| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01541/И |
| Дугаар | 138/ШШ2017/00148 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2017/00148
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би Б., ******* нарт холбогдох "Зээлийн гэрээний үүрэг 3805279 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ******* банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сум, 7-р багт байрлах, ******* регистртэй, ******* банкны Сүхбаатар салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б., хамтран зээлдэгч ******* нар нь ******* банкны Сүхбаатар салбарын харъяа ******* тооцооны төвөөс 2015 оны 02 сарын 13-ны өдөр өмнө нь авсан цалингийн зээлийн үлдэгдэл 3328000 төгрөг, нэмэлт хэмжээ 3000000 төгрөг, нийт 6328000 төгрөгийн зээлийг 21.6 хувь /сарын 1.8 хувь/-ийн хүүтэй 36 сарын хугацаатай 22714/2352 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Б. нь тухайн үед Сүхбаатар аймгийн Зэвсэгт хүчний 338 дугаар ангид мужаанаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 11 сард Зэвсэгт хүчний 314 дүгээр ангид шилжин ажилласан юм. Зээлээ хугацаа хэтрүүлж төлдөг байсан бөгөөд 2016 оны 04 сараас хойш цалин нь Хаан банкаар шилжин орж буйтай холбоотой зээлээ төлөх сонирхолгүй, банкнаас зугтах болсон. Зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй сар болгон утсаар холбогдож байсан боловч төлнө гэж худлаа ярих, утсаа авахгүй салгах, байгууллагын дарга, нягтлан бодогчдоо зээлгүй гэж худал ярьдаг. Цалин орлоготой боловч зээлээ төлөх сонирхолгүйгээс зээл төлөгдөөгүй өнөөдрийг хүртэл 79 хоносон. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлийн гэрээний 3.2.3-д заасныг зөрчиж зээлийн гэрээний 1-д заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл төлөгдөхгүй 79 хоног хугацаа хэтэрсэн тул ******* банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг гаргуулан авах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг боломжит барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгосон, зээлийг эргүүлэн татах хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага:
1. ******* банкны балансад 2016 оны 11 сарын 21-ний байдлаар үлдэгдэлтэй байгаа үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 3766058.75 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 38215.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1004.13 төгрөг буюу нийт 3805279 төгрөгийг зээлдэгч Б., хамтран зээлдэгч ******* нараас гаргуулах.
2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б., ******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. би анхны зээл болох 4.000.000 төгрөгийг 2014 оны 8 сард авсан. Үүнийгээ гэр бүлдээ зарцуулсан. Эхнэр ******* нь 2014 оны 10 сард төрж 2014 оны 12 сард хүү *******ийн хамт Сүхбаатар аймгийн ******* хотод очиж амьдарсан. Дараагийн зээл болох 3.000.000 төгрөгийг 2015 оны 02 сард авсан. Мөн гэр бүлдээ зарцуулсан. 2015 оны 9 сард шилжих тушаал гарч Найлайхын 0314 дүгээр ангид очиж ажиллахаар болсон. Эхнэр *******, хүү *******ийн хамт Дорнод аймгийн ******* суманд амьдархаар болсон. Зээлийн үлдэгдэл 3805279 төгрөгийг 2017 оны 01 сараас сар болгон 200000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээж авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банкны Сүхбаатар салбар нь хариуцагч Б., ******* нарт холбогдуулан "Зээлийн гэрээний үүрэгт 3805279 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд хариуцагч Б., ******* нар нэхэмжлэгч ******* банкны Сүхбаатар салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нараас 3805279 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 75834 төгрөг төлөх ёстой байтал 96310 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 20476 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* банкны Сүхбаатар салбарын хариуцагч *******ын , гийн нарт холбогдох "Зээлийн гэрээний үүрэгт 3805279 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96310 төгрөгөөс 37917 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 58393 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Б., ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 37917 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Сүхбаатар салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б., ******* нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ