүгдэгч Ц.Эад холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “улсын яллагч Ц.Ариунцэцэг”, шүүгчийн захирамжид “улсын яллагч М.Ариунцэцэг” гэж тус тус зөрүүтэй бичигдсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/3636 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Эад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ