Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020//ДШМ/1522

 

 

   2020            12              22                                       2020//ДШМ/1522                                                     

 

                                   Б.Дд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг, 

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/876 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Дд холбогдох эрүүгийн 2003003580287 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Д 2020 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтай хотхон”-ын зүүн талын замд явган хүний зохицуулдаггүй гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн, байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Приус 20 маркийн, 79-54 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Ц.Дэнсмаа, Я.Лхагвадорж нарыг мөргөж, улмаар Ц.Дэнсмаагийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Б.Дг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж, Б.Дд оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Д цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хохирогч Ц.Дэнсмаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Б.Дгийн, №1235506 дугаартай “Жолоочийн үнэмлэх”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болсон хэргийн талаар шүүгдэгч би маргаагүй, хохирогч гомдол саналгүй гэдгээы удаа дараа мэдэгдсэн болно. Мөн хохирогч Дэнсмаад 5.000.000 төгрөг, Лхагвадоржид 300.000 төгрөг, эмчилгээ болон миний буруутай үйлдлээс болж тэдэнд нөлөөлсөн сэтгэл санаа, бие махбодийн хохиролд дээр дурдсан мөнгөн тусламж үзүүлснээр миний бие бусдад ямар нэгэн төлбөргүй болсон. Өөрийн хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшин ойлгож байна.

Миний ар гэрийн байдлын хувьд аав, хоёр дүүтэйгээ амьдардаг. Аав минь хөдөө айлын мал малладаг төдийгүй өөрийнх нь биеийн байдал муу. Ээж минь жилийн өмнө нас барсан. Мөн би гэмт хэрэгт холбогдож улмаар хорих ялаар шийтгүүлж, миний аавын сэтгэл санаа, биеийн байдалд хүчтэй нөлөөлж байна. Хоёр дүү минь миний асрамжид байдаг. Дүү нарынхаа хичээл номын хэрэгсэл төлбөр тооцоо, ойр зуурын зүйлсийг би Улаанбаатар Төмөр зам, Улаанбаатар өртөөнд ажиллаж, аав дүү нараа юугаар ч дутаахгүй юмсан гэж зүтгэж явсан минь үнэн билээ.

Миний буруутай үйлдлээс болж гэр бүл минь амьдын хагацал үзэж, сэтгэлийн шархтай яваа нь миний хувьд гутамшигтай бөгөөд өрөвдөлтэй байна. Дахин хэзээ ч буруу алхам хийхгүй гэдгийг ар гэрийнхэн болон эрхэм шүүгч, прокурор та бүхэнд аман тангарагийг бичгээр илгээж байна. Миний бие хамгаас хайрт аав, дүү нартаа маш их тэмүүлж, маш их сэтгэл зовж байна. Миний бие шүүхээс хорих ял сонсож муу муухай газар ямар хэцүү байдгийг толгойдоо тултал ойлгосон. Миний дотоод итгэл үнэмшлээр та бүхэнд өргөн барьж буй аман тангараг, хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн буюу тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэлийн талаар, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч өөрийн хийсэн гэм бурууг ойлгон гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заалтад ялын хэмжээ нь 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Миний үйлчлүүлэгч Б.Д архи тамхины хамааралтай хүн биш ба урьд архи ууж байгаагүй, төлөв даруу зантай, гэр бүлийнхэндээ тавих анхаарал халамж сайн, одоо гэр бүлтэй болох гээд найз охинтой болсон. Хойшид хохирогчтой уулзалдах, түүний эрүүл мэндэд нь анхаарч эм тарианы зардлыг өгөх зэрэг боломжтой.

Хувийн байдлын хувьд ам бүл 4-үүлээ амьдардаг ээж нь 1 жилийн өмнө нас барсан, аав болон 2 дүүгээ, найз охинтойгоо амьдарч, эмээгээ харж хандаж тус дэм болдог ганц хүн нь. Дүүгийнхээ сургалтын төлбөр бусад зардлыг өгдөг. Одоо 2 дүү нь харж хандах хүнгүй амьжиргаа дутмаг амьдарч байгаа. Сургуулийн төлбөрийн асуудлаа шийдээгүй хүндхэн байдалд байна. Эмээ нь биеийн байдал муу эмнэлэгт хэвтсэн гэх мэтчилэн амьжиргааны эх үүсвэр олдог хүн нь зөвхөн Даваасүрэн. Даваасүрэнгийн эзгүйд гэр бүл нь хүнд байдалтай амьдарч байгаа, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ гэрийнхэндээ болон өөртөө амласан байна. Өөрөө хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж ойлгож гэмшиж байгааг харгалзан үзнэ үү.

Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж ойлгож байгаа, Хохирол төлбөрийг хохирогчид сайн дураараа төлж барагдуулсан, хохирогчийн биеийн байдал сайжирсан, хохирогч гомдол саналгүй гэдгээ хэлсэн зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, заагдсанаар хэргийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй. Энэ хэрэгт анхан шатны шүүхээс тохирох ял, шийтгэлийг оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Д 2020 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтай хотхон”-ын зүүн талын замд явган хүний зохицуулдаггүй гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн, байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Приус 20 маркийн, 79-54 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Ц.Дэнсмаа, Я.Лхагвадорж нарыг мөргөж, улмаар Ц.Дэнсмаагийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Дэнсмаагийн “...“Алтай” хотхоны зүүн талын автобусны буудал дээр явган хүний гарц дээр ирээд зогсож байгаад, гарцан дээр зогсож байсан хүмүүстэй хамт гарцаар гараад, “Алтай” хотхоны зүүн талын хойшоо чиглэлтэй явдаг эгнээгээр гарч байтал гэнэт машинд мөргүүлээд газар унасан. ...” /хх 21/,

гэрч Р.Мөнх-Эрдэнийн “...Орой 20-21 цагийн үед санагдаж байна, над руу залгаад би хүн дайрчихлаа, гэмтэл рүү явах гэсэн юм гэхээр нь би очиж Даваасүрэнг гэрээс нь аваад гэмтэл дээр очсон юм. ...” /хх 61/,

гэрч Я.Лхагвадоржийн “...Тэгээд бид 2 автобуснаас буугаад зам хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлийн урсгалыг өнгөрөөд урдаасаа хойшоо явах чиглэлд алхаж байхад бид 2 баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлээр явж байсан. Машин зүүн талынхаа толь хэсгээр эхнэр бид хоёрыг давхраар нь мөргөөд унагаасан. ...” /хх 62/,

шүүгдэгч Б.Дгийн “...Нарны гүүрээ ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд давах гээд Алтай хотхоны зүүн талын замаар замын 2 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарцаар өнгөрөх үед зүүн талын толинд нэг эмэгтэй хүн цохигдох шиг болсон. Тэгээд би гарцаа өнгөрөөд машинаа зогсоогоод буугаад ирсэн чинь явган хүний гарцан дээр эрэгтэй эмэгтэй 2 хүн сууж байсан. ...” /хх 99/ гэх мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 7410 дугаар шинжээчийн “...Ц.Дэнсмаагийн биед дагз ясны хугарал, тархины баруун чамархайн хэсгийн эдийн гүн дэх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хөлийн дунд чөмөгний далд хугарал, цээжний баруун 9 дүгээр хавирганы хугарал, эрүүнд няцарсан шарх, гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...” /хх 72-73/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “...баруун гар урд оврын гэрэл асахгүй, зүүн гар талын урд крыло дээрх дохионы гэрэл байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байв. ...Баруун гар талын холын гэрэл, зүүн болон баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын ойрын гэрэл, баруун гар талын хол, ойрын гэрлүүдийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, баруун гар талын их гэрлийн чийдэн сууриндаа суугаагүй мултарч гарсан байна. ...” гэх дүгнэлтүүд /хх 82-84/,

2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 100 дугаартай мөрдөгчийн “...Жолооч Батхишиг овогтой Даваасүрэн нь Т.Приус маркийн 79-54 ТӨА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: ...согтууруулах ундаа...хэрэглэсэн..., мөн дүрмийн 16.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 3.4-д жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Цэндсүрэн овогтой Дэнсмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. ...” гэх магадлагаа /хх 91/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг, гэрэл зураг /хх 4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/, хохирогч Ц.Дэнсмаагаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 26-31, 34-38/, Ц.Дэнсмаагийн өвчний түүхийн хуулбар /хх 40-42/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн цээжний рентгэн зураг, толгой, цээжний компьютерт томографын шинжилгээний хариу /хх 43-44/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх 145/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Б.Дг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Б.Дгийн “...хорихоос өөр төрлийн буюу тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...”, өмгөөлөгч Ш.Оюумаагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-1.1, 7.1-1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэх утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, болгоомжгүй гэмт хэрэг юм.

Хэдийгээр шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн 2 хүндрүүлэх шинжид хамаарах тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.  

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/876 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ